Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 223

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Х.Санжидмаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Бат-Эрдэнэ,                                                                                                                      

Улсын яллагч хяналтын прокурор Э.Хосбаяр,

Насанд хүрээгүй хохирогч И.Г,

Насанд хүрээгүй хохирогч И.Ггийн өмгөөлөгч Ж.Нарантуяа,

Насанд хүрээгүй хохирогч И.Ггийн хууль ёсны төлөөлөгч Т.И,

Шүүгдэгч О.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Хосбаярын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Гд холбогдох эрүүгийн 1830001350179 дугаартай  хэргийг 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар.

 

Монгол Улсын иргэн, 1981 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эцэг, эхнэр хүүхдүүдийн хамт Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 2 дугаар багт оршин суух, малчин, ял шийтгэлгүй,  О.Г. 

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/

  

Шүүгдэгч О.Г нь 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Т” гэх газар насанд хүрээгүй хохирогч И.Гтай хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж түүний хүзүүн тус газарт адууны хөлдүү хомоолоор шидэж эрүүл мэндэд нь “гэмтлийн шалтгаант толгой өвдөлт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

  Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Шүүгдэгч О.Г шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Мэдүүлэг өгөхгүй гэв.

 

   Насанд хүрээгүй хохирогч И.Г шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: 2018 оны 02 дугаар сарын 28-нд өдөр шуургатай байсан учраас үдийн хойно оройхон хонио бэлчээрт гаргасан. Гэтэл хонины цаагуур морьтой хүн явах шиг болохоор нь хонь руугаа очиход морьтой хүн цаашаа явсан. Тэгээд хонио аваад явж байтал Г араас ирээд, хонь нийлсэн байна, манай хашаанд оруулж ялгах уу? Танай хашаанд ялгах уу? гэхээр нь энд ялгая гэсэн. Тэгээд хонио ялгаж дуусаж байтал Гх ах ирээд загнахаар нь би айгаад хонио орхиод яваад өгсөн. Гх нь эхлээд миний ар хүзүү рүү нэг удаа адууны хомоол шидсэн. Одоо Гх ахаас нэхэмжилж байгаа зүйлгүй, гомдол байхгүй гэв.

   

  Эрүүгийн 1830001350179 дугаартай хэргээс

 

- Яллагдагч О.Гийн мөрдөн байцаалтад өгсөн:“...2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр манай малчнаар ажилладаг байсан Гийн хариулдаг хонин сууринд Т.Иы хониноос манай хонь руу нийлсэн. 2 хонь нийлэх болсон шалтгаан гэвэл хонь хариулахгүй байснаас нийлсэн. Тэрнээс биш хэн нэг нь тасдаж хөөгөөд нийлүүлсэн зүйл байхгүй. Хонь нийлснийг мэдээд Гийг Иы гэр рүү морьтой явуулж хонь нийлсэн талаар хэлүүлсэн чинь Г болон Иы хүү Г нар нь хонин дээр ирчихсэн морьтой хонь хөөж ялгаж байхаар нь морьтой хөөж ялгуулахгүй, хашиж ялгуулах зорилгоор би машинтайгаа очиж Г, Г нарт “морьтой хөөж ялгахгүйгээр хашаанд хашиж ялга” гэсэн чинь Г “би завгүй байна” гэх мэтээр хэл амаар доромжлоод эхэлсэн. Энэ үед нь адууны хомоол газраас авч шидсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 82-83/,

 

- Гэрч Э.Гийн өгсөн: “...2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр манай хонинд Иы хонь нийлчихээр нь би Иы гэр рүү очиход хүн байхгүй байсан.Буцаад хонин дээрээ ирээд байхад Иы хүү Г нь морьтой хонин дээр хүрээд ирсэн. Ингээд бид 2 нийлж хонио морьтой хөөж ялгаж байтал Гх ах машинтай ирээд “мориор битгий туугаад бай, хонио хашиж байгаад ялгаж ав” гэсэн чинь И.Г нь Гх ах руу салаавч өгөөд “завгүй байна, өөрсдөө хонио харахгүй яасан юм, хонь тасдаад нийлүүлчихсэн үү, пизда минь чамаас айхгүй шүү, танай хоттой хонийг нь хулгайлуулна” гэсэн чинь Гх нь газраас адууны хомоол аваад Г руу шидсэн ... Ингээд Г нь салаавч өгөөд “унтаж байхад чинь шатаанаа” гээд морьтойгоо давхиад яваад өгсөн. Араас нь Гх ах машинтайгаа явсан. Гх ахыг эхнэр нь дуудуулахаар нь Иы гэр рүү очиход Гх ах гэрийнх нь гадаа машиныхаа хажууд зогсож байсан. Г нь мориноосоо буулгүй эрэлд яваа гэх нэг хүнтэй юм яриад байж байсан. Машинаараа огт дайрсан зүйл байхгүй. Г нь салаавч өгөөд морьтойгоо давхисан. Гх нь машинтайгаа араас нь хөдөлсөн чинь машины 2 талд гараад давхиад байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 40/,

 

- Гэрч Г.Агийн өгсөн: “...Иы гэр нь манай гэрээс баруун урд зүгт нутаглаж байсан юм. 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр гадаа харанхуй болж байхад Иы хүү И.Г нь мотоциклтой манайд ганцаараа ирээд ээжтэйгээ утсаар яриад байсан. Мөн ээж нь надтай яриад “Гх хүүг минь алчих гээд байна гэнэ, аятайхан аваад байж бай” гэсэн. ...И.Г манайд ирээд байхдаа “толгой өвдөөд байна, хөлдүү үхрийн баасаар шидсэн” гэж ярьж байсан. Өөр ямар нэгэн зүйл ярихгүй байсан. Биед нь ил харагдах гэмтэл бэртэл байхгүй байсан. Өмсөж явсан хувцас нь урагдаж тасарсан зүйл байхгүй байсан. Хонь нийлүүллээ гэсэн шалтгаанаас болж муудалцаж Гх нь үхрийн хөлдүү баас /хомоолоор/ И.Гг шидсэн гэж байсан. Маргаан зодоон болж байхад нь би байгаагүй юм” гэх мэдүүлэг /хх-ийн 45-46/,

 

- Гэрч Т.Иы өгсөн: “…Манайх Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 1 дүгээр багийн нутаг “Т”, “А” гэх газраар 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр нутаглаж байсан юм. 2018 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн орчимд байх би эхнэрийнхээ хамт Улаанбаатар хот явсан. 2018 оны 02 дугаар сарын 28-ны орой манай хүү Г нь над руу утсаар яриад “О.Г нь намайг зодоод машинаар хөөгөөд ална” гээд байна гэж саахалт айл Агийн гэрээс ярьсан юм. Ингээд Мөнххаан сумын цагдаад дуудлага өгсөн. Би гэртээ очсоноос 2 хоногийн дараа И.Гг Улаанбаатар хот руу биеийг нь үзүүлэхээр явуулсан юм. И.Ггаар цас ухуулах гэсэн чинь толгой өвдөөд байна гээд цас ухаж өгөхгүй байсан ” гэх мэдүүлэг /хх-ийн 39/,

 

- Гэрч Н.Нын өгсөн: “…2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 16 цагийн үед морьтой үхэр хураагаад баруун урд зүгт явж байхад Гхийн нутаглаж буй газраас урд зүгт хонин дээр 2 морьтой хүн байсан. Харин Гх нь машинтайгаа хонин дээрээ ирээд зогсож байсан. Би үхрээ хөөгөөд гэр рүүгээ яваад өгсөн. Юу болсон талаар мэдэхгүй. Уг хонин дээр 2 морьтой хүн байсан. Харин Гх нь машинтайгаа ирж байсан. Иы хонь нь Гхийн хонинд бэлчээрээр нийлсэн. Нийлэхдээ манай гэрийн орчимд нийлсэн байсан. Түүнээс биш хонийг нь ялгаж өөрийнхөө хонинд нийлүүлсэн зүйл байхгүй. Харин хонь нийлснээс хойш хэд хоногийн дараа Гх нь манай гадна машинтайгаа ирэхэд И нь манай гэрийн гадна байсан бөгөөд Гх нь “та хонио ялгаж ав” гээд машиндаа суулгаад явж байсан. Б, А энэ талаар мэдэхгүй. Б тухайн үед адуу хураахаар явсан байсан. Агийн гэрээр маргааш нь адуу хураах үедээ очсон чинь “И гэдэг ядаргаатай айл байна, манайд Иы хүү ирж сууж байгаад цагдаа нар ирэхээс өмнө яваад өгсөн” гэж байсан. А энэ үед гэртээ байсан. Б, А нарыг хажууд нь байсан гэж байгаа бол худал ярьж байна. И нь хотоос ирэх үед цас их ороод хашаатай хонь ямааг нь цас дараад би цасыг нь ухаж малыг гаргахад багцаагаар 100 гаран тооны мал үхсэн байсан. Үүний дараа л Гхийн хоттой хониноос нийлсэн хонио ялгаж авч байсан. Хэсэг хонь нь Гхийн хонинд нийлээгүй бол тухайн нийлсэн хониноос бас л цасанд дарагдаж үхэх л байсан байх. Хонио ялгаж авахад нь би хамт байгаагүй. Ямар ч байсан манай гэрийн гаднаас Т.И нь Гхтэй хамт хонио ялгаж авахаар явсан. Дахин хонь дутуу байгаа талаар И нь надад яриагүй юм” гэх мэдүүлэг/хх-ийн 47-49 /,

 

- Гэрч Ё.Дын өгсөн: “…Би О.Гийн эм хонин суурийг нь хариулдаг. Г нь сувай хонь, ямааг хариулдаг юм. Э.Гийн хариулдаг хонинд нь Т.Иы хониноос хэсэг хонь нийлсэн гэсэн. Иы хүү Г, малчин Г нар нь хонийг нь морьтой тууж ялгахаар нь О.Г загнасан гэсэн. Миний хувьд болсон асуудлын талаар нүдээр хараагүй юм. Үүнийг Г надад ярьсан. И.Г нь нийлсэн хонио ялгаж авалгүй явчихсан байсан. Үүнээс хойш 3-4 хоногийн дараа И нь Гхийн хашаатай хонин дээр ирж 30 тооны хонь 1 тооны ямаа ялгаж авсан. И нь өөрөө хонин дундуур нь явж байгаад хонио ялгаж байсан бөгөөд И нь энэ манай хонь байна гэхээр нь би заасан хонийг нь хашаанаас гаргаж өгч байсан. Ялгаж авсан 30 хонь, 1 ямааг Г нь морьтой тууж Иы хонинд нийлүүлсэн. Гийн ярьж байгаагаар бол Гх И.Гг загнасан чинь хонио ялгаж авалгүй явчихсан гэсэн. Ингээд л тухайн өдөр хонио ялгаж аваагүй байх. И нь өөрөө ирж хонио ялгаж авсан. Хонь нийлсэнээс хойш 3-4 хоногийн дараа цасан шуурга болсон юм. Энэ үед Иы хашаатай хонь нь дарагдаж ихэнх хонь ямаа нь үхсэн байсан. Цас орсноос хойш Иых өөр тийш нүүсэн бөгөөд хонины хашааны суурин дээр нь үхсэн хонь ямаа нь байгаад байсан. Уг үхсэн хонь нилээн их харагдаж байсан юм. Яг хэдэн мал үхсэнийг мэдэхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 52-54/,

 

