Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2023/00595

 

 

2023 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2023/00595

 

 

А ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Н.Батзориг, Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 103/ШШ2023/00069 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: А ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Б-, В- нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 12,009,300 төгрөг гаргуулах иргэний хэргийг хариуцагч буюу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Бадрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагч нарын өмгөөлөгч Д.Цолмон /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Чулуунчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Б- болон хамтран зээлдэгч В- нар нь 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 459 тоот зээлийн гэрээ байгуулан Шевролет крузе /Chevrolet cruze/ маркийн, **-** БРА улсын дугаартай тээврийн хэрэгслийг барьцаалж 2,000,000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай, гэрээнд заасан хугацаанд үндсэн зээлийг хүүгийн хамт төлөөгүй тохиолдолд хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувиар, гэрээний хугацаа дууссан тохиолдолд 0,5 хувиар алданги төлөх нөхцөлтэйгөөр зээлсэн. 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 459 тоот зээлийн гэрээг үндэслэн үндсэн зээл 2,000,000 төгрөг дээр ахуйн хэрэгцээндээ 500,000 төгрөгийг нэмж зээлэн нийт зээлийн хэмжээ 2,500,000 төгрөг болсон. Зээлийн гэрээ дуусмагц талууд хоорондоо харилцан тохиролцож 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүртэл 8 сараар сунгалт хийсэн. Мөн цар тахлаас шалтгаалан дахин зээлийн гэрээний хугацаа сунгах хүсэлт гарган 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүртэл сунгасан.

2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 459 дугаартай зээлийн гэрээний үүрэгт 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүртэлх хугацаанд бэлнээр болон дансаар нийт 1,168,800 төгрөг төлсөн. Уг зээлийн гэрээний үүрэгт хариуцагч нар үндсэн зээл 2,500,000 төгрөг, хүү 1,324,600 төгрөг, алданги 1,912,300 төгрөг, нийт 5,736,900 төгрөг төлөх үүрэгтэй.

1.2. Мөн 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 496 тоот зээлийн гэрээ байгуулан Тоёото приус /Toyoto prius/ маркийн **-** БРА улсын дугаартай тээврийн хэрэгслийг барьцаалж 2,400,000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай, гэрээнд заасан хугацаанд үндсэн зээлийг хүүгийн хамт төлөөгүй тохиолдолд хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувиар, гэрээний хугацаа дууссан тохиолдолд 0,5 хувиар алданги төлөх нөхцөлтэйгөөр зээлсэн. Энэхүү зээл хуваарийн дагуу төлөгдөж байгаад зээлийн гэрээ дуусмагц талууд хоорондоо харилцан тохиролцож 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл 12 сараар сунгалт хийсэн. Мөн цар тахлаас шалтгаалан дахин зээлийн гэрээний хугацаа сунгуулах хүсэлт гарган 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл сунгалт хийсэн.

Зээлдэгч нар нь 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 496 дугаартай зээлийн гэрээний үүрэгт 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд нийт 998,400 төгрөгийг бэлнээр болон дансаар шилжүүлэн өгсөн. Уг зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 2,400,000 төгрөг, хүү 1,781,600 төгрөг, алданги 2,090,800 төгрөг, нийт 6,272,400 төгрөгийг хариуцагч нар төлөх үүрэгтэй.

Зээлийн гэрээний 2.2.6-д зааснаар зээлдэгч нь зээлдүүлэгчийн нэр дээр шилжүүлсэн автомашиныг бусдад худалдан борлуулахыг хориглосон заалтыг зөрчсөн ба автомашины нэрийг шилжүүлээгүй байна.

Иймд Б- болон В- нараас 2 зээлийн гэрээний үүрэгт 12,009,300 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагч буюу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б-гийн татгалзал, тайлбарын агуулга: Би А ХХК-аас 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 2,000,000 төгрөгийн зээл авч 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 2,500,000 төгрөгөөр зээлээ хаасан. 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 500,000 төгрөг аваад, энэ зээлээ өмнөх зээлүүдтэйгээ нийлүүлээд 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр 2,496,000 төгрөгөөр хаасан. Өмнөх бүх зээлээ хаасны маргааш нь буюу 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 2,400,000 төгрөгийн зээл авсан ба зээлийн төлөлтөд нийт 2,273,800 төгрөг төлсөн.

Анх 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр зээл авахдаа би өөрөө авсан. 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн зээлийг В-тай хамтарч аваагүй, уг зээлүүдэд В- хамааралгүй. Автомашин онхолдсон учир хямд худалдаж, мөнгийг нь зээлийн хүүд өгсөн. Зээл аваад хангалттай мөнгө төлсөн учраас одоо төлөх төлбөргүй, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 286 дугаар зүйлийн 286.1, 286.3, 232 дугаар зүйлийн 232.8, Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 141 дүгээр зүйлийн 141.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч В-аас 2,718,920 төгрөг, Б-гаас 6,054,478 төгрөг, нийт 8,773,398 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А ХХК-д олгон, нэхэмжлэлээс үлдэх 3,235,902 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 222,048 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б-гаас 111,822 төгрөг, В-аас 58,453 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

 

4. Хариуцагч буюу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б-гийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Би зээлийн төлбөрөөс 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 2,500,000 төгрөгийг, 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр 2,496,000 төгрөгийг дансаар төлсөн, мөн бэлэн мөнгөөр тус тус төлж нэхэмжлэлд дурдсан 2 зээлийн гэрээний эхнийх буюу 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн зээл болох 2,000,000 төгрөгийг, мөн нэмж зээлсэн 500,000 төгрөгийг, мөн өмнөх зээлийн үлдэгдлийг төлж барагдуулсан.

Харин дараагийн зээл болох 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн зээлийг хүүгийн хамт дансаар болон бэлнээр төлж дуусгасан гэж үзэж байна.

Анхан шатны шүүх 2019 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 96,000 төгрөгийн төлөлтийг хийхдээ утга дээр нь барьцаалсан автомашины дугаар болох **-** гэсэн дугаарыг тавьсан, уг автомашиныг 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан гэрээний үүрэгт барьцаанд тавьсан үйлдлээс харахад 96,000 төгрөгийн төлөлт нь 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр байгуулсан гэрээнээс өмнө байгуулсан гэрээний үүрэг болох нь харагдаж байна" гэж дүгнэсэн. Шүүх хуралдаанд 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр зээлийн гэрээг байгуулсан огноотой боловч зээлээ 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс өмнө авсан байсан, харин зээлийн гэрээг зээл авснаас хойш нөхөж бичиж гарын үсэг зуруулсан тухай би тайлбарлаж хэлсэн боловч үнэлээгүй. Энэ нь 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс өмнө буюу 2019 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 96,000 төгрөгийг, 2019 оны 5, 6, 8, 9 дүгээр сард төлөлт хийж байснаар нотлогддог. Мөн дансны хуулга, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан зээлийн эргэн төлөлтийн талаарх тооцоолол тайлбараар нотлогддог. Нэхэмжлэгч талаас зээл олгосон тухай нотлох баримтыг гаргаж өгөөгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн бичгээр гаргасан тайлбарын агуулга: Зээлийн гэрээг нөхөж хийх боломжгүй. Хариуцагчийн төлсөн гэж тайлбарлаж буй төлбөр нь урьд нь авсан зээлээ хаасан. Урьд авсан зээлийн гэрээг гаргаж өгөх манай байгууллага бэлэн байна. Хэрэв зээлээ хаасан бол сар дараалан зээл хаасны төлбөрийг шилжүүлж байсан нь дансны хуулгаас нь харагддаг. Үүнээс үзэхэд зээл хаагаагүй нь тодорхой харагдана. 2019 оны оны 03 дугаар сарын 20-ны өдөр авсан зээл нь Б-гийн дансаар олгогдсон тул тухайн сарын хуулгаар хэзээ авсан нь харагдана. Зээлийн гэрээг нөхөн зуруулна гэж байхгүй. Эцэст нь зээл хаасан гээд байгааг өмнөх зээлийн гэрээг нотлох баримтаар гаргах хүсэлтэй, мөн зээлээ хаасан гэж үзэж байгаа бол зээл хаасан хаасан гэж үзэж байгаа хугацаанаас хойших төлбөрүүд ямар учиртай мөнгө шилжүүлсэн гэх зэргээс үзэхэд зээлээ хаагаагүй нь тодорхой харагдана.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийн хүрээнд хариуцагчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйн улмаас шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүйг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой байна.

 

2. Нэхэмжлэгч А ХХК нь хариуцагч Б-, В- нараас

- 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 459 дугаартай зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 2,500,000 төгрөг, хүү 1,324,600 төгрөг, алданги 1,912,300 төгрөг, нийт 5,736,900 төгрөг,

- 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 496 дугаартай зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 2,400,000 төгрөг, хүү 1,781,600 төгрөг, алданги 2,090,800 төгрөг, нийт 6,272,400 төгрөг, нийт 12,009,300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч нь 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 459 дугаартай зээлийн гэрээний дагуу 2,500,000 төгрөг, 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 496 дугаартай зээлийн гэрээний дагуу 2,400,000 төгрөгийг хариуцагч нарт шилжүүлэн өгсөн үйл баримтыг зөв тогтоосон.

 

2.1. Зохигчийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 286 дугаар зүйлийн 286.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй.

Талууд зээлийн гэрээг бичгээр байгуулсан, уг гэрээгээр зээлийн хүү тохиролцсон нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1, 282.3 дахь хэсэгт, зээлдэгч гэрээнд заасан хугацаанд үндсэн зээлийг хүүгийн хамт төлөөгүй тохиолдолд хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувиар, гэрээний хугацаа дууссан тохиолдолд 0,5 хувиар алданги төлөхөөр харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6 дахь хэсэгт тус тус нийцсэн байна.

 

2.2. Харин нэхэмжлэгч нь хариуцагч нартай 2 удаа зээлийн гэрээ байгуулахдаа БРА **-**, БРА **-** улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийг үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар фидуцийн гэрээ хийснийг анхан шатны шүүх хуульд нийцсэн гэж буруу дүгнэжээ.

Учир нь Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1 дэх хэсэгт барьцаалан зээлдэх газар нь зээлийн гэрээний үүргийг хангуулахаар зээлдэгчээс хөдлөх эд хөрөнгийг барьцаанд бариулахыг шаардах эрхтэй гэж зааснаар нэхэмжлэгч нь хөдлөх эд хөрөнгө барьцаалах эрхтэй. Өөрөөр хэлбэл, барьцаалан зээлдэх газар нь хөдлөх эд хөрөнгийг зөвхөн барьцаалах эрхтэй ба тухайн хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг өөрт шилжүүлэн авах эрхгүй юм.

Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн тул мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт зааснаар хууль зөрчсөн гэх үндэслэлээр уг гэрээ хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг анхан шатны шүүх хууль буруу тайлбарлан хэрэглэж, фидуцийн гэрээг хүчин төгөлдөр гэж дүгнэснийг дээрх байдлаар залруулан дүгнэнэ

 

3. 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 459 дугаартай зээлийн гэрээний харилцаа зээл, зээлийн хүүг төлснөөр үүрэг дуусгавар болсон гэх үндэслэлээр үндсэн зээл 2,500,000 төгрөг, хүү 1,324,600 төгрөг, алданги 1,912,300 төгрөг, нийт 5,736,900 төгрөг гаргуулах шаардлагыг хариуцагч нар эс зөвшөөрсөн.

 

3.1. Хариуцагч нар нь уг гэрээний дагуу 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 2,000,000 төгрөг, 03 дугаар сарын 11-ний өдөр 500,000 төгрөг, нийт 2,500,000 төгрөг хүлээн авснаас хойш 2019 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс 03 дугаар сарын 19-ний өдрийг хүртэлх хугацаанд дансаар 5,192,000 төгрөг, бэлнээр 93,400 төгрөг, нийт 5,285,400 төгрөгийг нэхэмжлэгчид төлжээ /хх 39, 114-115, 117/.

Гэрээнд тохирсон 4 хувиар хүүг 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийг хүртэлх хугацаанд тооцоход 2,000,000 төгрөгийн зээлийн хүү 240,000 төгрөг, 500,000 төгрөгийн зээлийн хүү 20,000 төгрөг байна.

 

3.2. Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч талын гэрээний үүргийг төлж дуусгавар болгосон гэх тайлбарыг баримтаар няцаагаагүй, хариуцагчийн 2019 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс 03 дугаар сарын 19-ний өдрийг хүртэлх хугацаанд төлсөн төлбөрүүд нь өөр гэрээний үүргийн гүйцэтгэлд хамаарах болохыг нотлоогүй.

Ийнхүү хариуцагч талын гаргасан баримтыг үгүйсгэх баримт хэрэгт авагдаагүй байхад анхан шатны шүүх Б-гийн 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр төлсөн 2,500,000 төгрөг, 02 дугаар сарын 16-ны өдөр төлсөн 96,000 төгрөг, 03 дугаар сарын 19-ний өдөр төлсөн 2,496,000 төгрөг зэргийг баримтаар нотлогдоогүй, өмнө байгуулсан гэрээний төлбөр гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байгааг дараах байдлаар залруулна.

 

3.3. Иймд 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 459 дугаартай зээлийн гэрээний үндсэн зээл 2,500,000 төгрөг, хүү 260,000 төгрөгийн төлбөрт 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар 5,285,400 төгрөгийг хариуцагч нар төлж барагдуулсан, мөн тухайн гэрээний харилцаанд алданги тооцох хугацаа хэтэрсэн нөхцөл тогтоогдохгүй тул 5,736,900 төгрөг гаргуулах шаардлагыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 286 дугаар зүйлийн 286.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулна.

4. 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 496 дугаартай зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 2,400,000 төгрөг, хүү 1,781,600 төгрөг, алданги 2,090,800 төгрөг, нийт 6,272,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

4.1. Нэхэмжлэгч нь гэрээгээр тохирсоны дагуу зээлийн мөнгөн хөрөнгийг хариуцагч нарт шилжүүлэн өгсөн тул Иргэний хуулийн Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 286 дугаар зүйлийн 286.1 дэх хэсэгт зааснаар үндсэн зээл 2,400,000 төгрөгийг шаардах эрхтэй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн.

 

4.2. Гэрээнд зааснаар хүү тооцохдоо гэрээ сунгасан хугацаа, мөн гэрээний хэрэгжилтийн явцад батлагдсан Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн холбогдох зохицуулалтыг анхан шатны шүүх зөв тайлбарласан байна.

Харин Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 141 дүгээр зүйлийн 14.1.1 дэх хэсгийн Барьцаалан зээлдүүлэх газар зээлдэгчтэй байгуулсан зээлийн гэрээний хүүгийн хэмжээг сарын 3 хувиас, алдангийн хэмжээг өдрийн 0.2 хувиас хэтрүүлэхгүй тооцно гэх зохицуулалт нь 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс хэрэгжиж эхэлснийг анхан шатны шүүх анхаараагүй, мөн хүүгийн тооцооллын алдаа гаргасныг залруулан дүгнэнэ.

 

4.3. 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 496 дугаартай зээлийн гэрээний 1 дэх хэсгийн 2-т зааснаар 2,400,000 төгрөгийн зээлийн хүүг сарын 4 хувиар 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэлх хугацаанд тооцоход 2,112,000 төгрөг,

Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 141 дүгээр зүйлийн 14.1.1 дэх хэсэгт зааснаар зээлийн хүүг сарын 3 хувиар 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс гэрээг сунгасан сүүлийн хугацаа болох 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд тооцоход 576,000 төгрөг болж байна.

Иймд нэхэмжлэгч нь гэрээнд болон хуульд зааснаар тооцсон хүү 2,688,000 төгрөгийг Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй.

Анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн баримталсан нь шаардах эрхийн үндэслэл болохгүй тул шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн нэг дэх хэсэгт баримталсныг хасч өөрчлөлт оруулна.

 

4.4. Зээлийн гэрээнд заасан алдангийн тохиролцоо нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6 дахь хэсэгт нийцсэн болохыг дээр дүгнэсэн болно.

Гэхдээ нэхэмжлэгч нь барьцаалан зээлдэх журмаар зээл олгосон тул уг зээлийн харилцаанд Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн тухайн цаг хугацаанд үйлчилж байсан нарийвчилсан зохицуулалт үйлчилнэ.

Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.3 дахь хэсэгт заасны дагуу зээлдэгч зээл, түүний хүүг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд барьцаалагдсан хөрөнгийг худалдан борлуулах эрх зээлдүүлэгчид үүсэх бөгөөд тэрээр барьцаалагдсан хөрөнгийг худалдан борлуулах замаар үүргийг хангуулах тухай зээлдэгчид нэн даруй бичгээр мэдэгдэж, ийнхүү мэдэгдсэнээс хойш 10 хоногийн дотор зээлдэгч үүргээ гүйцэтгээгүй бол барьцааны зүйлийг худалдан борлуулах эрхтэй байна. Өөрөөр хэлбэл, барьцаалан зээлдэх журмаар олгосон зээлийн үүргийг нэн даруй биелүүлэх богиносгосон хугацааг, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр богино хугацаанд хангуулах боломжийг зээлдүүлэгчид хуулиар олгосон тул барьцаалагдсан хөрөнгийг худалдан борлуулахаар мэдэгдсэнээс хойш 10 хоногийн хугацааны алданги шаардах эрхтэй.

Харин нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1 дэх хэсэгт заасныг зөрчиж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл байна.

Иймд Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.3 дахь хэсэгт зааснаар барьцаалагдсан хөрөнгийг худалдан борлуулах эрхээ нэхэмжлэгч алдсан тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар 10 хоногийн алданги гаргуулахаар шаардах эрхгүй.

 

4.5. Хамтран зээлдэгч нарын хариуцах үүргийн хэмжээнд анхан шатны шүүх алдаатай эрх зүйн дүгнэлт өгснийг зөвтгөн дүгнэв..

2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 496 дугаартай зээлийн гэрээг байгуулахад Б-, В- нар нь хамтран зээлдэгчээр оролцож, зээлийн мөнгөн хөрөнгийг хүлээн авсан тул тэдгээрийг Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт зааснаар хамтран үүрэг гүйцэтгэгчид тооцно. Гэрээний сунгалтад В- гарын үсэг зураагүй нь түүнийг 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй бол тэдгээрийн үүрэг тэнцүү байхаар зохицуулсан тул хариуцагч нар зээлийн гэрээний үүргийг тэнцүү хэмжээгээр хариуцна.

 

4.6. Гэрээний хэрэгжилтийн явцад болон шүүхэд нэхэмжлэл гарсны дараа 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд хариуцагч нар нь 2,172,900 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн /хх 39-40, 42, 44, 47-56, 113, 118-123/.

Үүнийг зээлийн гэрээний нийт үүрэг 5,088,000 төгрөгөөс хасч тооцож үлдэх 2,915,100 төгрөгийг хариуцагч нараас гаргуулан нэхэмжлэгчид олгож, уг гэрээнд үндэслэж гаргасан шаардлагаас 3,357,300 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгох нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт нийцжээ.

5. Хариуцагч Б-, В- нараас үндсэн зээл, хүү 2,915,100 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас зээл, хүү, алданги 9,094,200 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт зааснаар оруулах нь зүйтэй.

Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэсэнтэй холбоотой улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтад өөрчлөлт оруулна.

 

6. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 103/ШШ2023/00069 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 286 дугаар зүйлийн 286.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б-, В- нараас 2,915,100 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 9,094,200 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж,

2 дахь заалтын хариуцагч Б-гаас 111,822 төгрөг, В-аас 58,453 төгрөг тус тус гэснийг хариуцагч нараас 61,592 төгрөг гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 155,325 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ

 

Т.БАДРАХ