Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2023/00671

 

 

2023 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2023/00671

 

 

А-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Г.Даваадорж, Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 183/ШШ2022/03706 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: А-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Б- ХХК-д холбогдох,

Сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгэхийг даалгуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Амгалан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Анхбаяр, П.Отгон, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Шолпан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: Б- ХХК-д төслийн менежерээр 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн ажилласан ба 3 сарын дараа үндсэн ажилтнаар томилогдсон. 2021 оны 8 сарын сүүлээр н.Болорсайхан захирал солигдож, Л- захирал болсон. Гэтэл 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр захирал Л- хамтран ажиллах боломжгүй, хүсэлтээ өгөөд ажлаас гар гэж удаа дараа шаардсан ба ажлын бонус нэмэгдэл хассан боловч тушаал гаргаагүй. 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн сахилгын шийтгэл ногдуулсан гэж байгаа боловч танилцуулаагүй. Энэ талаар ажлаас халагдсаны дараа л мэдсэн. Харилцагч байгууллагад хохирол учруулсан талаар түүнтэй яриагүй атлаа ажлаас халах тушаалын үндэслэл болгосон байгааг зөвшөөрөхгүй.

Иймд 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн тушаалаар сахилгын шийтгэл ногдуулсныг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгэхийг даалгаж өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Ажилтан Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан сахилгын зөрчлийг давтан гаргасан, хөдөлмөрийн харилцаанд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан тул ажлаас чөлөөлсөн.

А- нь сүүлийн 3 сарын дундаж үнэлгээгээр ажлын гүйцэтгэл нь 72,3% үнэлэгдсэн. Захирал Л- нь үнэлгээг бууруулсан зүйл байхгүй, эхлээд өөрөө үнэлгээг гаргасны дараа шууд удирдлага н.Даваасүрэн нь үнэлгээний дундаж гаргадаг. А-ын 9 дүгээр сарын үнэлгээг харвал тэрээр өөрийн ажлын даалгаврыг 80%-ийн зургийн даалгаврыг 50%-иар үнэлсэн. 11 сарын ажлын үнэлгээнд өөрийн ажлын гүйцэтгэлийг 20%-иар үнэлсэн. А- нь сүүлийн 3 сарын ажлын гүйцэтгэлийг дундаж үнэлгээгээр 80%-иас доош үнэлэгдсэн тул хөдөлмөрийн дотоод журмын дагуу 13.1-т заасныг үндэслэн 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн А/065 тоот тушаалаар сануулах сахилгын шийтгэл оногдуулсан. Сануулах сахилгын шийтгэл оногдуулсан тушаал гарсныг нэхэмжлэгч мэдэж байсан. Тушаалтай ирж танилцаагүй, тухайн тушаалыг хүлээн аваад маргаагүй.

Давтан зөрчлийн хувьд хөдөлмөрийн гэрээний 3.1.18, 3.2.19-т заасан үүргээ биелүүлээгүйн улмаас компани 24,000,000 төгрөгийн төлбөрийн нэхэмжлэхийг хариуцах асуудал үүссэн. А-од харилцагч компаниас 2021 оны 10 дугаар сарын 16-ны өдөр ирсэн цахим шууданг 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүртэл байгууллагад мэдэгдээгүй. Мөн хөдөлмөрийн гэрээний 3.1.18, 3.2.12, 7.5, 7.7-т заасан ...Гүйцэтгэх удирдлага болон шууд удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй... ба нэхэмжлэгч нь тухайн ажил хийгдэхгүй гэдгийг харилцагч байгууллагад мэдэгдэх талаар удирдлагаас үүрэг даалгавар өгсөн байхад биелүүлээгүй. Эдгээр нь хөдөлмөрийн гэрээний 7.8-т ...Ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл хийсэн... гэж заасантай нийцсэн. Уг гаргасан зөрчлөөс шалтгаалан 24,000,000 төгрөг төлөх нөхцөл үүссэн тул ноцтой зөрчил гэж мөн үзэж байгаа.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч А-ыг Б- ХХК-ийн төслийн менежерийн ажилд нь эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 129 дүгээр зүйлийн 129.1-д зааснаар нэхэмжлэгчийн хариуцагч Б- ХХК-нд холбогдуулан гаргасан сахилгын шийтгэл буруу ногдуулсныг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч Б- ХХК-иас нэхэмжлэгчийн урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 27,471,647 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А-од олгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг даатгуулагчийн төлбөл зохих Нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, нийгмийн даатгалын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлж, энэ талаар нэхэмжлэгч А-ын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Б- ХХК-нд даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч А- нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн тул хариуцагч Б- ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 295 308 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Ажил олгогч Б ХХК нь А-ыг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан болон хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэх 2 үндэслэлийн аль алийг нь гаргасан гэж үзэн ажлаас чөлөөлсөн.

Б ХХК нь А-ыг хөдөлмөрийн дотоод журмын 13.1 дэх заалтыг баримтлан сүүлийн 3 сарын ажлын гүйцэтгэлийн дундаж үнэлгээ 80 хувиас доош үнэлэгдсэн үндэслэлээр сануулах сахилгын шийтгэлийг оногдуулсан. А- нь 2021 оны 09 сард 75 хувь, 10 сард 81 хувь, 11 сард 61.8 хувь буюу дундаж нь 72.3 хувиар үнэлэгдсэн нь ERP ажил үүргийн системд хийсэн үзлэгээр тогтоогдсон. Ийнхүү сүүлийн 3 сарын дундаж нь 72.3 хувиар үнэлэгдсэн тул журмын дагуу шууд удирдлагын санал болон гүйцэтгэлийн үнэлгээг үндэслэн гүйцэтгэх захирал тушаал гаргасан.

Сахилгын шийтгэлгүйд тооцох хугацаа дуусаагүй байхад буюу 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/195 дугаар тушаалаар хөдөлмөрийн гэрээний 3.2.18, 3.2.19, 7.2, 7.5, 7.8 дахь заалтуудыг зөрчсөн үндэслэлээр дахин сахилгын шийтгэл ногдуулсан. Учир нь, А- нь хариуцаж ажиллаж байсан Скай парк плаза төслийн зураг төсөл гүйцэтгэгч И ХХК-д 3-р шатны ажил хийгдэхгүй буюу 3 шатны төлбөр болох 24,000,000 төгрөг төлөгдөхгүй тухай мэдээллийг өгөөгүй. Үүний улмаас харилцагч И ХХК нь ажлаа үргэлжлүүлэн хэвийн гүйцэтгэсээр үлдэгдэл 24,000,000 төгрөгийн төлбөрийн нэхэмжлэх манай компанид ирүүлсэн.

Түүнчлэн нэхэмжлэгч нь И ХХК-иас ирүүлсэн нэхэмжлэх, цахим шууданг компанид мэдэгдээгүй нь асуудлыг нь улам хүндрүүлж бизнесийн харилцаанд сөргөөр нөлөөлж ажил олгогчийн итгэлийг алдсан, өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй, ажилдаа хариуцлагагүй хандсан зөрчил гаргасан.

Ажилтанд шууд удирдлага Л-, захирал Б.Мөнхзолбоо нараас гэрээ дүгнэх хуудсаар болон амаар И ХХК-нд сүүлийн төлбөр төлөхгүй гэж тайлбарлаж харилцагчид мэдэгдээрэй гэж хэлсэн боловч А- нь мэдсээр байж мэдэгдээгүй алдаа гаргасан зөрчлөө 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн цахим шуудангаар өөрөө хүлээн зөвшөөрдөг. Сахилгын зөрчилгүйд тооцох хугацаа дуусаагүй байхад дээрх 2 үйлдлээр Хөдөлмөрийн гэрээний 3.2.18, 3.2.19, 7.5, 7.8-д заасныг зөрчсөн нь давтан сахилгын зөрчил гаргасан гэх үндэслэлд хамаарч байдаг.

Гэтэл анхан шатны шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтууд буюу Л-ийн гэрчийн мэдүүлэг, И ХХК-ийн гүйцэтгэх захирал Ю-ийн гэрчийн мэдүүлэг, цахим шууданд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрээ дүгнэх хуудас, ажлын байрны тодорхойлолт, нэхэмжлэгч А-ын шүүх хуралдаан дээрх тайлбар зэргийг бүрэн шалгаж үзэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Хөдөлмөрийн гэрээний 7.5-т гүйцэтгэх удирдлага болон шууд удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүулээгүй, 7.8-т ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл эс үйлдэхүй гаргасан гэж заасныг А- нь зөрчсөн нь ноцтой зөрчилд мөн хамаарна.

Иймээс ажил олгогчийн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, ажил олгогчийн итгэлийг алдсан ноцтой болон энгийн зөрчлүүдийн шинжийн аль алиныг нь гаргасан болох нь хэрэгт авагдсан цахим шуудан, гэрчүүдийн мэдүүлэг, төлбөрийн нэхэмжлэх, ажлын байрны тодорхойлолт зэрэг баримтуудаар тогтоогдож байгаа тул ажил олгогчийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй юм.

Шүүх хуралдаан даргалагч нь хурал завсарлахаас өмнө хариуцагч талд тайлбар хэлэх боломж олголгүй мэтгэлцэх эрхийг хязгаарласан.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга: Ажил олгогч нь А-од сахилгын шийтгэл ногдуулсан боловч хуульд нийцсэн арга хэмжээ аваагүй, үндэслэлгүй байсан. Анх захирал байсан Л-ийн хувийн харилцаанаас болж энэ асуудал үүссэн. Сануулах арга хэмжээ авсан тушаалыг сарын дараа ажлаас халсан тушаалтай хамт танилцуулсан. Энэ талаар А- тайлбар гаргах гэсэн боловч тайлбар гаргах боломжоор хангаагүй.

Сануулах зөрчил авсан хугацаанд удирдлагын өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй гэж тайлбарладаг боловч баримтаар нотлогдоогүй. Улмаар уг үйлдлийг зөвтгөх үүднээс нэхэмжлэгчид танилцуулаагүй ажлын байрны тодорхойлолтыг хариуцагч шүүхэд гаргаж өгсөн.

Зураг төслийн ажил гүйцэтгэж буй компанид үлдэгдэл төлбөрийг олгохгүй гэдгийг мэдэгдэх ажлыг нэхэмжлэгч хариуцахгүй, энэ нь компанийн гүйцэтгэх захирлын эрх хэмжээний асуудал. Мөн харилцагчаас ирсэн төлбөрийн нэхэмжлэхийг эх хувиар ирүүлэх ёстой байхад цахим шуудангаар ирүүлснийг өөрийн хариуцдаг ажил биш учраас мэдээгүй.

Иймд хариуцагч талын гомдол нотлох баримтаар тогтоогдохгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийн хүрээнд хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч А- нь хариуцагч Б- ХХК-д холбогдуулан сахилгын шийтгэл ногдуулсан 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн А/065 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгэхийг даалгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт хамаарал бүхий зарим үйл баримтыг зөв тогтоосон боловч хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлээгүйн улмаас шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

4. А- нь туршилтын хугацаагаар ажилласны дараа Б- ХХК-ийн захирлын 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн Б/137 дугаар тушаалаар төслийн менежерийн албан тушаалд томилогдож, хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулан ажиллаж байсан үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ /хх 37-42, 72/.

 

5. Б- ХХК-ийн захирлын 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн А/065 дугаар Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1, Хөдөлмөрийн дотоод журмын 13.1, 13.2.1 дэх заалтыг тус тус үндэслэн төслийн менежер ажилтай А-од 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 30-ний өдөр хүртэл хугацаанд ажлын гүйцэтгэлийг хангалтгүй биелүүлсэн үндэслэлээр сануулах сахилгын шийтгэл ногдуулжээ /хх 73/.

 

5.1. Анхан шатны шүүх ажил олгогч Б- ХХК нь ажилтан А-од сануулах сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлтэй гэж дүгнэсэн нь Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 131 дүгээр зүйлийн 131.1.1-т нийцсэн байна.

Хэрэгт авагдсан Цахим гүйцэтгэлийн үнэлгээний журам-ын хавсралт 07 Б- ХХК-ийн гүйцэтгэлийн үнэлгээний тайлан, ажил үүргийн удирдлагын системд үзлэг хийсэн тэмдэглэл, хариуцагч байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, ажилтанд захиргааны арга хэмжээ ногдуулах санал, гэрч Л-ийн мэдүүлэг зэргээр А- нь 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 11 дүгээр сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд ажил үүргээ 80-аас доош хувийн үнэлгээтэй гүйцэтгэсэн нь тогтоогдсон, энэ нь Хөдөлмөрийн дотоод журмын 13.1-д заасан сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлд хамаарчээ /хх 74, 76, 91-113, 123-127/.

 

6. Б- ХХК-ийн захирлын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Ажлаас халах тухай Б/195 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Компанийн Хөдөлмөрийн дотоод журам-ын 13.2, 13.2.3, ажилтантай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 6.2, 6.4, 7.2, 7.5, 7.8 дахь заалтуудыг үндэслэн гүйцэтгэх удирдлага болон шууд удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, сахилгын шийтгэл давтан гаргасан, хариуцсан ажилдаа хайнга хандаж ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл гаргасан гэж үзэн төслийн менежер А-той байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалжээ /хх 2/.

 

6.1. Анхан шатны шүүх А- нь И ХХК-нд гэрээний төлбөрийг төлөхгүй тухай мэдэгдэх үүрэг хүлээгээгүй, ажил олгогчийн итгэлийг алдсан ноцтой зөрчил гаргасан нь нотлогдоогүй гэж зөв дүгнэсэн.

Гэвч ажилтныг ажлаас халсан тушаалд заасан сахилгын зөрчлийг давтан гаргасан гэх үндэслэлд алдаатай эрх зүйн дүгнэлт өгсөн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасан шийдвэрийг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгэхийг даалгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

6.2. Б- ХХК болон И ХХК-ийн 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан Зургийн ажил гүйцэтгэх гэрээ-г хэрэгжүүлэх харилцаанд Б- ХХК-ийг төлөөлж А- нь гүйцэтгэгч компанитай харилцдаг байсан,

улмаар А- нь И ХХК-аас 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр түүний цахим шуудангаар ирүүлсэн 24,000,000 төгрөгийн төлбөрийн нэхэмжлэхийн талаар хариуцагч байгууллагын эрх бүхий албан тушаалтанд 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр мэдэгдсэн болох нь ***********[email protected] цахим шууданд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч Л-, Ю- нарын мэдүүлэг, ажилтанд захиргааны арга хэмжээ ногдуулах санал, гэрээ дүгнэх хуудас, 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан Зургийн ажил гүйцэтгэх гэрээ зэргээр тогтоогдож байна /хх 43-46, 77-80, 82-88, 123-127/.

Энэ үйл баримтыг нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар няцаагаагүй.

 

6.3. Хэдийгээр нэхэмжлэгчийн гаргасан зөрчил нь хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчилд хамаарахгүй боловч Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт ажилтан нь үнэнчээр хөдөлмөрлөх, хөдөлмөрийн ба хамтын гэрээ, хөдөлмөрийн дотоод журам, аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн нийтлэг шаардлагыг сахин биелүүлэх үүрэгтэй, Хөдөлмөрийн гэрээний 3.2.18-д ажил олгогчоос өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь биелүүлж үр дүнг холбогдох албан тушаалтанд танилцуулах үүрэгтэй, 3.2.19-т өөрийн ажлын байртай холбоотой зайлшгүй гүйцэтгэх ажил үүргийг үл маргах зарчмаар цаг хугацаанд нь чанартай гүйцэтгэх, тайлагнах үүрэгтэй гэх зохицуулалтыг зөрчсөн хөдөлмөрийн сахилгын зөрчилд тооцогдоно.

Нэхэмжлэгчийн гаргасан зөрчлийг сахилгын зөрчилд тооцоход И ХХК-аас ирүүлсэн нэхэмжлэхтэй холбоотойгоор хариуцагчид хохирол бодитой учирсан байхыг шаардахгүй.

 

6.4. Сануулах сахилгын шийтгэлтэй ажилтан хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ биелүүлэлгүй сахилгын зөрчлийг давтан гаргасан тул түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогч цуцалсан нь Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.4 дэх хэсэгт нийцсэн байна.

Иймд Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.7-д зааснаар сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

7. Дээрх дүгнэлтээр хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 183/ШШ2022/03706 дугаар шийдвэрийг хүчингүй болгож,

Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.7-д зааснаар Б- ХХК-д холбогдох сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, баталгаажилт хийхийг даалгуулах тухай А-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчийн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 295,309 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ

 

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

Т.БАДРАХ