Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 3

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч С.Отгонцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “Говийн өгөөж” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Өмнөговь аймгийн Засаг даргад холбогдох,

“Өмнөговь аймгийн Ханбогд сумын Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн цогцолборын 640 хүүхдийн сургууль, 200 хүүхдийн цэцэрлэгийн барилгыг барих ӨМ2016/48 тоот гэрээнд гарын үсэг зурахыг даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “Говийн өгөөж” ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Нарандэлгэр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Хатанзориг, Б.Болдбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Гарьдхүү нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Говийн өгөөж” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Манай компани нь Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газраас зарласан “Өмнөговь аймгийн Ханбогд сумын сургууль, цэцэрлэг”-ийн барилгыг барих ажлын ӨМ2016/48 дугаар тендерийн урилгаар шалгаруулалтанд 2016 оны 10 сарын 28-ны өдөр оролцсон бөгөөд улмаар гэрээ байгуулах эрх олгосон тухай мэдэгдлийг 2016 оны 11 сарын 10-ны өдрийн 2-1654 тоотоор манай компанид ирүүлсэн. Гэтэл 3 хоногийн дараа Аймгийн Худалдан авах ажиллагааны газраас Сангийн Яаманд тендерт оролцсон “Хүннүгийн говь” ХХК гомдол гарсан гэж утсаар мэдэгдэж, гэрээг байгуулах ажил хойшлогдсон. Гомдлын дагуу Сангийн яам 2016 оны 11 сарын 29-ны 5/7163 тоот зөвлөмжийг Аймгийн ЗДТГазарт хүргүүлсэн байсан.

Үүнээс хойш 2016 оны 12 сарын 15-ны өдөр Аймгийн ЗДТГазрын 2-1929 тоот албан бичгээр тендерийн үнэлгээний хороо дахин хуралдаж, хэд хэдэн шалтгаан зааж тендерээс татгалзаж байгаагаа мэдэгдсэн. Судлахад 2016 оны 12 сарын 12-ны өдрийн үнэлгээний хорооны шийдвэрээр үнийн саналаараа хоёрдугаарт жагссан “Хүннүгийн говь” ХХК-д гэрээ байгуулах эрхийг олгосон байсан. Бид “Хүннүгийн говь” ХХК-д гэрээ

 

D:\Захиргаа\ерөнхий\шийдвэр\Говийн өгөөж.docx

байгуулах эрх олгосон шийдвэрийг хууль бус гэж үзсэн тул Сангийн Яамны ХААБГазарт 2016.12.15-ны өдрийн 117 тоотоор гомдол гаргасан. Манай гомдлыг Сангийн Яамнаас шалгаад 2016.12.27-ны өдрийн 5/7682 тоотоор хуулийн дагуу үнэлгээг дахин хийхийг захиалагч Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газарт мэдэгдсэн хариу ирүүлсэн. Үүний дагуу Үнэлгээний хороо дахин хуралдаж манай компанитай гэрээ байгуулахаар хүлээн зөвшөөрснөө 2017 оны 01 сарын 06-ны өдрийн 2-24 тоот албан бичгээр мэдэгдсэн. Ингээд бид Аймгийн Засаг даргын Тамгын газартай гэрээний нөхцлийг тохирч 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр “Өмнөговь аймгийн Ханбогд сумын Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн цогцолбор 640 хүүхдийн сургууль, 200 хүүхдийн цэцэрлэг”-ийн барилгыг барих ӨМ2016/48 тоот гэрээг байгуулж холбогдох албан тушаалтнууд гарын үсгээ зурж, тамга тэмдгээ дарж баталгаажуулсан.

Мөн энэ гэрээг хуулийн хэлтсийн дарга хянасан. Ингээд хамгийн сүүлчийн албан тушаалтан Өмнөговь аймгийн Засаг дарга баталж гарын зурах болсон. Аймгийн Засаг даргатай гэрээнд гарын үсэг зуруулахаар 2 удаа очсон боловч “Хүннүгийн говь” ХХК дахин Сангийн яаманд гомдол гаргасан гэдэг тайлбар хэлээд гарын үсэг зурахгүй байна. Аймгийн Засаг даргын гэрээнд гарын үсэг зурахгүй байгаа энэ байдал нь албан тушаалтаны хууль бус эс үйлдэхүй гэж үзэж байна. Өөрийнх нь харъяанд ажилладаг 4 албан тушаалтны тамга дарж гарын үсэг зурсан үйлдлийг эс ойшоож буй энэ эс үйлдэхүйгээс компаний эрх ашиг хохирч байгаа тул “Өмнөговь аймгийн Ханбогд сумын Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн цогцолбор 640 хүүхдийн цэцэрлэг, 200 хүүхдийн цэцэрлэг”-ийн барилгыг барих ӨМ2016/48 тоот гэрээнд гарын үсэг зурахыг аймгийн Засаг даргад даалгаж өгнө үү” гэжээ.

 

Нэхэмжлэгч “Говийн өгөөж” ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Нарандэлгэр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газраас гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт оролцож, “гэрээ байгуулах эрх олгосон тухай” мэдэгдлийг 2016 оны 11 сарын 10-ны өдрийн 2-1654 тоот албан бичгээр, 2016 оны 12 сарын 15-ны өдөр 2-1929 тоотоор ”тендерээс татгалзаж байгаагаа”, 2017 оны 01 сарын 06-ны өдрийн 2-24 тоотоор манай компанитай гэрээ байгуулахаар хүлээн зөвшөөрснөө тус тус мэдэгдсэн. Энэ мэдэгдлийн дагуу Аймгийн засаг даргын “Гэрээ байгуулж, ажил гүйцэтгүүлэх тухай” 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн а/05 тоот захирамж гарч, энэ захирамжийн дагуу гэрээ байгуулсан.

Хариуцагч тал шүүхэд гаргасан тайлбартаа тендер хүчинтэй байх 45 хоног, Монгол улсын Сангийн яамнаас сунгасан 30 хоногийн хугацаа 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр дуусгавар болсон гээд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн байна. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тендерийн хугацаа 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр биш 12-ны өдөр дууссан. Аймгийн Засаг даргад Монгол улсын Сангийн сайдын 2017 оны 01 сарын 13-ны өдрийн 5/228 тоот албан бичиг ирснийг мөн сарын 18-ны өдөр хүлээж авсан. Үүний дагуу Аймгийн Засаг дарга Н.Наранбаатар аймгийн ЗДТГ-ын дарга Ө.Баянмөнхөд, Ө.Баянмөнх дарга Үнэлгээний хорооны дарга Э.Ишбаярт тус тус цохолт хийсэн байдаг. Үнэлгээний хорооны дарга Э.Ишбаярын Өмнөговь аймгийн ЗДТГ-ын даргад хүргүүлсэн бичиг, ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Ж.Сүх-Эрдэнийн 2017 оны 5-143 тоот “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичиг, мөн Тендерийн 2016/48 баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ-ийн 21-д заасан хугацаа зэргээр тендерийн баталгааны хүчинтэй байх хугацаа 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр буюу гэрээ байгуулах үед дуусаагүй байсан гэдэг нь нотлогдож байгаа. Өмнөговь аймгийн ЗДТГ-ын даргын 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 2-24 тоот албан бичгээр манай компанид ирүүлсэн албан бичигт “...мэдэгдлийг хүлээн авсан өдрөөс хойш ажпын 5-аас доошгүй хоногийн дараа хүрэлцэн ирж баримт бичгийг бүрдүүлнэ үү” гэсэн байсан. Тэгэхээр гэрээ 12-нд байгуулагдаж гарын үсэг зурж баталгаажсан байх ёстой биш 12-нд манай талаас хүн очиж, ямар материал бүрдүүлэх талаар танилцаж гэрээ байгуулах бэлтгэл ажиллагаа явагдаж эхэлнэ гэсэн үг.

Засаг даргын тамгын газраас гэрээ байгуул гэж мэдэгдсэний дагуу очиход 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн а/05 тоот захирамжийг, одоо хэрэгт байгаа гэрээ нь төсөл байдлаар бэлэн болчихсон, гэрээний сүүлийн хуудсан дээр “хянасан хуулийн хэлтсийн дарга Хатанзориг” гээд гарын үсгээ зурчихсан байсан. Тэгээд гэрээ байгуулах хугацааг мөн сарын 12-оос эхэлнэ гээд манайхыг гарын үсэг зуруулж, тамга даруулаагүй буцаасан. Би маргааш нь буюу 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр очиж гарын үсэг зуруулсан. Гэрээний ерөнхий зүйл хэсэгт нийтийн ашиг сонирхлыг ханган ажилллахаа илэрхийлж 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр энэхүү гэрээг байгуулав гэсэн байгаа. Тиймээс гэрээ 01 дүгээр сарын 11-ний өдөр хийгдсэнийг нотолж байна.

Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29.2-т гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажпын 5-аас доошгүй хоногийн дараа, тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулна гэж заасан. Ажлын 5-аас доошгүй хоногийн дараа гэдгийг тооцвол энэ эрхийг Аймгийн Засаг даргын тамгын газраас 2017 оны оны 1 дүгээр сарын 06-ны өдөр мэдэгдсэн. 1 дүгээр сарын 06, 07, 09, 10, 11 ажлын өдрүүд тул 11-нд 5 хоног дууссан. Маргааш буюу 12-ноос эхлэн гэрээ байгуулах эрх үүссэн ба гэрээ байгуулсан. Тендер хүчинтэй байх хугацаанд гэрээ хийгдсэн. Сангийн яамны 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 5/7291 тоот албан бичигт “Тендерийн хүчинтэй байх хугацааг 30 хоногоор сунгаж байна, энэ хугацааг тендерийн хүчинтэй байх хугацаа дууссан өдрөөс тоолно” гэсэн байгаа.

Захиалагч тендерийн баталгааны хүчинтэй байх хугацааг Тендерийн 2016/48 баримт бичгийн ТШӨХ-ийн ТОӨЗ-ийн 21-д 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийг дуустал гэж заасан. “Хүннүгийн говь” ХХК нь аймгийн Засаг даргад 2017 оны 01 сарын 13-ны өдөр гэрээ байгуулахаа хойшлуулж өгнө үү гэсэн 005 тоот албан бичгийг хүргүүлсэн байгаа нь мөн хуулийн 54.7-д гэрээ байгуулах эрх олгосноос хойш ирсэн гомдлыг захиалагч хүлээж авахгүй гэсэн заалтыг Засаг дарга баримталж ажиллаагүй, эсрэг талд давуу тал үүсгэсэн гэж үзэж байна. Иймд шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж байна гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Хатанзориг шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Хатанзориг, Б.Болдбаяр нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ханбогд сумын 640 хүүхдийн сургууль, 200 хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажлын тендерийн сонгон шалгаруулалтын захиалгыг Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газраас өгч, шалгаруулалтыг 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 15 цаг 10 минутанд нээхээр үнэлгээний хороо нийтэд зарласан байна. Энэхүү сонгон шалгаруулалтын хүчинтэй хугацааг Монгол Улсын Сангийн яам 30 хоногоор нэг удаа сунгасан.

Тендер шалгаруулалтанд оролцсон “Хүннүгийн говь” ХХК, “Акми холдинг” ХХК болон нэхэмжлэгч компаниуд нь Монгол Улсын Сангийн яаманд шалгаруулалттай холбоотой тус тусын гомдлыг гаргасан. Маргаантай асуудлыг 2016 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн 5/7472 дугаартай албан бичгээр Монгол Улсын Сангийн яам шийдвэрлэсний дагуу Орон нутгийн өмчийн газар нь нэхэмжлэгч компанитай гэрээг 2017 оны 01 дүгээр сарын 12-нд байгуулсан юм.

Монгол Улсын Сангийн яамны 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 5/228 дугаартай худалдан авах ажиллагааны хууль тогтоомжийг хэрэгжүүлж ажиллахад анхаарах албан бичгийг аймгийн Засаг дарга 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авсан юм. Энэ хугацаанд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5 -д заасан тендер хүчинтэй байх 45 хоногийн хугацаа, Монгол Улсын Сангийн яамнаас сунгасан 30 хоногийн хугацаа нь 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр дуусгавар болсон.

 Тендер нээснээс хойш тухайн тендер шалгаруулалтыг багтаан зохион байгуулж дуусгах хугацаа дуусгавар болсон тул “Говийн-Өгөөж” ХХК-тай байгуулах гэрээг аймгийн Засаг дарга батламжлаагүй. Хууль болон эрх бүхий байгууллагын шийдвэрийг үндэслэн гэрээг баталгаажуулаагүй.

Тухайн үед Сүх-Эрдэнэ байхгүй байсан учраас би Хууль эрх зүйн хэлтсийн даргын хувьд гэрээн дээр хууль зүйн үндэслэлийг нь хянаад хугацааг нь харалгүй гарын үсэг зурж баталчихсан юм. Тендер хүчинтэй байх хугацаанд гэрээ байгуулагдаагүй. Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-д заасны дагуу Засаг дарга өөрөө өмнө нь гаргасан захирамжаа хүчингүй болгосон.

Одоо сонгон шалгаруулалт зарлагдаад явж байгаа. Засаг дарга хууль бус үйлдэл, эс үйлдэл хийгээгүй. Төсвийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-т зааснаар Засаг дарга нь төсвийн төвлөрүүлэн захирагч бөгөөд хуульд заасан эрхээ хэрэгжүүлсэн Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Говийн өгөөж” ХХК нь Өмнөговь аймгийн Засаг даргад холбогдуулан “Өмнөговь аймгийн Ханбогд сумын Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн цогцолборын 640 хүүхдийн сургууль, 200 хүүхдийн цэцэрлэгийн барилгыг барих ӨМ2016/48 тоот гэрээнд гарын үсэг зурахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судлаад дараахь хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “тендер хүчинтэй байх хугацаа 45 хоногийн хугацааг Сангийн Яамнаас 30 хоногоор сунгасан, тендерийн хүчинтэй байх хугацаа 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр дуусгавар болсон тул гэрээг батламжлаагүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч хэрэгсэхгүй болгуулах тухай” тайлбар[1] гаргажээ. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар дараахь үйл баримт тогтоогдлоо.

Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газраас 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр зарласан ӨМ2016/48 тоот “Өмнөговь аймгийн Ханбогд сумын сургууль цэцэрлэгийн барилга барих ажил”-ын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах, орон нутгийн давуу эрх тооцох нээлттэй тендерийг 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 15 цаг 10 минутанд интернетээр www.meps.gov.mn хаягаар нээхэд 4 компани материал ирүүлсэн байснаас үнэлгээний хорооны гишүүдийн олонхийн саналаар “Говийн өгөөж” ХХК-ийг шалгаруулж  6 079 828 009 /Зургаан тэрбум далан есөн сая найман зуун хорин найман мянга есөн/ төгрөгөөр гэрээ байгуулан ажил гүйцэтгүүлэх санал, зөвлөмжийг Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газарт хүргүүлсэн, үүнийг үндэслэн Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газрын даргаас “гэрээ байгуулах эрх олгох тухай ” мэдэгдлийг “Говийн өгөөж” ХХК-д мэдэгдсэн  нь Тендерийн урилга,  Үнэлгээний хорооны 2016 оны 10 дугаар сарын 28, 11 дүгээр сарын 09-ний өдрийн хурлын тэмдэглэл, зөвлөмж, Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 2-1654 тоот албан бичгээр зэрэг[2] хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

Уг тендерт оролцсон “Хүннүгийн говь” ХХК, “Акми холдинг” ХХК-аас Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д зааснаар Сангийн яаманд гомдол гаргажээ. Сангийн Яамнаас гомдлыг хянаад тендер шалгаруулалтыг хууль, журамд нийцүүлэн  дахин хийхийг 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 5/7163 тоот албан бичгээр[3] мэдэгдсэнээр Үнэлгээний хороо 2016 оны 12 дугаар сарын 08-нд дахин хуралдахдаа “Говийн өгөөж” ХХК-д шалгаруулаагүй шийдвэрлэснийг уг компани Сангийн яаманд гомдол гаргасан байна. Сангийн яамнаас тендер шалгаруулалтын хүчинтэй хугацааг 30 хоногоор сунгаж, хугацааг тендерийн хүчинтэй байх хугацаа дууссан өдрөөс эхлэн тоолохыг 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 5/7291 тоот албан бичгээр[4] мэдэгдсэн байна. Мөн  “...өмнөх 5/7163 тоотоор захиалагчид мэдэгдсэн шийдвэрийг хэрэгжүүлж ажиллахыг мэдэгдэж байна” гэсэн  2016 оны 5/7682 тоот албан бичгүүдийг[5] захиалагчид хүргүүлсэн байна.

 Дээрх Монгол улсын Сангийн Яамны 2016 оны 5/7682 тоот албан бичигт Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газрын дарга нь “4 удаа хуралдсан боловч хуулийн дагуу шийдвэрлэж чадахгүй байгаа Үнэлгээний хороог өөрчилж дахин байгуулах” тухай гэсэн цохолт хийсэн байх ба 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн а/01 тоот тушаалаар өмнөх Үнэлгээний хорооны дарга, зарим гишүүдийг өөрчилсөн байна. Энэ тушаалд хэн нэг этгээдээс гомдол гаргаагүй байна. Уг Үнэлгээний хороо 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хуралдаж “хамгийн сайн” гэж үнэлэгдсэн тендерээр хамгийн анх шалгарч байсан “Говийн өгөөж” ХХК-ийг дахин шалгаруулж гэрээ байгуулан, ажил гүйцэтгүүлэх санал, зөвлөмжийг, Өмнөговь аймгийн Засаг дарга нь 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Өмнөговь аймгийн “Ханбогд сумын ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн цогцолборын 640 хүүхдийн сургууль, 200 хүүхдийн цэцэрлэг” –ийн барилгыг шинээр барих ажлыг “Говийн өгөөж ” ХХК-тай “Гэрээ байгуулж, ажил гүйцэтгүүлэх тухай” а/05 дугаар захирамжийг гаргасан[6] байна.

Эдгээр зөвлөмж, захирамжийн дагуу Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газрын дарга нь 2017 оны 01 дүгээр сарын 06-ны 2-24 албан бичгээр “Говийн өгөөж” ХХК-д гэрээ байгуулахаар хүлээн зөвшөөрсөн, мэдэгдлийг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 5-аас доошгүй хоногийн дараа хүрэлцэн ирж баримт бичгээ бүрдүүлэхийг мэдэгдсэнээр “Говийн өгөөж ” ХХК нь захиалагчийн боловсруулсан гэрээний төсөлтэй  2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр танилцаж, маргааш нь буюу 12-ны өдөр гэрээнд талуудын төлөөлөгч нар гарын үсгээ зурж тамга дарсан байна. Гэтэл дээрх гэрээний “Батлав. Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатар” гэсэн хэсэгт Засаг дарга гарын үсэг зураагүйгээс маргаан үүссэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  нь  тендерийг хянах, үнэлэхтэй холбоотой болон нэхэмжлэгчийг гэрээ байгуулах эрхгүй этгээд гэж маргаагүй тул захиалагч, ажил гүйцэтгэгч нарын хооронд 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр байгуулсан Өм/2016/48 дугаартай гэрээг[7] Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 42 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бус гэрээ гэж үзэх үндэслэлгүй байна.

Дээрх гэрээнд мөн нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 40  дүгээр зүйлд заасан нөхцлийг тусгасан байна.  

Хариуцагч талаас “тендерийн хүчинтэй байх хугацаа 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр дуусгавар болсон” гэж маргаж байгаа боловч захиалагчаас гаргасан тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгт /ТШӨХ/-ийн 21-д тендерийн баталгааны хүчинтэй байх хугацааг 2017 он 01 сарын 12-ны өдрийг дуустал гэж /хх-29-32/, Үнэлгээний хорооны 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн зөвлөмжинд[8] “хууль, журмын дагуу 2017 оны 01 сарын 12-ны өдөр энэ тендерийн хүчинтэй байх хугацаа дууссан” гэж бичигдсэн байна. Мөн Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 06-ны 2-24 албан бичигт[9] заасан “... мэдэгдлийг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 5-аас доошгүй хоногийн дараа хүрэлцэн ирж баримт бичгээ бүрдүүлэхийг мэдэгдсэн” мэдэгдлийг нэхэмжлэгчийн төлөөлөгч мөн өдөр нь хүлээн авсан гэж шүүх хуралдаан дээр тайлбарлаж байх бөгөөд гэрээ байгуулахаар ирэх хугацаа нь 01 дүгээр сарын 12-ны өдрөөс эхэлж гэж үзэхээр байна.

Гэтэл гэрээ байгуулж, ажил гүйцэтгүүлэх эрх олгосон Өмнөговь аймгийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн а/05 дугаар захирамж гаргасны дагуу байгуулсан гэрээг тендерийн хугацаа 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр дууссан гэх үндэслэлээр гарын үсэг зурж, батлахгүй байгаа нь  Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т заасан “Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын 5-аас доошгүй хоногийн дараа тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулна” гэснийг зөрчиж байна.

Сангийн яамны дахин үнэлгээ хийх тухай 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 5/7682 тоот албан бичгийг захиалагч нь 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авсан боловч 01 дүгээр сарын 06-ны өдөр тендерийн шалгаруулалтыг явуулсныг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-т “Тендерийн үнэлгээг тендер хүчинтэй байх хугацаанд багтааж аль болох богино хугацаанд  хийнэ” гэж заасныг Үнэлгээний хороо зөрчсөн, захиалагч нь мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.1, 46.1.2-т үнэлгээний хороо байгуулах, үнэлгээний хорооноос гаргасан дүгнэлтэд үндэслэн гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргах гэснийг тус тус зөрчсөн гэх үндэслэл болно.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.3-т “Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтын эх үүсвэрээр санхүүжүүлэх бараа, ажил, үйлчилгээний хувьд тухайн шатны Засаг даргын Тамгын газар захиалагч байна”, 46 дугаар зүйлийн 46.2-т захиалагчийг төлөөлж төсвийн ерөнхий менежер энэ хуулийн 46.1-д заасан захиалагчийн эрх, үүргийг хэрэгжүүлэхээр тус тус зохицуулсны дагуу захиалагч Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга захиалагчийн эрх үүргийг хэрэгжүүлэх байтал мөн Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Ж.Сүх-Эрдэнэ 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 5-143 тоот албан бичгээр тендер дахин зарлагдсан, Өмнөговь аймгийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн а/05 дугаар захирамж хүчингүй болсон агуулгатай мэдэгдлийг нэхэмжлэгч “Говийн өгөөж” ХХК-д хүргүүлсэн хуульд нийцээгүй байна. Дээрх албан бичигт тендерийн хугацаа 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр дууссан гэснээс үзэхэд тухайн өдөр байгуулагдсан гэрээг тендерийн хүчинтэй хугацаанд байгуулсан гэж үзэх үндэслэл болж байна.

Түүнчлэн Тендерийн баримт бичгийн гэрээний маягт буюу Маягт № ГМ -1-д[10] “батлав, захиалагч, гүйцэтгэгч” гэсэн байх тул “Өмнөговь аймгийн Засаг дарга гэрээг батлахгүй байна” гэсэн нэхэмжлэгч талын тайлбар үндэслэлтэй байна. Мөн ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлж гарын үсэг зурж баталгаажуулсан, Үнэлгээний хорооны гишүүдийг өөрчилж дахин үнэлгээг явуулсан ажиллагаанд нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй байна. 

Иймд Өмнөговь аймгийн Засаг даргын “Өмнөговь аймгийн Ханбогд сумын Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн цогцолборын 640 хүүхдийн сургууль, 200 хүүхдийн цэцэрлэг”-ийн барилгыг шинээр барих ажлын 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн ӨМ2016/48 дугаар” гэрээг баталгаажуулахаас татгалзсаны улмаас нэхэмжлэгч “Говийн өгөөж” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иймээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т “Улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч урьдчилан төлөх бөгөөд нэхэмжлэл бүрэн,.. хангагдсан тохиолдолд хариуцагчаар нөхөн төлүүлж нэхэмжлэгчид буцаан олгоно” гэж заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4, 112 дугаар зүйлийн 112.4, 112.4.2, 113 дугаар зүйлийн 113.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 28 дугаар зүйлийн 28.2, 29 дүгээр зүйлийн 29.2, 45 дугаар зүйлийн 45.3, 46 дугаар зүйлийн 46.1.1, 46.2, Төсвийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.4 дэхь хэсэгт заасныг тус тус баримтлан “Говийн өгөөж” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, “Өмнөговь аймгийн Ханбогд сумын Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн цогцолборын 640 хүүхдийн сургууль, 200 хүүхдийн цэцэрлэг”-ийн барилгыг шинээр барих ажлын 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн ӨМ2016/48 дугаар гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулахыг Өмнөговь аймгийн Засаг даргад даалгасугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нар таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ОТГОНЦЭЦЭГ

 


[1] Хэргийн 22 дугаар хуудас

[2] Хэргийн 4-6, Тендерийн материалын 82-83, 90-92 дугаар хуудас

[3] Хэргийн 26 дугаар хуудас

[4] Хэргийн 23 дугаар хуудас

[5] Хэргийн 25 дугаар хуудас

[6] Хэргийн 52 дугаар хуудас

[7] Хэргийн 12-15 дугаар хуудас

[8] Тендерийн материалын 139 дүгээр хуудас

[9] Хэргийн 10 дугаар хуудас

[10] Тендерийн материалын 74-75 дугаар хуудас