Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2023/00664

 

Ц.О-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШШ2023/00015 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ц.О-ын хариуцагч П- ХХК-д холбогдуулан гаргасан 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговор гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажуулахыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.О-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Эрдэнэчулуун, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Үүлэнсондор, хариуцагчийн өмгөөлөгч Б.Нандин-Эрдэнэ, Б.Мөнхбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Миний бие П- ХХК-д 2017 онд туслах ажилтнаар орж, 2019 оноос нярваар ажилласан. Би ажиллах хугацаандаа хариуцсан ажлаа сайн гүйцэтгэж, шагнал урамшуулал авч байсан. Гэтэл ажил олгогчоос 2021 оны 02 дугаар сарын 06-ны өдөр ажлаас чөлөөлөх тухай мэдэгдэл танилцуулсан. Ажлаас халах болсон шалтгааныг холбогдох удирдах албан тушаалтнуудаас бичгээр болон амаар лавлахад хэн нь ч тодорхой хариу тайлбар хэлээгүй бөгөөд 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдөр надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, үүрэгт ажлаас халсан тухай гүйцэтгэх захирлын тушаал гаргасан. Уг тушаалыг эс зөвшөөрч шүүхэд ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг олгуулах, нийгмийн даатгалын бичилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Одоо ажилд эргүүлэн тогтоолгох шаардлагаасаа татгалзаж байна. П- ХХК-аас 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл төлүүлж, бичилт хийлгэхийг даалгахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байна. Ажлаас халсан тушаалын үндэслэлээ гэрээний хугацаа дууссан гэж тайлбарласан. Гэхдээ 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн гэрээг нөхөж байгуулсан. Гэрээг сунгахдаа намайг ажлаас буухаас хэдхэн хоногийн өмнө гэрээг түр 2021 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл сунгаад үүнээс хойш үндсэн гэрээ сунгаад явна гэж ойлгуулж, гэрээн дээр гарын үсэг зуруулсан. Ингээд 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдөр тушаал гаргаж, ажлаас халсан тухай мэдэгдсэн. Надтай хамт ажиллаж байсан яг ижил түвшний ажилчдын гэрээ сунгагдаад ажиллаж байна. Гэтэл миний гэрээний хугацаа тодорхойгүй шалтгаанаар дууссан. Нярвууд дотроос ганц намайг халж, оронд нь Б.Ууганболд гэж хүн орсон. Намайг ажлаас чөлөөлөхөд О- ХХК-тай байгуулсан гэрээ дуусгавар болоогүй байсан. Гэрээн дээр гарын үсэг зурах, албажуулах асуудал хойшилсон байж магадгүй. Гэхдээ аливаа үйл ажиллагаа шат дараатай явж байгаа бол гэрээ сунгах боломжгүй байна гээд хэлцлийн хүрээнд ажил явж байсан байх гэж харж байна. Ийм учраас нэхэмжлэгч 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд баталгаат ажлын байраар хангагдах байсан байна. Гэтэл хариуцагч байгууллагаас тухайн хүний эрхийг зөрчин хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон нь үндэслэлгүй байх тул мөн хугацааны цалин хөлсөө гаргуулахаар нэхэмжилсэн тул нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Манай компани нь 2017 онд Өмнөговь аймагт О- төслийн сонгон шалгаруулалтанд шалгарч, төслийн талбай дээр ажиллах болсон. Нэхэмжлэгч Ц.О- анх 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр ажил үүрэг гүйцэтгэх гэрээ байгуулан, туслах ажилтнаар 2 сар гаруй хугацаанд ажилласан. Үүний дараа барилгын туслах ажилтны ажлын байран дээр ажиллаж эхэлсэн бөгөөд гүйцэтгэх захирлын 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн тушаалыг үндэслэн, хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Нэхэмжлэгч Ц.О-ыг 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн нярвын албан тушаалд дэвшүүлэн ажиллуулсан. О-н төслийн гэрээ үргэлжилж байсан тул нэхэмжлэгч Ц.О-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг сунгаж байсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлтийн 23.2.2-т заасныг үндэслэн ажилтантай 2021 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг дуустал гэрээ шинэчлэн байгуулсан. О- ХХК-аас 2022 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн албан бичгийн дагуу гэрээг 2 удаа сунгасан тухай нотлох баримт ирсэн. Тус гэрээг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 09 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл эхний удаа сунгасан гэрээ байгуулагдсан боловч Ц.О-ыг ажлаас чөлөөлөх буюу 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар манайх гэрээг сунгаагүй байсан. Тухайн гэрээг 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр нөхөн байгуулсан. Тус гэрээг нөхөн байгуулсантай холбоотой О- ХХК-ийн нөхөн байгуулалтын албанаас албан бичиг болоод худалдан авалтын ажилтан буюу манай гэрээг хариуцан ажиллаж байсан ажилчидтай албан мэйлээр харилцаж байсан мэйлийг үзлэгт оруулж нотлох баримтаар авахуулсан байгаа. Нэхэмжлэгч гэрээнд гарын үсэг зурсан гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа юм байна. Ажил олгогчийн тушаал хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.О-ын П- ХХК-д холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасан үндэслэлгүй тул нэхэмжлэгч Ц.О-ын 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл төлүүлж, бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Ц.О-ын гаргасан нэхэмжлэлийн шаардлага улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөгийг дурдаж шийдвэрлэжээ.

4.Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх нэхэмжлэгч Ц.О- нь ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагаасаа татгалзаж байгаа талаар хүсэл зоригоо илэрхийлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар НЭХЭМЖЛЭГЧ Ц.О- нь ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагаас татгалзсаныг баталж, хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэсэн байна. Нэхэмжлэгчийн хувьд энэхүү дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь нэхэмжлэгч Ц.О- миний хүсэл зориг ийм байгаагүй, би хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох үндэслэл байхгүй, ажлаас үндэслэлгүйгээр халагдсан, түүнийг тогтоолгон, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор нэхэмжилж байсан. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн шүүх хуралдааны үеэр манай өмгөөлөгч А.Билгүүн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Үүлэнсондор /Билгүүн өмгөөлөгчийн нэг ангийн хүүхэд/, өмгөөлөгч Б.Нандин-Эрдэнэ /Билгүүн өмгөөлөгчийн найз/-тай ярилцаад надад чиний ажиллаж байсан гэрээний ажил дуусгавар болсон учир ажилд эргүүлэн тогтоох боломжгүй, үүнээс харин татгалзаад цалин олговороо авах боломжтой юм байна. Энэ тал дээр санал гарган шийдвэрлэх боломжтой гэж хэлсэн. Би хүлээн зөвшөөрсөн. Энэ нь тухайн өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байгаа. Шүүх хуралдааны тэмдэглэлд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Билгүүнээс төслийн дагуу ажилд эгүүлэн тогтоолгох боломж бага байгаа, О- ХХК-аас ирүүлсэн баримтын хүрээнд ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг тогтоолгох, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл төлүүлөх хүсэлтэй гэж /2 дугаар хавтас хэргийн 75 тал/, хариуцагчийн өмгөөлөгч ажилд эгүүлэн томилуулахаас татгалзаж байвал эвлэрэх боломж байна, хариуцагч байгууллагын удирдлагуудтай уулзалт зохион байгуулья гэж санал тавьж байна. Хэн аль нь эвлэрлийн журмаар шийдээд эцсийн шат болгох боломж байгаа. Нэхэмжлэгчийг зөвшөөрөх юм бол эвлэрэх боломж байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Үүлэнсондорын хувьд энэ талаар бие даан шийдвэр гаргах боломжгүй гэж /2 дугаар хавтас хэргийн 77 тал/ тайлбар гаргасан байдаг. Дараагийн хэргийг хэлэлцэх шүүх хуралдаанд миний бие дээр ярьсанчлан няравын ажилд орохгүй /тухайн ажлын байр байхгүй учраас/, харин ажлаас үндэслэлгүй халагдсангаа тогтоолгон, цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулна гэж нэхэмжилж тайлбар хийсэн. Миний бие 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгч Б.Нандин-Эрдэнийн хэлсэнчлэн намайг ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагаас татгалзвал эвлэрнэ гэсэн тул би эвлэрч байгаа гэж ойлгон, харин шүүхээр шийдвэрлүүлнэ гэж хэлдэг нь харин хариуцагчаас ажилгүй байсан хугацааны цалин хөлс, түүнтэй тэнцэх хэмжээний олговрын талаар тохиролцоогүй тул түүнийг шийдвэрлүүлэхээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэн оролцсон. Манай өмгөөлөгч бас ингэж надад тайлбарласан юм. Нөгөөтэйгүүр, шүүх нэхэмжлэгчийг хүсэл зоригийн хувьд төөрөгдсөн, ойлгоогүй байдлыг тодруулах боломжтой байсан гэж үзэж байгаа юм. Хариуцагчтай байгуулсан хөдөлмөрийн гэрээний гол нөхцөл болсон П- ХХК, О- ХХК-ийн хооронд байгуулагдсан гэрээний хугацаа 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болсон учир шүүхийн шийдвэр гарах өдөр засвар механик, инженерингийн албаны нярав ажил албан тушаал байхгүй болсон учир нярвын ажилд орохгүй, адил чанарын өөр ажил албан тушаалд томилуулж, ажлаас үндэслэлгүй халагдсаныг дүгнүүлэн, ажилгүй байсан хугацааны цалин хөлс түүнтэй тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх шаардлага гарган оролцож байна гэж үзэх үндэслэл байсан. Учир нь нэхэмжлэгч ажлаас үндэслэлгүй халагдсан, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 21/Б-063 дугаар тушаал нь хууль бус үндэслэлгүй гарсан, хѳдѳлмөрийн гэрээг дуусгавар болгох хуульд заасан үндэслэл байхгүй байсан гэж маргаж байгаа үндэслэлүүд нь нэхэмжлэгчийн хүсэл зориг нь ажилд эгүүлэн тогтоолгох шаардлага бүхий агуулга хэвээр дэмжин оролцож байна гэж тодорхойлогдож байна. Шүүх ч шийдвэрээрээ Ц.О-ыг үндэслэлгүй халагдсаныг дүгнэж өгсөн.

4.а.Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тухайд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5. 115 дугаар зүйлийн 115.2.3, 118 дугаар зүйлүүдийг давхар баримтлан хэргийг шийдвэрлэж байгаа нь хууль бус гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

5.Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга: Нэхэмжлэгч нь давж заалдах журмаар гаргасан гомдолдоо нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан нь өөрийн хүсэл зориг байгаагүй гэдгийг тайлбарласан. 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн шүүх хуралдааны үеэр манай өмгөөлөгч А.Билгүүн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Үүлэнсондор нар нэг анги байсан гэдэг нь үндэслэлгүй. Нэг нэгнийгээ огт таньдаггүй байсан гэдгээ тайлбарласан. Ямар нэгэн найз нөхдийн холбоогүй бөгөөд шүүх хуралдааны өмнө нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгчтэй нэхэмжлэлийн шаардлагын талаар харилцан тохиролцож, эвлэрэх талаар хэлэлцсэн зүйл байхгүй. Анхан шатны шүүх хуралдаанд Б.Мөнхбат өмгөөлөгчийг оролцуулах хүсэлт гаргах баримт бэлдэж байсан тул ямар нэгэн байдлаар нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгчтэй уулзах цаг гараагүй. 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлээс харахад манай зүгээс Б.Мөнхбат өмгөөлөгчийг оролцуулах хүсэлт гаргасан боловч анхан шатны шүүхээс хангаагүй. Мөн үзлэг хийлгэх хүсэлт гаргасан боловч хангаагүй учраас шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн. Тухайн шүүх хуралдааны тэмдэглэлийн 5 дугаар талд нэхэмжлэгч нь өөрөө эхэлж, ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна гэж хэлсний дараа нэхэмжлэгчийн өмгөөлөгч үйлчлүүлэгчийнхээ байр суурийг дэмжиж байна гэж хэлсэн. Нэхэмжлэлийн шаардлагаасаа өөрөө татгалзсан учраас эвлэрэх боломжтой талаар асууж, санал гаргасан. Гэтэл нэхэмжлэгч нь эвлэрэхгүй гэж шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн гэжээ.

