Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 1672

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Олзод даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,

улсын яллагч Ба.Эрдэнэбаатар,

шүүгдэгч П.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн П.Н-т холбогдох эрүүгийн 1806013352014 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, П.Н.

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

 

Шүүгдэгч П.Н нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, 2 дугаар хэсэг Баатархайрханы гудамж 39 тоотод иргэн Г.Бямбасүрэнтэй маргалдан түүнийг түлхэн унагаасны улмаас түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Мөрдөн байцаалтанд хохирогч Г.Бямбасүрэнгийн: “...2018 оны 02 дугаар сарын 03-ны өдөр манай гэрт найз Н нөхөр Ганболдын хамт ирж хоол идэж уугаад бид гурав 2 шил 0,5 архи хувааж уусан. Тэгсэн чинь Н гэнэт намайг нөхөр Ганболдтой хардаад хэрүүл хийгээд байсан. Тэр үед би тайлбарлаж өгсөн ч ойлгохгүй байсан. Тэгж байгаад гэнэт Н би явлаа гээд хувцсаа өмсөөд явах гэхээр нь би аргадах санаатай миний найз тайвшраад суу гэж хэлээд хувцсыг нь тайлах гэтэл Н чи цаашаа гээд шууд намайг түлхсэн. Тэгэхэд би газар унахдаа гэрийн гол хэсэгт байсан зуухны ирмэгийг нүүрээрээ мөргөж унасан. Миний хамарнаас цус гараад тогтохгүй байхад манай хоёр хүүхэд гаднаас орж ирээд түргэн, цагдаа дуудсан. Тэр үед Н нөхөртэйгөө явчихсан байсан. Н намайг түлхэж унагаснаас өөр зүйл байхгүй. Эмч миний хамрыг үзээд хагалгаанд орох хэрэгтэй гэсэн болохоор эмчилгээний зардал 1.000.000 төгрөг хэрэгтэй байна энэ мөнгийг гаргуулах хүсэлтэй байна...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-11-12/,

 

Мөрдөн байцаалтанд гэрч О.Дарьсүрэнгийн: “...2018 оны 02 дугаар сарын 03-ны өдөр намайг гэртээ байхад авга эгч Бямбасүрэнгийн охин Лхам манай ээж хүнд зодуулчихлаа бид 2 эмнэлэг рүү явж байна гэсэн. Тэгээд би нэгдүгээр эмнэлэг дээр очиход манай эгчийн хамарнаас нь цус гараад хамар нь муруйсан байсан. Бямбасүрэн эгч өнөөдөр оёулахгүй маргааш оёулна гээд байсан болохоор би буцаагаад Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо Баатархайрханы 2-39 тоот гэрт нь хүргэж өгсөн. Дараа нь би Бямбасүрэн эгчийн бага хүү Дашням руу залгатал Дашням би цагдаагийн газарт байна гэхээр нь Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэс дээр ирсэн. Намайг ирэхэд Дашням байж байсан. Сүүлд Бямбасүрэнгийн охин Лхамтай утсаар ярихад манай ээжийг зодсон найз нь ээжийн гар утас болон картнаас нь 54.000 мянган төгрөгний гүйлгээ хйисэн байна гэж хэлсэн...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-15-16/,

 

Батлан хамгаалахын Эмгэг судлал Шүүх эмнэлгийн амбулаторийн 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн шинжээчийн №148 тоот:

1. Г.Бямбасүрэнд хамрын ясны хугарал, хамрын шарх гэмтэл учирсан байх боломжтой байна.

2. Дээрх гэмтэл нь хэрэг болсон нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэж эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ШЭГЗТЖ-ын 2.4.1-д заасан хөнгөн зэргийн гэмтэл болно. Уг гэмтлээс болж ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдахгүй. Шинжээч эмч Д.Баасансүрэн гэсэн дүгнэлт /хх-23/,

 

Мөрдөн байцаалтанд П.Нийн яллагдагчаар: “...2018 ын 02 дугаар сарын 03-ны өдөр би өөрийн хамтран амьдрагч Ганболдын хамт Баянзүрх дүүргийн 23 дугаар хороонд байдаг өөрийн найз Бямбасүрэнгийн гэрт очиж хоол унд хийж идээд бид нар 0,5 шилтэй хараа архи 2 шилийг хувааж уусан. Тэр үед нилээн согтоод Бямбасүрэн, манай хамтран амьдрагч Ганболдыг хажуудаа суулгачихаад намайг тоохгүй байхаар нь би гурвуулаа гарч тамхи татах уу гэхэд Бямбасүрэн бид хоёр гарахгүй чи ганцаараа гар гэсэн. Тэгэхээр нь би гарч тамхи татчихаад буцаад ороод ирсэн чинь Бямбасүрэн, Ганболд хоёр гарч тамхи татна гээд намайг гэрт үлдээгээд гарсан. Удахгүй Бямбасүрэн ганцаараа буцаж орж ирэхээр нь би уурлаад гадуур хувцсаа өмсөөд явах гэтэл Бямбасүрэн намайг хориглосон. Тэгэхээр нь би түлхчихээд хувцсаа өмсөөд хашаанаас нь гараад явж байхад араас Ганболд гүйж ирээд бид хоёр хамт явсан. Тухайн хэрэг гардаг өдөр өөрийн хамтран амьдрагч Ганболдыг найз Бямбасүрэнтэй хардаад гэрээс гарах гэхэд Бямбасүрэн намайг явуулахгүй гэхээр нь түлхээд гарсан. Тэр үед хохирогч зуух мөргөж гэмтсэн байсан. Бямбасүрэн намайг зодож цохисон зүйл байхгүй. Өөрийн хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Бямбасүрэнгийн эмчилгээний зардлыг бүрэн төлнө...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-20-21/,

 

Шүүгдэгч П.Нийн иргэний үнэмлэхнйи лавлагаа /хх-26/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-27-28/ зэрэг болно.

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч П.Н: “Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэж өгнө үү” гэж мэдүүлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийг яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Шүүхээс шүүгдэгч П.Нт холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

 

I. Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч П.Н нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, 2 дугаар хэсэг Баатархайрханы гудамж 39 тоотод иргэн Г.Бямбасүрэнтэй маргалдан түүнийг түлхэн унагаасны улмаас түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

Мөрдөн байцаалтанд хохирогч Г.Бямбасүрэнгийн: “...2018 оны 02 дугаар сарын 03-ны өдөр манай гэрт найз Н нөхөр Ганболдын хамт ирж хоол идэж уугаад бид гурав 2 шил 0,5 архи хувааж уусан. Тэгсэн чинь Н гэнэт намайг нөхөр Ганболдтой хардаад хэрүүл хийгээд байсан. Тэр үед би тайлбарлаж өгсөн ч ойлгохгүй байсан. Тэгж байгаад гэнэт Н би явлаа гээд хувцсаа өмсөөд явах гэхээр нь би аргадах санаатай миний найз тайвшраад суу гэж хэлээд хувцсыг нь тайлах гэтэл Н чи цаашаа гээд шууд намайг түлхсэн. Тэгэхэд би газар унахдаа гэрийн гол хэсэгт байсан зуухны ирмэгийг нүүрээрээ мөргөж унасан. Миний хамарнаас цус гараад тогтохгүй байхад манай хоёр хүүхэд гаднаас орж ирээд түргэн, цагдаа дуудсан. Тэр үед Н нөхөртэйгөө явчихсан байсан. Н намайг түлхэж унагаснаас өөр зүйл байхгүй. Эмч миний хамрыг үзээд хагалгаанд орох хэрэгтэй гэсэн болохоор эмчилгээний зардал 1.000.000 төгрөг хэрэгтэй байна энэ мөнгийг гаргуулах хүсэлтэй байна...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-11-12/,

 

Мөрдөн байцаалтанд гэрч О.Дарьсүрэнгийн: “...2018 оны 02 дугаар сарын 03-ны өдөр намайг гэртээ байхад авга эгч Бямбасүрэнгийн охин Лхам манай ээж хүнд зодуулчихлаа бид 2 эмнэлэг рүү явж байна гэсэн. Тэгээд би нэгдүгээр эмнэлэг дээр очиход манай эгчийн хамарнаас нь цус гараад хамар нь муруйсан байсан. Бямбасүрэн эгч өнөөдөр оёулахгүй маргааш оёулна гээд байсан болохоор би буцаагаад Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо Баатархайрханы 2-39 тоот гэрт нь хүргэж өгсөн...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-15-16/,

 

Батлан хамгаалахын Эмгэг судлал Шүүх эмнэлгийн амбулаторийн 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн шинжээчийн №148 тоот: Г.Бямбасүрэнд хамрын ясны хугарал, хамрын шарх гэмтэл учирсан байх боломжтой байна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэж эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ШЭГЗТЖ-ын 2.4.1-д заасан хөнгөн зэргийн гэмтэл болно. Уг гэмтлээс болж ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдахгүй гэсэн дүгнэлт /хх-23/,

 

Мөрдөн байцаалтанд П.Нийн яллагдагчаар: “...Тухайн хэрэг гардаг өдөр өөрийн хамтран амьдрагч Ганболдыг найз Бямбасүрэнтэй хардаад гэрээс гарах гэхэд Бямбасүрэн намайг явуулахгүй гэхээр нь түлхээд гарсан. Тэр үед хохирогч зуух мөргөж гэмтсэн байсан. Бямбасүрэн намайг зодож цохисон зүйл байхгүй. Өөрийн хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Бямбасүрэнгийн эмчилгээний зардлыг бүрэн төлнө...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-20-21/ зэргээр нотлогдон тогтоогдов.

 

Иймд улсын яллагчаас шүүгдэгч П.Нт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасныг хүлээн авч шүүгдэгч П.Нийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг,

Шүүгдэгч П.Н нь улсын яллагчийн саналаар оногдуулсан эрүүгийн хариуцлагатай мэтгэлцэхгүй, харин торгох ялыг тодорхой хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож өгнө үү гэсэн саналыг тус тус гаргав.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Шүүгдэгч П.Н нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Харин түүний үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүхээс улсын яллагчийн дүгнэлт болон шүүгдэгчийн гаргасан саналыг хүлээн авч П.Нт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

 

III. Бусад асуудлаар:

 

Эрүүгийн 1806013352014 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, хэрэгт шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. П.Н-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар П.Н-г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.  

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар П.Н-т оногдуулсан 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь зааснаар П.Н нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.

 

5. П.Н нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Хохирогч Г.Бямбасүрэн нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар П.Нээс нэхэмжлэх эрхтэй.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгай.

 

8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар тус тус давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, П.Н-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

           

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   С.ОЛЗОД