Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Цагаатгах тогтоол

2018 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 201

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Алтан даргалан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Алтанлхам

Улсын яллагч:Увс аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Я.Дина,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: М.Мөнхөө,

Шүүгдэгч: Б.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж, Увс аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Я.Дина Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн Б ургийн овогтой Бийн Ат холбогдох 1835002060225 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1993 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 25 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл-4, нөхөр 2 хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 5-р баг 16-08 тоотод оршин суух, төрийн одон медалиар шагнагдаж байгаагүй, ял шийтгүүлж байгаагүй,  РД:................................., Б ургийн овогтой Бийн А.

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б.А нь Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багийн нутагт 2018 оны 6 дугаар сарын 04-ний, 2018 оны 7 дугаар сарын 6-ны өдрүүдэд бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогчоор мэдүүлэг өгөхдөө зориуд худал мэдүүлсэн, гүтгэсэн  гэх гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Аийг цагаатгах үндэслэл:

Прокуророос шүүгдэгч Б.Аийг мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор мэдүүлэг өгөхдөө бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж зориуд худал мэдүүлсэн, гүтгэсэн гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татан, ялласан нь үндэслэлгүй буюу хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтуудаар гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож тогтоогдохгүй байна гэж дүгнэв.

            Увс аймаг дахь Цагдаагийн Газар шүүгдэгч Б.Аийн 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдөр бичгээр гаргасан “Намайг зүс таних эрэгтэй хүн сүрдүүлж 2017 оны 4 сараас мөн оны 12 дугаар сарыг хүртэлх хугацаанд 3820000 төгрөг авсан” гэх гомдол, мэдээллийг хүлээн авч 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр уг гомдол, мэдээлэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн 183500206 дугаартай хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байна.

Хэрэг бүртгэлтийн  183500206 дугаартай эрүүгийн хэрэгт Б.Аийг хохирогчоор тогтоож, 2018 оны 6 дугаар сарын 4-ний өдөр, 2018 оны 7 дугаар сарын 6-ны өдөр тус тус мэдүүлэг авсан байх бөгөөд хохирогч 2 удаагийн мэдүүлэгт “ би 2017 оны 4 дүгээр сард Улаангом суманд үйл ажиллагаа явуулдаг “Соёмбо” караоке-д зөөгчөөр ажилладаг байсан, нэг өдөр манай найз С, бас найз нь гэх нэг охин, 2 залуутай хамт орж ирсэн. Тэгээд  бид 5 нэг өрөөнд орж, пиво ууж, дуулсан. Шөнийн 00 цаг болж, манай ажил хаасан тул бид нар Хяргас нуур зочид буудалд орж архи, пиво уусан. Тухайн үед би архи хэтрүүлж хэрэглэсэн болохоор ухаан балартаад тасарсан байна лээ. Гэтэл шөнө дунд Сгийн найз охины найз нь гэх нэг бүдүүн залуу нь надтай бэлгийн харьцаанд орж байсан. Би тухайн залуутай хэрэлдэж муудалцаад буудлаас гарч гэр лүүгээ явсан. Маргааш нь би ажилдаа ирээд, орой ажил тараад гараад ирэхэд нөгөө надтай бэлгийн харьцаанд орсон бүдүүн залуу баарны гадаа зогсож байсан. Тэр намайг дуудаад “ чи манай найзын эхнэр байсан байна, чамайг найздаа хэлнэ” гэж хэлчихээд яваад өгсөн. Тэрнээс хойш 2 хоногийн дараа нөгөө бүдүүн залуу “Ану” дэлгүүрийн үүдэнд машинтайгаа зогсож байгаад намайг дуудсан, очиход “чи надтай яаж тохирох гэж байна даа” гэж хэлэхээр нь би  “чамтай юу тохирох юм” гэхэд би “ чамайг надтай хамт хоносон, бас секс хийсэн гэж нөхөрт чинь хэлнэ дээ” гэж хэлсэн. Тухайн үед айсандаа болоод “би сард 140000 төгрөгийн группын мөнгө авдаг юм, түүнээс өөр надад орлого байхгүй” гэж хэлэхэд тэр залуу “ тэр мөнгөө надад сар бүр өгч бай” гэж хэлсэн. Би тэр залууд мөнгө өгч байхаар тохироод утасны дугаараа үлдээгээд явсан. Тэгээд удаагүй байтал  халамжийн мөнгө орсны дараахан нөгөө залуу над уруу залгаж мөнгөө авъя, банкин дээр хүлээж байя” гэж хэлсэн. Тэгээд би банк орж мөнгөө аваад нөгөө бүдүүн залуугийн дугаарт залгахад миний дугаарыг блоколсон байсан. Тэгээд би гэр лүүгээ харихаар Тобу төвийн хажуугаар зам хөндлөн гарч явтал нөгөө бүдүүн залуутай хамт явсан намхан шар залуу, нэг өндөр залуугийн хамт ирээд надаас 140000 төгрөг аваад явсан. Түүнээс хойш 320000, 560000, 250000, 380000, 420000 төгрөг, хамгийн сүүлд 2017 оны 12 дугаар сарын 3-ны өдөр 1900000 төгрөг тус тус тэр залууд өгсөн” гэж мэдүүлжээ.

         

          Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Аийн мэдүүлгийг үндэслэн хэн нэг этгээдийг ямар нэг гэмт хэрэгт холбогдуулан холбогдогч, хохирогчоор тогтоож шалгасан, сэжигтэн, яллагдагчаар татсан гэх баримт нотолгоо хэрэгт авагдаагүй байна. Тухайлбал:  Б.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг /хэрэг бүртгэлтийн 183500206 дугаартай /-т хохирогчоор тогтоосон байх боловч уг хэрэгт хэн нэгнийг холбогдуулан шалгасан, яллагдагчаар татсан, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон мөрдөгч, прокурорын шийдвэр хэрэгт байхгүй байна. Түүнчлэн Прокуророос шүүгдэгч Б.Ат холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээгүй, мөн энэ хэрэгт хэн нэгнийг  хохирогчоор тогтоогоогүй атлаа  мөрдөн шалгах ажиллагааны явцад бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж зориуд худал мэдүүлсэн, гүтгэсэн гэх гэмт хэрэгт яллагдагчаар татсан нь үндэслэлгүй.

           Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн объектив шинж нь “гэрч, хохирогч бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж мөрдөн шалгах ажиллагааны үед, шүүхэд зориуд худал мэдүүлсэн, эсхүл зориуд гүтгэсэн байх”-ыг шаардах бөгөөд шүүгдэгч Б.А нь хэн нэгэн этгээдийг гэмт хэрэг үйлдсэн гэж зориуд худал мэдүүлсэн, мөн хэн нэгнийг гэмт хэрэг үйлдсэн гэж зориудаар гүтгэсэн гэх үйлдэл нотлогдоогүй.

 

    Прокурор Б.Аийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан үйлдсэн яллах дүгнэлтдээ: гэрч Д.Шгийн “эхнэр маань худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт холбогдож байгаа талаараа надад хэлсэн” гэх мэдүүлэг,

    гэрч Д.Сгийн “Би Атэй "Соёмбо" караокед архи уусан асуудал байхгүй. Харин А болон түүний найз гэх хоёр залуутай хамт "Хяргас нуур" зочид буудалд орж байсан удаа байгаа. Гэхдээ бид нар пиво уугаад дуусаад шөнө 02 цагийн орчим гарч байсан. Өөр ямар нэгэн асуудал байхгүй. Би ганц удаа л Атэй хамт орж байсан. Тэгээд энэ оны 04 сарын 10-ны орчим А эмнэлэг дээр тааралдаад: "Миний найз надад гэрч болоод өг, би чамтай хамт явж байгаад хүнтэй унтчихсан, тэгээд тэр залуу нь манай нөхрийг таньдаг болохоор чамайг нөхөрт чинь хэлнэ гэж намайг дарамтлаад надаас мөнгө авсан гээд хэлчихсэн юм. Тийм болохоор чи надад тус болооч, гэрч болоод өгөөч гэж хэлсэн. Би  тухайн үед “тэгж болохгүй шүү, би тэгж худал хэлмээргүй байна. Хэрэв тэр залуу чинь баригдвал “ намайг хамт яваагүй гэж хэлнэ шүү дээ, би лав худлаа ярьж чадахгүй” гэж хэлсэн.  Дараа нь 2018 оны 6 сард намайг Ховд аймгаас ирчихсэн байхад А өөрийн утаснаас залгаад” танихгүй дугаараас залгавал битгий аваарай” гэж хэлсэн гэх мэдүүлэг,

гэрч А.Бийн “ Би 2017 онд Атэй Соёмбо караокед сууж архи, дарс уусан асуудал байхгүй. Харин би өөрийн найз Сын хамт С болон А нартай "Хяргас нуур" зочид буудалд орж байсан удаа байгаа. Бид нар ганц хоёр пиво уугаад л гарч явсан санагдаж байна. Түүнээс биш өөр янз бүрийн асуудал болоогүй. 2017 оны 04-р сард гэдгийг нь санаж байна, хэдний өдөр гэдгийг сайн санахгүй байна.Тэнд хэн нэгэн нь архи ууж согтож, тасарсан асуудал байгаагүй. Мөн дотно харилцаанд орсон асуудал байгаагүй” гэх мэдүүлэг,

гэрч Ш.Сын “....2017 оны 04 дүгээр сард байх, яг өдөр цагийг нь сайн санахгүй байна, найз А.Б намайг дуудахаар нь  явж очоод караокений өрөөнд ороход найз А.Б нь С, А гэдэг 2 эмэгтэйтэй хамт сууж байсан. Тухайн үед энэ 2 эмэгтэйг надад А.Б танилцуулсан бөгөөд өмнө нь таньж мэддэггүй байсан. Тэнд 2-3 жижиг лааз пивонууд захиалж А.Б би, С бид гурав уусан. А нь уг Соёмбо гэдэг караокег ажилуулдаг гээд орж гарч гүйгээд байсан. Тэгээд уг караокед дуу дуулцгааж байгаад гарцгаасан. Яг хэдэн цагт гарснаа үнэхээр санахгүй байна. Тэндээс А.Б А, С бид дөрөв тэндээс цуг гараад "Хяргас нуур" гэдэг нэртэй зочид буудлын 1 давхрын нэг өрөөнд орцгоосон. Тэр буудлын өрөөнд А.Б бид хоёр 2,5 литрийн хэмжээтэй том пиво 2-ыг уусан. А, С хоёр хажууд зүгээр юм яриад сууж байсан. Тэгж байтал Аийн нөхөр нь залгаж байна гээд С, А хоёр гараад явсан. Б бид хоёр тэр буудлын өрөөнд пиво ууж байгаад гэр гэртээ харьцгаасан.

... Би А гэдэг эмэгтэйг сайн танихгүй. Тэр буудлын өрөөнд ямар ч хүч хэрэглэх, хурьцал үйлдэх явдал гараагүй. Миний бие болон Б ч тэр хүүхнийг оролдоогүй. Тэр хүүхэнтэй хурьцал үйлдсэн зүйл огт байхгүй, хурьцал үйлдэхийг ч оролдсон юм байхгүй. Тэр А гэдэг хүүхний утас нь дуугараад байсан тэгээд нөхөр нь залгаад байна аа гэж хэлээд С, А хоёр гараад явсан. А биеэ авч явах чадваргүй болтлоо согтоогүй, А караокед байхдаа орж гарангаа пиво амссан. Дараа нь оуудлын өрөөнд ороод 2-оос 3 стакан пиво л уусан. Би тэр хоёр хүүхний аль алиныг нь ч танихгүй, нөхрийг нь ч мэдэхгүй. Ямар ч байсан нөхөртэй гэж ярьж байсан, би ч өөрөө эхнэртэй хүн учраас янз бүрийн зүйл болоогүй ээ. Би Аийг бэлгийн харьцаанд орсон талаар болон бусад зүйлийн талаар нөхөрт чинь хэлнэ гэж сүрдүүлсэн, мөнгө төгрөг авсан асуудал огт байхгүй. Б утасны дугаарыг нь ч мэдэхгүй шүү дээ. Би хүн сүрдүүлж хэнээс ч мөнгө төгрөг аваагүй” гэх мэдүүлэг,

            яллагдагч Б.Аийн мөрдөн байцаалтад өгсөн: “ .. би хүнтэй хамт зочид буудалд ороод архи ууж согтон тасарсан хойгуур нэг залуу нь надтай бэлгийн харьцаанд орсон байсан, тэгээд маргааш нь таараад нөхөрт чинь хэлнэ гэж дарамтлаад надаас мөнгө авдаг болсон” гэж худлаа хэлсэн юм. Хэн нэгэн хүнд хүчиндүүлсэн, бэлгийн харьцаанд орсон асуудал байхгүй, хэн нэгэн намайг дарамталж мөнгө авсан зүйл байхгүй. Бичсэн өргөдлийнхөө дагуу худал мэдүүлэг өгсөн, надад сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг зэргийг яллах талын нотлох баримтаар үнэлсэн,

            мөн улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт “яллах дүгнэлтэд дурдсан дээрхи баримтууд болон Б.Аийн Цагдаагийн газарт гаргасан гомдол, гомдлыг хүлээн авсан тэмдэглэл, хэрэг бүртгэлтийн 183500206 дугаартай хэрэг нээсэн тогтоол, уг хэрэгт Б.Аийг хохирогчоор тогтоосон тогтоол, Б.Аийн хохирогчоор 2018 оны 6 дугаар сарын 4-ний өдөр, 2018 оны 7 дугаар сарын 6-ны өдөр тус тус өгсөн мэдүүлэг зэргийг шинжлэн судалж, шүүгдэгч Б.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай” гэх дүгнэлт гаргасан бөгөөд шүүгдэгчийг яллах үндэслэл болгосон дээрх нотлох баримтууд нь ямар гэмт хэрэгт хэнийг холбогдуулж зориуд худал мэдүүлэг өгсөн, эсхүл зориудаар гэмт хэрэгт холбогдуулан гүтгэсэн болохыг нотлоогүй, түүнчлэн Б.Аийн мэдүүлгийн улмаас хэн нэгнийг гэмт хэрэгт холбогдуулан шалгасан, нэр хүндэд нь халдсан, эрх ашгийг нь хохироосон үйл баримт тогтоогдоогүй болно.  

 

           Мөн улсын яллагч Б.Аийн хохирогчоор өгсөн 3 удаагийн  мэдүүлгээс 2018 оны 6 дугаар сарын 4-ний өдөр, 2018 оны 7 дугаар сарын 6-ны өдрүүдэд өгсөн мэдүүлгийг ямар эх сурвалж, нотлогоонд тулгуурлаж худал гэж дүгнэн яллах үндэслэл болгосноо, мөн түүний 2018 оны 9 дүгээр сарын 19-ны өдөр хохирогчоор өгсөн, мөн 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлгийг яагаад үнэн зөв гэж дүгнэсэн үндэслэлээ тайлбарлаж, өөр бусад баримтаар нотолж чадаагүй. Өөрөөр хэлбэл дан ганц шүүгдэгчийн хохирогчоор болон яллагдагчаар өгсөн мэдүүлгийг үндэслэж, түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэж яллагдагчаар татсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт: Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй”, мөн зүйлийн 8.2 дахь хэсэгт “яллагдагч, шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлэг нь дангаараа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайг нотлох шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй” гэж тус тус заасантай нийцэхгүй юм. 

 

         Шүүгдэгч Б.А Цагдаагийн байгууллагад яагаад гомдол гаргах болсон шалтгаанаа яллагдагчаар болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Би 2011 онд зам тээврийн осолд орж баруун нүд хараагүй болж, хөдөлмөрийн чадвар алдалтаар тэтгэмж тогтоолгосон ба тэтгэмжийн мөнгөө сар бүрт  нь авч гэр ахуйн хэрэгцээнд болон өөртөө ойр зуурын  хэрэглээнд зарцуулдаг байсан юм. 2017 онд нөхөр маань тэтгэмжийн мөнгөө юунд зарцуулж байгааг асуухаар нь санаа зовоод “хуримтлуулж байгаа” гээд хэлчихсэн юм. 2018 оны 05 сард нөхөр бид хоёр хадмуудын хамт Улаанбаатар хот явж ирсний дараа мөнгөний шаардлага гарсан ба нөхөр болон хадмууд надад “хуримтлуулсан тэтгэмжийн мөнгөө аваад ир” гэж хэлсэн. Надад тухайн үед хуримтлуулсан мөнгө байхгүй учир аргагүйн эрхэнд “банкны санхүүжилт орж ирээгүй байна, буцааж татсан байна” гэж хэлээд хэд хоног болсон. Би тухайн үед жирэмсэн байсан бөгөөд үе үе миний бие өвдөж татаж унадаг тул эмнэлэгт хэвтсэн. Энэ хойгуур хадам аав Д болон нөхөр Ш нар банкин дээр очиж данс шүүлгээд миний халамжийн мөнгийг сар болгон өөрөө авсан, хуримтлал байхгүйг мэдчихсэн байсан. Тэгээд надаас уг мөнгийг яаж, юунд зарцуулсан талаар асууж шаардаж загнаад байсан. Би тухайн үед тэдэнд “ойр зуурын гэр ахуйн зүйл, хэрэгцээнд зарцуулсан, бага багаар авч хэрэглээд дуусчихсан” гэж үнэн ээ хэлэхэд “чи тэгж зарцуулаагүй, би мэдэж байна, гэр оронд авч тавьсан зүйл байхгүй, худалдаж авсан хувцас ч байхгүй, хэн нэгэн чамайг дарамтлаад мөнгө төгрөг авсан юм уу, би мэдэж байна, чи үнэн ээ хэл” гэж загнаад байсан, хадам аав бас согтуудаа тэр мөнгөний талаар хэлж, намайг загнаж гэр орноос яв гэж хөөсөн юм. Тэгээд би аргагүйн эрхэнд нөхрийн хэлснийг дагуулж, “хүнтэй зочид буудалд ороод согтоод тасарсан хойгуур нэг залуу нь надтай бэлгийн харьцаанд орсон байсан. Тэгээд маргааш нь таарчихаад “нөхөрт чинь хэлнэ” гэж айлгаад мөнгө авдаг болсон гэж худал хэлсэн юм. Тэгтэл нөхөр маань тэр хүмүүсээ олж өг, нэгэнт ийм асуудал болсон юм бол цагдаад өргөдөл бичиж өг, тэгж байгаад илүү ноцтой асуудал болно гэж хэлээд байхаар нь би өргөдөл бичиж нөхрийн хамт цагдаагийн байгууллагад авч ирж өгсөн юм. Тэгтэл уг өргөдөл бүртгэлд орж шалгагдаад хэрэг үүсч намайг хохирогчоор тогтоож мэдүүлэг авсан. Тэр үед нь өргөдлийнхөө дагуу худал мэдүүлэг өгсөн юм.

 Би эхлээд нөхрийнхөө шахалтын дагуу өргөдөл бичсэн боловч цагдаагийн газар аваачиж өгөөгүй юм. Тэгтэл хэд хоногийн дараа нөхөр маань цагдаад заавал өргөдөл бичиж өг гэж хэлээд байхаар нь дахиж бичсэн юм. Цагдаагаар шалгуул гэж нөхөр Ш надаас шаардаад байсан юм” гэж тайлбарласан,

 мөн энэ талаар гэрч Д.Шгийн мөрдөн байцаалтад өгсөн: “Миний эхнэр А нь баруун нүд хараагүй тул группын мөнгө гэж сард 140,000 орчим төгрөг авдаг байсан бөгөөд 1 жил орчмын хугацаанд группын мөнгөө авч чадсангүй, санхүүжилт дуусчихаж, буцаагаад татчихаж, зарим үед хөдөө явчихсан байсан үе таарч группын мөнгө авч чадсангүй гэж хэлдэг байсан. Би тухайн үед уг мөнгийг авч чадаагүй юм чинь эхнэрийн дансанд хуримтлагдаж байгаа гэж бодсон юм. 2018 оны 04 сарын сүүлчээр санагдаж байна, яг өдрийг нь санахгүй байна, манай гэр бүлд яаралтай мөнгөний хэрэгцээ гарсан тул эхнэр Аийг банкнаас группын мөнгөө аваад ир гэж хэлээд явуулсан боловч хэд хоногийн турш мөнгө авч ирэхээр явлаа гэж хэлж гарчихаад мөнгө орж ирээгүй байна, санхүүжилт дуусчихаж гэх мэтээр хэлж ирээд байсан, тэгж байгаад эмнэлэгт хэвтчихсэн тул би аав Дгийн хамт банкин дээр очиж дансыг нь шалгуулахад Аийн нэр дээр хуримтлагдсан мөнгө байхгүй байсан. Хуулгыг нь харахад А цаг тухай бүрд нь мөнгөө авчихсан байсан. Тэгээд ямар учиртай зүйл болоод байгааг нь эхнэрээсээ асуухад манай эхнэр "зээлд өгчихлөө" гэж хэлээд яваад байсан. Тэгтэл мөн манай охины хадгаламжинд мөнгө байхгүй байсан. Тэгээд яг юу болсон талаар өөрийн эхнэр Аээс асуухад “манай эхнэр А Стой хамт архи ууж байгаад тасарч унаад хүнтэй бэлгийн харьцаанд орсон тухайгаа надад хэлсэн. Тэгтэл тухайн үед бэлгийн харилцаанд орсон залуу нь тухайн цагаас хойш манай эхнэр Аийг дарамталж мөнгө авч байсан" гэж хэлсэн. Миний эхнэр Аийн хэлж байгаагаар нийт 3820000 төгрөг өгсөн гэж хэлсэн. Тиймээс би эхнэртээ үнэхээр үнэн бол цагдаад өгч шалгуул гэж шаардаад өргөдөл бичүүлж цагдаад өгсөн юм. Би тухайн үед цаад хүн нь олдчих байх гэж бодсон юм. Харин сүүлд эхнэр маань надад хэлэхдээ худал мэдүүлэг өгсөн хэрэгт өөрөө холбогдож байгаагаа хэлсэн юм. Миний зүгээс эхнэрийгээ худал мэдүүлэг, мэдээлэл өг гэж шахаж шаардсан, дарамталсан зүйл байхгүй. Ийм юм болно гэж бодоогүй. Сг би 4-5 жилийн өмнөөс эхэлж танина. С нөхөрд гарсан, хүүхэдтэй эмэгтэй байдаг. Манай эхнэр Аийн найз гэж анх надтай танилцаж байсан. Би өөрийн эхнэр Атэй 2013 онд гэр бүл болсон. Түүнээс хойш манай эхнэр А архи согтууруулах ундаа 1 удаа хэрэглэж гэртэй ирж байсан. А бид хоёр хоорондоо энгийн найрсаг сайхан харьцаатай, өнгөрсөн хавар цагдаад өргөдөл өгснөөс хойш би энэ талаар эхнэрээсээ асуухгүй байсан, сэтгэл санаагаар унаж хэрүүл маргаан гаргахгүй гэж хичээж ирсэн. Бид хоёр хүүхдээ бодож сайхан змьдрахын төлөө зүтгэж байгаа юм. Энэ асуудлыг ийм болно гэж санасангүй. Бидний хооронд нэг нэгнийгээ дарамтлах, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй үйлдэл хийсэн удаа байхгүй, хэрүүл маргаан ч гараад байдаггүй юм” гэх мэдүүлэг,  

гэрч Д.Дгийн мөрдөн байцаалтад өгсөн: “Б.А бол миний хүү Шгийн эхнэр бөгөөд миний бэр байгаа юм. Хүү Ш 2018 оны 5 сард Улаанбаатар явах шаардлага гарч мөнгө хэрэгтэй болсон . Тэгээд эхнэр Б.А нь өөрийн группын мөнгөө тусдаа дансанд хийж хадгалж байгаа гэсэн боловч хадгаламжид байгаа мөнгөө аваад ир гэхэд  тэр нь байхгүй байсан. Тухайн үед би Аийг мөнгөө хүнд зээлдүүлсэн юм байх гэж бодож байсан.  А банкнаас мөнгөө авна гэж хэлээд явдаг боловч “санхүүжилт дууссан гэнэ” гэх мэтээр ямар нэг шалтаг хэлээд хоосон ирдэг байсан тул бүр сүүлдээ өөрөөс нь  тулгаж асуухад мөнгө байхгүй гэж хэлсэн. Би хүүгийн хамт банкин дээр очиж лавлахад А сар бүр өөрийн биеэр очиж мөнгөө авч байсан байна лээ. Аээс энэ мөнгөө юунд зарцуулсныг асуухад юу ч хэлэхгүй байсан. Тухайн үед би Аийг загнаад өнгөрсөн. Гэтэл сүүлд нөхөр Ш нь надад  “А хүнд дарамтлуулаад мөнгөө өгөөд байсан байна” гэж хэлсэн.  Ш, А 2 цагдаад өргөдөл өгнө гэхээр сайн бодож байж өөрсдөө шийд гэж хэлсэн. Шг ч өргөдөл бичиж болохгүй гэж хэлсэн. А өөрийн гараар бичиж , өөрөө харицлагаа хүлээнэ биз гэж бодсон юм. А, Ш 2 амьдраад 5-6 жил болж байгаа, хоорондоо эвтэй найртай байдаг юм. Мөнгө төгрөгөө Ш өөрөө барьж зарцуулдаг, эхнэртээ хэрэгцээний мөнгийг тогтмол өгдөг. Энэ группын мөнгөнөөс болж хэрүүл маргаан гарсан. А анхнаасаа үнэнээ хэлсэн бол ойлголцож болох байсан байх гэж бодож байна” гэх мэдүүлэг зэргээс дүгнэхэд Б.Аийг сар бүр авдаг тэтгэмжийн мөнгөө юунд, хэрхэн зарцуулсан талаар гэр бүлийн гишүүдийн хоорондын  үл ойлголцол, маргаанаас үүдэж, тэрээр шахалт шаардлагын улмаас аргагүйн эрхэнд Цагдаагийн байгууллагад худал гомдол гаргасан гэж үзэх үндэслэлтэй байна.

Ийнхүү Б.Аийн Цагдаагийн байгууллагад гомдол гаргасан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүнийг гэмт хэрэг үйлдсэн гэж зориуд худал мэдүүлсэн, эсхүл гэмт хэрэгт зориуд гүтгэсэн” гэмт хэргийн шинжгүй байна. Өөрөөр хэлбэл хэн нэгнийг гэмт хэрэгт холбогдуулан шалгуулах, улмаар эрүүгийн хариуцлагад татуулах, хэн нэгнийг гэмт хэрэг үйлдсэн гэж зориудаар гүтгэх санаа зорилго агуулаагүй, тодорхой хэн нэгэн этгээд рүү  чиглэсэн шууд санаатай, идэвхитэй үйлдэл хийсэн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй.

Иймд дээрх үндэслэлүүдээр шүүгдэгч Б.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хохирогч  бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж мөрдөн шалгах ажиллагааны үед зориуд худал мэдүүлсэн, эсхүл гэмт хэрэгт зориуд гүтгэсэн” гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1835002060225 дугаартай эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.Аийг цагаатгах үндэслэлтэй гэж дүгнэв.     

          Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт “шүүгдэгч Б.Аийн гэм буруугийн талаар маргаангүй тул шүүгдэгчид оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэх агуулгатай дүгнэлт гаргасныг дурдах нь зүйтэй гэж үзэв.  

Шүүгдэгч Б.А энэ хэрэгт цагдан хоригдоогүй, гаргуулах хохиролгүй, байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.1 дүгээр зүйлийн 1, 45.2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.А нь мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлүүлэх, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эрүүл мэнд, сэтгэл санааны үр дагаврыг арилгуулахаар нэхэмжлэл гаргах эрхтэйг тайлбарлах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-3 дэх хэсэг,5 дахь хэсэг, 6 дахь хэсэг,  36.9 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

 

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэг, 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг баримтлан Прокуророос шүүгдэгч Б ургийн овогтой Бийн Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1835002060225 дугаартай эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.Аийг цагаатгасгай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Ат өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

3. Шүүгдэгч Б.А нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй, байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

         5. Шүүгдэгч Б.А мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан эд хөрөнгийн хохирлоо нөхөн төлүүлэх, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эрүүл мэнд, сэтгэл санааны үр дагаврыг арилгуулахаар нэхэмжлэл гаргах эрхтэйг тайлбарласугай.  

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч цагаатгах тогтоолыг эс зөвшөөрвөл  гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Л.АЛТАН