Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 001/ХТ2020/0023

 

Б.Б-ийн нэхэмжлэлтэй,

Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргад

холбогдох захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:          Танхимын тэргүүн Ч.Тунгалаг,

Шүүгчид:             Г.Банзрагч,

                            Х.Батсүрэн,

                           Ц.Цогт,

Илтгэгч шүүгч:   М.Батсуурь,

Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал,

Нэхэмжлэлийн шаардлага: “Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн “Шалгалтын дүнгийн тухай” А/68 дугаар тушаалын Б.Б-т холбогдох хэсгийг хүчингүй болгож, үндэслэлгүйгээр бууруулсан тэтгэврийг нөхөн олгуулж, түүнээс хойш тэтгэврийг анх тогтоосон хэмжээгээр бүрэн олгуулах тухай”,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2020/0322 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 561 дүгээр магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С, Д.Э нарыг оролцуулан,

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр:

  1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2020/0322 дугаар шийдвэрээр: Нийгмийн даатгалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1, Төрийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.8, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.5.3, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 1.1заасныг тус тус үндэслэн Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргад холбогдуулан нэхэмжлэгч Б.Б-ээс гаргасан Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн “Шалгалтын дүнгийн тухай” А/68 дугаар тушаалын 1.5 дахь заалтын Б.Б-т холбогдох хэсгийг хүчингүй болгож, 2018 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл хугацаанд үндэслэлгүйгээр олгогдоогүй саатуулсан 6,902,952 төгрөгийн тэтгэвэр, тус дүнгээс Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тооцсон 1,210,381 төгрөгийн алданги нийт 8,113,333 төгрөгийг хариуцагчаас гаргуулах, шүүхийн шийдвэр гарснаас хойш тэтгэврийг анх тогтоосон хэмжээгээр тооцон олгохыг хариуцагчид даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
  1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 561 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2020/0322 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.О-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн.

Хяналтын журмаар гаргасан гомдол:

  1. Нэхэмжлэгч Б.Б хяналтын гомдолдоо: “...Нэг. Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй тухайд: 1. Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн А/68 дугаар тушаалаар Б.Б-т ажил олгогчоос төлсөн шимтгэлийг буцаан олгож, уг хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогыг хассан хэмжээгээр тэтгэвэр тогтоосон 5 жилийн дундаж цалинг бууруулах, өндөр насны тэтгэврийг өөрчлөн тогтоохдоо Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1 дэх хэсэгт заасан “авч байгаа тэтгэврийг нь тогтооход баримталсан шимтгэл төлсөн хугацаа, хөдөлмөрийн хөлсний хэмжээ өөрчлөгдөх үндэслэлтэй болсон нь тогтоогдож тэтгэвэр авагч хүсэлтээ гаргасан” гэдгийг үндэслэсэн ба энэ нь дараах байдлаар зөрчилтэй буюу шүүх хэргийн бодит байдлыг зөв тогтоогоогүй, улмаар хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж гомдох үндэслэлийг бий болгож байна.
  1. 1.1. Б.Б миний өөрийн шимтгэл төлсөн хугацаа, хөдөлмөрийн хөлсний хэмжээгээ өөрчлөх хүсэлт гаргаагүй.
  1. 1.2. Нийгмийн даатгалын байгууллага, байцаагч нь тэтгэврийг бууруулах шийдвэр гаргахдаа нэхэмжлэгчийн Би эс эн ди ХХК, Логийн говь ХХК, Эзэн говийн элс ХХК-д давхар ажиллаж, цалин хөлс авч байсан эсэхийг шалгаж, нотлох баримтаар тогтоолгүйгээр буюу шалгах, сонсох ажиллагаа огт явуулалгүйгээр, шууд тэтгэвэр тогтоолгох цалингийн дундажийг нэмэгдүүлэх зорилгоор шимтгэл төлсөн гэх дүгнэлт хийсэн ба анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэх явцад цугларсан холбогдох мэдүүлэг, татвар, санхүүгийн тайлан, шүүхэд гаргуулж авагдсан баримтаар тухайн байгууллагуудад гэрээгээр ажил үүрэг гүйцэтгэж, цалин хөлс авч, түүнээс хуульд заасан журам хувь хэмжээгээр нийгмийн даатгалын шимтгэл төлж байсныг эргэлзээгүй тогтоогдож байна гэж дүгнэсэн.
  1. 1.3. Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1 дэх хэсэгт нийгмийн даатгалд дор дурдсан ажилтан албан журмаар даатгуулна: өмчийн бүх хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллага, төрийн бус, шашны болон бусад байгууллага,  иргэнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон Иргэний хуулийн 343, 359 дүгээр зүйлд заасан гэрээний дагуу ажиллаж байгаа Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн ... гэж зааснаар Б.Б би Би эс эн диХХК, Логийн говь ХХК, Эзэн говийн элс ХХК-д гэрээгээр ажилласан ажлын хөлс, орлогоос нийгмийн даатгалын шимтгэл төлж нийгмийн даатгалд албан журмаар даатгуулах үүрэгтэй. Харин ямар ч хуулийн ямар ч заалтаар шимтгэл төлөгчийг шимтгэл төлөх үүргээс чөлөөлөх тухай зохицуулаагүй. Энэ үндэслэлээр Б.Б миний тэтгэврийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй. Дээрх Би эс эн ди ХХК, Логийн говь ХХК, Эзэн говийн элс ХХК-д гэрээгээр ажилласан ажлын хөлс, орлогоос нийгмийн даатгалын төлсөн шимтгэлийг хэн ч буцаагаагүй бөгөөд одоо ч нийгмийн даатгалын мэдээллийн санд бүртгэлтэй байгааг лавлагаагаар авч хавсаргав.

 

  1. 1.4. Нийгмийн даатгалын тухай хуулийн 24 дүгээр зүйлд тодорхойлсон нийгмийн даатгалын байгууллагын үндсэн чиг үүрэг, 25 дугаар зүйлд заасан нийгмийн даатгалын байгууллагын эдлэх эрхээс үзэхэд даатгуулагч, ажил олгогчийг нийгмийн даатгалын шимтгэл төлөхөөс чөлөөлөх эрх байхгүй бөгөөд харин уг хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.6-д зааснаар нийгмийн даатгалын байцаагч нь “даатгуулагч, ажил олгогч хууль бус үйл ажиллагаа явуулж байгааг албан үүргээ гүйцэтгэх явцад илрүүлэн холбогдох байгууллагад мэдэгдэх” эрхтэй байна. Үүнээс үзэхэд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль болон Төрийн албаны тухай хуульд заасан хориглосон албан тушаалд давхар ажиллаж, шимтгэл төлсөн иргэдийн мэдээллийг холбогдох байгууллагад нь хүргүүлэх эрх, үүрэгтэй байна.
  1. 1.5. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Нийгмийн даатгалын тухай хуулийн 23 дугаар зүйлд заасан “Нийгмийн даатгалын байгууллага өөрийгөө санхүүжүүлэх, нийгмийн даатгалын байцаагч хууль дээдлэх, бусдын нөлөөнд үл автах, даатгуулагч, ажил олгогчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хүндэтгэн хамгаалах зарчим баримтална” гэх заалтыг хэрэглэх ёстой байсан боловч хэрэглээгүйн улмаас үндэслэл бүхий шийдвэр гаргаагүй гэж гомдолтой байна.
  1. 2. Төрийн албаны зөвлөлийн 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 626 дугаар албан бичиг, Авилгатай тэмцэх газрын 2018 оны 06 дугаар сарын 06-ны 05/4882 дугаар албан бичгээр Нийгмийн даатгалын ерөнхий газарт ирүүлсэн хариуд хуулиар хориглосон албан тушаалд ажилласан төрийн жинхэнэ албан хаагчийн зөрчлийг тус байгууллагууд хэрхэн хариуцан шийдвэрлэх тухай тодорхой хариулж, нийгмийн даатгалын шимтгэл төлөх, тэтгэвэр өөрчлөн тогтоох асуудлыг Нийгмийн даатгалын холбогдох хууль, тогтоомжийн дагуу шийдэх нь зүйтэй гэснийг анхан, давж заалдах шатны шүүх ач холбогдолтой талаас нь үнэлээгүйд гомдолтой байх тул хэргийг шийдвэрлэхдээ тус баримтыг хуульд заасан журмаар үнэлэн шийдвэрлэж өгнө үү.
  1. Хоёр. Шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн тухайд: Дундговь аймгийн Мэргэжлийн хяналтын газраас тус газарт улсын байцаагчаар ажиллаж байсан Б.Б миний Би эс эн ди ХХК, Логийн говь ХХК, Эзэн говийн элс ХХК-д гэрээгээр ажилласан ажлын хөлс, орлого нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.6-д хамаарах тул зөвшөөрөл авах, олгох шаардлагагүй байсан гэдгийг тодорхойлсныг шүүх зөв үнэлээгүй, мөн дээрх компаниудад санхүүгийн зөвлөгөө өгөх үйл ажиллагаа явуулсан /татвар, санхүүгийн тайлан бэлтгэх, холбогдох төрийн байгууллагад тайлан, мэдээ илгээхтэй холбоотой цахим байдлаар хийгддэг үйл ажиллагаа/ байхад Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15-д зааснаар байнгын ажлын байр гэж үзэхээр байна гэж буруу дүгнэсэн. Иймээс нэхэмжлэгч Б.Б нь мэргэжлийн хяналтын улсын байцаагчаар ажиллаж байхдаа дээрх компаниудад нягтлан бодогчоор давхар ажиллаж, төрийн жинхэнэ албан хаагчийн хориглосон үйл ажиллагаанаас орлого олж, үүнээс нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөн байх тул хуулиар хориглосон албан тушаалын цалин хөлснөөс төлөгдсөн нийгмийн даатгалын шимтгэлд үндэслэн тэтгэвэр тогтоосон үндэслэлээр түүний тэтгэврийн хэмжээг бууруулан тогтоохоор шийдвэрлэсэн маргаан бүхий акт үндэслэлтэй, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д өндөр насны тэтгэврийг даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн, сарын дундаж хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын 45 хувиар тогтооно гэж заасныг зөрчөөгүй байна гэж маргаанд огт хамааралгүй хуулийн заалтыг хэрэглэсэн.
  1. Гурав. Шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тухайд: Нэхэмжлэгчийн сонсох ажиллагаа явуулж, тайлбар, санал гаргах боломж олгоогүй гэх давж заалдах гомдлын тухайд, Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно.” гэж зааснаар хариуцагч нь Б.Б-т тайлбар, санал гаргах боломж олгох үүрэгтэй байсан хэдий ч нэгэнт хуулиар хориглосон албан тушаал хавсран гүйцэтгэж олсон цалин хөлснөөс шимтгэл тооцож, тэтгэвэр тогтоолгосон нь тогтоогдсон энэ тохиолдолд сонсох ажиллагаа хийгээд ч үр дүнд хүрэхээргүй байх тул маргаан бүхий актыг гаргахдаа сонсох ажиллагаа хийгээгүй гэх үндэслэлээр хүчингүй болгох боломжгүй, нөхцөл байдал өөрчлөгдөхөөргүй байсан гэж дүгнэсэн нь бодит байдалтай огт нийцэхгүй байна.
  1. Энэ нь Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн А/68 дугаар тушаалаар Б.Б-т ажил олгогчоос төлсөн шимтгэлийг буцаан олгож, уг хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогыг хассан хэмжээгээр тэтгэвэр тогтоосон 5 жилийн дундаж цалинг бууруулах, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 28 дугаар зүйлд зааснаар өндөр насны тэтгэврийг өөрчлөн тогтоож олгохыг Дундговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст үүрэг болгосон шийдвэр, түүнийг хэрэгжүүлж Б.Б-ийн тэтгэврийн хэмжээг бууруулан тогтоосон Дундговь аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 06 дугаар акт нь Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.5-д заасан тайлбар, санал гаргах боломж олгоогүй, тус хуулийн 43 дугаар зүйлд заасан эрх, хууль ёсны эрх ашиг нь хөндөгдөж болзошгүй этгээдэд мэдэгдээгүй зэргээс үзэхэд Захиргааны ерөнхий хуулийн 46 дугаар зүйлд заасан захиргааны акт хүчин төгөлдөр болох нөхцөл бүрдээгүй нь тодорхой байна.
  1. Хариуцагч нь дээрх захиргааны актуудыг нэхэмжлэгч Б.Б-т огт танилцуулаагүй бөгөөд захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргасантай холбоотойгоор шүүхэд гаргаж өгсөн нь иргэний баталгаатай эдлэх үндсэн эрх, эрх чөлөөг Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.12-д заасан “төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй. Төрийн байгууллага, албан тушаалтан нь иргэдийн өргөдөл, гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэх үүрэгтэй” гэснийг зөрчсөн, иргэний эдлэх эрхийг хаан боогдуулсан үйлдэл гэж үзэж байна. Дээр дурдсан үндэслэлээр ...шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй тул шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, миний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

  1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 3 дугаар зүйлийн 3.1.3-д ““нэхэмжлэл” гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг;”, 106 дугаар зүйлийн 106.3.1-д “захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох;” гэж тус тус зааснаар иргэн, хуулийн этгээдээс захиргааны хэргийн шүүхэд хандаж хүчингүй болгуулахаар маргаж буй захиргааны акт нь хууль зөрчсөн байхын зэрэгцээ тэдгээрийн хууль ёсны эрх, ашиг сонирхолд халдсан бол шүүх тухайн захиргааны актыг хүчингүй болгох боломжтой; тодруулбал, нэхэмжлэгч этгээдийн шүүхээс сэргээлгэхээр шаардаж буй эрх, ашиг сонирхол нь хууль ёсны байж гэмээ нь шүүхээр хамгаалагдах, шүүх уг зөрчигдсөн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг өмнөх байдалд нь сэргээн тогтоох учиртай.
  1. Нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахаар маргаж буй Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн А/68 дугаар тушаалаар “тэтгэвэр тогтоолгох цалингийн дундажийг нэмэгдүүлэх зорилгоор Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль болон Төрийн албаны тухай хуульд заасан хориглосон албан тушаалд давхар ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэр тогтоолгосон нэр бүхий иргэдийн (үүний дотор мөн Б.Б) ажил олгогчоос хөдөлмөрийн хөлс, орлогоос төлсөн шимтгэлийг буцаан олгож, уг хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогыг хассан хэмжээгээр тэтгэвэр тогтоосон 5 жилийн дундаж цалинг бууруулан тэтгэврийг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 28 дугаар зүйлд заасны дагуу өөрчлөн тогтоож олгох”-ыг Дундговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст үүрэг болгосон; нэгэнт хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгч Б.Б нь Дундговь аймгийн Мэргэжлийн хяналтын хэлтэст нийгмийн хамгааллын улсын байцаагчаар ажиллаж байхдаа үндсэн ажлынхаа зэрэгцээ эмнэлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Би Эс Эн Ди” ХХК-д 2012 оны 01 дүгээр сараас, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Эзэн говийн элс” ХХК-д 2013 оны 03 дугаар сараас, авто засварын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Логийн говь” ХХК-д 2013 оны 10 дугаар сараас тус тус нягтлан бодогчоор давхар ажиллаж, эдгээр компаниас авсан цалин хөлснөөс нийгмийн даатгалын шимтгэл төлж, 2016 оны 12 дугаар сарын 01-нд өндөр насны тэтгэвэр тогтоолгосон болох нь тогтоогдсон энэ тохиолдолд хариуцагчийн маргаан бүхий тушаалыг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй, нэхэмжлэгчийн шүүхээр сэргээлгэхээр маргаж буй эрх, ашиг сонирхлыг хууль ёсны гэж үзэх боломжгүй.
  2. Учир нь, Төрийн албаны тухай хуулийн /2002 он/ 15 дугаар зүйлийн 15.1-д “Төрийн жинхэнэ албан хаагч дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гээд 15.1.8-д “аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдох, аж ахуйн нэгж, нам, олон нийтийн бусад байгууллагад орон тооны албан тушаал хавсран гүйцэтгэх” гэж, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.5-д “Энэ хуулийн 18.2-18.4-т зааснаас бусад албан тушаалтан дараах ажлыг давхар эрхэлж болно” гээд 18.5.1-д “хууль тогтоомж, олон улсын гэрээгээр болон Засгийн газраас баталсан журмаар зөвшөөрсөн ажил”, 18.5.2-т “багшлах, эрдэм шинжилгээний болон бүтээлч ажил”, 18.5.3-т “ашиг сонирхлын зөрчил үүсэхээргүй бол өөрийн удирдах албан тушаалтан, эрх бүхий байгууллагын бичгээр өгсөн зөвшөөрлийн үндсэн дээр бусад алба, гэрээний ажил, үүрэг” гэж тус тус зааснаар төрийн жинхэнэ албан хаагч нь нам, олон нийтийн бусад байгууллагад орон тооны албан тушаал хавсран гүйцэтгэх хориотой; харин ашиг сонирхлын зөрчил үүсэхээргүй бөгөөд өөрийн удирдах албан тушаалтан, эрх бүхий байгууллагын бичгээр өгсөн зөвшөөрлийн үндсэн дээр бусад гэрээний ажил гүйцэтгэх боломжтой; нэхэмжлэгчийн хувьд удирдах албан тушаалтнаас ийм зөвшөөрөл аваагүйн (Хөрөнгө, орлогын мэдүүлэгтээ мөн энэ талаар тайлагнаагүй) зэрэгцээ дурдсан компаниудын санхүүгийн анхан шатны баримтууд болон гэрчийн мэдүүлгээр хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр нягтлан бодогчийн ажлыг эрхлэн гүйцэтгэдэг байсан нь тогтоогдсон тул /хууль зөрчиж/ төрийн жинхэнэ албан хаагчийн хориглосон үйл ажиллагаанаас орлого олж, үүнээс нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөн; нэхэмжлэгчийн “... Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.6-д хамаарах тул зөвшөөрөл авах, олгох шаардлагагүй байсан гэдгийг тодорхойлсныг шүүх зөв үнэлээгүй, мөн дээрх компаниудад санхүүгийн зөвлөгөө өгөх үйл ажиллагаа явуулсан /татвар, санхүүгийн тайлан бэлтгэх, холбогдох төрийн байгууллагад тайлан, мэдээ илгээхтэй холбоотой цахим байдлаар хийгддэг үйл ажиллагаа/ байхад Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15-д зааснаар байнгын ажлын байр гэж үзэхээр байна гэж буруу дүгнэсэн ...” гэх гомдол үгүйсгэгдэж байна.  
  3. Хариуцагчаас нэхэмжлэгчийн тэтгэврийн хэмжээг өөрчлөн тогтоохдоо Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1 дэх хэсэгт заасныг үндэслэсэн гэж тайлбарлаж байгаа ч уг заалтад “авч байгаа тэтгэврийг нь тогтооход баримталсан шимтгэл төлсөн хугацаа, хөдөлмөрийн хөлсний хэмжээ өөрчлөгдөх үндэслэлтэй болсон нь тогтоогдож тэтгэвэр авагч хүсэлтээ гаргасан” гэж зааснаар тэтгэвэр авагч өөрөө хүсэлт гаргасан нөхцөлд энэ заалт хэрэгжихээр буюу тухайлсан харилцаанд хамаарах эрх зүйн зохицуулалт биш юм.
  4. Гэхдээ Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Агентлаг нь үйл ажиллагаандаа Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмаас гадна төрийн үйлчилгээг жигд, чанартай, шуурхай, хүртээмжтэй хүргэх, ил тод, мэргэшсэн байх, хууль ёсыг сахих, үйл ажиллагааныхаа төлөө хариуцлага хүлээх зарчмыг баримтлан ажиллана”, Нийгмийн даатгалын тухай хуулийн 23 дугаар зүйлд “Нийгмийн даатгалын байгууллага өөрийгөө санхүүжүүлэх, нийгмийн даатгалын байцаагч хууль дээдлэх, бусдын нөлөөнд үл автах, даатгуулагч, ажил олгогчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хүндэтгэн хамгаалах зарчим баримтална” гэж тус тус зааснаар “шударга ёс”, “хууль дээдлэх” нь нийгмийн даатгалын байгууллагын үйл ажиллагаанд баримтлах суурь зарчим бөгөөд тэтгэвэр тогтоолгох хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогыг хууль бусаар нэмэгдүүлэх замаар шимтгэл төлж, өндөр насны тэтгэвэр тогтоолгосон байдлыг таслан зогсоож, залруулахыг доод шатны байгууллагад үүрэг болгосон нь энэхүү зарчимд нийцсэн байхын зэрэгцээ Нийгмийн даатгалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 2-т “Нийгмийн даатгалын төв байгууллага нь орон нутгийн байгууллагаа мэргэжил, арга зүйн удирдлагаар хангана” гэж заасан бүрэн эрхийн хүрээнд гаргасан шийдвэр гэж үзэхээр байна.
  5. Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж зааснаар хариуцагчаас маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа нэхэмжлэгчид мэдэгдэж, энэ талаар тайлбар, санал гаргах боломжоор хангах ёстой; хариуцагч Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргаас дээрх тушаалыг гаргахын өмнө иргэн Б.Б-т мэдэгдэж, сонсох ажиллагаа хийгээгүй нь тогтоогдох боловч энэ нь уг тушаалыг бүхэлд нь хууль бус гэж үзэх үндэслэл болохооргүй, өөрөөр хэлбэл, тушаалаар тогтоосон хууль бус нөхцөл байдлыг бүхэлд нь үгүйсгэж, нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй тул нэхэмжлэгчийн “... Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.5-д заасан тайлбар, санал гаргах боломж олгоогүй, тус хуулийн 43 дугаар зүйлд заасан эрх, хууль ёсны эрх ашиг нь хөндөгдөж болзошгүй этгээдэд мэдэгдээгүй зэргээс үзэхэд Захиргааны ерөнхий хуулийн 46 дугаар зүйлд заасан захиргааны акт хүчин төгөлдөр болох нөхцөл бүрдээгүй ...” гэх гомдлоор шийдвэр, магадлалыг хүчингүй болгохгүй.
  1. Эдгээр болон хяналтын журмаар гаргасан гомдолд дурдсан бусад асуудлаар шүүхүүд үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2020/0322 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 561 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.Б-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
  1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          Ч.ТУНГАЛАГ

  ШҮҮГЧ                                                                       М.БАТСУУРЬ