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2.Нэхэмжлэгч Ц.О- нь хариуцагч П- ХХК-д холбогдуулан 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговор гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажуулахыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3.Нэхэмжлэгч Ц.О- нь хариуцагч П- ХХК-тай 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийг дуустал хөдөлмөрийн хугацаатай гэрээ байгуулан, тус компанид нярваар ажиллаж эхэлсэн байх бөгөөд талууд хөдөлмөрийн гэрээнийн хугацааг 4 удаа буюу 2021 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл сунгасан байна. /хх-ийн 64-72-р тал/

3.а.Хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссантай холбоотойгоор хариуцагч П- ХХК нь 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай мэдэгдлийг нэхэмжлэгч Ц.О-т хүргүүлсэн болох нь талуудын тайлбар, мэдэгдэх хуудас болон хэрэгт авагдсан бусад баримтуудаар тогтоогджээ. /хх-ийн 183, 243-р тал/

3.б.Хариуцагч П- ХХК нь дээрх байдлаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай мэдэгдлийг нэхэмжлэгч Ц.О-т хүргүүлж, 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон үндэслэлээр нэхэмжлэгч Ц.О-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон байна. /хх-ийн 6-р тал/

3.в.Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт Хөдөлмөрийн гэрээ нь хугацаатай буюу хугацаагүй байна гэж заасан бөгөөд нэхэмжлэгч Ц.О-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа 2021 оны 02 дугаар сарын 28-ны өдөр дуусаж, талууд гэрээний хугацааг цааш сунгаагүй үйл баримт тогтоогджээ.

3.г.Хариуцагч П- ХХК нь О- ХХК-тай 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Бетон зуурмагийн үйлдвэр, барилга угсралт, үйл ажиллагаа, засвар үйлчилгээний гэрээ-г байгуулж, тус гэрээг хэд хэдэн удаа сунгасан буюу энэ нь тодорхой хугацаанд үргэлжлэх төслийн ажил байна. /2хх-ийн 10, 103-104-р тал/

3.д.Иймд байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл гэрээний талуудын чөлөөт байдлын зарчмын хүрээнд тодорхой хугацаанд үргэлжлэх төслийн ажлын хувьд ажилтантай хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулж, улмаар гэрээний хугацаа дууссан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон ажил олгогчийн тушаал хууль зүйн үндэслэлтэй.

3.е.Хэдийгээр хариуцагч П- ХХК, О- ХХК-ийн хооронд байгуулагдсан бетон зуурмагийн үйлдвэр, барилга угсралт, үйл ажиллагаа, засвар үйлчилгээний гэрээ дуусгавар болоогүй, цааш сунгагдсан байх боловч нэхэмжлэгч Ц.О-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох үед тухайн төслийн ажил цааш үргэлжлэх эсэх нь тодорхой бус байсан гэх хариуцагчийн татгалзлыг үндэслэлтэй гэж үзэхээр байна.

3.ё.Учир нь хэрэгт авагдсан О- ХХК-ийн албан бичиг болон хоёр компанийн байгуулсан бетон зуурмагийн үйлдвэр, барилга угсралт, үйл ажиллагаа, засвар үйлчилгээний гэрээ, гэрээний нэмэлт өөрчлөлт зэргээс үзвэл тус гэрээний хугацааг сунгасан давтамж нь тогтмол бус байна. Энэ тохиолдолд ажил олгогч нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацааг сунгах үүрэг хүлээхгүй юм. Иймд энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

4.Нэхэмжлэгч Ц.О- нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагаасаа татгалзаж, ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажуулахыг хариуцагчид даалгуулахаар шаардсан ба уг шаардлагыг дахин өөрчилсөн гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй тул энэ хүрээнд дүгнэлт өгнө. /2хх-ийн 156-р тал/.

5.Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхдээ нэхэмжлэгч нь ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагаасаа татгалзсан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 461, 46.2 дахь хэсэгт зааснаар ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажуулахыг хариуцагчид даалгах боломжгүй гэж эхний шаардлагад шууд хамааруулан дүгнэсэн нь буруу байна.

5.а.Учир нь иргэний эрх зүйн диспозитив зарчмын хүрээнд нэхэмжлэлийн шаардлагаа хэрхэн тодорхойлох нь нэхэмжлэгчийн эрх бөгөөд шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дүгнэлт хийх учиртай.

5.б.Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 37 дугаар зүйлийн 37.1.3-т зааснаар хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон үндэслэлээр нэхэмжлэгч Ц.О-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон хариуцагч П- ХХК-ийн гүйцэтгэх захирлын тушаал хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэсэн тул ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажуулахыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох байдлаар анхан шатны шүүхийн дүгнэлтийг залруулах нь зүйтэй.

5.в.Дээрх нөхцөл байдал нь шийдвэрийн тогтоох хэсэгт өөрчлөлт оруулах үндэслэл болохгүй тул нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШШ2023/00015 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

Г.ДАВААДОРЖ