Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 1168

 

МАГАДЛАЛ

 

2016 оны 06 дугаар сарын 15                    Дугаар 1168                                     Улаанбаатар хот

 

ХХ-ийн нэхэмжлэлтэй

Иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг  Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Мөнхзул, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 101/ШШ2016/03043 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч ХХ-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч ХХХ-д холбогдох,

 

Ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 1 605 600 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

Шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ, ХХХХХ,

Нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: ХХ нь 2007 оны 1 дүгээр сард тус байгууллагын хүний нөөцийн ажилтнаар орж, 2008 онд мэдээллийн санчаар томилогдон, 8 жил ажилласан. Энэ хугацаанд ямар нэгэн зөрчил дутагдалгүй, хариуцсан ажлаа гүйцэтгэж байсан. Гэтэл 2014 оны 9 дүгээр сарын 23-нд ажлаас халсан ба уг тушаалыг хүлээн зөвшөөрөлгүй шүүхэд нэхэмжлэл гарган Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 5346 дугаар шийдвэрээр ажилд эгүүлэн тогтоосон. Ажил олгогч байгууллага 2015 оны 5 дугаар сарын 26-нд дахин ХХг ажлаас халж тушаал гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй шүүхэд хандсанаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 6640 дүгээр шийдвэрээр мөн мэдээллийн санчийн ажил албан тушаалд эгүүлэн томилсон. Ингээд 2 удаа үндэслэлгүй ажлаас халсныг 2 удаа шүүхээр тогтоолгосон юм. Шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, 2015 оны 12 дугаар сарын 14-нд ажилдаа орж ажлаа албан ёсоор хүлээж авсан. Ажлаас удаа дараа халагдсанаас сэтгэл санаа болон биеийн эрүүл мэндийн байдал нь муудсан. Ажлаас халагдсанаас хойш 3 хоногийн дараа ээж нь нас барсан байдаг. Ажилд томилсон тушаал 11 дүгээр сарын 04-нд гарсан гэх боловч ХХд өгөөгүй, үүнийг нэхэмжлэгч мэдээгүй. Энэ үеэр хөдөө амьдардаг аавынх нь бие муудаж Ховд аймаг явсан байдаг. Хариуцагчийн хэлээд байгаа хаягуудад аль алинд нь байдаг. Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр хүсэлт гаргасны дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас ажиллагаа үүсгэж ХХг ажлыг хүлээлгэж өгсөн. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлд зааснаар шүүхийн шийдвэр гарсан 2015 оны 10 дугаар сарын 06-наас 12 дугаар сарын 14-нийг хүртэл хугацааны ажлын 50 хоногт олгогдох ёстой цалинг өдөрт 32 112 төгрөгөөр тооцож нийт 1 605 600 төгрөгийг олговорт гаргуулан олгож, түүний нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нь хуулийн дагуу нөхөн бичилт хийж баталгаажуулж өгөхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбарт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: 2015 оны 10 дугаар сарын 23-нд хүлээн авсан. Түүнээс хойш хуульд заасны дагуу гомдол гаргах хугацаа 11 дүгээр сарын 06-нд дуусах байсан боловч бид 11 дүгээр сарын 04-нд нь ХХг ажилд нь томилсон 362 тоот тушаалыг гаргасан. Байгууллагаас 10 дугаар сарын 30-нд нь ХХг ажилдаа орохыг мэдэгдэхээр Баянзүрх дүүргийн, 8 дугаар хороо, 3 дугаар байрны 22 тоот хаягаар нь мэдэгдэл явуулсан боловч уг хаягт байхгүй, утсаа авахгүй байна гэсэн шуудангийн магадлагаатай 11 дүгээр сарын 05-нд буцаж ирсэн. Дахин 11 дүгээр сарын 06-нд мэдэгдэл, тушаалын хамт хүргүүлэхэд уг хаягт бүртгэлгүй, утсаа авахгүй байна гэсэн магадлагаатай 11 дүгээр сарын 11-нд буцаж ирсэн. Түүний дараа ХХ-ийн ХХХХХХ дүүргийн ХХ дүгээр хороо, ХХ дугаар хорооол, ХХ дүгээр байрны ХХ тоот хаягаар нь 11 дүгээр сарын 17-нд мэдэгдэл, тушаалын хамт явуулахад уг хаягт эзэнгүй, бичиг үлдээгээд ирж аваагүй, утсаа авахгүй байна гэсэн хариутай шуудангаас 11 дүгээр сарын 23-ны өдөр буцаж ирсэн юм. Энэ хооронд хүний нөөцийн ажилтан ХХХХнь өөрийн утаснаас ХХ-ийн ХХХХХХХХ дугаар руу 11 дүгээр сарын 18, 20-ны өдрүүдэд, 12 дугаар сарын 15-ны өдөр ажилд томилсон тушаалыг ирж аваач гэсэн захидлыг явуулсан боловч хариу ирэхгүй байсан. Ажил олгогч байгууллага нь шүүхийн шийдвэрийг биелүүлсэн, Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт заасан үүргээ биелүүлсэн. Харин ХХ нь мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт заасан үүргээ өөрөө биелүүлээгүй. Нэхэмжлэгч өөрийн хаягтаа байхгүй байсан нь ажил олгогчийг буруутгах хууль зүйн үндэслэлгүй. 11 дүгээр сарын 25-нд итгэмжлэгдсэн төлөөлөгч гэх ХХХХХ гэдэг хүн ирсэн, ирэхдээ ХХ 6 сарын чөлөө авах гэсэн хүсэлтийг барьж ирэхэд нь бид ажилдаа ороогүй байж чөлөө авах асуудал байж болохгүй гэдэг талаар нь хэлэхэд тэгвэл шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны журмаар ажлаа хүлээж авна гээд явсан. Ингээд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж 2015 оны 12 дугаар сарын 14-нд ажлыг нь хүлээлгэж өгч, хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Байгууллагаас ХХг эрүүгийн хэрэгт шалгуулсан зүйл байхгүй. Өөрийнхөө заасан хаягт байхгүй байсан нь шуудангийн магадлагаагаар нотлогдсон. Ажлаа хийлгүй гэртээ сууж байгаад цалин нэхэх нь үндэслэлгүй. Нэхэмжлэл нотлогдохгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ХХХ-ээс 1 541 376 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ХХд олгож, нэхэмжлэлээс үлдэх 64 224 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан зохих журмын дагуу нийгмийн даатгалын шимтгэл, хураамжийг тооцон нэхэмжлэгч ХХ-ийн нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж баталгаажуулахыг хариуцагч байгууллагад даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40 650 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 39 612 төгрөгийг гаргуулан улсын орлого болгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Энэхүү 6640 дүгээр шийдвэрийг манай байгууллага нь 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдөр гардан авсан бөгөөд бид давж заалдах гомдол гаргаагүй тул тухайн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1.1-д зааснаар 2015 оны 11 дүгээр сарын 6-ны өдрөөс хуулийн хүчин төгөлдөр болсон. Хэдий тийм боловч манай байгууллага шүүхийн шийдвэрийг хүчин төгөлдөр болохоос өмнө 2015 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр албан ёсоор ажилд нь эгүүлэн томилсон тушаалыг гарган, түүнээс өмнө буюу 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн ХХг ажилдаа орохыг мэдэгдэхээр удаа дараа мэдэгдэл хүргүүлэхийг оролдсон боловч тэрээр хаягтаа байхгүй. ХХХХХХХХ дугаарын утасруу нь мессэж илгээхэд хариу ирүүлэхгүй байсаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэр гүйцэтгэгчийн 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 16300054 дүгээр тогтоолоор албадан гүйцэтгэх ажиллагааг гүйцэтгүүлэн, 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр байсан "Бүртгэл мэдээллийн албан тушаалаа хүлээн авсан байгаа. Гэтэл нэхэмжлэгч ХХ-ийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1, 62 дугаар зүйлийн 62.1.2-т зааснаар шүүхэд үнэн зөвөөр өөрийн оршин суугаа хаягаа мэдүүлэх үүргээ зөрчсөн үйлдэл, мөн ажлаа хүлээн авахаас өөрөө зориуд зайлсхийсэн, оршин суугаа хаягтаа байхгүй, гар утанд нь очсон мессэжийг хүлээн авсан атлаа мэдээгүй дүр эсгэсэн өөрийнх нь буруутай үйлдлийг манай байгууллагын буруу мэтээр дүгнэн шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2, 116.3 дахь хэсэгт заасан Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх, шийдвэрийг нотлох баримтын үндсэн дээр гаргах хуулийн шаардлагыг хангахгүй байна. Манай байгууллагын зүгээс ХХд ажлаа хүлээн авах тухай мэдэгдлийг нь шүүхээс хэргийг хянан шийдвэрлээд гарсан шийдвэрийг хэргийн оролцогчдод гардуулдаг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.6, 119 дүгээр зүйлийн 119.5, 119.6 дахь хэсэгт заасантай ижил арга замаар хүргүүлэх ажиллагаа явуулсан нь хууль зөрчөөгүй. Өөрөөр хэлбэл, бид ХХг      ажилд нь эгүүлэн оруулах шаардлагатай бүхий л арга хэмжээг авсан болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой байна.

Нэхэмжлэгч ХХ нь хариуцагч ХХХ-д холбогдуулан ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 1 605 600 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхээр нэхэмжилснийг хариуцагч зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа “...анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс шийдвэр гүйцэтгэлийн журмаар ажилд эгүүлэн томилсон, ажил хүлээн авсан 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүртэл 50 хоногийн цалин гаргуулах” гэж үндэслэсэн бол хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэх үндэслэлээ “...ХХг шүүхийн шийдвэрийн дагуу ажилд авах тушаал гарсныг шуудангаар болон гар утсаар мэдэгдсэн, өөрөө ажилдаа ирээгүй” гэж тайлбарласан.

Хэрэгт авагдсан баримтаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 6640 дүгээр шийдвэрээр нэхэмжлэгч ХХг Монголын Үндэсний музейн бүртгэл мэдээллийн санч гэх ажилд эгүүлэн тогтоосон, 1 өдрийн цалин 32 112 төгрөг гэсэнд талууд маргаагүй, энэ шийдвэрийн дагуу хариуцагч байгууллагын захирлын 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 362 дугаар тушаалаар ХХг Монголын Үндэсний музейн сан хөмрөгийн албанд бүртгэл мэдээллийн санчаар мөн өдрөөс эхлэн томилсон, уг тушаалыг шүүхийн шийдвэрт заасан хаягаар нэхэмжлэгчид 2015 оны 11 дүгээр сарын 06, 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрүүдэд шуудангаар хүргүүлсэн, ХХ тухайн хаягтаа байгаагүй, гар утас нь холбогдохгүй байсан шалтгааныг “хөдөө явж байсан” гэж нэхэмжлэгч өөрөө тайлбарласан, 2015 оны 2 дугаар сарын 14-ний өдөр ажил хүлээлцсэнээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дууссан тухай тогтоол гарсан зэрэг үйл баримт тогтоогдсон, энэ талаар зохигч маргаагүй байна.

Хариуцагч нь шүүхийн шийдвэрийг биелүүлж, ХХг өмнө эрхэлж байсан  ажилд нь эгүүлэн тогтоосон тушаалыг 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр гаргаж, уг тушаал болон ажилд орох талаар мэдэгдлийг нэхэмжлэгчид боломжтой байдлаар мэдэгдсэн байх тул нэхэмжлэгч өөрийн болон шүүхийн шийдвэрт заасан хаягтаа   байгаагүй нь хариуцагчийг буруутгах үндэслэл болох учиргүй юм. Иймд ажилд томилох үүргээ зохих ёсоор биелүүлж тушаал гарган, нэхэмжлэгчид мэдэгдсэн өдрөөс хойш хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг нэхэмжлэгч нь шаардах эрхгүй.

Иймд нэхэмжлэгч ХХ-ийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг тооцон гаргасан шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагатай байна.

Хэргийн нотох баримтаар тогтоогдсон үйл баримт, мэтгэлцэх зарчимд нийцүүлэн өөрчлөлт оруулж, хариуцагч нь 800 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тайлбар өгсөн байх тул хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 101/ШШ2016/03043 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...хариуцагч ХХХ-ээс 1 541 376 төгрөг гаргуулан...” гэснийг “800 000 төгрөг гаргуулан” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагчаас төлсөн улсын тэмдэгтийн хураамж 40 650 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                         ШҮҮГЧИД                                             А.МӨНХЗУЛ

       

                                                                                      М.НАРАНЦЭЦЭГ