| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2018/0120/Э |
| Дугаар | 1666 |
| Огноо | 2018-12-10 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | И.Ариунсанаа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 10 өдөр
Дугаар 1666
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Отгонмаа,
Улсын яллагч И.Ариунсанаа,
Хохирогч Г.Сарантуяа, түүний өмгөөлөгч Б.Бат-Отгон,
Шүүгдэгч Х.С , түүний өмгөөлөгч Н.Ганбат нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Х.С д холбогдох эрүүгийн 1806 05785 1892 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1989 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 29 настай эмэгтэй, дээд боловсролтой, хүнсний технологич мэргэжилтэй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, тоотод хамт оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар , хэрэг хариуцах чадвартай, Х.С .
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Х.С нь 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Цагаан хуаран” хотхоны орчимд Г.Сарантуяатай маргалдаж, түүний биеийн толгой, гар, хөлийг нь шалны модоор цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.С мэдүүлэхдээ: “....2018 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Г.Сарантуяа нь М.Бямбадорж руу таван минутын зайтай байнга залгаад байсан. Би М.Бямбадоржид “утсаа аваад яриач” гэхэд “өр нэхээд ажил хийлгэхгүй байна” гэсэн. “Утсаа ав” гэхэд миний хажууд ярьсан. Мөн гадаа гарч ярьсан. Удалгүй цагийн дараа Г.Сарантуяа өөрөө кароакед орж ирээд М.Бямбадорж бид хоёр руу юм авч шидсэн. Над руу мужааны хөрөө шидсэн. Би “юу болоод байна вэ, цагдаа дуудаад өгөөч, яагаад албан байгууллага дээр орж ирээд ийм асуудал үүсгээд байна вэ” гэж хэлсэн. Тухайн байгууллагад байсан хүмүүс “та нар байгууллага дотор яагаад асуудал үүсгээд байна вэ, гадаа гарч асуудлаа шийд” гэж хэлсэн. Биднийг гарахад М.Бямбадорж гартаа мод бариад гарсан. Юм яриад зогсож байгаад М.Бямбадорж гартаа байсан модоо газар шидэхэд Г.Сарантуяа гэх хүн тухайн модыг аваад над руу дайрсан. Би Г.Сарантуяагийн барьж байсан модыг булааж аваад зогсож байтал Г.Сарантуяа миний зургийг дараад “би одоо цагдаа дуудна, чи намайг зодсон” гэж худал ярьсан. Удалгүй бид гурав гурвуулаа цагдаагийн хэлтэс дээр очсон. М.Бямбадоржийн мэдүүлэгт “намайг энэ хүнийг “үстээд газар чирсэн” гэсэн байсан. Тухайн үед би энэ хүнийг үстээд газар чирсэн асуудал болоогүй. Цагдаагийн газар очиход Г.Сарантуяагийн хувцас урагдаагүй байсан. М.Бямбадорж, Г.Сарантуяа нар асуудлаа шийднэ гээд үлдсэн. Харин би байцаагчаас нь “явж болох уу” гэж асуухад “яв яв” гэсэн учир би явсан. Энэ хүнийг дайрч орж ирэхэд ЖСамданхүү гэх хүн хажууд байгаагүй атлаа худал мэдүүлэг өгсөнд гайхаж байна. Г.Сарантуяа орж ирээд өөрөө над руу дайрсан. Ж.Самданхүү тухайн газар ажилладаг хэдий ч хэрэг болох үед байгаагүй. Энэ хэргийг дахин шалгуулах хүсэлттэй байна.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Сарантуяа мэдүүлэхдээ: “....Би 100 айлд хөдөлмөр зуучлалын ажил хийдэг. Тухайн өдөр ажлаа тараад М.Бямбадоржоос 1.200.000 төгрөг авах ёстой байсан. Түүнтэй утсаар ярьсан нь үнэн. М.Бямбадорж “өнөөдөр цалин буусан” гэж хэлсэн. Би М.Бямбадоржийг хаана ажиллаж байгааг нь мэдэхгүй байсан учир Ж.Самданхүүгээс асуугаад ажил дээр нь очсон. Ж.Самданхүүтэй автобусны буудал дээр таарсан байсан. Тухайн үед Х.С о хаалга угаагаад гадна талд нь байсан ба М.Бямбадорж дотор сууж байсан. Би ороод М.Бямбадоржид “мөнгөө авъя” гэж хэлэхэд М.Бямбадорж “за, одоо өгье” гэж хэлсэн. Гэтэл Х.С араас орж ирээд олон юм яриад орилсон. Тэнд байж байгаад ажлын байранд ийм асуудал үүсгэхгүй гэж хэлээд гарсан. Тухайн үед камер бүрэн ажиллаж байсан. М.Бямбадорж модоор цохиж болохгүй гэж хэлж байсан. Мөн тухайн үед цагдаа нар хажуууд явж байсан. Тэгээд бид цагдаагийн байгууллага руу очсон. Тэгээд би М.Бямбадоржоос мөнгөө авсан. М.Бямбадорж “ажлынхаа хүмүүсийг хороолол хүргэж өгье, таныг замдаа буулгаад өгье” гэж хэлсэн. Энэ гурван хүн намайг эмнэлэг бараадуулъя гээд эмнэлэг авч явсан. Камерын бичлэг байсан бол бүрэн бичигдсэн байсан. Өөрийнхөө охин шиг хүүхдийг янзан бүрийн асуудалд оролцуулмааргүй байсан. Гэтэл энэ хүүхэд нэг удаа ч уучлалт гуйгаагүй. Хүүхэд шигээ хүн зодуулсанд гомдож байна.” гэв.
Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас хохирогч Г.Сарантуяагийн өгсөн мэдүүлэг /хх-17/, гэрч Ж.Самданхүүгийн өгсөн мэдүүлэг /хх-22/, гэрч М.Бямбадоржийн өгсөн мэдүүлэг /хх-25/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн шинжээчийн №7613 дугаартай дүгнэлт /хх-28/, шинжээч Т.Амартүвшингийн өгсөн мэдүүлэг /хх-93-95/, хохирол нэхэмжилсэн баримт /хх-42-43/, шүүгдэгч Х.С урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-41/ зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Х.С нь 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Цагаан хуаран” хотхоны орчимд Г.Сарантуяатай маргалдаж, түүний биеийн толгой, гар, хөлийг нь шалны модоор цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Мөрдөн байцаалтад хохирогч Г.Сарантуяагийн өгсөн: “...2018 оны 6 дугаар сарын 14-ний өдөр танил Самдан гэх хүний хамт Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “Цагаан хуаран” хотхон руу М.Бямбадорж гэгч залуугаас зээлүүлсэн мөнгөө авахаар очсон. Би хаалгаар орохдоо М.Бямбадорж харагдахаар нь “өө чи миний мөнгийг өгчихгүй дээ” гээд ортол Х.С гэгч “чи муу миний нөхөр дээр орж ирлээ” гээд элдэв муухай үгээр харааж эхэлсэн. Гэтэл тэр дотор байсан ажилчид нь “байгууллага дотор юу болж байна, та нар гар” гэхэд М.Бямбадорж, Х.С бид 3 гарсан. Х.С миний толгой руу гараараа цохиод гар руу цохиж байсан. Тэгээд “чи нөхөр дээр ирлээ” гээд орилж чарлаад хөл гаргүй цохиж байсан. Тэр үед эргүүлийн цагдаа нар ирээд бид гурвыг аваад явсан. Миний толгой руу нэг удаа гараараа цохисон. Хөл гараараа гар хөл рүү нилээн хэд цохисон. Барьсан модоороо өгзөг, хөл рүү 2-3 удаа цохисон.” /хх-9-10, 17/ гэсэн мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад гэрч Ж.Самданхүүгийн өгсөн: “...Тэгээд удалгүй Сараа эгч ирээд бид хоёр манай ажил руу орсон. Тэгээд багажаа тавьдаг жижиг өрөөнд ортол Х.С учир зүггүй баахан юм шидлээд уурлаад эхэлсэн. Тэгээд тэр хоёр хоорондоо маргалдах үед хамгаалагч нь “та нар эндээс гар, албан байгууллагад битгий хэрүүл хийгээд бай” гээд хашааны гадна гаргасан. Тэгээд М.Бямбадорж, Х.С , Сараа эгч 3 гарсан. Гадаа гараад болсон асуудлыг мэдэхгүй. Сүүлд асуудал болсоны дараа эмнэлэг дагуулж явахад даралт нь ихсээд тариа хийлгэсэн. Тэгэхэд баруун гар нь хөхөрсөн байсан. Би “наад гараа яасан юм бэ” гэж асуухад “Х.С тэр том модоор намайг цохиод ийм аймаар болгочихлоо” гэж байсан.” /хх-22/ гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад гэрч М.Бямбадоржийн өгсөн: “...Гэтэл удалгүй Г.Сарантуяа гэх хүн Самдангийн хамт ажил хийж байсан газар орж ирээд “чи яасан найдваргүй юм, би чамайг ийм хүн гэж бодоогүй” гэх мэтээр загнаж байтал Х.С “энэ хөгшин авгай яагаад чам дээр ирж байгаа юм бэ” гээд хардаж эхэлсэн. Тэгээд маргаан эхэлсэн ба байгууллагын ажилчид бид 3-ыг гадаа гаргасан ба би гартаа мод бариад гарсан. Гудамжинд байсан хүмүүс намайг “модоо хая” гэсэн. Гэтэл Х.С “хүмүүсээ энэ хөгшин авгай ирээд манай нөхрийг эргүүлээд байна” гэж орилоод гудмаар явсан хүмүүсийг өөртөө татсан. Тэр үед хүмүүс буруугаар ойлгож Г.Сарантуяа эгч бид хоёрыг “наад охиноо яагаад байгаа юм бэ” гэх мэтээр буруутгаж байсан. Х.С Г.Сарантуяаг үсдэж дараад хэд хэдэн удаа толгой нүүр хэсэгт нь цохиж харагдсан. Тэгээд Г.Сарантуяа биеэ хамгаалах гэсэн бололтой миний газар хаясан модыг авах гэтэл Х.С булааж аваад түүний өгзөг, нуруу хэсэгт нь цохиод байсан.” /хх-24-25/ гэх мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн шинжээчийн №7613 дугаартай дүгнэлтэд:
1. Г.Сарантуяагийн биед тархи доргилт, баруун нүдний гадна булан, шанааны цус хуралт, баруун мөр, бугалга. баруун гуяны цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрлийн байдлаас хамаарна. /хх-28/ гэх дүгнэлт,
Мөрдөн байцаалтад шинжээч Т.Амартүвшингийн өгсөн: “...Хэрэгт авагдсан гэрэл зураг шаардлага хангахгүй байгаа. Гэвч урьд гаргасан дүгнэлтэд буруун бугалга, баруун мөрөнд үүссэн цус хуралт гэмтэл нь хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтойг дүгнэлтэд дурьдсан байна” /хх-32/ гэх мэдүүлэг,
-Хохирол нэхэмжилсэн баримтууд /хх-42-43/,
-Гэрэл зургийн үзүүлэлт /хх-44-49/,
-Шүүгдэгч Х.С урьд ял шийтгэгдсэн эсэхийг лавлагаа /хх-41/ зэрэг болно.
Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нь хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, хохирогч нь дээрх болсон үйл явдлыг хараат бусаар мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг үнэлсэн шүүх эмнэлгийн дүгнэлт зэргээр тогтоосон байна.
Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.
Шүүгдэгч Х.С зүгээс “…Би энэ хэргийг үйлдээгүй. Энэ хэргийг дахин шалгуулах хүсэлттэй байна.” гэх тайлбар, шүүгдэгчийн өмгөөлөгчийн “...мөрдөн байцаалтад буцааж шалгаж өгнө үү” гэх тайлбаруудыг гарган мэтгэлцэх боловч мөрдөн байцаалтад хохирогч Г.Сарантуяагийн өгсөн: “...Х.С миний толгой руу гараараа цохиод гар руу цохиж байсан. Тэгээд “чи нөхөр дээр ирлээ” гээд орилж чарлаад хөл гаргүй цохиж байсан.” гэх мэдүүлэг, гэрч М.Бямбадоржийн өгсөн: “...Х.С Г.Сарантуяаг үсдэж дараад хэд хэдэн удаа толгой нүүр хэсэгт нь цохиж харагдсан. Тэгээд Г.Сарантуяа биеэ хамгаалах гэсэн бололтой миний газар хаясан модыг авах гэтэл Х.С булааж аваад түүний өгзөг, нуруу хэсэгт нь цохиод байсан.” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн шинжээчийн №7613 дугаартай дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “нотолбол зохих байдал”-ыг мөрдөн байцаалтын хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулсан нотлох баримтаар хангалттай нотлож, тогтоогдсон байх тул хэргийг дахин нэмэлт мөрдөн байцаалтад буцаах шаардлагагүй, хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон гэж шүүхээс дүгнэсэн тул шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.
Иймд шүүгдэгч Х.С 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Цагаан хуаран” хотхоны орчимд Г.Сарантуяатай маргалдаж, түүний биеийн толгой, гар, хөлийг нь шалны модоор цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Дээрх байдлаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүхээс шүүгдэгч Х.С нь эрхэлсэн тодорхой ажил, орлогогүй байдал, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Хохирогч Г.Сарантуяа нь эмчилгээний төлбөртэй холбоотой нийт 352.7000 төгрөг нэхэмжилсэнээс нотлох баримтын шаардлага хангасан 90.000 төгрөгийг шүүгдэгч Х.С ос гаргуулахаар тогтов.
Харин хохирогч Г.Сарантуяа нь холбогдох нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Х.С нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Монгол овогт Халтархүүгийн Солонгыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар Х.С д 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар Х.С нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д тус тус зааснаар шүүгдэгч Х.С ос 90.000 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Сарантуяад олгосугай.
5. Хохирогч Г.Сарантуяа нь цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
6. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Х.С нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Х.С д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Х.С д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС