| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатар Бадрах |
| Хэргийн индекс | 182/2022/03115/И |
| Дугаар | 210/МА2023/00577 |
| Огноо | 2023-03-17 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 03 сарын 17 өдөр
Дугаар 210/МА2023/00577
| 2023 оны 03 сарын 17 өдөр | Дугаар 210/МА2023/00577 |
А ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Н.Батзориг, Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 182/ШШ2023/00208 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: А ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Б ХХК-д холбогдох,
Шатахуун нийлүүлэх гэрээний үлдэгдэл төлбөрт 220,725,371 төгрөг, алданги 110,362,685 төгрөг, нийт 331,088,056 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бямба-Очир, өмгөөлөгч Б.Цэнгүүн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Даваасүрэн, өмгөөлөгч Ч.Атарболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: А ХХК нь Б ХХК-тай 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдөр 04/04 дугаартай Шатахуун нийлүүлэх гэрээ-г байгуулж тус гэрээний дагуу 2019 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн хооронд нийт 8,241,897,071 төгрөгийн үнэ бүхий шатахууныг нийлүүлснээс 8,021,171,700 төгрөгийг төлж барагдуулан үлдэгдэл 220,725,371 төгрөгийн төлбөрийг төлөөгүй.
Шатахуун нийлүүлэх гэрээний 2.5.2-т Тооцоо нийлснээс хойш 10 хоногийн дотор гүйцэтгэлийн дүнгээр захиалагчаас нийлүүлэгчид төлбөрийг төлнө гэж, мөн гэрээний 2.5.3 дахь хэсэгт Төлбөр төлөх хугацааг хэтрүүлсэн тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0.1 хувьтай тэнцэх хэмжээний алданги тооцож захиалагчаас нийлүүлэгчид төлнө гэж тус тус заасан.
Б ХХК нь Шатахуун нийлүүлэх гэрээний дагуу нийлүүлсэн шатахууны төлбөрийг 544 хоногоор хэтрүүлсэн байх тул тус гэрээний 2.5.3-т заасны дагуу хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.1 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг үндсэн төлбөрийн 50 хувиас хэтрэхгүй байхаар тооцоход 110,362,685 төгрөг байна.
Иймд хариуцагчаас гэрээний үлдэгдэл төлбөр 220,725,371 төгрөг, түүний хугацаа хэтрүүлсний алданги 110,362,685 төгрөг, нийт 331,088,056 төгрөгийг гаргуулж өгнө үү.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: А ХХК болон Б ХХК-ийн хооронд 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 04/04 дугаартай Шатахуун нийлүүлэх гэрээ-г харилцан тохиролцож байгуулсан. Тус гэрээний 2.5.2-т Тооцоо нийлснээс хойш 10 хоногийн дотор гүйцэтгэлийн дүнгээр захиалагчаас нийлүүлэгчид төлбөрийг төлнө гэж заасан боловч тус тооцоо нийлсэн акт бичгээр үйлдэх явцад А ХХК-аас тооцоо нийлэхэд шаардлагатай ямар нэгэн баримт бичиг ирүүлээгүй, жагсаалтын хүснэгтээр харилцан итгэлцлийн үндсэн дээр тооцоо нийлдэг байсан.
Б ХХК-ийн шатахууны нягтлан бодогч н.Үнэнзаяа нь тухайн үед урьдын адилаар итгэл хүлээлгэн тооцоо нийлсэн акт дээр хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж, тамга дарсан. А ХХК нь одоог хүртэл манай байгууллагатай албан ёсны тооцоо нийлсэн тулгалтыг баримтын шаардлага хангасан байдлаар хийгээгүй байгаа бөгөөд итгэл эвдэн үйлдсэн энэхүү хуурамч тооцоо нийлсэн актад үндэслэн нийт 544 хоногоор шатахууны төлбөрийг хэтрүүлсэн хэмээн шатахуун нийлүүлэх гэрээний үлдэгдэл төлбөр болох 220,725,371 төгрөг, алданги болох 110,362,685 төгрөг, нийт 331,088,056 төгрөгийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Нэхэмжилж буй тооцоо нийлсэн актын үлдэгдэл төлбөр нь тус компанитай гэрээтэй ажилладаг жолооч нарт нэхэмжлэгч худалдсан тул манай компани хариуцахгүй.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 243 дүгээр зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч Б ХХК-аас худалдан авсан шатахууны үлдэгдэл төлбөр 220,725,371 төгрөг, алдангид 110,362,685 төгрөг нийт 331,088,056 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А ХХК-д олгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,813,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 1,813,400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага, үйл баримтыг тогтоосон няцаах тодорхой нотлох баримт олох боломжгүй байсан тул шүүх хуралдаанд гэрч нарыг асуух, тагнуулын ерөнхий газраас баримт гаргуулах, дахин өмгөөлөгч аван өөрсдийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг хамгаалуулах талаар тайлбарлан хүсэлт гаргасан. Гэтэл шүүхээс уг хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн нь хэргийн оролцогчийн хүсэлтээр нотлох баримт бүрдүүлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан журмыг зөрчсөн.
Хариуцагчийн зүгээс гэрээ байгуулсанд маргадаггүй бөгөөд зөвхөн нийлүүлсэн шатахууны хэмжээнд буюу жолооч нарын авсан түлшний төлбөрийг төлөхгүй л гэж маргадаг. Хэдийгээр 95 хүнийг асуух нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд удаашруулах боловч хэргийн үндсэн татгалзлыг нотлох чухал ач холбогдолтой бөгөөд, гэрчүүдийн мэдүүлэг дээр шүүх дүгнэлт гаргах боломжтой, хэргийн бодит байдлыг тогтоох, зэрэг эрх зүйн үр дагавар үүсгэх байсан бөгөөд гэрч нь хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой болно. Хариуцагчийн зүгээс зөвхөн хэргийн бодит үйл явц, үр дагавар, учир байдлыг тогтоож, шүүхэд хандан өөрийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг хамгаалуулах хүсэлтийг гаргасан болно.
Хариуцагч талаас нотлох баримт гаргах боломжгүй байсан учир гэрчүүдийг асуун, хэрхэн яаж шатахуун авдаг байсан эсэх, шатахууны өр төлбөрийн үлдэгдэлтэй эсэх, төлбөрийг хэрхэн төлдөг байсан эсэх, энэхүү шатахууны гэрээ ямар учир холбогдолтойг гэрчүүдээс тодруулж, тооцоо нийлсэн акт үндэслэлтэй эсэх талаар нотлуулахыг хүссэн.
Хариуцагч нь өөрийн татгалзлын үндэслэлээ нотлох зорилгоор гэрчүүд асуулгахыг хүссэн боловч шүүхээс энэхүү хүсэлтийг хангахаас татгалзан, хариуцагчийн татгалзал, татгалзах үндэслэлээ нотлох эрхийг хязгаарласан атлаа шийдвэрийн үндэслэх хэсэгт хариуцагч баримт шүүхэд ирүүлээгүй, өөрөөр хэлбэл хариуцагч хариуцагчийн татгалзах үндэслэлээ нотлоогүй гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй юм. Мөн өөрсдийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг хамгуулах өмгөөлөгч авах хүсэлтийг мөн хангалгүй орхиж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргасан.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү.
5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга: Хариуцагч нь жолооч нараас авах мөнгөө суутгаж авч чадаагүй тул танай төлбөрийг шийдвэрлэж чадахгүй байна гэж тайлбарладаг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад жолооч нартай байгуулсан 95 ширхэг гэрээг гаргаж өгсөн. Уг гэрээнд жолооч нарын шатахууны төлбөрийг Б ХХК хариуцна гэж заасан. Манайх иргэн болон жолооч нартай гэрээний эрх зүйн харилцаанд оролцоогүй. Б ХХК-тай байгуулсан гэрээний дагуу эдгээр дугаар бүхий автомашинд түлж олгоно уу гэх хүсэлтийн дагуу шатахууныг олгож байсан. Тухайн жолоочид ажлын хөлсийг өгөхдөө түлшний үнийг суутгах эсэх асуудал нь жолооч болон Б ХХК-ийн хоорондох асуудал.
Хариуцагч байгууллага тооцоо нийлсэн акт хүчин төгөлдөр бус гэж маргасан тул тухайн тооцоо нийлсэн актыг үйлдсэн гэрч буюу Г-г гэрчээр оролцуулахад баримтад үндэслэж тооцоо нийлсэн, Б ХХК нь А ХХК-д өр төлбөртэй гэдгийг нотолсон.
Иймд шүүгч 95 жолоочийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулахгүй шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Манай зүгээс Б ХХК-тай тооцоо нийлж өөрийн данснаас төлбөрөө төлж явуулдаг байсан, жолооч нартай гэрээний харилцаа байхгүй тул тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч А ХХК нь хариуцагч Б ХХК-д холбогдуулан шатахуун нийлүүлэх гэрээний үлдэгдэл төлбөр 220,725,371 төгрөг, алданги 110,362,685 төгрөг, нийт 331,088,056 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. А ХХК болон Б ХХК нь 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Шатахуун нийлүүлэх гэрээ байгуулж, уг гэрээгээр А ХХК нь шатахуун, дизель түлшийг захиалсан хугацаанд нь нийлүүлэх, Б ХХК нь дизель түлшийг хүлээн авч, гэрээнд заасан үнийг хуваарийн дагуу төлөх үүргийг тус тус хүлээсэн байна /1хх 6-10/.
Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж зөв дүгнэжээ.
3.1. Нэхэмжлэгч нь хариуцагчид 2019 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд 8,241,897,071 төгрөгийн шатахуун нийлүүлсэн, хариуцагч нь шатахууны төлбөрт 8,021,171,700 төгрөгийг төлж, 220,725,371 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй гэх үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон байна.
3.2. Анхан шатны шүүх нь нэхэмжлэгч байгууллагын нягтлан бодогч Д-, хариуцагч байгууллагын нягтлан бодогч Г- нар гарын үсгээ зурж, санхүүгийн тэмдэг дарж баталгаажуулсан 2019 оны 12 дугаар сарын 31, 2020 оны 09 дүгээр сарын 22, 2020 оны 10 дугаар сарын 31, 2020 оны 12 дугаар сарын 31, 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар тооцоо нийлсэн баталгаа /1хх 11-16/,
Б ХХК-ийн нягтлан бодогч Г-, Г.Алтантуяа, нярав Т.Амарсанаа, А ХХК-ийн нягтлан бодогч Д- гэж гарын үсгээ зурж, санхүүгийн тэмдэг дарж баталгаажуулсан нийлүүлсэн шатахууны тооцооны дүнгийн жагсаалт зэрэг баримтад үндэслэж шатахууны төлбөрт 220,725,371 төгрөгийг нэхэмжлэгч нь хариуцагчаас шаардах эрхтэй гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт нийцжээ /1хх 32-146/.
3.3. Хариуцагч нь нэхэмжилж буй 220,725,371 төгрөгийн төлбөр нь тухайн хуулийн этгээдийн хариуцах төлбөрт хамаарахгүй гэж маргаж буй боловч гэрээний 2.5.1-д зааснаар 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 6 удаа тооцоо нийлж баримт үйлдэхдээ үүссэн төлбөрийг төлөхийг зөвшөөрч баталгаажуулжээ.
Мөн талуудын 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан гэрээгээр А ХХК нь Б ХХК-тай гэрээний үндсэн дээр ажиллаж буй жолооч нарт шатахуун нийлүүлж, тэдгээрээс шатахууны төлбөрийг авах үүргийн харилцаа үүсээгүй, энэ талаар Б ХХК-аас хэрэгт гаргаж өгсөн нэр бүхий жолооч нартай байгуулсан Хамтран ажиллах гэрээ-нд ч тусгагдаагүй болно.
Иймд анхан шатны шүүх нь хариуцагчийн гаргасан 81 жолоочийг гэрчээр асуулгах хүсэлтийг 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 182/ШЗ2022/15104 дугаар захирамжаар хангахаас татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасантай нийцсэн гэж үзэв. Энэ үндэслэлээр хэрэгт ач холбогдол бүхий гэрчүүдээс мэдүүлэг авахуулах хүсэлтийг хангаагүй гэх хариуцагчийн гомдлыг хангахгүй.
Түүнчлэн хариуцагч компани нь гэрээт жолооч нараас шатахууны төлбөрийг гаргуулахаар нэхэмжлэл гаргах нь эрх нь нээлттэй бөгөөд энэ шүүхийн шийдвэр саад болохгүй.
4. 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан гэрээний 2.5.2-д Тооцоо нийлснээс хойш 10 хоногийн дотор гүйцэтгэлийн дүнгээр захиалагчаас нийлүүлэгчид төлбөрийг төлнө гэж, 2.5.3-д Төлбөр төлөх хугацааг хэтрүүлсэн тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгээс 0,1 хувьтай тэнцэх хэмжээний алданги тооцож захиалагчаас нийлүүлэгчид төлнө гэж тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт нийцсэн байна.
Хариуцагч нь 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр тооцоо нийлж баталгаа үйлдсэнээс хойш шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл буюу 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийг хүртэлх хугацаанд 220,725,371 төгрөгийн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй.
Иймд нэхэмжлэгч нь 2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хүртэлх 544 хоногоор тооцож алданги 110,362,685 төгрөг нэхэмжилснийг анхан шатны шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт зааснаар хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан өмгөөлөгч авах хүсэлтийн дагуу 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн шүүх хуралдаан хойшлогдсон ба үүний дараа 2022 оны 11 дүгээр сарын 04, 14, 23, 12 дугаар сарын 09, 21, 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрүүдэд товлосон шүүх хуралдаан хойшлогдсон байна. Эдгээр хугацаанд хариуцагч тал өмгөөлүүлэх эрхээ хэрэгжүүлэх боломжтой байсан тул дахин өмгөөлөгч авах эрхийг хязгаарласан гэх гомдлыг хангах үндэслэлгүй.
Анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 182/ШЗ2022/14044 дүгээр захирамжаар хариуцагчийн гаргасан Тагнуулын ерөнхий газраас нэр бүхий 95 иргэнтэй байгуулсан хамтран ажиллах гэрээг нотлох баримтаар гаргуулах хүсэлтийг хангахаас татгалзсан байна. Хариуцагч нь дээрх хүсэлтэд дурдагдсан 95 гэрээнээс 81 иргэнтэй байгуулсан хамтран ажиллах гэрээг нотлох баримтаар гаргаж өгсөн нь хэргийн 1хх 249-250, 2хх 1-250, 3хх 1-230 дахь талд авагдсан байх тул Тагнуулын ерөнхий газраас нотлох баримт гаргуулах хүсэлттэй холбоотой гомдлыг хангахгүй орхив.
6. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 182/ШШ2023/00208 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б ХХК давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,813,390 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ
Т.БАДРАХ