| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2018/0120/Э |
| Дугаар | 1657 |
| Огноо | 2018-12-07 |
| Зүйл хэсэг | 11.1.1, |
| Улсын яллагч | Б.Ганбулган |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 07 өдөр
Дугаар 1657
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Отгонмаа,
Улсын яллагч Б.Ганбулган,
Хохирогч Б.Шатар,
Шүүгдэгч З.Л , түүний өмгөөлөгч М.Батмөнх нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч З.Л эд холбогдох эрүүгийн 1806 06654 1741 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1998 оны 3 дугаар сарын 3-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, туслах ажилтай, ам бүл 2, эхийн хамт Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, тоот оршин суух бүртгэлтэй, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар , хэрэг хариуцах чадвартай З.Л .
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч З.Л нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 8 дугаар сарын 6-ны өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Наран” нэртэй хүнсний дэлгүүрийн орчимд хагархай архины шилээр иргэн Б.Шатарын цээжин тус газар есөн удаа хатгаж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч З.Л мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтад үнэн зөвөөр мэдүүлсэн учир нэмж ярих зүйлгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Шатар мэдүүлэхдээ: “...Гомдол санал нэхэмжлэх зүйлгүй.” гэв.
Мөн талуудын хүсэлтээр мөрдөн байцаалтад цугларсан нотлох баримтуудаас хохирогч Б.Шатарын өгсөн мэдүүлэг /хх-9, 49/, гэрч Н.Хатанбаатарын өгсөн мэдүүлэг /хх-17/, гэрч Д.Золзаяагийн өгсөн мэдүүлэг /хх-51/, гэрч Х.Мөнхзулын өгсөн мэдүүлэг /хх-53/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 376 дугаартай дүгнэлт /хх-20-21/, хохирлын мөнгө хүлээлгэсэн өгсөн тухай тэмдэглэл /хх-29-30/, З.Л ийн гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-16/, шүүгдэгч З.Л ийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-55/, шинээр шүүгдэгч З.Л ийн орлогын талаарх 6 хуудас нотлох баримтыг гарган өгч шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч З.Л нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 8 дугаар сарын 6-ны өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Наран” нэртэй хүнсний дэлгүүрийн орчимд хагархай архины шилээр иргэн Б.Шатарын цээжин тус газар есөн удаа хатгаж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан болох нь:
Мөрдөн байцаалтад хохирогч Б.Шатарын өгсөн: “…2018 оны 8 сарын 5-ны өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хороонд байдаг манай гэрт найз З.Л хоноод маргааш өглөө буюу 8 дугаар сарын 6-ны өдөр манай гэрт 0.75 шилтэй Хараа нэртэй архи 2 шилийг хувааж уугаад бид хоёр нэлээд согтоод гэрт унтсан. Орой 18 цагийн үед босоод гэрээс гараад Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байдаг “Наран” хүнсний дэлгүүрээс дахиж 0.75 шилтэй Хараа архи аваад дэлгүүрийн арын гудамжинд Н.Хатанбаатар, З.Л , Дондог гээд манай тэр хавийн хүмүүстэй тааралдаад хувааж уугаад Дондог болон бусад байсан хүмүүс нь явсан. Тэгэхээр нь З.Л дахиж “Наран” дэлгүүрээс 0.75 шилтэй архи дахиж аваад гудамжинд Н.Хатанбаатар, З.Л бид гурав хувааж уугаад нэлээд согтсон тэр үед З.Л бид хоёр маргалдаад байсан одоо бол яг юунаас болж маргалдсаныг санахгүй байна нэг мэдэхэд З.Л ууж байсан архины шил хагалаад үзүүртэй хэсгээр нь миний баруун талын тохой, хэсэгт, нэг удаа хатгаж дараа нь миний зүүн талын далны доор хатгасан. Тэр үед би амьсгал авч чадахгүй ухаан алдаад нэг сэрэхэд би эмнэлэгт сэрсэн тэр үед манай ар гэрээс намайг гурван хоног сэхээнд байсан гэж хэлсэн...Би З.Л ийг архины шилээр намайг хатгаж байсанг бол санаж байна. Бид хоёр маргалдаж байгаад л гэнэт архины шил хагалж намайг хатгасан тэр үед хажууд хамт архи ууж байсан Н.Хатанбаатар байсан. Би шинжээчийн дүгнэлтэд ямар нэгэн гомдол санал байхгүй хүлээн зөвшөөрч байгаа. Миний биед хийсэн хагалгаа сайн болсон. Харин одоо бол амьсгаа авахад цээжээр хатгаж өвдөж байгаа түүнээс өөр зүйл байхгүй. Би эмчилгээний зардал гэж 1.000.000 төгрөг нэхэмжилж байна. Энэ мөнгөнд миний цаашид эмчлүүлэх зардал
бас орсон байгаа. З.Л миний эмчилгээний зардлыг гаргаж өгвөл өөр гомдол
санал бол байхгүй.” /хх-9-10/ гэх мэдүүлэг,
Мөн түүний дахин хохирогчоор өгсөн: “...Найз З.Л надад эмчилгээний зардал гэж бэлэн 1.000.000 төгрөг өгсөн. Надад өөр нэхэмжлэх хохирол байхгүй. Миний хувьд ямар нэгэн гомдол саналгүй.” /хх-14/, “...би найз З.Л ээс эмчилгээний зардал гэж 1.000.000 төгрөг авсан. Надад одоо найз З.Л ээс нэхэмжилж байгаа зүйл болон гомдол санал байхгүй. Бид хоёрын дунд таарамжгүй харилцаа байгаагүй тухайн хэрэг гардаг өдөр би архи ууж тасраад эхлээд өөрөө найз З.Л ын нүүр рүү цохиод байсан гэсэн. Түүнээс болж зодоон эхэлсэн байх. Надад ямар нэг гомдол санал байхгүй.” /хх-49/ гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад гэрч Н.Хатанбаатарын өгсөн: “...Маргааш нь буюу 2018 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн өглөө 21 цагийн үед босоод бид нар мөнгөө нийлүүлээд 0.75 граммын 4 шил Хараа архи аваад З.Л , Б.Шатар бид гурав өдөржингөө ууж байгаад орой 21-22 цагийн үед архи дууссан. Архи дуусангуут дахин архи авахаар З.Л Б.Шатар бид гурав гэрээс гарч “Наран” дэлгүүрээс 0.75 граммын 1 шил Хараа архи аваад “Наран” дэлгүүрийн ертөнцийн зүгээр баруун талд байдаг усны худгийн хажууд очиж авсан архиа бид нар уусан. Архиа дөнгөж уугаад талдаа ч ороогүй байхад Б.Шатар, З.Л хоёр муудалцсан. Юунаас болоод муудалцсаныг би мэдээгүй, нэг нэгийгээ үгээр идээд Б.Шатар “чи тэгээд юу гэх гээд байгаа юм” гээд муудалцаад хоёулаа зэрэг бие биенийгээ хувцаснаас бариад заамдалцаад хашааны булан эргэсэн. Би араас нь очоод салгах хооронд З.Л газраас архины шилний хагархай аваад зүүн талын цээж рүү нь 1 удаа хатгасан. Тэгэхээр нь би “болио” гэж хэлээд Б.Шатарыг яг газар унаж байхад нь газар унагалгүйгээр тосож барьж авсан. З.Л зугтаад явсан. Б.Шатарын зүүн талын цээжнээс цус гарсан. Би өөрийнхээ 8894800 дугаарын утсаар 103 руу утастаж түргэний эмч дуудсан. Түргэний эмч 20-иод минутын дараа ирээд Б.Шатарыг авч явсан. Түргэний эмчтэй зэрэгцээд цагдаа нар ирээд намайг авч явсан. Тэр хоёр яг юунаас болж муудалцсаныг нь би мэдэхгүй байна. Тэр хоёр бие биенийгээ заамдаад нүүр рүүгээ цохилцоод байсан. Дараа нь З.Л газраас архины хагархай шил аваад Б.Шатарын цээж рүү 1 удаа хатгасан. Тэр хоёр муудалцаж байсан үгүйг мэдэхгүй байна. Хоорондоо найзархаг харилцаатай, өс хонзон, өр авлага байхгүй байх. Бид нар бүгдээрээ нэлээн их согтолттой байсан. Тухайн асуудал болох үед бид нарын хажууд хэн ч байгаагүй. Б.Шатар, З.Л бид 3 л байсан. Энэ хоёрыг 2008 оноос хойш таньдаг болсон.“ /хх-17/ гэх мэдүүлэг,
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 376 дугаартай дүгнэлтэд:
1. Б.Шатарын зүрх, үнхэлцэг гэмтээж, цээжний зүүн хөндийн цусан хураагаар хүндэрсэн цээжний хөндийд нэвтэрч хатгагдсан шарх болон цээж, хэвлийн хана, баруун шуу, зүүн ташаа, зүүн гуянызүсэгдсэн шархнууд гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
3. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. /хх-20-21/ гэх дүгнэлт,
Мөрдөн байцаалтад З.Л ийн яллагдагчаар өгсөн: “...Би 2018.оны 8 дугаар сарын 5-ны өдрийн 21 цагийн үед хохирогч Б.Шатартай Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байдаг “Наран” дэлгүүрийн хажууд уулзаад дэлгүүрээс 0.75 шилтэй Хараа архи аваад Б.Шатарын гэрт очиж архи уусан. Тэр үед манай найз Галаа, Цедка буюу Хатанбаатар гурав хамт яваад тэр оройноо Шатарын гэрт хонож архи уусан. Маргааш буюу 2018 оны 8 дугаар сарын 6-ны өглөө Галаа, Цедка, хоёр яваад Шатарын эхнэр Туяа, Хатанбаатар бид дөрөв үлдэж дахиж архи уугаад орой 22 цагийн үед Шатарын гэрээс Хатанбаатар, бид хоёр дэлгүүр орж архи авахаар гараад “Наран” дэлгүүрээс 0.75 шилтэй Хараа архи аваад гарахдаа Галаа, Эрдэнэ, Дондог, Шинээ, нартай дэлгүүрийн үүдэнд таараад авсан архи худгын хажууд хувааж уусан. Тэр үед Б.Шатар араас худаг дээр ирээд авсан архи хувааж уусан. Тэр үед би өөрөө муудаж согтсон нэг мэдэхэд Б.Шатар цээж нүцгэн миний цээж, нүүр рүү цохиод байхаар нь би уурлаад газар байсан архины хагархай шил аваад Б.Шатарын хэвлий хэсэгт нь нэлээд олон удаа хатгасан хүчтэй хатгасан чинь Б.Шатар согтуу “чи дахиад намайг хатга” гээд бархираад над руу дайраад байсан чинь хажуу талаас Дондог “одоо боль” гээд хориглохоор нь би шууд гэр рүү яваад тэр шөнө гэрээсээ цагдаад унтаж цагдаад баригдсан. Хохирогч Б.Шатар бид хоёр найзалж нөхөрлөөд 7 жил болж байна энэ хугацаанд маргалдаж байсан удаа байхгүй. Харин хэрэг гардаг өдөр хохирогч бид хоёр хоёулаа архи хэтрүүлэн хэрэглэсэн бас хоорондоо юунаас болж маргалдсаныг санахгүй байна. Нэг мэдэхэд би уурандаа газар байсан архины хагархай шил аваад олон удаа хатгаж найз Б.Шатарын биед хүнд гэмтэл учруулсан хэрэг үйлдсэн нь миний буруу би хийсэн хэргээ хүлээж байна.” /хх-45/ гэх мэдүүлэг,
-Хохирол нэхэмжилсэн баримтууд /хх-25-30/,
-Шүүгдэгч З.Л ийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-55/ зэрэг болно.
Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийн хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Иймд шүүгдэгч З.Л ийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 8 дугаар сарын 6-ны өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Наран” нэртэй хүнсний дэлгүүрийн орчимд хагархай архины шилээр иргэн Б.Шатарын цээжин тус газар есөн удаа хатгаж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг бүрэн агуулсан байна.
Ийнхүү шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурьдагдсан байдлаар шүүгдэгч З.Л ийн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж, түүнд Эрүүгийн хуульд заасан хорих ял шийтгэл оногдуулах нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч З.Л нь хохирогч Б.Шатарт учруулсан хохирлыг нөхөн төлсөн ба үүнийг шүүхээс эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдад тооцсон ба энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүхээс шүүгдэгч З.Л эд ял шийтгэл оногдуулахад гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлж хор уршгийг арилгасан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-т заасан торгуулийн ял шийтгэл оногдуулахаар шийдвэрлэв.
Хэрэгт авагдсан материалаас үзэхэд шүүгдэгч З.Л эрхэлсэн тодорхой ажил хөдөлмөр эрхэлдэг бөгөөд шүүгдэгчийн хувийн байдал, хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж зэргийг харгалзан шүүгдэгчид оногдуулсан торгох ялын хугацааг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч З.Л ийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч З.Л ийг 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар З.Л эд нь шүүхээс оногдуулсан торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар З.Л эд нь оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногийн хорих ялаар сольж болохыг дурдсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, З.Л нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба З.Л эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч З.Л эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС