| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2018/0120/Э |
| Дугаар | 1699 |
| Огноо | 2018-12-13 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | О.Багшбаяр |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 13 өдөр
Дугаар 1699
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Отгонмаа,
Улсын яллагч О.Багшбаяр,
Шүүгдэгч Б.Мэндхорлоо, Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар ирүүлсэн шүүгдэгч Б.Э , Б.М нарт холбогдох эрүүгийн 1806 07264 2027 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1970 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тэсэлгээчин мэргэжилтэй, Таван толгой ХХК-д тэсэлгээчин ажил эрхэлдэг, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Багануур дүүргийн 4 дүгээр хороо Рашаант 26 гудамж 11 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэл эдлэж байгаагүй, регистрийн дугаар ВЮ70071518, Б.Э .
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1990 оны 2 дугаар сарын 11-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, Пауер бласт ХХК-д тэсэлгээчин ажил эрхэлдэг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 21 дүгээр хороо Горькийн 19-631 тоотод оршин суух бүртгэлтэй, 2008 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 202 дугаартай Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхээс
Монгол улсын эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар хоёр жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4-т зааснаар Б.Мэндхорлоод оногдуулсан хорих ялыг тэнсэж нэг жилийн хугацаагаар хянан харгалзсан, регистрийн дугаар ТБ90021112, Б.М .
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Б.Э , Б.М нар нь бүлэглэн 2018 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ч.Цогтоог зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Э мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв учраас өнөөдрийн шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.М мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв учраас өнөөдрийн шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй.” гэв.
Мөн мөрдөн байцаалтад цугларсан нотлох баримтуудаас хохирогч Ч.Цогтоогийн мэдүүлэг /хх-8-10/, Шинжээчийн №10868 тоот дүгнэлт /хх-12/, яллагдагч Б.Э ын мэдүүлэг /хх-50-53/, яллагдагч Б.М мэдүүлэг /хх-54-55/, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол /хх-48-51/, шүүгдэгч Б.Э ын урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-21/, шүүгдэгч Б.М ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-35/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Э , Б.М нар нь бүлэглэн 2018 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ч.Цогтоог зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Мөрдөн байцаалтад хохирогч Ч.Цогтоогийн өгсөн: "...2018 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр ажлаа тараад өөрийн эзэмшлийн 78-29 УБИ улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн машинтай 25 дугаар эмийн сангийн ойролцоо явж байхад хүн гар өргөхөөр нь таксины үйлчилгээнд явсан. Би гэр лүүгээ 1000 оюутны байрны ар талд явж байхад замын эсрэг таын урсгалаас явган хүн зам хөндлөн гарч ирээд миний машины урд ирээд зогсохоор нь би машинаа зогсоогоод замаас холдооч гэж хэлсэн. Тэгээд нөгөө залуу шууд миний дэргэд ирээд онгорхой цонхоор намайг заамдаж авахаар нь би шууд хаалга онгойлгож буугаад замаас холдуулах гээд байж байхад уг хүнтэй хамт явж байгаа бололтой залуу хүрээд ирсэн. ...Мэндхорлоо гэх залуу эхлээд машины цонхоор намайг заамдаж авсан. Машинаас буутал Мэндхорлоо гэх залуу намайг заамдаад барьтал настай нь болох Эрдэнэбат ирээд заамдаад авсан. Эрдэнэбат гэх хүн эхэндээ салгаж байснаа сүүлдээ Мэндхорлоогийн хамт над руу дайрч эхэлсэн. ... Эрдэнэбат Мэндхорлоотой давхраар хавсарч газар унагасан. ...Эрдэнэбат Мэндхорлоо нар намайг хашаа руу шахаад боосон. Би боолтноос гараад замын хашлага дээр нуруу хэсгээрээ унасан. ... Баруун гарын долоовор хуруу тулсан. Гар хүзүү шалбарсан, хөхөрсөн байна, бас толгой, нуруу өвдөж байна" /хх-8-10/,
Шинжээчийн №10868 тоот дүгнэлт:
1. Ч.Цогтоогийн биед бүсэлхийн нугаламын зөөлөн эдийн няцрал, хүзүү, баруун бугалганд цус хуралт, баруун гарын 2-р хурууны 2-р үений зөөлөн эдийн няцрал тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн, шинэ гэмтэл байна.
З. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар түр сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нелеөлөхгүй. /хх-12/,
Мөрдөн байцаалтад шүүгдэгч Б.Э ын яллагдагчаар өгсөн: “Би хамт ажилладаг Мэндхорлоо, Мөнгөншагай нарын хамт 2018 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах бааранд архи уусан. Би их архи уусан байсан тул тухайн тухайн үед юу болсон талаар сайн санахгүй байгаа. Би нэг мэдэхэд Мэндхорлоо, Мөнгөншагай нарын хамт эрүүлжүүлэх байранд байж байсан. Нөгөө хоёроос юу болсон талаар асуухад хүнтэй маргаж машины толь хугалсан гэж байсан.” /хх-50-53/ гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад шүүгдэгч Б.М яллагдагчаар өгсөн: “Би Ч.Цогтоогийн биед уг гэмтлийг учруулсанаа хүлээн зөвшөөрч байна. Би өдөр нь гурвуулаа хоёр шил 0,75 граммын архи уусан байсан. Би маш их согтсон байсан.” /хх-54-55/ гэх мэдүүлэг,
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол /хх-48-51/,
Шүүгдэгч Б.Э ын урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-21/,
Шүүгдэгч Б.М ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-35/ зэрэг болно.
Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нь хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, хохирогч нь дээрх болсон үйл явдлыг хараат бусаар мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг үнэлсэн шүүх эмнэлгийн дүгнэлт зэргээр тогтоосон байна.
Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Б.Э , Б.М нар нь бүлэглэн 2018 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ч.Цогтоог зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Дээрх байдлаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.
Шүүхээс шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан 450 нэгжээр торгох ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Э , Б.М нар нь хохирогчид хохирол төлбөрөө төлж барагдуулсан, хохирогч гомдол саналгүй болсон байна. Үүнийг шүүхээс эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Б.Э , Б.М нар нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон
хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Э , Б.М нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Б.Мэндхорлоо, Б.Э нар тус бүрийг 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Б.Мэндхорлоо, Б.Э нар нь шүүхээс оногдуулсан 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Б.Мэндхорлоо, Б.Э нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Б.Мэндхорлоо, Б.Э нар нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Мэндхорлоо, Б.Э нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Мэндхорлоо, Б.Э нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС