Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 1679

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Олзод даргалж, шүүгч Ч.Алтанцэцэг, Н.Баасанбат нарын бүрэлдэхүүнтэй,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,

Улсын яллагч И.Ариунсанаа,

Иргэдийн төлөөлөгч Б.Алтанцэцэг,

Шүүгдэгч Б.Н нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Н-д холбогдох эрүүгийн 1806060681448 дугаартай хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б.Н

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Н нь 2018 оны 7 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 67а байрны гадна согтуугаар 1 нас 6 сартай Н.Хосгарьдын толгойд тоосгоор цохиж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Мөрдөн байцаалтанд хохирогч Б.Нямсүрэнгийн: “...2018 оны 07 сарын 13-ны өдрийн 16 цагийн орчим Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо 67а-2 тоот гэрээсээ гарахад дүү Н байрны гадна гражийн үүдэнд пиво уугаад сууж байсан. Хажууд нь дүү Баярсайхан “гэртээ оръё” гээд зогсож байсан. Тэгээд би ээж Цэнд-Очирын хамт 1 нас 6 сартай хүү Хосгарьдыг тэвэрч очоод “чи яагаад архи уугаад байдаг юм, өчнөөн хэрэг тарьчихаад, яаж архи ууж чадаж байна аа, гэрээс мөнгө төгрөг алга боллоо” гэж хэлсэн. Тэгтэл Н “нэг давхраас чинь эхлээд очиж шатаана, унтаж байхад чинь очиж шатаана, ална, янхан, гичий гэж харааж, намайг алчихаад шоронд сууна, эсвэл захиалгаар чамайг алуулна” гэж хэл амаар доромжилсон. Н нь 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр эхнэртэйгээ маргалдаж гэрээ шатаагаад шалгагдаж байгаа. Н 07 дугаар сарын 10-ны өдөр гэрээсээ гараад архи ууж байгаа. Эхнэр нь гэх Нямсүрэн рүү би “гэр орноос мөнгө төгрөг хулгайлж байна, гэр орон шатаалгаж ханаагүй юу” гэж мессеж бичсэн. Тэгтэл Н “чи яахаараа миний эхнэр рүү мессеж бичдэг юм бэ” гэж хэл амаар доромжилж, маргалдаж эхэлсэн. Би Нг очиж алгадаад “чи өөрийнхөө төрсөн эгч, эцэг, эхээ гэж бодохгүй эхнэрээ өмөөрлөө” гэж хэлсэн. Энэ үед Баярсайхан салгаж байсан ба Н “үе удмаар чинь шатаана, ална” гэж дайраад байсан. Над руу Н байнга дайрч, харин Баярсайхан хорьж байсан. Н чулуу авч шидээд байсан. Би уурлаад “чи яахаараа ингэж байдаг юм чаддаг юм бол алчих” гэж хэлсэн. Тэгээд Н гараа далайгаад над руу дайрч цохих шиг болоход хүүхэд уйлсан. Би хүүхдээ харахад толгой нь хавдаж эхэлсэн ба Н гартаа том тоосго барьчихсан зогсож байсан. Н намайг хүүхдээ тэврээд зогсож байхад тоосготой гараараа над руу дайрч байхад миний 1 нас 6 сартай хүү Хосгарьдыг цохисон байсан. Тэгээд хүүхдийн толгой хавдаж царай нь цайрч хөдөлгөөн нь багасаж эхлэхээр нь түргэн тусламж дуудсан. Нг “хүүхэд алчихлаа” гэж хэлээд Баярсайхан тоосгыг нь авч болиулж байхад нүүрэн тус газарт нь нэг удаа өшиглөсөн. Тэрнээс өмнө ноцолдож зууралдаад салж байсан. Би зууралдаж байхдаа Нг нэг удаа алгадаж цохиж байсан. Тэгээд цагдаа түргэн дуудсан. Удалгүй түргэн ирээд “гэмтлийн эмнэлэгт оч” гэж хэлсэн. Гэмтлийн эмнэлэгт үзүүлэхэд “дух хэсгийн зүүн талаар хавдсан, гавлын яс цуурсан, хугаралтай байна” гэж хэлсэн. Одоо гэмтлийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Тархины хаван хөөх эмчилгээ хийлгэж байгаа. Тухай үед ээж Цэнд-Очир, дүү Баярсайхан, Н бид нар байсан. Миний биед зууралдаж ноцолдох үед 2 удаа гар хөл рүү цохиж байсан. Гар хөл өвдөг хавдаж хөхөрсөн. Шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Н намайг байнга хэл амаар доромжилж, дайрч давшилдаг. Гомдолтой байна...

...Манай хүүхдийн биеийн байдал хэвийн байгаа толгойнд тоосгоор цохисон хэсэг нь улаан хүрэн болчихсон арилахгүй бага зэрэг хавдартай байгаа юм. Хүүхэд тэр өдрөөс хойш ааш ихтэй болоод толгойгоо байнга хоёр тийшээ савлаад байгаа. Бусдаар өөр ямар нэгэн зүйл мэдэгдэхгүй байгаа юм. Би Нгаас ямар нэгэн зүйл нэхэмжилж байгаа зүйл байхгүй. Хоосон хүнээс юу нэхэмжлэх вэ. Өөр хүн байсан бол эмчилгээний зардал нэхэмжлэх байсан, энэ хүнээс ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй. Гомдолтой байна. Хуулийн дагуу шүүхээр шийдвэрлүүлж өгнө үү...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-7-9, 52-53/,  

 

Мөрдөн байцаалтанд гэрч Б.Баярсайханы: “...Би Басан гэх айлд хавар 4 сарын эхээр ирээд гэрт нь амьдарч байсан юм. Тэгээд 2018 оны 07 дугаар сарын 13-ны өдөр би гэрээс гараад дэлгүүр орох гээд гараад ирсэн чинь манай хүргэн ах Басан ахын хүү Н нь автомашиныхаа хажуу талд сууж байхаар нь яваад очсон чинь Н нь бага зэрэг архи уучихсан байсан юм. Тэгээд Нг “гэртээ оръё” гэж хэлсэн чинь “жаахан сууж байгаад оръё” гээд 30 орчим минут суусан. Би хамт хажууд нь сууж байсан чинь Б.Нгийн эх Б.Цэнд-Очир, эгч Б.Нямсүрэн нар нь гэрээсээ хүүхдээ тэврээд гараад ирсэн юм. Тэгээд Н бид хоёрыг машины хажууд сууж байхыг харчихаад бид хоёр дээр хүрээд ирсэн юм. Тэгээд Нг “чи хаагуур яваад байдаг юм б”э гэж хэлсэн чинь Н ”би хөдөө явчихаад ирлээ” гэсэн чинь Нямсүрэн нь уурлаад Нтай маргалдаад эхэлсэн. Нямсүрэн эгч Нг “чи эхнэртэйгээ хамт явж байгаад ирлээ” гэж уурлаад Н “найзуудтайгаа хамт Хэнтий аймаг явчихаад ирлээ” гээд байсан. Н ууж байсан пивоны лаазаа аваад шидсэн, гэхдээ оноогүй намайг оносон юм. Тэгээд ээж Цэнд-Очир нь Нямсүрэн эгчийг “явъя” гэсэн чинь явахгүй маргалдаад байсан. Н гартаа тоосго барьчихаад Нямсүрэнг цохих гээд байхаар нь би булааж аваад хол шидчихсэн. Тэгээд маргаан дуусаагүй маргалдаад хэрэлдээд хоёр биенээ янз бүрээр хэлээд байсан. Тэгж байгаад Н нь дахиад хаанаас тоосго авсан талаар би мэдэхгүй байна, ямар ч байсан нэг тоосго гартаа барьчихсан байсан. Тухайн тоосгоороо Нямсүрэнг цохих гэж байгаад тэвэрчихсэн байсан 1 нас гарантай Хосгарьд гэх хүүхдийг цохьчихсон юм. Тэгээд Нямсүрэн “миний хүүхдийг цохичихлоо” гэж бүр их уурлаад би Н ахыг газар түлхээд унагаачихсан байхад Нямсүрэн эгч дээрээс нь цохиод байсан юм. Тэгээд би Н ахыг бариад дахин маргаан болоогүй, түргэн тусламжийн машин, цагдаа ирээд Нг аваад явсан. Нтай маргалдаж байхдаа Нямсүрэн 2-3 удаа алгадаад авсан. Н ах зөрүүлээд цохих гээд байхаар нь би барьж байгаад цохиулаагүй юм. Тэгээд дараа нь Н тоосгоор Хосгарьдыг цохиод авсан чинь Нямсүрэн, Нг цохиж зодсон асуудал гарсан юм.  Н ах, Нямсүрэн эгч хоёрын маргалдах шалтгаан нь Н ах гэрээсээ гараад 2-3 хоног сураггүй байж байгаад ирчихээд гадаа бага зэрэг архи уучихсан байхыг нь Нямсүрэн эгч мэдээд очиж хэл амаар доромжлоод тэгээд маргаан үүссэн...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-13-14/,

 

Мөрдөн байцаалтанд гэрч Г.Нямсүрэнгийн: “...2018 оны 07 дугаар сарын 15-ны өдөр миний гар утас руу залгаад “би Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс дээр байна намайг ирээд авчих” гээд ярьж байсан. Тэгээд би очих гэсээр байгаад амжаагүй, ээж Цэнд-Очир нь очоод авчихсан байсан юм. Тэгээд тэр өдөр уулзаад надад болсон явдлын талаар хэлсэн. Эгч Нямсүрэнтэй маргалдаж байгаад хүүхдийг нь тоосгоор цохьчихсон гэж хэлж байсан юм. Манай нөхөр Н эгч Нямсүрэнтэй байнга маргаантай байдаг. Маргалдах шалтгаан нь надад эгч нь маш их дургүй “надтай хамт амьдарлаа” гэж уурлаад хэл амаар доромжлоод байдаг юм. Тэгээд би эгч Нямсүрэнтэй нь байнга маргалдаад байдаг юм. Би болсон явдлын талаар сайн мэдэхгүй байна. Тэр үед хамт байгаагүй...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-16/,

 

Мөрдөн байцаалтанд гэрч Б.Цэнд-Очирын: “...Одоо миний амьдарч байгаа байранд манай хүүхдүүд бас амьдардаг юм. Тэгээд манай хүү Н 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр гэрээсээ гарч яваад сураггүй алга болж байгаад 2018 оны 07 дугаар сарын 13-ны өдөр гэрийн гадаа ирчихсэн, машиныхаа хажууд пиво уугаад сууж байхыг нь манай хамаатны хүүхэд Баярсайхан хараад хамт гадаа сууж байсан юм. Тэгээд манай охин Нямсүрэн уурлаад, уурлах шалтгаан нь Нгийн эхнэртэй нь маргалдсан байсан. Тэгээд тэрнээсээ болоод очиж маргалдаад охин Нямсүрэн эхлээд цохиж аваад байсан. Маргааныг Нямсүрэн өөрөө эхлүүлсэн юм. Тэгээд Нямсүрэн эхлээд Нг эхлээд цохиж аваад байсан. Тэгээд Н нь уурлаад Нямсүрэнг цохиж авах гээд дайраад байх үед манай хамаатан Баярсайхан хориод цохиулаагүй юм. Нямсүрэн нь согтуу хүнийг өдөөд “намайг ал, манай хүүхдийг ал” гээд дайраад байсан юм. Тэгээд Н нь гартаа хаанаас тоосго авсан байсныг мэдэхгүй байна. Нямсүрэнг цохих гэж байгаад тэвэрчихсэн байсан хүүхдийг нь цохьчихсон. Гэхдээ санаатай цохисон гэж бодохгүй байна. Нямсүрэнг цохих гэж байгаад тэвэрчихсэн байсан хүүхдийг нь цохисон гэж бодож байна. Би өөрөө хажууд нь харж байсан. Нямсүрэн өөрөө эхлээд Нг очиж хэл амаар доромжилсон. Н зүгээр байгаагүй согтуу байсан....” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-18/,

 

Мөрдөн байцаалтанд Б.Нгийн яллагдагчаар: “...Би 2018 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 67а байр өөрийн амьдардаг байрны гадаа ирчихсэн байсан юм. Би гэрээсээ гараад 2 хоног гадуур явж байгаад гэрийнхээ гадаа ирчихээд ээж Б.Цэнд-Очир болон төрсөн эгч Б.Нямсүрэн нараас айгаад байрны гадаа гэрээс гараад явахаар нь “зөрөөд орно” гэж бодоод сууж байсан чинь манай хамаатны дүү Баярсайхан гарч ирээд намайг харчихаад хамт байж байхад гэрээс ээж, эгч нар гарч ирээд харчихаад, эгч Б.Нямсүрэн нь хүрч ирээд хэл амаар доромжлоод, намайг цохиж зодоод байсан. Намайг загнаж байгаа шалтгаан нь “архи уулаа” гээд цохиж зодоод байсан. Би дуугүй цохиулаад байхад бүр их цохиж аваад байхаар нь урдаас нь дайрахад Баярсайхан голоор орж ирээд салгаж байсан. Тэгээд намайг газар дарчихаад байхаар нь би газраас тал тоосго аваад Б.Нямсүрэнг цохих гээд нилээн зайтай 5-6 метрийн зайнаас шидчихсэн чинь Б.Нямсүрэн энгэртээ өөрийн хүүхэд Н.Хосгарьдыг тэвэрчихсэн байсан. Тоосгоор хүүхдийн толгой орчим газарт нь шүргээд цохьчихсон юм. Би тоосго шидэхдээ Б.Нямсүрэнг цохих гэж шидсэн. Уг нь Н.Хосгарьд дүүг манай ээж Б.Цэнд-Очир барьчихсан байсан. Тэгээд Б.Нямсүрэн нь “хүүхэд алчихлаа” гээд над руу дайраад, хэн цагдаа дуудсан талаар би мэдэхгүй байна. Ямар ч байсан цагдаа, түргэн тусламж дуудсан байсан. Цагдаа нар намайг барьж аваад саатуулах байранд хүргэсэн. Би Хосгарьд руу санаатай тоосго шидээгүй, ээж Б.Нямсүрэнтэй маргалдаж байгаад намайг цохиж зодоод байхаар нь Б.Нямсүрэнг цохих гэж шидсэн чинь хүүхдээ тэвэрчихсэн байсан. Намайг Нямсүрэнг цохиж байхад Баярсайхан салгаад цаашаа газар дараад хэвтэж байгаад би босч ирэхдээ тоосго аваад шидсэн чинь Б.Нямсүрэн эгч хүүхдээ тэвэрчихсэн байсныг мэдээгүй тоосго шидчихсэн юм. Би Хосгарьд руу санаатай тоосго шидсэн асуудал байхгүй, санамсаргүй шидсэн...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-47-48/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн шинжээчийн №8710 тоот”

1.  Хосгарьдын биед тархи доргилт, зулай яс титэм заадас руу үргэлжилсэн шугаман хугарал, дух, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

2. 4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

3. Дээрх гэмтэл ньл шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

5. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Шинжээч эмч Ц.Оюун-Эрдэнэ гэсэн дүгнэлт /хх-21/,

Н.Хосгарьдын төрсний гэрчилгээний хуулбар /хх-42/, шүүгдэгч Б.Нгийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-31/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-32/ зэрэг болно.

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Н: “...Тэр өдөр би гадаа дүү Баярсайханы хамт машины хажууд байсан. Эхнэр хүүхдийн хамт салхинд гарчихаад ирсэн юм. Тэгээд гэртээ орох гэтэл Баярсайхан “та уусан байна эгч, ээж хоёр чинь гарах гэж байна, та гарахаар нь ор” гэсэн. Тэгээд би Баярсайханы хамт сууж байсан чинь эгч гарч ирээд намайг зодоод “архичин” гээд байсан. Үүнээс хойш маргаан гарч эхэлсэн. Би Хосгарьдыг санаатай цохиогүй. Нямсүрэнг цохих гэж байгаад цохьчихсон юм. Тэр үед Нямсүрэн биш ээж хүүхдийг нь тэвэрсэн байсан. Нямсүрэн хүүхдээ тэвэрсэн байхыг нь би хараагүй. Гэтэл намайг Баярсайхантай ноцолдож байх хооронд эгч хүүхдээ тэвэрсэн байсан. Маргалдсан шалтгаан нь эгч миний байр, машин, өөрийн байр, нээж өгсөн хүнсний дэлгүүр бүгдийг зараад, өөрөө зарсан бүх мөнгийг авсан. Эгч бид 2 хоёр таарамж муутай байдаг.  Ээж, аав хоёртой таарамжгүй харилцаатай болоход хүргэсэн. Үүнээс болоод би эхнэр, хүү хоёртойгоо тусдаа гарч түрээсийн байранд амьдрах болсон...” гэж мэдүүлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийг яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Нд холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

 

  1. Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Б.Н нь 2018 оны 7 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 67а байрны гадна согтуугаар 1 нас 6 сартай буюу бага насны хүүхэд Н.Хосгарьдын толгойд тоосгоор цохиж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

Мөрдөн байцаалтанд хохирогч Б.Нямсүрэнгийн: “...Н “үе удмаар чинь шатаана, ална” гэж дайраад байсан. Над руу Н байнга дайрч, харин Баярсайхан хорьж байсан. Н чулуу авч шидээд байсан. Би уурлаад “чи яахаараа ингэж байдаг юм чаддаг юм бол алчих” гэж хэлсэн. Тэгээд Н гараа далайгаад над руу дайрч цохих шиг болоход хүүхэд уйлсан. Би хүүхдээ харахад толгой нь хавдаж эхэлсэн ба Н гартаа том тоосго барьчихсан зогсож байсан. Н намайг хүүхдээ тэврээд зогсож байхад тоосготой гараараа над руу дайрч байхад миний 1 нас 6 сартай хүү Хосгарьдыг цохисон байсан. Тэгээд хүүхдийн толгой хавдаж царай нь цайрч хөдөлгөөн нь багасаж эхлэхээр нь түргэн тусламж дуудсан. Нг хүүхэд алчихлаа гэж хэлээд Баярсайхан тоосгыг нь авч болиулж байхад нүүрэн тус газарт нь нэг удаа өшиглөсөн. Тэрнээс өмнө ноцолдож зууралдаад салж байсан. Би зууралдаж байхдаа Нг нэг удаа алгадаж цохиж байсан...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-7-9, 52-53/,  

 

Мөрдөн байцаалтанд гэрч Б.Баярсайханы: “...Н ууж байсан пивоны лаазаа аваад шидсэн гэхдээ оноогүй намайг оносон юм. Тэгээд ээж Цэнд-Очир нь Нямсүрэн эгчийг “явъя” гэсэн чинь явахгүй маргалдаад байсан. Н гартаа тоосго барьчихаад Нямсүрэнг цохих гээд байхаар нь би булааж аваад хол шидчихсэн. Тэгээд маргаан дуусаагүй маргалдаад хэрэлдээд хоёр биенээ янз бүрээр хэлээд байсан. Тэгж байгаад Н нь дахиад хаанаас тоосго авсан талаар би мэдэхгүй байна ямар ч байсан нэг тоосго гартаа барьчихсан байсан. Тухайн тоосгоороо Нямсүрэнг цохих гэж байгаад тэвэрчихсэн байсан 1 нас гарантай Хосгарьд гэх хүүхдийг цохьчихсон юм...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-13-14/,

 

Мөрдөн байцаалтанд гэрч Б.Цэнд-Очирын: “...Маргааныг Нямсүрэн өөрөө эхлүүлсэн юм. Тэгээд Нямсүрэн эхлээд Нг эхлээд цохиж аваад байсан. Тэгээд Н нь уурлаад Нямсүрэнг цохиж авах гээд дайраад байх үед манай хамаатан Баярсайхан хориод цохиулаагүй юм. Нямсүрэн нь согтуу хүнийг өдөөд “намайг ал, манай хүүхдийг ал” гээд дайраад байсан юм. Тэгээд Н нь гартаа хаанаас тоосго авсан байсныг мэдэхгүй байна. Нямсүрэнг цохих гэж байгаад тэвэрчихсэн байсан хүүхдийг нь цохичихсон. Гэхдээ санаатай цохисон гэж бодохгүй байна. Нямсүрэнг цохих гэж байгаад тэвэрчихсэн байсан хүүхдийг нь цохисон гэж бодож байна. Би өөрөө хажууд нь харж байсан. Нямсүрэн өөрөө эхлээд Нг очиж хэл амаар доромжилсон. Н зүгээр байгаагүй согтуу байсан....” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-18/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн шинжээчийн №8710 тоот: Хосгарьдын биед тархи доргилт, зулай яс титэм заадас руу үргэлжилсэн шугаман хугарал, дух, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл ньл шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх-21/ зэргээр тогтоогдон нотлогдов.

 

Улсын яллагчаас шүүгдэгч Б.Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасныг хүлээн авч эрүүгийн хуулийн тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Улсын яллагчаас Б.Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах саналыг гаргав.

Шүүгдэгч Б.Н нь шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцох хүсэлтээ гаргаж өгсөн бөгөөд “ял шийтгүүлэхэд гомдол санал байхгүй” гэсэн саналыг тус тус гаргав.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

Шүүгдэгч Б.Н нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба уг гэмт хэрэг үйлдэгдэхэд бага насны хохирогч Н.Хосгарьдын хууль ёсны төлөөлөгч Б.Нямсүрэнгийн хууль бус, зүй бус үйлдэл нөлөөлснийг тэмдэглэх нь зүйтэй.

Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Нямсүрэн нь мөрдөн байцаалтын шатанд “гомдолтой байна, хуулийн дагуу шийдвэрлүүлэх хүсэлтэй байна” гэж мэдүүлсэн байх ба Б.Нямсүрэнд шүүх хуралдааны товыг удаа дараа мэдэгдэхэд шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Б.Нд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. 

Шүүхээс улсын яллагчийн санал болон шүүгдэгчийн гаргасан саналыг харгалзан, шүүгдэгч Б.Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэлээ.

Эрүүгийн 1806060681448 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Н нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Нямсүрэн нь бага насны хохирогч Н.Хосгарьдын эрүүл мэндэд учирсан хохирлыг эмчлүүлэхэд гарсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар Б.Нгаас нэхэмжлэх эрхтэй.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүд, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Б.Н-г бага насны хүүхдийн эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Б.Н-г 5 /тав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Н-д оногдуулсан 5 /тав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Б.Н нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

5. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Нямсүрэн нь бага насны хохирогч Н.Хосгарьдын эрүүл мэндэд учирсан хохирлыг эмчлүүлэхэд гарсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар Б.Нгаас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Б.Нд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорьж, хорих ялыг 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн тоолсугай.

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Н-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                                           

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  С.ОЛЗОД

                  ШҮҮГЧИД                                   Ч.АЛТАНЦЭЦЭГ

                                                                        Н.БААСАНБАТ