- Гэрч Ж.Згийн өгсөн: “…2018 оны 02 дугаар сарын 28-ны орой манай хоньтой Иы хэсэг хонь нийлсэн. Манай нөхөр “И.Г хэл амаар доромжлоод хонио ялгаж авсангүй” гэсээр гэртээ орж ирсэн. Юунаас болж маргасныг мэдэхгүй. Ингээд 3-4 хоногийн дараа И нь Улаанбаатар хотоос ирэхээр нь Гх Иы гэр рүү явж Иыг авчирч манай хашаатай хониноос И нь өөрөө 30 хонь, 1 ямаа ялгаж авсан. Манай малчин хонийг нь морьтой туугаад хонинд нь нийлүүлсэн. Хонь ялгаж дууссаны дараа Иыг гэртээ оруулж архи дарс задалсан боловч уухгүй байхаар нь манай нөхөр гэрт нь хүргэж өгөөд ирсэн. 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр манай хонинд хонь нийлсний шөнө нь манайд цагдаа ирээд маргааш өглөө нь буюу 2018 оны 03 дугаар сарын 01-ний өглөө Мөнххаан сум руу явж 2-3 хоног болж өглөө нь эрт Мөнххаан сумын төвөөс ирээд шууд хонийг нь Ид өөрөөр нь ялгуулж өгсөн ” гэх мэдүүлэг /хх-ийн 55-56/,

 

- Шинжээч эмч А.Болор-Эрдэнийн өгсөн: “...Уг гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүссэн гэмтэл. ...тухайн цаг хугацаанд гэмтлийг авч 9-10 хоногийн дараа илэрч болно ” гэх мэдүүлэг /хх-ийн 64/,

- Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 158 дугаартай дүгнэлтэд: И.Ггийн биед гэмтлийн шалтгаант толгой өвдөлт бүхий гэмтэл учирчээ. Учирсан гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэжээ /хх-ийн 61-62/,

- ХААН банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 87/,

- Шүүгдэгч О.Гийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 89/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч О.Г нь 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Т” гэх газар насанд хүрээгүй хохирогч И.Гтай хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж түүний хүзүүн тус газарт адууны хөлдүү хомоолоор шидэж эрүүл мэндэд нь “гэмтлийн шалтгаант толгой өвдөлт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн  болох нь шүүгдэгч О.Гийн  мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, насанд хүрээгүй хохирогч И.Г, гэрч Э.Г, Г.А, Т.И, Н.Н, Ё.Д, Ж.З нарын шүүхийн хэлэлцүүлэг, мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 158 дугаар дүгнэлт зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

 

Шүүгдэгч О.Гд холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн биед гэмтэл учирсан үр дагавар шууд шалтгаант холбоотой болох нь нотлогдсон байна.

           

            Шүүгдэгч О.Гийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болох юм.

 

            Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсаныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч О.Г нь насанд хүрээгүй хохирогч И.Ггийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

 

            Шүүгдэгч О.Г нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

           

Прокуророос О.Гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон байх тул шүүгдэгч О.Гийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

  Шүүгдэгч О.Гд ял шийтгэл оногдуулахад анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

   Шүүгдэгч О.Г нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон учир “гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх” гэм буруугийн зарчим, “эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх” шударга ёсны зарчим болон эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн саналыг харгалзан шүүгдэгч О.Гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл хэмжээнд 500.000 төгрөгийн торгох ял шийтгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч О.Г нь цагдан хоригдоогүй, хэрэгт бичиг баримт, эд мөрийн баримт ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч О.Г нь насанд хүрээгүй хохирогч И.Гд 1.700.000 төгрөг төлсөн бөгөөд хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч О.Гийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Гийг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 / таван зуун мянган / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан ялтан О.Гд оногдуулсан торгох ялыг 4 /дөрвөн/ сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

            4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан О.Г шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

            5. Ялтан О.Г нь цагдан хоригдоогүй, хэрэгт бичиг баримт, эд мөрийн баримт ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, насанд хүрээгүй хохирогч И.Гд 1.700.000 төгрөг төлсөн бөгөөд хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан О.Гд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

         

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

            8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Х.САНЖИДМАА