Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2023/00663

 

Д- ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 181/ШШ2023/00167 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д- ХХК-ийн хариуцагч Ц.Б-, Д.З- нарт холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт нийт 17,636,687 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч Ц.Б-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бат-Эрдэнэ, П.Мижидсандан, хариуцагч Ц.Б-, Д.З-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Нэхэмжлэгч Д- ХХК нь Ц.Б-, Д.З- нартай 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 10,500,000 төгрөгийг, сарын 2.9 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлж авсан. Тээврийн хэрэгсэл худалдан авах зориулалтаар авч, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар фидуцийн гэрээг байгуулсан байдаг. Зээлдэгч мөнгөн хөрөнгийг хүлээн авснаас хойш гэрээнд заасан хуваарьт хугацаанд бүрэн төлж барагдуулаагүй. 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар үндсэн зээл 9,964,991 төгрөг, үндсэн хүү 7,137,960 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 533,736 төгрөг, нийт 17,636,687 төгрөгийн үүрэг үүссэн тул уг төлбөрийг хариуцагч Ц.Б-, Д.З- нараас гаргуулж өгнө үү гэжээ.

2.Хариуцагч нарын тайлбар, татгалзлын агуулга: 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Д- ХХК-аас 10,500,000 төгрөгийн үнэ бүхий тоёота приус-20 маркийн, 54-80 УАН улсын дугаартай тээврийн хэрэгслийг худалдан авахаар зээлийн гэрээ байгуулан, дээрх мөнгийг шилжүүлэн авсан. Тээврийн хэрэгсэл нь тус ББСБ-ын өмчлөлд бүртгэгдсэн болно. Гэрээ байгуулснаас хойш би 9 сар хүртэлх хугацаанд нийт 2,000,000 гаруй төгрөг төлсөн. Гэвч цар тахлын улмаас удаан хугацаагаар хорио цээр тогтоож, ажил хийж орлого олох боломжгүй болсон. Мөн тээврийн хэрэгслээ хүнд залилуулж алдсан зэрэг шалтгаан нөхцөлийн улмаас төлбөрөө төлж чадахаа байсан. Би тээврийн хэрэгслээ хүнд алдсан ч олоод авчих байх гэж найдаж байсан ба энэ хугацаанд ээж минь хүндээр өвчилж, мэс засалд орон, ээжийгээ харж хандаж байсаар тээврийн хэрэгслийнхээ хойноос идэвхтэй хөөцөлдөж чадаагүй. Тус ББСБ-аас надтай ярихад нь би өөрийн асуудлыг үнэнээр нь хэлж тайлбарлаж байсан. Миний машиныг авсан этгээд цааш зарчихсан гэж хэлээд хэнд яаж зарснаа хэлэхгүй, олдохоо байсан тул би ББСБ-ын нэр дээр байгаа тээврийн хэрэгслийг хэрхэн зарсан, машин одоо хаана байгааг эрэн сурвалжлуулах, залилсан хүнийг шалгуулах зорилгоор Чингэлтэй дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст өргөдөл гомдол гарган шалгуулж байгаа болно. Дээрх хүндэтгэн үзэх шалтгаануудын улмаас миний бие төлбөрийг төлж чадаагүй бөгөөд хүү, нэмэгдүүлсэн хүүг багасгаж өгнө үү гэжээ.

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан Ц.Б-, Д.З- нараас 17,636,687 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д- ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 277,441 /238.697+38.744/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас тэмдэгтийн хураамжид 246,133 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэжээ.

4.Хариуцагч Ц.Б-ын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг аваад хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Миний бие нь 54-80 УАВ улсын дугаартай приус 20 маркийн автомашиныг нэхэмжлэгчээс зээлийн гэрээний дагуу худалдаж авсан бөгөөд мөн үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор фидуцийн гэрээ байгуулсан. Анхан шатны шүүх нь зээлийн гэрээ болон фидуцийн гэрээний заалтуудад дүгнэлт өгөөгүй. Учир нь талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 9.1зээлдэгч нь үүргээ биелүүлээгүй тохиолдолд фидуцийн гэрээнд заасан хөрөнгөөр үүргийн биелэлтийг хангуулахаар зааж өгсөн байсан. Мөн фидуцийн гэрээний дагуу тухайн автомашины өмчлөгчөөр нэхэмжлэгч болох Д- ХХК нь бүртгэлтэй байсан. Нэхэмжлэгч нь шаардах эрхээ хэрэгжүүлэх бүрэн боломжтой байсан ч энэ эрхээ хэрэгжүүлэлгүйгээр зээлдэгч намайг санаатайгаар өндөр дүнгээр зээл нэхэмжилж байгаад гомдолтой байна. Миний бие зээлээр авсан автомашиныг бусдад залилуулан алдсан бөгөөд энэ тухайгаа 2020 оны 11 сараас эхлэн нэхэмжлэгчид хэлж байсан. Та бүхэн өмчлөгч нь тул автомашинаа ав, хуулийн мэргэжилтэндээ хэлээд өгөөч гэдгийг удаа дараа тайлбарласан боловч уг шаардлагыг огт хүлээн аваагүй. Миний бие таксинд явж зээлийн төлөлтөө хийдэг байсан бөгөөд автомашиныг өөр этгээд эзэмшиж авснаар зээлийн төлөлт хийх боломжгүй болсон тухайгаа мэдэгдэж байсан. Гэтэл энэхүү шалтгаан нөхцөлийг хүлээн аваагүй. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан эд хөрөнгийн байдал доройтож зээлийг буцаан төлөх чадваргүй болсон нөхцөл байдал бий болсныг мэдэгдсээр байтал нэхэмжлэгч нь үүнийг хүлээн авч шаардах эрхээ хэрэгжүүлээгүй. Мөн машинаа буцаан авахаар холбогдох байгууллага болон хүмүүст хандахад өмчлөгч биш байна гэж үзэн миний хүсэлт, гомдлыг хүлээн аваагүй. Дээрхээс үзэхэд нэхэмжлэгч нь өөрийн өмчөө хамгаалах үүргээ биелүүлээгүй, миний хүсэлтийг хүлээн аваагүй зэрэг буруутай үйлдлүүдийг гаргаж байсан. Өөрөөр хэлбэл өнөөдрийн энэхүү өндөр хэмжээний өр төлбөрт ороход, цаашлаад зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүйд нэхэмжлэгч талын буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн. Фидуцийн гэрээний дагуу шаардах эрхээ хэрэгжүүлээгүй. Зээлийн гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй гэдгээ илэрхийлсээр байтал гэрээг цуцлах эрхээ хэрэгжүүлээгүй. Фидуцийн гэрээний дагуу буюу Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.2 дах хэсэгт зааснаар захиран зарцуулах эрхээ хэрэгжүүлээгүй.

4.а.Мөн анхан шатны шүүх давагдашгүй хүчин зүйлийн нөлөөллийг огт үнэлээгүй. Учир нь тухайн зээл авсан хугацаанд буюу Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 178 дугаар тогтоолоор бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн бөгөөд энэхүү шийдвэрийн дагуу хөл хорио тогтоосон. Дээрх шийдвэр нь Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр баталсан force majeure /гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл/ болон hardship /хүнд нөхцөл байдал/-ыг гэрчлэх журмын 1.2.1 дахь хэсгийн 4 дэх заалтад бүх төрлийн хязгаар хориг, өвчин тахал, хорио цээр, хариуцлагаас чөлөөлөгдөх хүсэлтэй аж ахуйн нэгжид тохиолдсон ажил зогсолт, ажил хаялтыг давагдашгүй хүчин зүйл гэдэгт хамааруулсантай нийцэж байгаа билээ. Дэлхийн нийтийг хамарсан энэхүү давагдашгүй хүчин зүйл нь нийтэд илэрхий зүйл бөгөөд энэ хугацаан дах зээлийн хүүг чөлөөлж өгөхийг хүссэн хүсэлтийг мөн л хүлээн аваагүй. Иймд цар тахлын үеийн зээлийн хүүгийн төлбөрөөс чөлөөлж өгөхийг хүсэж байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, машиныг фидуцийн гэрээний дагуу анх авсан үнэлгээгээр нэхэмжлэгч талд шилжүүлж, зээлийн хүү болон нэмэгдэл хүүнээс чөлөөлж өгнө үү гэжээ.

5.Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбарын агуулга: Давж заалдах гомдолд дурдсан үндэслэл нь зээлийн гэрээний хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй. Өөрөөр хэлбэл, ковид-19 цар тахал гарсан, барьцаа хөрөнгөө гуравдагч этгээдэд алдсан болон барьцаалсан асуудал нь зээлийн гэрээний төлбөрийг төлөхөөс татгалзах үндэслэл болохгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан тул хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад түүний гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т зааснаар шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2.Нэхэмжлэгч Д- ХХК нь хариуцагч Ц.Б-, Д.З- нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 17,636,687 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн ба хариуцагч нар нь хүү, нэмэгдүүлсэн хүүг эс зөвшөөрч маргажээ.

 

3.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

4.Зохигчид 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, нэхэмжлэгч Д- ХХК нь 10,500,000 төгрөгийг, 30 сарын хугацаатай, сарын 2,9 хувийн хүүтэй зээлдүүлэх, хариуцагч Ц.Б-, Д.З- нар нь зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхөөр харилцан тохиролцож, нэхэмжлэгч нь зээлийн мөнгөн хөрөнгийг хариуцагч нарт хүлээлгэн өгсөн болох нь талуудын тайлбар, зээлийн гэрээ, зээлийн дансны хуулга зэрэг нотлох баримтаар тогтоогджээ. /хх-ийн 7-11-р тал/

 

4.а.Мөн өдөр талууд үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуцийн гэрээ/ байгуулж, хариуцагч Ц.Б-, Д.З- нар нь 54-80 УАВ улсын дугаартай, тоёота приус маркийн тээврийн хэрэгслийг нэхэмжлэгч Д- ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн байна. /хх-ийн 44-45-р тал/

 

4.б.Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан талаар зөв дүгнэжээ.

 

4.в.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт ... зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд мөнгөн хөрөнгө болон хүүг буцаан төлөх үүрэгтэй гэж, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж зааснаас гадна талуудын байгуулсан зээлийн гэрээний 3.1.2, 3.1.3-т хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэг, хэмжээний талаар нарийвчлан тохиролцсон байх тул нэхэмжлэгч Д- ХХК нь хууль буюу гэрээнд зааснаар хариуцагч Ц.Б-, Д.З- нараас зээлийн төлбөрийг шаардах эрхтэй.

 

4.г.Хариуцагч Ц.Б-, Д.З- нар нь зээлийн гэрээний үүрэгт нийт 1,450,400 төгрөг төлж, 2020 оны 08 дугаар сараас эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөн байх бөгөөд 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар үндсэн зээл 9,964,991 төгрөг, хүү 7,137,960 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 533,736 төгрөг, нийт 17,636,687 төгрөгийн үүрэг хариуцагч нарт үүссэн үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ. /хх-ийн 103-105-р тал/

4.д.Иймд хариуцагч Ц.Б-, Д.З- нараас зээлийн гэрээний үүрэгт нийт 17,636,687 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д- ХХК-д олгуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасанд тус тус нийцсэн байна.

5.Хариуцагч Ц.Б- давж заалдах гомдолдоо нэхэмжлэгч Д- ХХК нь фидуцийн гэрээний дагуу шаардах эрхээ хэрэгжүүлээгүй, мөн цар тахалтай холбоотойгоор хүү, нэмэгдүүлсэн хүүгээс чөлөөлүүлэх хүсэлтийг шүүх хүлээж аваагүй нь үндэслэлгүй гэжээ.

 

5.а.Нэхэмжлэгч Д- ХХК нь Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар фидуцийн гэрээний зүйл болох автомашиныг худалдан борлуулах замаар шаардах эрхтэй боловч тэрээр уг шаардлагыг гаргаагүй. Иймд нэхэмжлэлийн хүрээнд буюу зөвхөн гэрээгээр хүлээсэн үндсэн үүрэг болох зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг төлүүлэх шаардлагыг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл, иргэний эрх зүйн диспозитив зарчмын хүрээнд нэхэмжлэлийн шаардлагаа хэрхэн тодорхойлох нь нэхэмжлэгчийн эрх бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаас өөр асуудлыг шийдвэрлэх эрхийг шүүхэд хуулиар олгоогүй. Иймд энэ талаар гаргасан хариуцагч талын давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

 

5.б.Хариуцагч нарын зүгээс барьцааны зүйлийн өмчлөх эрхийг өөртөө шилжүүлэн авах шаардлага гаргаагүй тул уг асуудлыг энэ хэргийн хүрээнд шийдвэрлэхгүй. Өөрөөр хэлбэл, хариуцагч нар нь автомашины өмчлөлийг шилжүүлэн авах болон бусад асуудлаар нэхэмжлэл гаргахад энэ шийдвэр саад болохгүйг дурьдах нь зүйтэй.

 

5.в.Цар тахалтай холбоотойгоор хүү, нэмэгдүүлсэн хүүгээс чөлөөлүүлэх гомдлын тухайд Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар хууль буюу гэрээгээр үүрэг үүсдэг ба хариуцагч Ц.Б-, Д.З- нар нь хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүргийг нэхэмжлэгч Д- ХХК-ийн өмнө гэрээгээр хүлээсэн байна.

 

5.г.Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан эдийн засгийг дэмжих чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай 183 дугаар тогтоолын 8 дугаар зүйл болон Монголбанкны Ерөнхийлөгчийн 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн А-100 дугаар тушаалаар батлагдсан Банкнаас цахим хэлбэрээр зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах түр журам-ын 2.6, 3.1-т зааснаар зээлийн төлбөрийг хойшлуулах, улмаар хүү, нэмэгдүүлсэн хүү тооцохгүй байх асуудлыг талууд харилцан тохиролцож шийдвэрлэсэн гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй тул энэ талаар гаргасан хариуцагч талын гомдлыг мөн хангах үндэслэлгүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 181/ШШ2023/00167 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ц.Б-оос давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 137,670 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

Г.ДАВААДОРЖ