Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Эрдэмбилэгийн Лхагвасүрэн |
Хэргийн индекс | 128/2018/0736/З |
Дугаар | 221/МА2019/0191 |
Огноо | 2019-04-03 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 04 сарын 03 өдөр
Дугаар 221/МА2019/0191
2019 оны 04 сарын 03 өдөр |
Дугаар 221/МА2019/0191 |
Улаанбаатар хот |
“С” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийг хянасан тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Ц.Цогт, шүүгч Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 128/ШШ2019/0076 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н давж заалдах гомдлоор, “С” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэгч “С” ХХК-ийн захирал Б.Г 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:
“Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн А/113 дугаар тушаалын “С” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүсчээ.
Хоёр. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 128/ШШ2019/0076 дугаар шийдвэрээр:
“Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1, 40 дүгээр зүйлийн 40.1.2, Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2, 22.2.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “С” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн А/113 дугаар тушаалын тус компанид холбогдох хэсгийг хүчингүй болгож” шийдвэрлэжээ.
Гурав. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2019 оны 3 дугаар сарын 4-ний өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:
“...Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1-д “Дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж байгууллагад тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болно” гэж зааснаар 11 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт заасан “...аялагч түр буудаллах, отоглох зориулалтаар барьсан орон байр...”-ны зориулалтаар 2016 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн А/220 дугаар тушаалаар эрх олгосон газрыг “С” ХХК ашиглахдаа Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7, 12 дугаар зүйлийн 1, Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2, 22.2.1, 22.6, Барилга хот байгуулалтын сайдын хамтарсан 2015 оны А230/127 дугаар тушаалаар батлагдсан “Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам”-ын 2.3.2, 2.6, 2.9-д хориглосон заалтуудыг тус тус зөрчсөн болох нь ашиглах талбайдаа аялал жуулчлалын чиглэлээр барилга байшингийн цогцолбор барих төсөл, эскиз, зураг гарган барьж байгуулахаар холбогдох байгууллагаар батлуулсан, Туул голын эрэгт байрладаг зэрэг байдлаас тогтоогдож байна.
Баянзүрхийн товчооноос Яармагийн гүүр хүртэлх Туул голын сав газрын тусгай хамгаалалтын бүсэд газар эзэмших, ашиглахтай холбоотой зөрчлүүд гарч байгаатай холбогдуулан Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн хэлэлцүүлгээр Ерөнхий сайдын нэр дээр 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 7/4111 дугаар чиглэл ирүүлсний дагуу газар ашиглах эрх дуусгавар болгох захиргааны 2018 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн А/113 дугаар акт гарсан.
Сонсох ажиллагааг яамны албан ёсны сайт болох “mne.mn”-ийн 2018 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн зар мэдээлэл хэсгийн 410 дугаарт цуцлахаар “С” ХХК-д мэдэгдэж байсан.
Энэхүү байдлыг анхан шатны шүүх буруу дүгнэж заавал дархан цаазат газрын буюу Туул голын байгалийн унаган төрхийг алдагдуулсны дараа “зөрчил гэж үзэхээр байна” гэж хуулийг буруу хэрэглэж шийдвэр гаргасан.
Учир нь маргаан бүхий захиргааны актаар усны нөөцийг бохирдуулж, хомсдохоос сэргийлэх, голын бургас мод сүйтгэх, тухайн орчны төлөв байдал байгалийн унаган төрхийг алдагдуулан дархан цаазат газрын нийтлэг дэглэм горимыг зөрчин хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулах нь тодорхой хуулийн этгээдийн газар ашиглах эрхийг дуусгавар болгосон.
Хууль зөрчиж, хот төлөвлөлт эвдэж, ард иргэдийн эрүүл аюулгүй байх нөхцөлд сөргөөр нөлөөлөх, дархан цаазат газрын унаган төрхийг алдагдуулах, хууль зөрчин барилга, байгууламж барьсан өнөөдрийн Зайсан толгойтой ижил хэмжээнд очихуйц нөхцөл байдал бий болсноор дархан цаазат газрын унаган төрх байдал болон тухайн аж ахуйн нэгж байгууллага хөрөнгө оруулалтаар хохирч, нөхөн сэргээлт, нөхөн төлбөр гарч болохыг шүүх бүрэлдэхүүн анхааран үзэхийг хүсье.
Иймд нотлох баримт дутуу үнэлж, хууль буруу хэрэглэж, тайлбарлан шийдвэрлэсэн, мөн шүүх хуралдаанд оролцуулаагүй мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлээгүй Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 128/ШШ2019/0076 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр хүчингүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.
Маргаан бүхий тушаалаар Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн А/220 дугаар захирамжаар “С” ХХК-д Богдхан уулын дархан цаазат газар болох Залаатын аманд аялал жуулчлалын зориулалтаар 1 га газар ашиглах эрх 5 жилийн хугацаатайгаар олгосныг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2018 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 431 дүгээр саналыг үндэслэн дуусгавар болгож шийдвэрлэсэн нь уг тушаалын үндэслэл болсон Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, Усны тухай хууль болон Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Барилга, хот байгуулалтын сайдын хамтарсан 2015 оны А-230/127 дугаар тушаалаар батлагдсан “Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам”-д тус тус нийцжээ.
Тухайлбал нэхэмжлэгчид ашиглуулахаар олгосон газар нь байршлын хувьд Туул голын эрэг дагуу, хойд цэг нь эргээс 20 метр зайтай болох нь Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 1401 дүгээр албан бичгийн хавсралтаар ирүүлсэн зургаар, урд цэг нь 180 гаруй метр зайтай болох нь газрын нэгж талбарын зургаар тогтоогддог, гэтэл онцгой хамгаалалтын бүсийг Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсэгт усны сан бүхий газрын эргээс 50 метрээс доошгүй зайд, журмын 2.3.4-т “хот суурин газрын нутаг дэвсгэр дэх усны сан бүхий газрын эргээс 100 метрээс доошгүй зайд тогтоохоор;
-мөн онцгой хамгаалалтын бүсэд барилга байгууламж барих, …зэгс, шагшуурга, мод огтлох, …-ыг хориглохыг хуулиар, харин аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглуулах боломжгүйг журмаар;
-түүнчлэн хуулийн 22.3 дахь хэсэгт энгийн хамгаалалтын бүсийг усны сан бүхий газрын эргээс 200 метрээс доошгүй зайд, журмын 2.6.2-т нийслэлийн нутаг дэвсгэр дэх усны сан бүхий газрын эргээс 500 метр хүртэлх зайд тогтоохоор;
-энгийн хамгаалалтын бүсэд хаягдал бохир ус цэвэрлэх ус байгууламжгүй буюу ариутгах татуургын төвлөрсөн сүлжээнд холбогдоогүй барилга байгууламж барьж ашиглаж болохгүй талаар журмын 2.9.2-т тус тус зохицуулсан бөгөөд Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.6 дахь хэсэгт “иргэн, аж ахуйн нэгж, байгууллага дээрх журмаар тогтоосон дэглэмийг зөрчихийг хориглоно” гэж заасан зэргээс үзэхэд анхнаасаа уг газарт аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглуулах боломжгүй байжээ.
Нэхэмжлэлд “…өнөөдрийг хүртэл уг газарт төсөл хэрэгжүүлэх үйл ажиллагаа явуулж байгаа…” гэж, харин шүүх хуралдаанд оролцсон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тухайн газарт ногоон байгууламж барьсан, түр оршин суух зориулалттай гэр байгаа гэж тайлбарлах боловч төмөр хашаа татсанаас өөрөөр ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй болох нь шүүхийн үзлэгээр төдийгүй Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 1401 тоот болон нэхэмжлэгчээс Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд хандаж 1.0 га газартаа аялал жуулчлалын зориулалтаар төслийн үйл ажиллагаа эхлүүлэх болсон тухайгаа мэдэгдсэн 2018 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 18/04 дүгээр албан бичгээр тус тус тогтоогдож байна.
Бодит байдалд ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй, явуулснаар ч усны нөөцийг бохирдуулах, хомсдолд хүргэх зэргээр дархан цаазат газрын нийтлэг дэглэм горимыг зөрчих эрсдэл бүхий “С” ХХК-ийн газар ашиглах эрхийг дуусгавар болгосон Сайдын тушаалаас шалтгаалж уг газрыг ашиглахтай холбоотой нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхгүй.
Харин анхнаасаа хууль бус шийдвэр гаргаж, газар ашиглуулсны улмаас хохирол учруулсан гэж үзвэл хариуцагчийн буруутай үйл ажиллагааны улмаас учирсан хохирлоо нэхэмжлэх эрхийг энэхүү магадлалаар хязгаарлахгүй болно.
Иймд газар ашиглах эрхийг дуусгавар болгож, газрыг чөлөөлөх гэж буйгаа урьдчилан мэдэгдсэн эсэхээс үл хамааран энэ тохиолдолд нэхэмжлэгчийн тухайд зөвхөн өөрт учирсан хохирлоо нэхэмжлэх боломжтойгоос бус Захиргааны ерөнхий хуульд заасан мэдэгдэх, сонсгох зарчмыг хэрэгжүүлээгүй гэснээр хариуцагчийг буруутгаж, нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг сэргээх үндэслэлгүй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасныг үндэслэл болгон,
ТОГТООХ нь:
1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 128/ШШ2019/0076 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай 12 дугаар зүйлийн 1/, 5/, Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.2, 22.2.1, 22.3, 22.4, 22.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “С” ХХК-ийн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн А/113 дугаар тушаалын тус компанид холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н давж заалдах гомдлыг хангасугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Ц.ЦОГТ
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН