Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 10

 

                                       

 

 

 

 

 

 

 

 

 

                                                                                                                                                   

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                      

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

          Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Уламбаяр,

          Улсын яллагч Г.Эрдэнэ,

          Шүүгдэгч Э.Ц , түүний өмгөөлөгч Г.Цэрэндолгор нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

          Дорнод аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Э.Ц ид холбогдох эрүүгийн 1721 00128 0235 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 10 дугаар сарын 2-ны өдөр Дорнод аймаг Чойбалсан суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэл мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, дүү нарын хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй,

Дорнод аймгийн Сум дундын шүүхийн 2005 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 21 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар тэнсэн харгалзах ялаар шийтгүүлсэн,

Дорнод аймаг дахь Сум дундын 2016 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн 20 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Монгол улсын Эрүүгийн хуулийн 99 дүгээр зйүлийн 99.1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайтайд тооцож, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, регистрийн дугаар, хэрэг хариуцах чадвартай, Э.Ц .

 

            Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Э.Ц  нь 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн Нуурын 7-11 тоот хашаан дотор иргэн Ч.Уранцэцэгт хүч хэрэглэн хүзүүний алтан гинжийг дээрэмдэж 4.500.000 төгрөгийн

хохирол учруулсан,

Мөн 2018 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Д.Бадамын гар утас, бэлэн 300.000 төгрөг, “Хаан” банкны виза картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, улмаар картнаас нь 2.400.000 төгрөгийг уншуулан авч бага хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Ц  мэдүүлэхдээ: “…Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Нэмж ярих зүйл байхгүй. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.

 

Мөн талуудын хүсэлтээр мөрдөн байцаалтад цугларсан нотлох баримтуудаас хохирогч Ч.Уранцэцэгийн өгсөн мэдүүлэг /1хх-49-51/, хохирогч Д.Бадамын өгсөн мэдүүлэг /1хх-220-226/, гэрч Б.Болдбаатарын өгсөн мэдүүлэг /1хх-56/, гэрч Д.Эрдэнэчулууны өгсөн мэдүүлэг /1хх58/, Ч.Туяагийн өгсөн мэдүүлэг /1хх-66/, Шүүхийн шинжилгээний Үндэсний төвийн шинжээчийн 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 489 дугаартай дүгнэлт /1хх-84/, шүүгдэгч Э.Ц ийн гэрч, яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1хх-61-62, 227-228, 96-97, 236-237/, шүүгдэгч Э.Ц ийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хх-140/, шинээр Э.Ц ийн эх Ж.Энхтуяагийн гаргасан хүсэлт 1 хуудас, хүүхдийн өвчний түүх 3 хуудас, нийт 4 хуудас баримтууд зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Э.Ц  нь 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн Нуурын 7-11 тоот хашаан дотор иргэн Ч.Уранцэцэгт хүч хэрэглэн хүзүүний алтан гинжийг дээрэмдэж 4.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн 2018 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Д.Бадамын гар утас, бэлэн 300.000 төгрөг, “Хаан” банкны виза картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, улмаар картнаас нь 2.400.000 төгрөгийг уншуулан авч бага хэмжээний хохирол учруулсан болох нь:

 

         Мөрдөн байцаалтад хохирогч Ч.Уранцэцэгийн өгсөн: “...Тэр залуу манай гэрт шууд орж ирээд ээжтэй мэндэлсэн. Ээж тэндээс “хэн бэ” гэхэд өөрийгөө “би Пүүжээ байна” гэж хэлсэн. Тэр манай ээжтэй юм яриад зогсоод байсан. Тэгээд ээж түүнтэй хэсэг юм ярьж байгаад залхаад сүүлдээ түүнийг “одоо гар” гэж хэлсэн. Тэр гарахгүй манай гэрт зогсоод байсан. Тэр гал тогооны өрөөгөөр юм хайгаад яваад байсан. Тэгснээ надаас “гал байна уу” гэж асуусан. Би түүнд “байхгүй” гэж хэлэхэд “за би гарлаа, та намайг гаргаад өгчих” гэж хэлсэн. Би түүнийг таамбараас гаргаж өгөөд буцаад гэр рүүгээ орох гэтэл араас дагаж ороод ирэхээр нь би түүнд хандаж “чи одоо гар” гэхэд “та намайг гаргаад өг, би нохойноос айгаад байна” гэхээр нь би цуг гарахад хойд хаалгаар чинь гарна гээд хойш явсан. Тэгэхээр нь би хойд хаалгаа онгойлгож өгөөд, түүнийг тойроод түүнээс зайтай хажуугаар нь гараад гэр рүүгээ алхахад миний араас ирээд намайг дэгээдээд унагаасан. Би дээшээ харж унахад миний дээр гарч 2 гарыг минь арагш нь дарж намайг багалзуурдсан. Би хашхирч тусламж хүсэхэд миний хоолойнд байсан алтан гинжийг аваад босоод хойд хаалгаар гараад явсан. Би босч гэр рүүгээ гүйж ороод утасаа авч цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Тэгээд ээжээсээ “саяны орж ирсэн хүн юун хүн юм бэ” гэхэд “манай энэ хавьд гэр нь байдаг юм, нэрийг нь Пүүжээ гэдэг юм, урьд нь манай гэрт засвар хийж байсан юм гэж хэлсэн. Манай охин Улаанбаатар хотын Улаанбаатар их дэлгүүрт алт, үнэт эдлэлийн дэлгүүр ажиллуулдаг юм. Тэрээр 2017 оны 6 дугаар сарын 2-ны өдөр миний төрсөн өдрөөр тус гинжийг надад бэлэглэж байсан. Кулон нь тусдаа сарнай хэлбэрийн дүрстэй байсан. Ойролцоогоор сарнай дүрстэй кулон нь 26 грамм, зүүлт нь тусдаа 24 граммын хэмжээтэй байсан. Надад хүч хэрэглэж хоолойг минь шахаж гинжийг минь авсан, унахдаа миний баруун тохой, өвдөг шалбарсан байгаа.” /1хх-49-51/ гэх мэдүүлэг

 

           Мөрдөн байцаалтад хохирогч Д.Бадамын өгсөн: “...Би Э.Ц ийн явчихсан гэж мэдээгүй ба зах руу орж юм авахаар явсан байх гэж бодоод нээх ач холбогдол өгөөгүй ба 15 цаг өнгөрч байхад нэг л биш санагдаад эд зүйлсээ бүртгэж үзтэл миний гар утас, виза карт, бэлнээр 300.000 төгрөг алдагдсан байсан. Миний самсунг вега гар утас алдагдсан би 2017 оны 7 дугаар сард 200.000 төгрөгөөр худалдаж авч байсан. “Хаан” банкны Дашзэвэгийн Бадам нэртэй виза карт, мөн миний картыг ашиглаж 2.400.000 төгрөг АТМ-аас авсан байсан. Мөн миний куртикны халаасанд виза карттай хамт байсан 300.000 төгрөг цуг алдагдсан. Тэр 300.000 төгрөгийг би уг нь өөрт нь өгөх гэж байсан юм. Мөнгөө алдсанаас болж зээлийн хугацаа хэтэрч алданги нь 420.000 төгрөг болсон. Нийт алдсан 2.700.000 төгрөг дээр нэмж 420.000 төгрөг, гар утасны үнэ 200.000 төгрөг зэргийг нэхэмжилж байна.” /1хх- 220-226/ гэх мэдүүлэг,

 

           Мөрдөн байцаалтад гэрч Б.Болдбаатарын өгсөн: “...Би Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг, Хивсний 2-7 тоотод оршин суудаг юм. 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдөр “Хэрлэн Номин” худалдааны төвийн ойролцоо явж байгаад найз Д.Эрдэнэчулуунтай таарсан юм. Д.Эрдэнэчулуун нь намайг “хашаанд хамт очоод хашаан доторх зэрлэг зулгаалцаад өгчих” гэхэд нь би зөвшөөрч хамт Хэрлэн сумын 1 дүгээр баг Нуурын хороололд байх Д.Эрдэнэчулууны гэрт очсон. Д.Эрдэнэчулуун нь дэлгүүрээс Ерөөл нэртэй 750 граммын 2 шил архи аваад гэртээ орсон. Гэрт нь ороод бид 2 архиа ууж байхад гаднаас Д.Эрдэнэчулууны найз гээд нэг залуу орж ирсэн. Би тэр хүнийг танихгүй. Тэгээд гурвуулаа сууж архи ууцгаасан. Ингээд архи арай дуусаагүй байхад нөгөө гаднаас орж ирдэг залуу гараад явсан. Д.Эрдэнэчулуун бид 2 согтоод унтаад өгсөн байсан. Гэтэл гаднаас цагдаа орж ирээд бид хоёрыг сэрээгээд аваад гарсан. Тэгээд тэр залуугийн гэр рүү цагдаа дагуулж очоод тэр залууг гэрээс нь авсан. Д.Эрдэнэчулууны баруун талын хашааны гадна ирэхэд нэг эгч тэр залуу руу заагаад “энэ мөн” байна, энэ миний хоолойг боогоод хүзүүнд байсан гинжийг минь авсан” гээд байсан. Надад өөр мэдэх зүйл байхгүй.” /1хх-55-56/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад гэрч Д.Эрдэнэчулууны өгсөн: “...2017 оны 8 дугаар сарын 17-ны өдөр “Хэрлэн Номин” худалдааны төвийн ойролцоо явж байгаад Б.Болдбаатартай таарсан юм. Би Б.Болдбаатарыг “зэрлэг зулгаалцаад өгөөч” гэхэд зөвшөөрч манайх руу хамт явсан. Би дэлгүүрээс Ерөөл нэртэй шил архи авсан. Ингээд Хэрлэн сумын 1 дүгээр баг Нуурын 7-13 тоот гэртээ очоод Б.Болдбаатарын хамт архиа ууж байхад гаднаас зүс таних Пүүжээ орж ирсэн. Түүний бүтэн нэрийг нь мэдэхгүй. Ингээд бид нийлж манайд архиа ууж байхад Пүүжээ гараад явсан. Б.Бопдбаатар бид 2 үлдсэн архиа ууж байхад манай хөрш болох Туяа эгчийн хамаатан гээд нэг хүн хүнд дээрэмдүүлчихлээ гээд манай үүдэнд цагдаатай хамт ирсэн. Тухайн үед Б.Болдбаатар нэлээн согтсон байсан. Тэгээд Пүүжээгийн гэрийг асуугаад байсан. Ингээд цагдаатай хамт Пүүжээгийн гэрт нь очиход Туяа эгчийн хамаатны эгч Пүүжээ рүү зааж “энэ хүн мөн байна, манай хашаанд ганцаараа орж ирсэн, энэ миний хоолойг боогоод хүзүүнд байсан гинжийг минь авсан” гэж байсан.”

/1хх-57-59/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад гэрч Ч.Туяагийн өгсөн: “...Өглөө 09 цагийн орчимд би гарч хогоо асгахад манай хашааны урд талд нэг хүн урагш харан бие засаж байсан. Тухайн хүн их согтуу байсан бөгөөд би хогоо асгаад гэр рүүгээ орох гэхэд тэр хүн миний араас “Туяа эгчээ” гэж дуудсан. Би эргээд харахад Пүүжээ гэх зүс таних хүн байсан. Пүүжээ надтай мэнд мэдээд “танайх руу ороод гаръя” гэхээр нь “манай ээжийн бие муу байгаа, согтуу хүн оруулахгүй” гээд хашаанаасаа гаргасан. Тэгээд би хашааны хаалгаа хаагаад гэрт орсон. Би эгч Ч.Уранцэцэгийг дуудсан байсан болохоор түүнийг ирэхээс нь өмнө гадагш гарсан. Ингээд 12-13 цагийн хооронд гэж санаж байна эгч Ч.Уранцэцэг над руу залгаад “хашаан дотор танихгүй хүнд алтан гинжээ дээрэмдүүлчихлээ” гэхэд нь би гэрт очоод юу болсон талаар асуухад “нэг хүн гэрт орж ирэн ээжтэй юм ярьж байгаад гарч яваад миний хүзүүнд байсан алтан гинжийг дээрэмдсэн” гэж ярьсан.” /1хх-66-67/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 489 дугаартай дүгнэлтэд:

1. Ч.Уранцэцэгийн биед баруун тохой, өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх тогтоогдсон гэмтлүүд нь хатуу мохой зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

3. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар тогтоолдсон гэмтлүүд нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.” /1хх-84/ гэх дүгнэлт,

 

           Мөрдөн байцаалтад шүүгдэгч Э.Ц ийн ялладагчаар өгсөн: “...Би хойд хаалгаар нь гарахаар явж байгаад тэр эгчийг “2000 төгрөг өгчих” гэхэд тэр “би чамд мөнгө өгөхгүй, чи юу яриад байгаа юм” гээд намайг загнаад байсан. Тэгэхээр нь би “архи авах гэсиймаа” гэх мэтээр гуйж мөнгө гуйхад тэр эгч уурлаад буцаад явахад нь би араас нь “эгчээ та өгөөч дээ” гээд цамцны захнаас нь татахад тэр цааш зүтгээд “аллаа” гээд хашхирахад захыг нь тавьсан. Гэтэл гарт хүзүүний гинж тасраад үлдсэн. Түүний араас “эгчээ гинжээ ав” гээд хашхирахад тэр тоохгүй гэр рүүгээ орсон. Ингээд би гинжийг аваад гэрт орж 10-20 минут болж байхад тэр эгч 2 цагдаа дагуулаад манай гэрт орж ирсэн. Би тухайн үед цагдаад баригдаад Ч.Туяа эгчийн гэрийн гадна буюу Хэрлэн сумын 1 дүгээр баг, Нуурын 7-11 тоот хашааны гадна хөлөөрөө газар ухаад шороонд булсан байгаа. Одоо зааж өгч чадна...Хулгайн хэргийн хувьд АТМ-aac мөнгийг нь авч халаасандаа хийж явж байгаад 2.000.000 төгрөгийг нь хулгайд алдсан. 400.000 төгрөгийг өөртөө хэрэглэсэн. Гар утсыг нь мөн хаясан. Би 300.000 төгрөгийг аваагүй. Д.Бадамын өмсөж явсан хүрэмний халаасанд бэлэн мөнгө байгаа гэдгийг мэдэж байсан. Шүүх дээр хэргээ буцаалгахын тулд Д.Эрдэнэчулуун, Б.Болдбаатар нарын ченжид асуудлыг мэдэж байгаа, ченж ав гэж хэлсэн гэх байдлаар худал хүсэлт гаргасан юм. Д.Эрдэнэчулуун, Б.Болдбаатар нар нь дээрх хэрэгт хамааралгүй.” /1хх-96-97, 236-237/ гэх мэдүүлэг,

 

-Нэгжлэг хийх тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-41-43/,

-Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /1хх-44-45/,

-Эд зүйлийн үнэлгээ /1хх-98, 246/, 

-Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх-240-241/

-Шүүгдэгч Э.Ц ийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хх-140/ зэрэг болно.

 

Дээрхи нотлох баримтуудыг нэгтгэн дүгнэвэл шүүгдэгч Э.Ц  нь 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн Нуурын 7-11 тоот хашаан дотор иргэн Ч.Уранцэцэгт хүч хэрэглэн хүзүүний алтан гинжийг дээрэмдэж 4.500.000 төгрөгийн хохирол учруулсан, мөн 2018 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Д.Бадамын гар утас, бэлэн 300.000 төгрөг, “Хаан” банкны виза картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, улмаар картнаас нь 2.400.000 төгрөгийг уншуулан авч бага хэмжээний хохирол учруулсан болох нь хохирогч Ч.Уранцэцэг, Д.Бадам, гэрч Б.Болдбаатар, Д.Эрдэнэчулуун, Ч.Туяа нарын мэдүүлгүүд, Э.Ц ийн гэрч, яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 489 дугаартай дүгнэлт, нэгжлэг хийх тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ,  депозит дансны дэлгэрэнгүй хуулга болон бусад хавтас хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд зэргээр нотлогдон тогтоосон байх тул шүүх дээрхи нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Ийнхүү шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурьдагдсан байдлаар шүүгдэгч Э.Ц  нь 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн Нуурын 7-11 тоот хашаан дотор иргэн Ч.Уранцэцэгт хүч хэрэглэн хүзүүний алтан гинжийг дээрэмдэж 4.500.000 төгрөгийн хохирол учруулсан, мөн 2018 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Д.Бадамын гар утас, бэлэн 300.000 төгрөг, “Хаан” банкны виза картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, улмаар картнаас нь 2.400.000 төгрөгийг уншуулан авч бага хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж, түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.

 

Шүүгдэгч Э.Ц  нь 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн Нуурын 7-11 тоот хашаан дотор иргэн Ч.Уранцэцэгт хүч хэрэглэн хүзүүний алтан гинжийг дээрэмдэж 4.500.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэргийн бүхий л шинжийг,

Мөн 2018 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Д.Бадамын гар утас, бэлэн 300.000 төгрөг, “Хаан” банкны виза картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, улмаар картнаас нь 2.400.000 төгрөгийг уншуулан авч бага хэмжээний хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэргийн бүхий л шинжийг тус тус агуулан тодорхойлож байна.

 

Ийнхүү шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурьдагдсан байдлаар шүүгдэгч Э.Ц  нь бусдын хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдэх, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж, түүнд Эрүүгийн хуульд заасан хорих ял шийтгэлийг биелүүлэн эдлүүлэх нь шудрага ёсны зарчимд нийцнэ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-т “шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл хэмжээг тогтооно.” Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2-т “хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэнэ” гэж тус тус хуульчилжээ.

Иймээс шүүгдэгч Э.Ц ид оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т заасан хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар оногдуулах хорих ялыг нэмж нэгтгэн өөрөөр хэлбэл хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг тогтоов.    

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд шүүгдэгч Э.Ц ид оногдуулсан хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Э.Ц  нь 2018 оны 7 дугаар сарын 6-ны өдрөөс эхлэн нийт 158 хоног цагдан хоригдсон болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Э.Ц ийн яллагдагчаар цагдан хоригдсон нийт хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцов.

 

   Шүүх дараах байдлаар хохирлыг гаргуулахаар тогтов.

 

            Шүүгдэгч Э.Ц оос нотлох баримтын хэмжээнд үнэлэгдсэн хохирогч Ч.Уранцэцэгт 4.500.000 /хүзүүний алтан гинжний үнэлгээ/ төгрөгийг, хохирогч          Д.Бадамд 2.600.000 /бэлэн 2.400.000 төгрөг, гар утасны үнэлгээ 200.000 төгрөг/, нийт 7.100.000 төгрөгийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар гаргуулах нь  зүйтэй. Харин хохирогч Д.Бадамын нэхэмжилсэн 300.000 төгрөгийг энэ нотлох баримтын шаардлага хангаагүй үндэслэлээр энэ шийтгэх тогтоолын хүрээнд хангах боломжгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Э.Ц ийн иргэний үнэмлэхний лавлагааг хэрэгт хадгалахаар тогтов.

 

            Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болно.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Э.Ц ийг бусдын хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдэх, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

  2. Э.Ц ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2-т тус тус зааснаар Э.Ц ид оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт түүний биечлэн эдлэх ялыг хугацааг 4 жилийн хугацаагаар тогтоосугай.

 

  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т тус тус зааснаар Э.Ц ид оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

  5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-т зааснаар Э.Ц ийн цагдан хоригдсон 158 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцусугай.                          

 

  6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар Э.Ц оос 7.100.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Ч.Уранцэцэгт 4.500.000 төгрөгийг, хохирогч Д. Бадамд 2.600.000 төгрөгийг тус тус олгосугай.

 

  7. Хохирогч Д.Бадамын нэхэмжилсэн 300.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Э.Ц ийн иргэний үнэмлэхний лавлагааг хэрэгт хадгалсугай.

 

  9. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

 

 10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Э.Ц ид авсан цагдан хорих авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  11. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

  12. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Ц ид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

        

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                   ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС