Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 1698

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Отгонмаа,

Улсын яллагч Ж.Энх-Амгалан,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Цэрэнбадам,

Шүүгдэгч П.Батсуурь, түүний өмгөөлөгч Ц.Мандал нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан шүүгдэгч П.Батсуурьт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1818 00654 0351 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1981 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 37 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, гоо сайханч мэргэжилтэй, Улаанбаатар хотын Төмөр замын өртөөнд ном сэтгүүл зарж орлого олдог гэх, ам бүл 2, дүүгийн хамт Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Арьс ширний 80-н айлын 12-4 тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй,

-Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 603 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, регистрийн дугаар ТД81061204, хэрэг хариуцах чадвартай, Монгол овогт Пушкины Батсуурь.

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэнд дурьдсанаар:

 

            Шүүгдэгч П.Батсуурь нь 2018 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар баг, Хараагийн 2-9 тоот хашааны гадна тоглож байсан 5 настай Б.Энхжинг хүүхэд гэдгийг мэдсээр байж хуурч мэхлэн авч явж хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Батсуурь мэдүүлэхдээ: “...Би Дархан руу 8 сарын 19-ний өглөө явсан. Тэнд миний дүү П.Батцэцэг өөд болоод ажил явдалд нь оролцох гэж очсон. Эгчийндээ орох гээд явж байхад Б.Энхжин охин машин зам дээр доошоо хараад тоглож байсан. Хажуугаар нь том тэрэг их явж байсан. Би очоод “наанаа тоглож болохгүй” гэхэд над руу хараад зайрмаг нэхсэн. Ойрхон дэлгүүр байсан учир зайрмаг авч өгсөн. Миний асрамжинд байдаг охинтой адилхан байсан тул хань датаад 2 хоног авч явсан нь үнэн. Хотод ирсэн амралтын өдрүүд таараад цагдаагийн газраар орж чадаагүй. Хагас сайн өдөр орой 6 цагийн үед Офицеруудын ордны хавьд явж байгаад цагдаад баригдсан. Б.Энхжин бид 2 хотын төвөөр зугаалах маягаар явсан. Нэг дэх өдөр болохыг хүлээсэн.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Цэрэнбадам мэдүүлэхдээ: “...Тухайн үед сэтгэл санааны маш хэцүү дарамтанд байсан. Ийм гэмт хэрэг үйлдсэн хүнийг хэрхэн шийтгэдэг тэрүүгээр нь шийдүүлэх хүсэлтэй байна. Мөнгө төгрөг болоод бусад байдлаар нэхэмжлэх зүйл байхгүй.” гэв

 

Мөн талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Батнайрамдалын өгсөн мэдүүлэг /1хх-26-27/, насанд хүрээгүй хохирогч Б.Энхжингийн өгсөн мэдүүлэг /1хх-28, 133-134/, насанд хүрээгүй гэрч Н.Дөлгөөний өгсөн мэдүүлэг /1хх-135-137/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Цэрэнбадамын өгсөн мэдүүлэг /1хх-138/, гэрч С.Батсүхийн өгсөн мэдүүлэг /1хх-63-64/, гэрч Ж.Эрдэнэчимэгийн өгсөн мэдүүлэг /1хх-65-66/, насанд хүрээгүй гэрч Б.Бямба-Очирын өгсөн мэдүүлэг /1хх-139-140/, гэрч Н.Сувданчимэгийн өгсөн мэдүүлэг /1хх-141-143/, гэрч Г.Батчулууны өгсөн мэдүүлэг /1хх-144-145/, гэрч НЭнхбатын өгсөн мэдүүлэг /1хх-146-148/, гэрч Х.Сугарсүрэнгийн өгсөн мэдүүлэг /1хх-149-150/, гэрч М.Төгөлдөрийн өгсөн мэдүүлэг /1хх-151-152/, гэрч П.Батхуягийн өгсөн мэдүүлэг /1хх-153-154/, гэрч П.Болдын өгсөн мэдүүлэг /1хх-157-158/, гэрч С.Энхболдын өгсөн мэдүүлэг /1хх-159-160/, гэрч И.Түвшинжаргалын өгсөн мэдүүлэг /1хх-164-166/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-6-7, 8-11/, насанд хүрээгүй хохирогчийн насыг тоолсон тухай тэмдэглэл /1хх-22/, хэргийн газарт дахин үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-114-119/,  мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1хх-120-121/, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-123-124/, П.Батсуурийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1хх-73/, сэтгэл зүйч Д.Ариунзаяагийн тэмдэглэл /хх-82/, гэрч Г.Батчулууны өгсөн мэдүүлэг /1хх-144/, гэрч М.Төгөлдөрийн өгсөн мэдүүлэг /1хх-151/, шинжээчийн дүгнэлт /1хх-169/, шүүгдэгч П.Батсуурийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хх-203/ зэргийг шинжлэн судлав.      

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүгдэгч П.Батсуурь нь 2018 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар баг, Хараагийн 2-9 тоот хашааны гадна тоглож байсан 5 настай Б.Энхжинг хүүхэд гэдгийг мэдсээр байж хуурч мэхлэн авч явж хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт хөдөлбөргүй тогтоогдсон байна.

 

            Дээр дурьдсан үйл баримт дараахи нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:

Мөрдөн байцаалтад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Батнайрамдалын өгсөн: “...2018 оны 8 дугаар сарын 19-ний өдөр би уурхай руу ажилд гарах ёстой байсан боловч бие өвдөөд байсан учир маргааш нь эмнэлэг орж шинжилгээ өгөөд ажилдаа явъя гэж бодоод ажлаасаа чөлөө аваад гэртээ хэвтэж өнжсөн. Тухайн өдөр амралтын өдөр байсан бөгөөд манай бага 3 хүүхэд гэрийнхээ гадаа хашааны үүдэнд тоглоод орж гараад байж байсан ба том хүү Б.Бямба-Очир хоол хийгээд дүү нараа дуудсан. Удалгүй гаднаас Б.Батмөнх ганцаараа ороод ирсэн. Би Б.Батмөнхөөс “дүү чинь хаана байна” гэхэд Б.Энхжинг дуудахаар гадаа гарсан боловч хашаанд ч, хашааны гадаа ч харагдахгүй байсан. Ингээд Б.Энхжинг дуудаад гэрийнхээ ойр хавиар яваад орж гардаг тоглож нааддаг айлаар яваад асуухад Б.Энхжинг харсан хүн огт байгаагүй. Б.Энхжинг байхгүй болохоор нь би хөвгүүдээ бүгдийг нь “хамт гарч хай” гээд явуулсан. Б.Батмөнх “Урнаа эгчтэй уулзлаа, Б.Энхжинг нэг танихгүй, хар бараан хувцастай хар өнгийн үүргэвч үүрсэн хүн дагуулаад явж байхыг харсан байна” гэж хэлсэн. Би өөрөө очиж Урнаа эгчтэй уулзахад “Би гэрт хотоос хүмүүс ирсэн байсан болохоор яараад дэлгүүрээсээ гэр рүүгээ алхаад явж байх замд Б.Энхжин намайг “аниа” гэж дуудахаар нь харахад Б.Энхжинг нэг танихгүй хүүхэнтэй хөтлөөд явж байсан, тэр хүүхэн нь хар бараан хувцастай, хар өнгийн үүргэвч үүрсэн хүүхэн байсан. өөр тодорхой зүйл ажиглаагүй, тэр 2 гүүрний зүгт явж байсан” гэж надад хэлсэн. Цагдаад дуудлага өгсөн.” /1хх-25-26/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй хохирогч Б.Энхжингийн өгсөн: “...Би гэрийн гадаа тоглож байхад танихгүй эгч ирээд надад “зайрмаг авч өгье” гэж хэлээд намайг голын тийшээ дагуулж яваад дэлгүүрээс зайрмаг авч өгсөн. Надад шокладтай зайрмаг авч өгсөн. Тэгээд том автобусаар тэр эгчийн гэр рүү явсан. Гэр нь хол байсан. Тэр эгчийн гэр нь муухай байсан. Тэр эгчийн гэрт нь хоол хийж идсэн. Өөр хүн хоноогүй. Тэр эгчтэй хамт автобусаар яваад буудалд хоносон. Би тэр эгчийг танихгүй” /1хх-28/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад гэрч С.Уранчимэгийн өгсөн: “...Өнөөдөр 16 цаг өнгөрч байхад санагдаж байна. Би дэлгүүр ороод гарч ирэхэд Б.Энхжин нэг үл таних эмэгтэй хөтөлчихсөн Энхжин “аниа” гэхээр нь хараад “юу хийж яваа юм бэ” гэтэл над руу инээгээд цаашаад “Хараагийн гүүр” рүү явсан. Би бодохдоо хамтааныхаа хүнтэй явж байна л гэж бодсон” /1хх-34-35/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй гэрч Г.Дөлгөөний өгсөн: “...2018 оны 8 дугаар сарын 19-ний өдөр би гэртээ байж байхад 16 цаг өнгөрч байхад манай найз Б.Бямба-Очир орж ирээд “манай дүү Б.Энхжин байна уу” гэж асуусан. Б.Бямба-Очир бид хоёр хамт гарч гадуур хайж байгаад олоогүй учир урд гудамжны Сугарсүрэн эгчийн очоод Б.Энхжинг асуухад “байхгүй, ирээгүй” гэсэн. Тэгээд бид хоёр дахин хайж байгаад гэгээ тасрахын алдад дахиад Сугарсүрэн эгчийнд очоод “танай хамаатан П.Батсуурь эгч хаана байгаа бэ, энүүгээр яваад байдаг, Б.Энхжинг аваад явчихсан юм биш биз” гэж асуусан. Учир нь өмнө Сугарсүрэн эгчтэй хамт тоглож байхад хүүхэд уйлах шиг болохоор нь хашааны гадаа гараад харсан чинь Сугарсүрэн эгчийн хүүхдийг П.Батсуурь гэх эмэгтэй тэвэрчихсэн алхаж байснаа бид нарыг хараад зугтаад гүйсэн. Тэгсэн Сугарсүрэн эгч “хамаатанд нь ажил явдал гараад хотоос П.Батсуурь ирсэн энд байгаа, та нар цагдаад хэлээд гэрээсээ том хүн дагуулаад очиж уулзсан нь дээр байх” гэсэн. Тэгэхээр нь бид хоёр П.Батсуурийн эгч П.Батхуягийн гэр рүү очиход ажил явдалд оролцож олон хүн байсан ба гэрийн эзэн Энхбат ахтай уулзаж Б.Энхжинг асуухад “ирээгүй” гэж хэлэхээр нь бид хоёр тэндээсээ гараад явж байтал Б.Бямба-Очирын аав залгаад “машинтай ирж авъя” гэж ярьсан. Тэгээд цагдаад мэдэгдсэн.“ /1хх-136-137/,  

 

Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй гэрч Б.Бямба-Очирын өгсөн: “...2018 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 15 цагийн үед би хоол хийж 16 цагийн орчим дуусгаад аавыг унтаж байхад нь сэрээгээд хоолыг нь өгөөд гадаа тоглож байсан Б.Батмөнх /11 настай/, Б.Батням /8 настай/, Б.Энхжин /5 настай/ дүү нарыг хоолоо ид гэж хэлсэн боловч манай хоёр эрэгтэй дүү нар орж ирэхээр нь “Б.Энхжингээ аваад ороод ир” гэж хэлсэн боловч Б.Батмөнх, Б.Батням нар ойролцоогоор 15-20 минутын дараа орж ирээд “Б.Энхжинг хайгаад олохгүй байна” гэж хэлэхээр нь би аавдаа хэлээд Б.Энхжинг айлд тоглож байгаа байх гэж бодоод хашаанаас гарч гэрийнхээ урд байрлах тоглоомын талбай, мөн гэрийнхээ ойролцоо орж тоглодог бүх айлууд гэрийнхээ хойд талын далангаар хайгаад олдохгүй болохоор нь аав, эмээд хэлж, цагдаагийн байгууллагад дуудлага мэдэгдэхээр болж би өөрийн найз Г.Дөлгөөний гэр рүү орж хамт хайлцсан.” /1хх-139-140/ гэх мэдүүлэг,

 

 Мөрдөн байцаалтад гэрч Н.Сувданчимэгийн өгсөн: “...168 см өндөртэй, бор бордуу царайтай, онигордуу нүдтэй, мөрөө хүрсэн үстэй, туранхай, дандаа урт юүндэнтэй хувцас өмсөж явдаг эмэгтэй. Энэ эмэгтэй 2017 оны 11 сарын сүүлээр шахуу орж ирээд ой 2 сартайгаас ой 8 сартай болов уу гэмээр хүйсийг нь мэдэхгүй байна нилээн турж эцсэн жин багатай хөлд гүйцэт ороогүй, нимгэн хувцастай хүүхэд тэвэрчихсэн явж байсан. “Юун хүүхэд юм бэ” гэж асуухад би “эгчээ өргөж авсан юм” гэж хэлж байсан. 2018 оны 8 сарын 19-ний өдөр Б.Энхжинг алга болдог өдөр “Есөн зүйл” дэлгүүрийн худалдагч эгч “Б.Энхжинг бараан хувцастай танихгүй эмэгтэй хүнтэй хөтлөөд “аниа баяртай” гэж хэлээд өнгөрсөн гэж цагдаагийнхан хэлж байсан.” /1хх-141-143/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад гэрч Х.Сугарсүрэнгийн өгсөн: “...2018 оны 8 дугаар сарын 19-ний өдөр цагийг нь тодорхой санахгүй байна. Б.Бямба-Очирын найз Дөлгөөн над руу утсаар нь залгаад Б.Бямба-Очирын дүү нь алга болчихсон. Батхуяг эгчийн дүү Батсуурь Дарханд ирсэн юм болов уу гэж асуухаар нь Батхуяг эгчийн дүү нь нас барсан ажилтай байгаа. П.Батсуурь хотоос ирсэн эсэхийг нь мэдэхгүй Батхуяг эгчээс очиж асуу гэж хэлсэн. Тэгтэл хэсэг хугацааны дараа дахиж Дөлгөөн яриад Бямба-Очир эмэгтэй дүү нь олдохгүй цагдаа дээр ирж мэдэгдээд байж байна таны дугаарыг цагдаад хэлсэн, тань руу залгаж Батсуурийн талаар асуух байх шүү гэж ярьсан.” /1хх-149-150/ гэх мэдүүлэг,  

 

Мөрдөн байцаалтад гэрч М.Төгөлдөрийн өгсөн: “...Түүнээс хойш П.Батсуурь өөрөө хүүхэд гаргахгүй гэдгээ мэддэг учраас өвчин зовлонтой ч бай хамаагүй үрчлэх хүүхэд олдвол хэдийг ч хамаагүй үрчилж авна гэж ярьдаг байсан. П.Батсуурьтай хамгийн сүүлд 2018 оны 8 дугаар сарын эхээр уулзахад өвчтэй дүүгээ гэрт харж асраад байж байсан. Дараахан нь өвчтэй дүү нь нас барсан Дархан-Уул аймаг руу ажил явдлаар явах гэж байна. П.Батсуурьтай танилцаад нэг гэрт амьдарч байхад зан төлөвийн хувьд зүгээр их даруухан байснаа сүүлийн 2-3 жилийн өмнөөс сэтгэцийн хувьд яг эрүүл биш юм шиг санагддаг болсон. Зарим үед стрессдэх болгондоо архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг болсон.” /1хх-151-152/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад гэрч С.Батсүхийн өгсөн: “...Өглөө 8 цаг өнгөрч байх үед жоохон хүүхэд "Ээжээ намайг авраарай" гээд уйлаад байсан. П.Батсуурь гэртээ хамт байсан. Би тэдний гэрт хүүхэд байдаггүй мэддэг учраас тэдний хаалганы цоожны нүхээр харсан чинь 3-5 орчим насны шар царайтай охин уйлж байсан. П.Батсуурь тэр үед ус авах гээд сав бариад худаг руу явж харагдсан. 21 цаг болж байсан. Байцаагч П.Батсуурийн гэрт хүүхэд байсан уу гэж асуухаар нь би “П.Батсуурийн гэрт хүүхэд байсан гэж хэлсэн” /1хх-63-64/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад П.Батсуурийн ялладагчаар өгсөн: “...П.Батхуягийн гэрт очихоор Тосгон ороод гудамж эргэх гээд явж байтал Б.Энхжин гэрийнхээ гадаа ганцаараа толгож байгаад намайг хараад “сайн уу” гээд гараараа далласан юм. Би “сайн уу” гээд хэлсэн чинь Б.Энхжин надаас “би зайрмаг идмээр байна” гэж хэлсэн. Би “ойрхон дэлгүүр хаана байгаа юм бэ” гээд асуусан чинь Б.Энхжин “тийшээ байгаа” гээд гараараа тосгоны эцсийн буудлын тийшээ заасан юм. Б.Энхжинг дагуулаад Тосгоны эцсийн буудлын дэлгүүр явсан. Дэлгүүрээс торхтой шокладтай зайрмаг, чихэр авсан. Дэлгүүрээс гараад дэлгүүрийн хажууд бид хоёр юм яриад хэсэг хугацаанд зогссон юм. Б.Энхжин “хуушуур идье” гээд “гуанз оръё” гээд автобус хүлээгээд хэсэг зогссон юм. Бид хоёр 7-н буудал руу алхсан. Б.Энхжин намайг “ээжээ, ээжээ” гээд дуудаад байхаар нь би “аав чинь юу хийж байгаа бэ” гэж асуусан чинь Б.Энхжин “аав унтаж байгаа” гэж хэлэхээр нь би “архи уучихсан юм уу” гэхэд “үгүй, зүгээр унтаж байгаа” гэж хэлсэн. Би Б.Энхжингээс “хоёулаа Улаанбаатар хот ороод манайд очоод ирье, манай охинд нэг тусламж хэрэгтэй байгаа” гэж хэлсэн. Б.Энхжин “тэгье, ээжээ” гэж хэлсэн. Автовокзал ороод 18 цагийн автобусанд 10.000 төгрөгийн билет аваад суугаад Улаанбаатар хот явсан. Хотод очоод шууд манай гэр рүү явсан. Маргааш нь босоод бид хоёр манай найз Анужинтай “Монтел” орж уулзсан. Б.Энхжинг дагуулж хотоор явж байгаад “Хархорин” захын ард байрлах буудалд нэг хоносон. 2018 оны 8 дугаар сарын 21-ний өглөө буудлаас гараад офицеруудын ордон орж найзынхаа дүүгээс мөнгө авах гэж байгаад цагдаа нарт баригдсан. Б.Энхжинг дагуулж явж цагдаа нартай уулзах гэж байсан юм. Манай охин одоо асрах газарт байгаа гэсэн. Аль асрах газарт байгааг мэдэхгүй. Б.Энхжинг бол би хүүхдээ хайхдаа хань татсан юм.” /1хх-73-74/ гэх мэдүүлэг,

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн №875 дугаартай дүгнэлтэд:

  1. Б.Энхжингийн биед гэмтэл тогтоогдсонгүй.” /1хх-169/ гэх мэдүүлэг,

-Гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-16-18/,

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын 826 дугаартай дүгнэлтэд:

1. П.Батсуурь нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл нь үгүй байна.

2. П.Батсуурь нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.

3. П.Батсуурь нь мөрдөн шалгах үйл ажиллагаа болон шүүхийн шатанд үнэн

зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.

4. П.Батсуурь нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.

5. П.Батсуурь нь сэтгэцэд нөлөөт эм бодисын хамааралтай гэх шинж тэмдэг үгүй байна.” /1хх-172-173/ гэх дүгнэлт,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн №12573 дугаартай дүгнэлтэд:

1. П.Батсуурь нь бэлгйн замын халдварт өвчингүй байна.

2. П.Батсуурь нь О/I/ бүлгийн цустай байна.

3. П.Батсуурь нь одоогоор үр тогтоох чадвартай эсэхийг нарийвчлан тогтоох боломжгүй байна.

4. П.Батсуурь нь жирэмсэн болж төрж байсан байна.

5. П.Батсуурийн биед гэмтэл тогтоогдсонгүй.” /1хх-54-55/ гэх дүгнэлт,  

 

-Мэдүүлэг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1хх-120-121/,

-Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-6-7, 8-11/,

-Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-20-21/,

-Насанд хүрээгүй хохирогчийн нас тоолсон тухай тэмдэглэл, төрсөний гэрчилгээний хуулбар /1хх-22-23/,

-Хэргийн газарт дахин үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-114-199/,

-Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1хх-120-121/,

          -Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-123/ зэрэг болно.

 

Дээрхи нотлох баримтуудыг нэгтгэн дүгнэвэл шүүгдэгч П.Батсуурь нь 2018 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар баг, Хараагийн 2-9 тоот хашааны гадна тоглож байсан 5 настай Б.Энхжинг хүүхэд гэдгийг мэдсээр байж хуурч мэхлэн авч явж хулгайлсан зэргийг нь насанд хүрээгүй хохирогч Б.Энхжин, түүний хууль ёсны төлөөлөгч Н.Батнайрамдал, Б.Цэрэнбадам нарын өгсөн мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Н.Дөлгөөн, Б.Бямба-Очир, гэрч С.Батсүх, Ж.Эрдэнэчимэг, гэрч Н.Сувданчимэг, Г.Батчулуун, Н.Энхбат, Х.Сугарсүрэн, М.Төгөлдөр, Батхуяг, П.Болд, С.Энхболд, И.Түвшинжаргал, сэтгэлзүйч Д.Ариунзаяа нарын өгсөн мэдүүлгүүд, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, насанд хүрээгүй хохирогчийн насыг тоолсон тухай тэмдэглэл, хэргийн газарт дахин үзлэг хийсэн тэмдэглэл,  мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, П.Батсуурийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон бусад хавтас хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд зэргээр нотлогдон тогтоосон байх тул шүүх дээрхи нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Шүүгдэгч П.Батсуурийн зүгээс “…Миний асрамжинд байдаг охинтой адилхан байсан тул хань датаад 2 хоног авч явсан нь үнэн. Би хүүхэд хулгайлаагүй” гэх тайлбар, шүүгдэгчийн өмгөөлөгчийн “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэх тайлбаруудыг гарган маргаж мэтгэлцэх боловч дээр дурьдсан нотлох баримтууд шүүгдэгчийн гэм бурууг хангалттай нотолсон гэж үзсэн тул хураангуйлан дараахи байдлаар шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн дүгнэлтэд шүүх няцаалт өгсөн болно.

 

Шүүгдэгч П.Батсуурь нь 2018 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар баг, Хараагийн 2-9 тоот хашааны гадна тоглож байсан 5 настай Б.Энхжинг хүүхэд гэдгийг мэдсээр байж хуурч мэхлэн авч явсан нь үйлдэл “хүн хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

 

Хүн хулгайлах гэдэг нь хэн нэг хүнийг өөрийнх нь хүсэл зоригоос гадуур, бусдад мэдэгдэхгүйгээр авч явж өөрийн захиргаанд оруулж, эрх, эрх чөлөөг нь хууль бусаар хязгаарлаж байгаа үйлдэл юм. Сэдэлт нь янз бүрийн байж болно. Хууль зүйн ойлголтоор 14 хүртэлхи насны хүнийг бага насны хүүхэд гэх бөгөөд эмнэлэг зүйн хувьд бүрэн хөгжөөгүй хүнийг хэлнэ.

 

Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байх нь шударга ёсны зарчимд нийцэх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарыг шүүх хүлээн авах боломжгүй байна.

 

            Ийнхүү шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурьдагдсан байдлаар шүүгдэгч П.Батсуурийн хохирогчийг хүүхэд гэдгийг мэдсээр байж хуурч мэхлэн авч явж хүн хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд шүүгдэгч П.Батсуурьт Эрүүгийн хуульд заасан хорих ял шийтгэлийг биелүүлэн эдлүүлэх нь шудрага ёсны зарчимд нийцэх бөгөөд шүүгдэгчид оногдуулсан хугацаатай хорих ялыг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч П.Батсуурь нь 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн яллагдагчаар нийт 112 хоног цагдан хоригдсон ба үүнийг  ял эдэлсэн хугацаанд оруулан тооцохоор тогтов.

 

Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болно.

 

Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Цэрэнбадам нь нэхэмжлэх зүйлгүй гэдгээ шүүх хуралдаанд илэрхийлсэн тул шүүгдэгч П.Батсуурийг бусдад төлөх төлбөргүйд тооцлоо.

 

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6,

36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Монгол овогт Пушкины Батсуурийг хүн хулгайлах гэмт хэргийг хүүхэд гэдгийг мэдсээр байж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар П.Батсуурийг 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т тус тус зааснаар П.Батсуурьт нарт оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-т зааснаар П.Батсуурийн цагдан хоригдсон 112 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.  

 

5. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, П.Батсуурь нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

 

           6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба П.Батсуурьт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

  8. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол П.Батсуурьт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,                                  

                        ШҮҮГЧ                                   Э.ЧИНГИС