| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатар Бадрах |
| Хэргийн индекс | 102/2021/02963/И |
| Дугаар | 210/МА2023/00578 |
| Огноо | 2023-03-17 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 03 сарын 17 өдөр
Дугаар 210/МА2023/00578
| Дугаар 210/МА2023/00578 |
А-гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Н.Батзориг, Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 102/ШШ2023/00221 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: А-гийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,
Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШШ2020/00422 дугаар захирамжаар А-, Б- нараас зээлийн гэрээний үүрэгт 94,728,311 төгрөгийг гаргуулж Хаан банк ХХК-д олгож, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас барьцаа эд хөрөнгүүдийг битүүмжлэн хурааж, төлбөр төлөгч нараас барьцаа хөрөнгийн үнийн саналыг авч шинжээч томилж үнэлгээ хийлгэсэн.
Барьцаа үл хөдлөх эд хөрөнгийг 134,966,902 төгрөгөөр үнэлсэн нь зах зээлийн ханшнаас хэт доогуур үнэлж хөрөнгийг үнэгүйдүүлсэн байна. Шинжээч нар үнэлгээ тогтоохдоо орон сууцыг улсын бүртгэлийн гэрчилгээнд заасан 40 м.кв талбайтай гэж дүгнэлт гаргасан, бодит байдал дээр 95 м.кв талбайтай орон сууц юм.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас өгсөн 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 4-147/38178 дугаартай мэдэгдлийг 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр шуудангаас хүлээн авч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасны дагуу тус үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргаж байна. Иймд төлбөр төлөгч А-гийн өмчлөлийн, Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 16 дугаар байр ** тоот 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 134,966,902 төгрөгөөр үнэлсэн Голден пэйж аудит ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр үүсгэн төлбөр төлөгч А-, Б- нарт сайн дураар биелүүлэх мэдэгдлийг удаа дараа биечлэн өгсөн боловч төлбөрийг төлөөгүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 3 дугаар хороолол 17 дугаар байр 21 тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэн, хурааж төлбөр төлөгч болон өмчлөгч төлбөр авагч үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах үнийн саналд тохиролцоогүй тул 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр шинжээч томилон үнэлгээ гаргуулахад 125,920,000 төгрөгөөр үнэлсэн ба үнэлгээний мэдэгдлийг талуудад мэдэгдсэн.
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2021/01322 дугаар шийдвэрээр дээрх үнэлгээг хүчингүй болгон шийдвэрлэсэн. Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 04/20250483 дугаартай Эд хөрөнгө хураах тухай тогтоол-ыг хүчингүй болгож, дахин шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан.
2021 оны 08 дугаар сарын 24-ний өдөр барьцаа 3 өрөө орон сууцыг дахин хурааж талуудаас үнийн санал авахад төлбөр төлөгч А-, Б- нараас 250,000,000 төгрөгийн үнийн санал гаргасныг төлбөр авагчид танилцуулахад үнийн саналыг зөвшөөрөөгүй, харилцан тохиролцоогүй тул 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр шинжээч томилон үнэлгээ гаргуулахад 134,966,902 төгрөгөөр үнэлэгдсэн үнэлгээг талуудад мэдэгдсэн байна. Үнэлгээ тогтоох шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хуулийн дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар хариуцагч Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох үнэлгээ хүчингүй болгох нэхэмжлэгч А-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
4. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Шүүх хэрэгт үнэлгээчин үзлэг хийсэн тухай тэмдэглэл огт авагдаагүй байхад үзлэгийн тэмдэглэл үйлдэхдээ тухайн хэмжилт хийхэд 77 м.кв байсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.
Бодит байдалд өнөөгийн орон сууцны ашигтай талбайд гал тогоо, тагт, нойлын угаалгын өрөө, коридор зэргийг ашигтай талбайд тооцон улсын бүртгэлд бүртгүүлдэг болсон. Өөрөөр хэлбэл, шинжээч нь орон сууцны өнөөгийн зах зээлийн үнийг тогтоохдоо ашигтай талбай үндэслэж тогтоох байтал зөвхөн гэрчилгээ дээрх 29 м.кв талбайгаар тооцож үнэлгээ тогтоосон нь орон сууцыг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн гэж үзэхээр байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.
5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч талаас оролцоогүй, тайлбар ирүүлээгүй.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч А- нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн дугаар 102/ШШ2020/00422 дугаар захирамжаар хариуцагч А-, Б- нараас 94,728,311 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Хаан банк ХХК-д олгож, хариуцагч нар шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 16 дугаар байр ** тоот хаягт байрших 40 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэл хангуулахаар шийдвэрлэжээ.
4. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж дараах үйл баримтыг зөв тогтоожээ. Үүнд:
4.1. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь шүүхийн гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр үүсгэн шүүхийн шийдвэрт заасан барьцаа хөрөнгө болох Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 16 дугаар байр ** тоот хаягт байрших 40 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр битүүмжилж, 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдөр хураасан /хх 28, 67/.
Хариуцагч нь шүүхийн шийдвэрт заасан барьцаа хөрөнгийг битүүмжлэх, хураах ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасанд нийцүүлж гүйцэтгэсэн, уг ажиллагаанд төлбөр төлөгч гомдол гаргаагүй.
4.2 Шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 8/187 тоот тогтоолоор Голден пэйж аудит ХХК-ийн үнэлгээчин С.Оюунгэрэлийг шинжээчээр томилж, шинжээч нь 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 16 дугаар байр ** тоот хаягт оршин байрлах 40 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 134,966,902 төгрөгөөр үнэлсэн /хх 33-40/.
5. Хураагдсан хөрөнгийн үнэлгээний талаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогчид тохиролцоогүй тул хариуцагч нь үнэлгээ хийлгэхээр шинжээч томилсон нь Иргэний хуулийн 159 дүгээр зүйлийн 159.2, 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйл, 55 дугаар зүйлийн 55.2.2-т нийцсэн гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.
5.1. Голден пэйж аудит ХХК-ийн үнэлгээчин нь А-гийн өмчлөлийн 40 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 134,966,902 төгрөгөөр үнэлэхдээ Хөрөнгийн үнэлгээний тухай хууль /2010 он/-ийн 8, 9 дүгээр зүйлд заасан хөрөнгийн үнэлгээний тайланд тавигдах шаардлагыг хангасан үнэлгээг хийсэн байна.
Нэхэмжлэгч нь үнэлгээг зөвшөөрөхгүй үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотлоогүй тул үнэлгээг хүчингүй болгох үндэслэлгүй гэж шүүх дүгнэсэн нь зөв байна.
5.2. Нэхэмжлэгч нь улсын бүртгэлийн гэрчилгээнд 40 м.кв талбайтай гэж тодорхойлсныг үндэслэн үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн нь бодит байдалтай нийцээгүй, хэмжилт хийгээгүй, орон сууцны ашигтай талбайг бүрэн тооцоолоогүй гэх нэхэмжлэгчийн тайлбар болон давж заалдах гомдол үндэслэлгүй болно.
Учир нь Голден пэйж аудит ХХК-ийн үнэлгээчин нь 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 16 дугаар байр ** тоот хаягт байрлах 3 өрөө орон сууцыг үнэлэхдээ төлбөр төлөгч А-г байлцуулан хэмжилт хийж, тухайн хөрөнгийг бодит хэмжээ, ашигтай талбайг 77 м.кв болохыг тогтоож, уг үзүүлэлтэд тулгуурлан 134,966,902 төгрөгийн үнэлгээг хийсэн байна.
6. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 102/ШШ2023/00221 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ
Т.БАДРАХ