| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гоошоохүүгийн Даваадорж |
| Хэргийн индекс | 183/2022/03670/И |
| Дугаар | 210/МА2023/00549 |
| Огноо | 2023-03-15 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 03 сарын 15 өдөр
Дугаар 210/МА2023/00549
Ц.А-ын нэхэмжлэлтэй иргэний
хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Э.Энэбиш, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШШ2022/03795 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ц.А-ын хариуцагч Х- ХХК-д холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажуулахыг даалгах тухай маргаантай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.А-, түүний өмгөөлөгч Б.Ганпүрэв, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ариунтуул, Г.Баярчимэг, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Энхчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Бишрэлт нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Миний бие Х--ны Улаанбаатарын иргэдийн банкны Баянзүрх салбарын Г- тооцооны төвийн ахлах харилцааны менежерээр ажиллаж байсан. Х-ны Хүний нөөц хариуцсан дэд захирлын 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 06/1387 дугаар тушаалаар харилцагчид муу зээлийн түүхийн ангиллыг хэвийн болгож зээл авах талаар зөвлөгөө өгч, зээлийн түүхийн ангиллыг өөрчлүүлэхээр иргэн болон харилцагчийг зуучилж, банкны нэр хүндэд сөргөөл нөлөөлөх үйлдэл гаргасан гэж ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах сахилгын шийтгэл ногдуулсан. Миний бие тушаалд заасан заалтуудыг зөрчөөгүй, сахилга, ёс зүйн ямар ч зөрчил гаргаагүй байхад ажлаас халсан учир Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2 дах хэсэгт хөдөлмөрий эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй гэж заасны дагуу шийдвэрлүүлэх шаардлагатай гэж үзэж Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст хандсан. Тус хэлтсийн 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 511 дүгээр албан бичгээр тус дүүрэгт Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах 3 талт хороо байгуулагдаагүй тухай хариу өгсөн тул ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажуулахыг даалгуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэжээ.
2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Ц.А- нь Х--ны Улаанбаатарын иргэдийн банкны Баянзүрх салбарын Г- тооцооны төвийн ахлах харилцааны менежерээр ажилладаг байсан. Харилцааны менежер нь зээлийн бүтээгдэхүүнийг борлуулах ба удирдлага доор нь ажиллаж байгаа харилцааны менежерүүдийг удирдах ажиллах, чиг үүргийг нь чиглүүлж хяналт тавьж ажиллах ёстой байсан. Гэтэл Ц.А- зээлтэй холбоотой хууль тогтоомжийг дагаж мөрдөж ажиллаагүй ба сахилгын зөрчлийн шинжтэй үйлдэл гаргаж, Монголбанкны ажилтанд 5,000,000 төгрөгийн авлига өгөх талаар зөвлөсөн байдаг. Энэ талаар харилцагч гомдол гаргасны үндсэн дээр аудитын шалгалт хийгдсэн ба шалгалтын хүрээнд зөрчил бүрэн тогтоогдсон. Мөн шүүх хуралдааны мэтгэлцээний явцад ч н.Отгончимэгт нэг удаа тусалчих юмсан гэх бодлоор харилцаж тодорхой үйлдэл хийснээ хүлээн зөвшөөрдөг. Эдгээр үйлдлээр зөрчил нь тогтоогдож баталгаажсан гэж үзэж байна. 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр харилцагч гомдол гаргахад зөрчил үргэлжилж байсан 1,000,000 төгрөгийн үлдэгдлийг харилцагчид төлж барагдуулаагүй байсан. Мөн хөдөлмөрийн маргаанд тодорхой бодит хохирол учирсан байхыг шаарддаггүй ба энэхүү харилцаа нь Хөдөлмөрийн тухай хууль болон байгууллагын дотоод дүрэм журмаар зохицуулагддаг. Банк гэдэг нь харилцагчийн итгэл дээр тогтож ажилладаг. Гэтэл Ц.А- нь харилцагчийн итгэл найдварт халдсан хууль бус, ноцтой үйлдэл гаргасан байна. Ц.А-тай Х- хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа тодорхой тусгасан ба эдгээр үйлдлийг гаргавал хөдөлмөрийн харилцааг шууд цуцлах үндэслэл болно гэж зааж өгсөн байтал хөдөлмөрийн гэрээний 5.7 дахь заалтыг зөрчсөн. Хүний нөөц хариуцсан дэд захирлын гаргасан сахилгын шийтгэл хуульд нийцсэн учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т зааснаар нэхэмжлэгч Ц.А-ыг Х- ХХК-ийн Улаанбаатарын иргэдийн банкны Баянзүрх салбарын Г- тооцооны төвийн ахлах харилцааны менежерийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Х- ХХК-аас дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 10,243,295 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.А-т олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7, Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.1-т зааснаар нэхэмжлэгч Ц.А-ын 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийг дуустал хугацаанд төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг хариуцагч байгууллагаар бүрэн төлүүлж, харин эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг ажил олгогч, даатгуулагч нараас тэнцүү хэмжээгээр нөхөн төлүүлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Х- ХХК-д даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.А- улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч Х- ХХК-аас 178,842.72 төгрөг гаргуулж, Хан-Уул дүүргийн Төрийн сангийн 100200100941 тоот дансанд оруулж шийдвэрлэжээ.
4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дор дурдсан үндэслэлээр давж заалдах гомдлыг гаргаж байна. Шүүх хэргийн нотлох баримтыг бүрэн үнэлээгүй, зөрчлийн үйл баримтыг ойлгоогүй, буруу ойлгож тайлбарласан, Хөдөлмөрийн тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн тул давж заалдах гомдол гаргаж байна. Шүүх Ц.А- нь ажлын байранд хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргаагүй байна. Учир нь Б.О-т зөвлөгөө өгсөн үйлдлийг ажлын байранд гаргаагүй, тэрээр төрөх эмнэлэгт байхдаа харилцагч нь түүний хувийн утсаар холбоо барьсан үйлдлийг хөдөлмөрийн гэрээнй 5.7.1-т заасан үйлдэл, эс үйлдэхүй гэх үндэслэлгүй байна гэж дүгнэсэн нь хэргийн үйл баримттай бүрэн танилцаж ойлгоогүй, буруу ойлгосон, хөдөлмөр эрхлэлтийн харилцаа, хөдөлмөрийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, үндэслэлгүй шийдвэр юм. Учир нь: харилцагч анх уулзахдаа зээл авах талаар зөвлөгөө авсан боловч Монголбанкинд муу зээлийн түүхтэй учир боломжгүй талаар хэлсэн, гэтэл эргэж Ц.А- нь залгаад танил хүн олчихлоо, тэр хүнд 5,000,000 төгрөг өгөөд ангилалаа засуулаарай гэж зуучилж, банкны нэр хүндэд сөргөөр нөлөөлөх ноцтой зөрчил гаргасан байдаг. Харин төрөх эмнэлэгт байхдаа ярьсан асуудал бол энэ үйл явдал зөрчил болсны дараа бөгөөд энэ цаг хугацаа нь зээлийн ангилал засагдаагүй тул харилцагч мөнгөө авах талаар ярилцсан үйлдэл юм. Гэтэл шүүгч хэргийн нөхцөл байдлыг буруу дүгнэж, нотлох баримттай бүрэн танилцалгүй шийдвэрээ гаргасан байна. Харилцагч Б.О- нь Ц.А- гэх иргэний хувьд биш Х-ны ахлах харилцааны менежерийн хувиар хандаж зөвлөгөө авах, зээл судлуулах хүсэлт гаргасан. Гэтэл шүүгч ажлын байран дээр биш өөр газар байхад нь ярьсан бол ажил үүрэгт хамаагүй мэтээр тайлбарласан нь ямар ч үндэслэлгүй, учир холбогдолгүй юм. Мөн төрөх эмнэлэг дээр байхад ярьсан гэх асуудал ч зөрчил гарсны дараа мөнгөө эргүүлэн авах тухай ярьсан асуудал байдаг.
4.а.Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн гэрээний 5.7.1-т заасан ноцтой зөрчлийг гаргасан. Зөрчил харилцагчийн гаргасан гомдол болон аудитын шалгалт, Ц.А-ын тайлбар, санхүүгийн бусад баримтаар нотлогдсон. Харилцагч 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр банкинд гомдол гаргасан. Гомдол гаргахад харилцагчид зуучилсанаас болж, хохирсон 1,000,000 төгрөг төлөгдөөгүй байсан. Үүнтэй холбоотой зөрчлийг аудит шалгаж, тогтоосон. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан. Ахлах харилцааны менежер нь банкны үндсэн бүтээгдэхүүн зээлийн үйлчилгээг харилцагчид борлуулахдаа хууль тогтоомж, банкны дотоод хэм хэмжээг мөрдөж, банкны нэр хүнд ашиг сонирхолыг хамгаалан аливаа ашиг сонирхол, ёс зүйгүй байдлаас ангид ажиллах үүрэгтэй. Иймд Ц.А-ын гаргасан зөрчил бүрийг гаргасан байдал, нотлох баримтаар нотлогдож байгаа байдал, уг зөрчлийн агуулга шинж чанарыг хянан үзэж, Х-ны Хүний нөөц хариуцсан дэд захирлын 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 06/1387 тоот тушаал нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн тул хэргийг бүхэлд хянан үзэж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Ц.А-ын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.
5.Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Х-ны хүний нөөцийн дэд захирал Х-ыг төлөөлөх эрхтэй эсэх зэрэг талуудын маргаагүй үндэслэлүүдэд шүүх дүгнэлт хийсэнгүй гэдэг байдлаар гомдол гаргаж байгаа нь шүүхийн шийдвэрт нөлөөлөхгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар талуудын маргаагүй үндэслэлд шүүх дүгнэлт хийхийг хориглосон байдаг. Анхнаасаа хариуцагч зөрчлийг шалган тогтоох үүргээ биелүүлээгүй. Анхан шатны шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгч Ц.А- нь хариуцагч Х- ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажуулахыг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй байгааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой гэж үзлээ.
3.а.Нэхэмжлэгч Ц.А- нь хариуцагч Х- ХХК-тай 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулан, Улаанбаатар иргэдийн банкны Баянзүрх салбарын Г- тооцооны төвийн ахлах харилцааны менежерээр ажиллаж байгаад тус банкны Хүний нөөц хариуцсан дэд захирлын 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 06/1387 дугаар тушаалаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах сахилгын шийтгэл ногдуулжээ. /хх-ийн 4, 47-50-р тал/
3.б.Дээрх тушаалд ахлах харилцааны менежер Ц.А- нь харилцагчид муу зээлийн түүхийн ангиллыг хэвийн болгож зээл авах талаар зөвлөгөө өгч, зээлийн түүхийн ангиллыг өөрчлүүлэхээр иргэн болон харилцагчийг зуучилж, банкны нэр хүндэд сөргөөр нөлөөлөх үйлдэл гаргасан гэх үндэслэлийг заасан байна.
3.в.Хариуцагч Х- ХХК-ийн харилцагч Б.О- нь 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр тус банкинд гаргасан гомдолдоо зээл авахаар танайд хандахад Ц.А- нь таны мэдээллийн сан хэвийн биш байна, манай найзтай холбогдоод Монголбанк руу мэдээллээ засуулчих гэсэн, тэр хүн нь 5,000,000 төгрөг нэхээд байна гэхэд өг, өг найдвартай хүн гэж хэлсэн, би 5,000,000 төгрөг өгсөн боловч тал мөнгөө буцаан авч чадаагүй гэжээ. Уг нөхцөл байдал нь ярианы бичлэг, түүнд үзлэг хийсэн тэмдэглэлээр тогтоогдсон байна. /хх-ийн 93-102-р тал/
3.г.Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор нэхэмжлэгч Ц.А- нь хариуцагч Х- ХХК-ийн аудитын газарт 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр тайлбар гаргаж, тус тайлбартаа Отгончимэгийг 2015 оноос танина, манай банкнаас зээл авах хүсэлт гаргаж байсан боловч Монголбанкинд муу зээлийн түүхтэй учир боломжгүй гэсэн хариу удаа дараа өгдөг байсан. Монголбанкинд танидаг хүн олж өгөөч гэж надаас гуйсан, ... би туслах юмсан гэж бодон оюутан ангийнхаа хүүхдэд Монголбанкинд танил байвал олж өгөөрэй гэж захисан. 2021 онд ангийн хүүхэд Монголбанкинд ажилладаг хүнийг таньдаг Баярмагнай гэдэг хүний утас олж өгсөн. Тухайн үед асуух зүйлээ энэ хүнээс тодруулж асуу гээд Баярмагнайгийн утсыг өгсөн ... гэжээ. /хх-ийн 80-82-р тал/
3.д.Улмаар Х- ХХК нь харилцагч Б.О-ээс гаргасан гомдлын дагуу шалгалт явуулж, Х- ХХК-ийн Дотоод аудитын 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн дүгнэлтээр Г- тооцооны төвийн ахлах харилцааны менежер Ц.А- нь харилцагч Б.О-, Д.Сэлэнгэ нарын зээлийн түүхийн муу ангиллыг хэвийн болгох, хуурамч бичиг баримт бүрдүүлэх, харилцагчид давуу байдал үзүүлэх зорилгоор иргэн А.Баярмагнайтай холбож өгсөн нь банкны ажилтны ёс зүйд нийцээгүй ... гэж дүгнэсэн байна./хх-ийн 56-58-р тал/
3.е.Ажилтан, ажил олгогч нарын байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5.7.1-т Х-ны эрх ашиг, сонирхолд харш сөргөөр нөлөөлөх, харилцагчийн банкинд итгэх итгэлд сөргөөр нөлөөлөх, үйлдэл, эс үйлдэхүй гаргасан бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах-аар заажээ. Хариуцагч Х- ХХК нь нэхэмжлэгч Ц.А-ын хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаалдаа хөдөлмөрийн гэрээний дээрх заалтыг үндэслэл болгосон байна. /хх-ийн 48-р тал/
3.ё.Мөн хөдөлмөрийн дотоод журмын 4.2.7-д ажилтан харилцагч нартай зөвхөн ажил хэргийн хүрээнд харьцах ... үүрэгтэй гэж, ёс зүйн дүрмийн 5.8.2-т ажилтан нь иргэд болон харилцагчаас гаргасан хүсэлт, гомдлыг өөрийн эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэх, ... бие даан шийдвэрлэх боломжгүй тохиолдолд дээд шатны удирдах албан тушаалтанд шуурхай танилцуулах, 5.9.1-т ажилтан нь харилцагчдад банкны бүтээгдэхүүн, үйлчилгээ, үйл ажиллагааны талаар гагцхүү үнэн, зөв, бодит мэдээллийг өгөх үүрэгтэй гэж тус тус заажээ. /хх-ийн 35, 45-р тал/
4.Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.2, 43.1.4-т зааснаар ажил олгогч нь ажилтнаас хүлээсэн ажил үүргээ гүйцэтгэх, хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг дагаж мөрдөхийг шаардах, хууль тогтоомжид нийцүүлэн хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах эрхтэй юм.
4.а.Нэхэмжлэгч Ц.А- нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажил олгогчийн тушаалын хууль зүйн үндэслэлийн талаар маргаж байх боловч Ц.А- нь харилцагч Б.О-ийн зээлийн түүхийн муу ангилалтай холбоотойгоор түүнд зөвлөгөө өгч, Монголбанкинд ажилладаг гэх хүнтэй холбож өгсөн нь хөдөлмөрийн гэрээ, дотоод журам, банкны ажилтны ёс зүйн дүрэмд заасанд нийцээгүй гэж үзэхээр байна.
4.б.Иймд ажил олгогчийн санаачилгаар нэхэмжлэгч Ц.А-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасанд нийцсэн гэж үзэх үндэслэлтэй тул энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, хариуцагч Х- ХХК-д холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажуулахыг даалгах тухай нэхэмжлэгч Ц.А-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.
Дээрх дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШШ2022/03795 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-т заасан үндэслэлгүй тул хариуцагч Х- ХХК-д холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажуулахыг даалгах тухай нэхэмжлэгч Ц.А-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Х- ХХК-аас төлсөн 178,842 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ
Г.ДАВААДОРЖ