| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мянгаагийн Наранцэцэг |
| Хэргийн индекс | 101/2016/02296/и |
| Дугаар | 1169 |
| Огноо | 2016-06-15 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, Цалин хөлсний маргаан, Ажлаас үндэслэлгүй халагдсан /захиргааны албан хаагч/, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 06 сарын 15 өдөр
Дугаар 1169
МАГАДЛАЛ
2016 оны 06 дугаар сарын 15 Дугаар 1169 Улаанбаатар хот
ХХ-ийн нэхэмжлэлтэй
Иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Мөнхзул, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2016/02296 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч ХХ-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч ХХХ-д холбогдох,
Барилгын хөгжлийн инженерийн ажилд эгүүлэн тогтоолгох, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах тухай иргэний хэргийг,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,
Шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ, ХХХХХ,
Нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: 2013 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Барилга хөгжлийн төвд захиалагчийн хяналтын инженерийн ажилд орсон. Ажиллаж байх хугацаандаа би Замын-Үүдийн бүсийг Дорноговь аймагтай хамтад нь хариуцаж байсан. Би 20 гаран жил барилгын салбарт ажиллахдаа нэг ч удаа халагдаж үзээгүй. Барилгын хөгжлийн төв надад барилгын хяналтын инженерээр ажиллах ажлын санал тавихад би хүлээн зөвшөөрч ажиллаж эхэлсэн. Намайг тус төвийн даргын 2013 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 367 тоот тушаалаар ажлаас халсан. Ямар үндэслэлээр ажлаас халсныг ойлгохгүй байгаа. Халагдах үндэслэлийг хариуцагч тайлбарлахдаа “яамнаас 3 инженер сахилгын шийтгэл ногдуулах тушаал ирүүлсэн тул ХХХ, ХХХ, ХХ нарт сахилгын шийтгэл ногдуулсан” гэж байсан. Одоо энэ хоёр хүн ажлаа хийгээд явж байгаа. Намайг ганцааранг нь ажлаас халсан болохоор мөн хариуцагч тал миний эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрийг одоо хүртэл өгөхөөгүй. Би өрх толгойлсон эрэгтэй хүн. Намайг үндэслэлгүй ажлаас халсан тул ХХХ-ийн захирлын сахилгын шийтгэл ногдуулах тухай 2013 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 367 дугаартай тушаалыг хүчингүй болгож, ажилдаа эгүүлэн тогтоолгомоор байна. Миний 1 сарын үндсэн цалин 589 075 төгрөг бөгөөд 2013 оны цалин нь 1 610 814 төгрөг болж байгаа. 2014, 2015 оны цалинг 24 сараар бүтэн тооцоход 14 137 800 төгрөг болно. 2016 оны 1 дүгээр сар, 2 дугаар сарын цалин 1 178 150 төгрөг болж байгаа. 3 дугаар сарын 1-ний өдрөөс 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл ажлын 9 өдрийн цалин 240 984 төгрөг, нийт 17 167 748 төгрөг болж байна. Энэ 17 167 748 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү гэжээ.
Хариуцагч ХХХ-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ шүүхэд гаргасан тайлбарт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: ХХ нь тус төвийн захиалагчийн хэлтсийн хяналтын инженерийн албан тушаалд 2013 оны 8 дугаар сарын 16-ны өдрөөс 6 сарын туршилтын хугацаагаар тус төвийн захирлын 31 дугаар дугаар тушаалаар томилогдсон. ХХ нь тус албан тушаалдаа ажиллах хугацаандаа улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Дорноговь аймгийн Замын-Үүд суманд хэрэгжиж байгаа 150 хүүхдийн цэцэрлэгийн барилга байгууламжийн ажил, 960 хүүхдийн сургуулийн барилга байгууламжийн ажил, Соёл, спортын цогцолборын барилга байгууламжийн ажил, 100 ортой эмнэлгийн барилгын угсралтын ажил, Улаанбаатар хотод хэрэгжиж байгаа барилга байгууламжийн хийж бүтээцийн газар хөдлөл судлалын сорил шинжилгээний төв лабораторийн барилга угсралтын ажлуудад захиалагчийн хяналт тавьж ажилласан. Дорноговь аймгийн Замын-Үүд суманд хэрэгжиж байгаа дээрх ажлуудад захиалагчийн хяналт тавихаар 2013 оны 8 дугаар сарын 23-ны өдрөөс 30-ны өдрүүдэд газар дээр нь албан томилолтоор тус тус ажилласан. Дорноговь аймгийн Замын-Үүд суманд хэрэгжиж байгаа 10 ортой эмнэлгийн барилга угсралтын ажил, Улаанбаатар хотод хэрэгжиж байгаа барилга байгууламжийн хийж бүтээцийн газар хөдлөл судлалын сорил шинжилгээний төв лабораторийн барилга угсралтын ажлуудад санхүүжилт олгохоор ХХ нь гүйцэтгэлийн төсөвт гарын үсэг зурж баталгаажуулан Барилга, хот байгуулалтын яаманд хүргүүлсэн. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа төсөл арга хэмжээнүүдийн хэрэгжилтэд Барилга, хот байгуулалтын яамнаас газар дээр нь хяналт шалгалт хийж манай байгууллагаас захиалагчийн хяналт хийж байсан ХХ нь хариуцсан барилга байгууламжийн ажлын явцтай танилцаагүй, талбайн ажлын журналд тэмдэглэл хөтлөөгүй, гүйцэтгэлийн төсвийг ахиулан тооцсон зэрэг ноцтой зөрчил гаргасныг илрүүлсэн. Энэхүү Барилга, хот байгуулалтын яамны хяналт шалгалтын мөрөөр ХХ-ийн Дорноговь аймгийн Замын-Үүд суманд албан томилолтоор ажилласан ажлын талаар судлан үзэхэд албан томилолтоор ажиллах явцдаа захиалагчийн хяналтыг хангалтгүй гүйцэтгэсэн, тавьсан шаардлага, өгсөн зөвлөмж байхгүй, ажилтайгаа танилцаж талбайн журналд гарын үсэг зураагүй, түүнчлэн ажлын цагаар дур мэдэн сэлгүүцэж Эрээн хот руу зорчсон, ажлын цагаар архидан согтуурсан зэрэг ноцтой зөрчлүүдийг гаргасан байна. Барилга, хот байгуулалтын яамны төрийн нарийн бичгийн даргаас цаашид захиалагчийн зүгээс тавих хяналт шалгалтын ажлыг сайжруулах, хийгдээгүй ажлын гүйцэтгэлд гарын үсэг зурж баталгаажуулсан мэргэжилтэнд хариуцлага тооцох албан тоотыг тус төвд ирүүлсэн. Иймд ХХ-ийн гаргасан зөрчилд хууль тогтоомжийг үндэслэн туршилтын хугацаанд албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж үзэж тус төвийн захирлын 2013 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн 367 дугаар тушаалаар ажлаас халах сахилгын шийтгэлийг ногдуулсан. Мөн 2014 онд ХХ-ийн гаргасан нэхэмжлэлийг дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхээс хянан үзээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-д заасны дагуу тус тус 3 удаа буцаасан болно.
Түүнчлэн Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д “хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна” гэж заасан байна. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан ажилтан ажлаас буруу халсан тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш 1 сарын дотор гаргана гэж заасан хуулийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснөөс хойш шүүхэд 3 дахь удаагаа нэхэмжлэл гаргаж байна. Иймд ХХ-ийн гаргасан нэхэмжлэлийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар ХХг ХХХ-ийн Захиалагчийн хэлтсийн барилга угсралтын хяналтын инженерийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар ХХ-ийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 12 102 938 төгрөгийг хариуцагч ХХХ-өөс гаргуулж нэхэмжлэгч ХХд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 5 064 810 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар нэхэмжлэгч ХХ-ийн болон хариуцагчийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг ХХХ-ийн захирал болон нягтлан бодогчид даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар дээрх нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурьдаж, хариуцагч ХХХ-өөс улсын тэмдэгтийн хураамжид 208 597 төгрөг гаргуулан улсын орлогод оруулахыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Хариуцагч ХХХ-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ давж заалдах журмаар гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: ХХ нь “Хөдөлмөрийн тухай хууль”-ийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацааг зөрчин нэхэмжлэлийг удаа дараа гаргаж байгаа болно. Анхны шүүхэд гаргасан нэхэмжлэл нь хууль зөрчөөгүй гэж байгаа боловч анхан шатны шүүхэд удаа дараа шүүхэд нэхэмжлэлээ дэмжиж ирдэггүй, шүүх хуралдаандаа биечлэн оролцдоггүй. Тухайлбал, 2014 онд 2 удаа нэхэмжлэлийг буцаасан. Хурал зарлахаар нэхэмжлэлээ дэмжиж огт ирдэггүй учир 2014 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 8856 дугаар захирамж шүүгч ХХХХ-ийн, 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 24914 дүгээр шүүгч ХХ-ийн захирамжуудаар нэхэмжлэлийг буцаасан. Гэтэл шүүхийн шийдвэрт “ХХ-ийн нэхэмжлэлийг шүүх 2014 оны 2 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч 2014 оны 2 дугаар сарын 25-ны өдөр иргэний хэрэг бөгөөд нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар шүүх хуралдаанд ирээгүй тул 2014 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн 8856 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг буцаасан ба уг захирамжийг шууданд хийсэн тухай баримт алга байна. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ХХХХХ-д 2014 оны 8 дугаар сарын 5-ны өдөр нэхэмжлэл, түүнтэй холбоотой баримтуудыг хүлээлгэн өгчээ гэжээ.
Гэтэл нь энэ нь нэхэмжлэгчийн өмгөөлөгч ХХХХХ шүүхийн шийдвэр гарсныг мэдсэний улмаас шүүхийн архивт шилжсэн хэргийн баримтаас шаардлагатай баримтуудаа өөрөө ирж авсан гэх өөрийн гараар бичсэн нотлох баримтын шаардлага хангаагүй баримт байсан. Учир нь шүүхээс хүлээлгэн өгсөн гарын үсэг бусад нотлох баримт байхгүй байна.
Мөн 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 24914 “...захирамжийг 2015 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр шуудангаар зохигчдод хүргүүлсэн баримт хэрэгт авагдсан хэдий ч нэхэмжлэгч тал 2015 оны 5 дугаар сарын 13-ны өдөр шүүхээс нэхэмжлэл буцаасан баримтуудыг хүлээн авчээ” гэжээ. Гэтэл хариуцагч байгууллагын хаягаар 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр шуудангаар хүргэгдэж ирсэн байдаг.
Харин нэхэмжлэгчийн өмгөөлөгч 2015 оны 5 дугаар сарын 13-ны өдөр шүүхээс хүлээн авсан гэсэн баримт байхгүй болно. Шүүх хөөн хэлэлцэх хугацаа маргаантай байхад хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан.
ХХ оршин суугаа хаягаараа шуудангаар хүлээн аваагүй гэж мэдүүлж байгаа нь энэ хаягтаа оршин суудаггүй нь тодорхой байна. Учир нь ХХд иргэний үнэмлэх байхгүй зөвхөн иргэдэд үйлчлэх автомат машинаас иргэний үнэмлэхний лавлагаа авч өгсөн байдаг бөгөөд энэхүү лавлагаа нь 45 хоногийн хугацаанд хүчинтэй байдаг. Нэхэмжлэгч ХХ-ийн оршин суух хаяг тодорхойгүй учир шүүх нэхэмжлэгчийг эрэн сурвалжлах үүрэг хүлээх эрх зүйн үндэслэлгүй юм.
Нэхэмжлэгч ямар хаягт байгаагаа мэдэгдэх нь ИХШХШТХ-ийн 77 дугаар зүйлийн 77.8-д зааснаар үүрэг юм. Энэхүү захирамж гарч байсныг ХХ нь 2015 оны 1 дүгээр сард мэдсэн гэж 2015 оны 8 дугаар сард болсон Болормаа шүүгчийн шүүх хуралдаан дээр мэдүүлсэн боловч, түүнчлэн хавтаст хэрэгт байсаар байтал танилцаагүй гэж худал мэдүүлдэг. Гэсэн хэдий ч шүүхэд дахин нэхэмжлэл гаргаж байгаа нь шийдвэрүүдийг мэдэж байсныг нотлож байна.
Шүүх иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.4-т “Шаардах эрх нь нэхэмжлэгчийн үйлдлээс шалтгаалах бол хөөн хэлэлцэх хугацааг нэхэмжлэгч уг үйлдлийг хийх ёстой байсан үеэс тоолно” гэж заасан ба “нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхээ сэргээлгэх нэхэмжлэл хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна гэж үзсэн бөгөөд шүүгчийн захирамжийн хүчин төгөлдөр болох, түүнийг гардан авах хугацааг мөн харгалзан үзсэн болно” гэж хуулийг буруу хэрэглэсэн байна.
Хийх ёстой байсан үе нь ИХШХШТХ-ийн 100.7-д хэргийг зохигч талын эзгүйд шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт ердийн журмаар давж заалдах гомдол гаргана. 120.2-т Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор аймаг, нийслэлийн шүүхэд давж заалдах гомдол гаргаж болно. 120.4-д Зохигч ба хэргийн бусад оролцогч, түүнчлэн тэдгээрийн эрх залгамжлагч шүүхээр нэгэнт хянан шийдвэрлэгдсэн маргааны талаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах буюу шүүхээс нэгэнт тогтоогдсон үйл баримт, эрх зүйн харилцаа, иргэний хэрэг хянан шийдвэрлэх өөр ажиллагааны талаар маргах эрхгуй гэж зааснаар шийдвэр гарснаас 14 хоногийн дотор эхэлнэ.
Анхан шатны шүүхийн шийдвэрт “Дорноговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга нь 2014 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 240 тоот албан бичгийг ХХХ-ийн захирал Б.Баярсайханд хүргүүлсэн ба уг албан бичигт “... танай инженер ХХ нь 2013 оны 8, 9 дүгээр сард хяналт хийсэн байна. Тэрээр хяналт хэрэгжүүлэхдээ орон нутаг дахь байгууллагатай хамтарч ажиллаагүй, талбайн журналд хяналтын ажлаа дутуу бичсэн зэрэг алдаа дутагдал гаргасан тул анхаарна уу” гэжээ. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2014 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 06/100/588 тоот “100 ортой эмнэлгийн тухай” дүгнэлт болон мөн байцаагчийн 2014 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 06/100/198 тоот “Зөрчил арилгуулах тухай” албан шаардлага зэрэг нь нэхэмжлэгч ХХг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн тушаал гарснаас хойш үйлдэгдэн гарсан тул дээрх албан бичиг албан шаардлага, дүгнэлтэд дурдсан зөрчлийг ХХг гаргасан гэж үзэн нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүйг дурдлаа” гэжээ.
Гэтэл энэхүү зөрчлүүд нь бүгд ХХгаас үүдэлтэй юм. Учир нь ХХ нь тус албан тушаалд ажиллах хугацаандаа Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй томоохон төсөл арга хэмжээнүүдийн хяналтыг хэрэгжүүлэн ажилласан бөгөөд энэхүү арга хэмжээний үүрэг болох Дорноговь аймгийн Замын-Үүд суманд хэрэгжиж байсан “100 ортой эмнэлгийн барилгын угсралтын ажил”-ыг хариуцан ажиллах хугацаандаа 213 оны 8 дугаар сарын 24-ний “ХХХХХХ” ХХК-ийн талбайн журналд ганцхан удаа тэмдэглэл хөтлөхдөө 100 ортой эмнэлгийн цутгамал бетон хучилтыг угсармал бетон хучилтын хавтангаар, А блокын 3 дугаар давхрын К, Е тэнхлэгийн дагуу 1.4 метр консолыг хийхгүй байх саналыг автор зөвшөөрлөөр хийх гэж бичсэн.
Энэ нь барилгын зургийг шууд өөрчилж болох мэтээр буруу чиглэл зөвлөмж өгч гүйцэтгэгч “ХХХХХХ” ХХК нь дур мэдэн зургийг өөрчлөн зориулалтын дагуу ашиглах боломжгүй болгосон. Ялангуяа 3 дугаар давхрын 7-8/Е, 7-8/К тэнхлэгүүдэд 1.35 м-ийн өргөнтэй консолтой төлөвлөсөн байхад угсралтын ажлын явцад консолгүй гүйцэтгүүлэн, мэс заслын өрөөнүүдийн хэмжээг багасгасан мэс заслын өрөөнүүдийн хэмжээг багасган зориулалтаар нь ашиглах боломжгүй болгосон. Нэгэнт барилга угсралтын ажил 2013 оны 8, 9 дүгээр саруудад хийгдсэн учир алдааг сүүлд нь засах боломжгүй болсны улмаас цаашид энэхүү 10 ортой эмнэлгийн барилгыг зориулалтын дагуу ашиглах боломжгүй болсон бөгөөд одоог хүртэл ашиглалтад ороогүй төдийгүй улсын төсөвт нийт 4.0 тэрбум төгрөгийн хохирол учруулаад байгаа болно.
Энэ нь ХХ албан үүргээ хангалтгүй гүйцэтгэж Барилгын тухай хууль, БНбД-ийг зөрчин зааварчилгаа өгснөөс үүдэлтэй юм. 2014 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн дүгнэлтийн 6 дугаар хуудасны 9-д Барилгын зураг төсөлд 3 дугаар давхрын 7-8/Е, 7-8/К тэнхлэгүүдэд 1.35м-ийн өргөнтэй консолтой төлөвлөсөн байхад угсралтын ажлын явцад консолгүй гүйцэтгэн, мэс заслын өрөөнүүдийн хэмжээг багасгасан нь “Барилгын тухай хуулийн” 16.2, 9.1.1 дэх заалтыг зөрчсөн гэж дүгнэсэн. Гэтэл шүүх дээрх үйлдлийг нь нотолсон баримтыг нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй гэж үзэн ХХ ямар ч буруугүй мэтээр дурдаж байгаа нь нотлох баримтуудыг буруу үнэлж хэт нэг талыг барьсан шийдвэр гаргажээ.
Мөн шийдвэрт нэхэмжлэгч ХХ нь 2013 оны 8 дугаар сарын 23-наас 27-өдрүүдэд, 2013 оны 9 дүгээр сарын 25-27-ны өдрүүдэд Дорноговь аймгийн Замын-Үүд суманд ажиллахдаа амралтын өдрөөр БНХАУ-ын Эрээн хотод зорчсон хэмээн тайлбараа гаргасан гэж хуульд нийцсэн үйлдэл мэтээр тайлбарлажээ.
Тус төвийн захирлын 2012 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 100 дугаар тушаалаар батлагдсан “Албан томилолт”-ын журамд заасны дагуу ХХд албан томилолт бичиж өгсөн. Учир нь барилга угсралтын ажил нь улирлын чанартай явагддаг ажил учир хяналт тавьж ажиллахдаа амралтын өдрийг оролцуулан Дорноговь аймгийн Зам-Үүд суманд ажиллуулах албан томилолтыг бичиж өгсөн бөгөөд ХХ нь томилолт бичигдсэн хугацаанд ажиллах үүрэгтэй билээ.
Гэтэл ХХ нь барилга угсралтын ажилд хяналт тавих биш БНХАУ-ын Эрээн хотод хувийн шугамаар зорчиж ажилдаа хариуцлагагүй хандсан байдаг. Тус төвийн дотоод журамд заасны дагуу захиргааны санаачилгаар амралтын өдөр ажиллуулсан тохиолдолд өөр өдөр нөхөн амруулах буюу ээлжийн амралттай нь хамтатган олгоно гэж заасан байгаа нь ХХ илт хууль бус үйлдлүүд гаргасан байхад шүүх хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хэт нэг талыг барьж хуулийг буруу хэрэглэн шийдвэр гаргасан тул хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг хуульд нийцүүлэн дүгнэж чадаагүй, хэрэглэвэл зохих хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
Нэхэмжлэгч ХХ нь хариуцагч ХХХ-д холбогдуулан барилгын хяналтын инженерийн ажилд эгүүлэн тогтоолгох, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл ХХг 2013 оны 8 дугаар сарын 16-ны өдөр хариуцагч байгууллагын захирлын 313 тоот тушаалаар ХХХ-ийн Захиалагчийн хэлтэст барилга угсралтын хяналтын инженерийн ажилд 6 сарын туршилтын хугацаагаар ажиллуулах, 2013 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 335 тоот тушаалаар Барилга, хот байгуулалтын сайдын багцад тусгагдаж батлагдсан 2013-2014 онд баригдах барилга байгууламж, өргөтгөл, их засварын ажлын гүйцэтгэлд хяналт тавих инженерээр томилсон, 2013 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 367 тоот тушаалаар ХХг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3-д зааснаар ажлаас халсан байна.
ХХ ажлаас халсан тушаалыг 2013 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр гардан авсан, 2013 оны 11 дүгээр сарын 29, 2014 оны 01 дүгээр сарын 16, 2014 оны 02 дугаар сарын 12-ны өдрүүдэд нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргасан байх ба Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2014 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 8856 дугаар захирамжаар нэхэмжлэлийг буцаасан, тус шүүхийн шүүгчийн 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 24914 дүгээр захирамжаар нэхэмжлэлийг буцаасныг 2015 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр нэхэмжлэгчид шуудангаар хүргүүлсэн, /хх 363 дугаар хуудас/ 2015 оны 5 дугаар сарын 14-ний өдөр гаргасан нэхэмжлэлийг Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 16967 дугаар захирамжаар хүлээн авахаас татгалзсан, 2015 оны 6 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авсан нэхэмжлэлд шүүх иргэний хэрэг үүсгэн шийдвэрлэсэн үйл баримт тогтоогдсон, энэ талаар зохигч маргаагүй.
Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлд заасан шүүхээс гомдол гаргах хугацааг тодорхойлсон зохицуулалыг зөв тайлбарлан хэрэглэж чадаагүй байх тул нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.6, 119.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ХХ нь нэхэмжлэлийг буцаах тухай 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 24914 тоот захирамжийг 2015 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр буюу уг захирамжийг шуудангаар хүргүүлсэн өдөр хүлээн авсан гэж үзэх тул энэ үеэс эхлэн нэхэмжлэгчийн шүүхэд хандан нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааны тасалдал зогсохыг хуульд заасан журмаар тоолж эхлэх учиртай.
Дээрх хугацаанаас хойш буюу 2015 оны 5 дугаар сарын 14-ны өдөр нэхэмжлэгч ХХ шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.2-т заасан хугацаанд ажлаас үндэслэлгүй халагдсантай холбоотой шаардлагыг 1 сарын дотор гаргах хугацааг хэтрүүлсэн байх бөгөөд нэхэмжлэл гаргаагүй шалтгаан тодорхойгүй, хуульд энэ заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн бол сэргээлгэх хүсэлт гаргаагүй байхад хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргааныг шийдвэрлэх хуулиар тусгайлан тогтоосон хугацааны талаар дүгнэлт хийлгүй, Иргэний хуулийн хөөн хэлэлцэх хугацааны талаар ерөнхий зохицуулалтыг тайлбарлан хэрэглэсэн нь энэ маргаанд хамааралгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болно.
Ажлаас буруу халсан тухай гомдлоо ХХ Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан 1 сарын хугацаанд гаргаагүй тул шүүхэд хандан шаардлагаа гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзэн ажлаас халсан тушаалын үндэслэлийн талаар эрх зүйн дүгнэлт хийх шаардлагагүй болно.
Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ
М.НАРАНЦЭЦЭГ