Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 001/ХТ2017/00601

 

            Ц.Туулын нэхэмжлэлтэй,

         иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч  Г.Алтанчимэг, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 153/ШШ2016/00024 дүгээр шийдвэр,                                 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 02 дугаар магадлал,

Нэхэмжлэгч : Ц.Туул,

Хариуцагч : Х.Марат,

Нэхэмжлэлийн шаардлага : 6 сая төгрөг гаргуулах тухай

Хариуцагчийн өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэгийн гаргасан гомдлоор

Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.  

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2015.7.18-ны өдөр Х.Мараттай харилцан тохиролцсоны үндсэн дээр түүний харилцах данс руу Ховдын шар төмс худалдан авахаар 6 сая төгрөг шилжүүлсэн. Төмс ачиж ирсэн жолооч Н.Отгонжаргал нь надад ууттай зүйл ачуулсан. Би дотор талыг нь задалж үзээгүй гэж тайлбарласан. Х.Марат Улаанбаатар хот руу явуулсан төмс нь чанарын шаардлага хангаагүй ялзарсан муудсан төмс байсан  учир би хүлээн авалгүй утсаар нь холбогдоход “... би муу ногоо явуулжээ ...намар болтол хүлээвэл би тарьсан ногооноосоо явуулна...” гэсэн. Би  2015.9.25-ны өдөр Х.Мараттай ярих гэсэн боловч утсаа аваагүй өдий хүртэл би хохирч байна. Иймд 6 сая төгрөгийг гаргуулан өгнө үү гэжээ

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: 2015.7.18-ны өдөр Ц.Туул надтай харилцан тохиролцсоны үндсэн дээр 6 сая төгрөг шилжүүлж Ховд аймгаас Улаанбаатар хот руу төмс ачуулсан. Тухайн үед явуулсан төмс агуулахад тодорхой журмын дагуу, хэвийн темпратурт хадгалагдаж, ямар нэгэн хэлбэрээр ялзарч муудсан зүйл огт байхгүй байсан. Улаанбаатарт уг төмсийг хүлээж авахад ялзарч муудсан чанарын шаардлага хангаагүй байсан гэж Ц.Туул үзэж байгаа. Би огт итгэхгүй байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 153/ШШ2016/00024 дугаартай шийдвэр гаргаж, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар Х.Маратаас 3 сая төгрөг гаргуулан Ц.Туулд олгож, нэхэмжлэлээс 3 сая төгрөг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар Ц.Туулын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 110.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Х.Маратаас 62.950 төгрөг гаргуулан Ц.Туулд олгож шийдвэрлэсэн байна.

 Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 02 дугаартай магадлал гаргаж, Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 153/ШШ2017/0024 дүгээр шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчаас 6.000.000 төгрөг гаргуулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хуралдаанд Н.Отгонжаргал гэрчийн мэдүүлэг өгсөн. 100 шуудай төмсийг Ховд аймгийн Буянт сумын ногооны талбай дээрээс ачсан муудах боломжтой байсан гэдгээр мэдүүлсэн байхад давж заалдах шатны шүүх өөрчлөлт оруулсан.  Нэхэмжлэгч  100 уут шаардлага хангахгүй  төмс хүлээж авсан гэдгээ  баримтаар нотлоогүй байхад Ц.Туулд Х.Маратаас төмсний төлбөрт  нийт 6 сая төгрөг гаргуулсан нь  Иргэний хуулийн 254.1-г  буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэл байна. Иймд магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч гомдолд ирүүлсэн хариу тайлбартаа: 2015.7.18-ны өдөр талууд Иргэний хуулийн 39.1 хэсэгт зааснаар хэлцэл байгуулсан бөгөөд уг хэлцлийн гол агуулга нь хариуцагч Х.Маратаас Ховдын шар төмс худалдан авах, Ц.Туул нь харилцан тохиролцсон төлбөр болох 6 сая төгрөгийг төлөх үүргийг тус тус хүлээсэн. Үүний дагуу Ц.Туул нь Х.Маратын Хаан банкны 5845258646 тоот данс руу 6 сая төгрөг шилжүүлсэн. Гэрч Н.Отгонжаргал ...машинд ачсан төмсний талыг Буянт сумын ногооны талбайгаас хөрснөөс нь ачсан учраас муудсан байж магадгүй, би Ховдоос-Улаанбаатар хот руу 2 хоног явж очоод Барс зах дээр ачаагаа буулгахад төмсөнд чийг орсон байдалтай ялзарсан байсан, анх төмс ачихад нойтон байсан... гэх мэдүүлгээс үзэхэд хариуцагч Х.Марат Иргэний хуулийн 243 дугаар зүйл буюу худалдах-худалдан авах гэрээний гол нөхцөлийг зөрчсөн, өөрөөр хэлбэл биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй эд хөрөнгө буюу төмс хүлээлгэн өгөх, худалдагч нь худалдаж байгаа эд хөрөнгийн хэрэглээний шинж чанар, хадгалах, тээвэрлэхтэй холбогдсон үнэн зөв мэдээллийг худалдан авагч Ц.Туул, тээвэрлэгч буюу гэрч Н.Отгонжаргалд нарт мэдэгдээгүйгээс тухайн төмс муудсан, ялзарсан нь тогтоогддог. Давж заалдах шатны тухайн маргааны үндэслэлийг шүүхийн магадлалын үндэслэх хэсэгт тодорхой дурьдсан бөгөөд хариуцагч X. Марат нь анхан шатны шүүх хуралдаан дээр дараа төмс явуулна, ногоо ачуулахдаа ашгаасаа төлнө гэж хүсэл зоригоо илэрхийлж байсан хэргийн 96-97 хуудсанд тодорхой дурьдагдсан байдаг. Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дурьдсанаар Иргэний хуулийн 254.1 дэхь хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн гэжээ. Давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт гаргасан бөгөөд эд хөрөнгийн доголдлын талаархи худалдан авагчийн эрх, үүргийн нэхэмжлэгч нь зөрчөөгүй нь хэрэгт авагдсан баримтаар нотлогддог. Иймд гомдлыг хэрэгсэхгүй болгож магадлалыг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ :

Ц.Туул нь Х.Маратад холбогдуулан нэхэмжлэл гаргаж, худалдах-худалдан авах гэрээний дагуу шилжүүлсэн 6.000.000 төгрөгийг буцааж гаргуулахыг шаардсан байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлээс 3 сая төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх 3 сая төгрөгийг хэрэгсэхгүй болгосныг, давж заалдах шатны шүүх өөрчилж, нэхэмжлэлийг бүрэн хангажээ.  

Хариуцагчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ. 

Зохигчид нь 2015 онд төмс худалдах-худалдан авах талаар тохиролцсон байх бөгөөд энэ тухай гэрээ хүчин төгөлдөр байх тул талуудын хэн аль нь үүргээ биелүүлэх,  үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй байна.

 Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээнэ.

 Х.Маратаас Ц.Туулд хүргүүлсэн төмс нь шаардлага хангаагүйгээс худалдан авагч  хүлээн аваагүй нь хэрэгт байгаа баримтаар тогтоогдсон тул нэхэмжлэлийн талаар хийсэн  давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй, шүүх Иргэний хуулийн 243, 246, 251, 253, 254 дүгээр зүйлүүдийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзлээ. 

Давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулахдаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, Иргэний хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул хариуцагчийн гомдлыг хангахгүй орхив.  

Харин шүүх хариуцагчаас 6 сая төгрөг гаргуулахдаа, “...нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох...” тухай шийдвэрийн заалтыг хүчингүй болгоогүй нь буруу тул энэ үндэслэлээр магадлалд өөрчлөлт оруулна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1. Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 02 дугаар магадлалын тогтоох хэсгийн нэг заалтын “..3.000.000 гэснийг 6.000.000 гэж ” гэснийг ”..Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасныг баримтлан Х.Маратаас 6.000.000 төгрөг гаргуулж Ц.Туулд олгосугай...” гэж өөрчилж, магадлалыг бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэгийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдөр төлсөн 110.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                   ТАНХИМЫН ТЭРГҮҮН                   Х.СОНИНБАЯР

                                 ШҮҮГЧ                                               Б.УНДРАХ