| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2018/0120/Э |
| Дугаар | 11 |
| Огноо | 2018-12-24 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Мөнх-Амгалан |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 24 өдөр
Дугаар 11
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Уламбаяр,
Улсын яллагч Т.Мөнх-Амгалан,
Хохирогч М.Өлзий-Орших, түүний өмгөөлөгч Н.Жамъян,
Шүүгдэгч Г.У , түүний өмгөөлөгч Ө.Амарбаясгалан нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Г.У т холбогдох эрүүгийн 1806 05519 1971 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1998 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Баянхонгор аймгийн Жийнст суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Баянзүрх дүүргийн оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар , хэрэг хариуцах чадвартай, Г.У .
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Г.У нь 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт Сансарын тунель дээр иргэн М.Өлзий-Оршихтой маргалдан зодож улмаар түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.У мэдүүлэхдээ: “...2018 оны 6 дугаар сарын 21-ны өдөр ахын хамт машинтай “Е-Март”-аас “Сансар” өгсөх зам руу явж байсан. Түнэлийн зам автобустай зөрөх боломжгүй. Гэтэл машины арын гупер шүргэчихээд нэг машин яваад өгсөн. Тухайн машиныг гүйцэж очоод замыг нь хааж зогсоод манай ах учир байдлыг асуух гээд буусан. Гэтэл машинаас жолооч нь бууж ирээд манай ахыг үгийн зөрийгүй цохиод авсан. Би ахыгаа өмөөрч очиход өөдөөс цохисон. Тухайн үед би биеэ хамгаалж нүүр рүү нь нэг цохисон. Тухайн үед М.Өлзий-Орших согтуу машин барьж байсан.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч М.Өлзий-Орших мэдүүлэхдээ: “...2018 оны 6 дугаар сарын 21-ний өдөр “Е-Март”-ын уулзвараар 2 дугаар эгнээнээс тунэл рүү өгсөн. Энэ хоёрын машин хурдтай буруу талаас орж ирсэн. Би араас нь гүйцэж очиж сигналдсан. Тунелын гэрлэн дохион дээр очиж замыг нь хааж зогссон. Ах нь болох залуу бууж ирээд цонх тогшсон. Тухайн үед ах нь “яаж яваад байгаа юм бэ” гэхээр нь би “өөр шиг чинь явлаа” гэж хэлсэн. Хэсэг байж байгаад хоорондоо маргалдсан. Тэгэхэд дүү нь болох Г.У бууж ирээд намайг элдвээр хэлж маргалдсан. Дүү нь миний хамрыг шууд цохисон. Сая шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.У нь намайг архи уусан гэж байна. Би энэ тал дээр тайлбар хэлье. Би архи огт уудаггүй. Олон сар элэгний цирроз өвчнөөр өвдөөд эмчлүүлж байгаа. Тухайн үед намайг дагуулж яваад “хамрыг чинь эмчлүүлж өгье” гэж хэлсэн. Би тэр үед хүлээж аваагүй. 8 сард элэг шилжүүлэн суулгах хагалгаанд орох байсан боловч Монголд хийх боломжгүй болоод одоо Энэтхэг улсад очиж хагалгаанд орохоор болсон. Би өөрөө багш мэргэжилтэй хүн ийм далий хамартай олон хүмүүсийн урд хичээл заах хэцүүхэн байна. Иймд эмчилгээний зардал, хамарны хагалгааны төлбөр нийт 3 345 000 төгрөг нэхэмжилж байна.” гэв.
Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас хохирогч М.Өлзий-Оршихын өгсөн мэдүүлэг /хх-14-18/, гэрч Н.Хүнбишийн өгсөн мэдүүлэг /хх-20-21/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн №8008 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-29/, шүүгдэгч Г.У ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-65-66/, хохирогч М.Өлзий-Оршихын Баянзүрх дүүрэг Цагдаагийн 2 дугаар хэлтэст гаргасан өргөдөл /хх-7/, IT med эмнэлгийн дүрс оношлогооны төвийн компьютер томографийн шинжилгээ /хх-33, 40/, эмчилгээний төлбөр тооцооны тасалбар /хх-35-37, 41-44/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-12/, гэрч Г.Ууганбаярын өгсөн мэдүүлэг /хх-24-26/, шүүгдэгч Г.У ын урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-46/, Баянзүрх дүүргийн прокурорын газрын албан бичиг /хх-73/ зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Г.У нь 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт Сансарын тунель дээр иргэн М.Өлзий-Оршихтой маргалдан зодож улмаар түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Мөрдөн байцаалтад хохирогч М.Өлзий-Оршихын өгсөн: “...2018 оны 6 дугаар сарын 21-ний өдөр 75-73 дугаартай албаны автобустай “Е март” худалдааны төвийн хойд талын зам дээр уулзвар орчим 15 цаг 45 минутын үед цагаан өнгийн Приус-30 загварын машин урдуур шахаж осол гаргах дөхсөн. Тэгээд тунелийн уулзвар өнгөрөөд тунелээр өгсөөд зүүн тийш явж байхад нөгөө машин урдуур шахаад явуулахгүй хааж яваад байсан. Тэгэхээр нь тунел дээр замын хажууд уулзахаар зогсоод байж байсан чинь нөгөө машинаас хаанаас нь буусаныг хараагүй үл таних залуу бууж ирээд “гараад ир” гэсэн бууж очоод маргаан болсон бид хоёрын хажууд надтай хамт явж байсан Н.Хүнбиш нэг залуутай нь маргалдаж байгаад бие биенийгээ түлхсэн тэгтэл надтай маргалдаж байсан залуу миний хамран тус газар цохиж цус гаргасан.” /хх-14-18/ гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад гэрч Н.Хүнбишийн өгсөн: “...М.Өлзий-Орших махлаг залуутай нь зодолдож байсан /Уламбаяр/ би цонх нүддэг залуутай нь зодолдож байгаад болиод зодооныг зогсоох арга хэмжээ авсан. М.Өлзий-Оршихын хамарнаас их хэмжээний цус гарч байсан.”/хх-20-21/ гэх мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн №8008 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:
1. М.Өлзий-Оршихын биед хамар ясны хугарал, баруун нүдний дээд, доод зовхи, зүүн нүдний дотор булан, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хацрын зулгарсан шарх, баруун бугалганы цус хуралт, баруун шилбэний зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрлийн байдлаас хамаарна.
5. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.” /хх-29/ гэх дүгнэлт,
-Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-10-13/,
-“IT med” эмнэлгийн дүрс оношлогооны төвийн компьютер томографийн шинжилгээ /хх-33, 40/,
-Эмчилгээний төлбөр тооцооны тасалбар /хх-35-37, 41-44/,
-Шүүгдэгч Г.У ын урьд ял шийтгэгдсэн эсэхийг лавлагаа /хх-46/ зэрэг болно.
Шүүх дээрхи нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нь хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, хохирогч нь дээрх болсон үйл явдлыг хараат бусаар мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг үнэлсэн шүүх эмнэлгийн дүгнэлт зэргээр тогтоосон байна.
Түүнчлэн шүүгдэгч Г.У ын үйлдэлд прокурорын яллах дүгнэлтийн хүрээнд буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-т “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан хэмжээний дотор шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.
Шүүгдэгч Г.У ын 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт Сансарын тунель дээр иргэн М.Өлзий-Оршихтой маргалдан зодож улмаар түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж тодорхойлж байна.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Ийнхүү шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурьдагдсан байдлаар шүүгдэгч Г.У нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэлээ.
Дээрхи байдлаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.
Шүүхээс шүүгдэгч Г.У нь эрхэлсэн тодорхой ажил, орлогогүй байдал, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Хохирогч М.Өлзий-Орших нь шүүгдэгч Г.У аас нийт 3.345.000 төгрөг нэхэмжилсэнээс нотлох баримтын хэмжээнд үнэлэгдсэн 145.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж олгохоор шийдвэрлэсэн ба үлдсэн эмчилгээний төлбөртэй холбоотой 3.200.000 төгрөгийн нэхэмжлэлийг нотлох баримтын шаардлага хангаагүй үндэслэлээр энэ шийтгэх тогтоолын хүрээнд хангах боломжгүй бөгөөд холбогдох нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хадгалахаар тогтов.
Шүүгдэгч Г.У нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г.У ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар Г.У ыг 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар
Г.У нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
4. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Г.У нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д тус тус зааснаар Г.У аас 145.000 төгрөгийг гаргуулж хохирогч М.Өлзий-Оршиход олгосугай.
6. Хохирогч М.Өлзий-Орших нь цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хадгалсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Г.У т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Г.У т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС