Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 2019/ШЦТ/02

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,

нарийн бичгийн дарга Х.Ганзориг,

улсын яллагч Э.Нямбилэгт,

шүүгдэгч, хохирогч Г.М,

шүүгдэгч, хохирогч Д.Г нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овогт Г-н М-, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овогт Д-н Г нарт холбогдох эрүүгийн 1817002050111 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1988 оны 08 дугаар сарын 14-нд Дундговь аймгийн Говь-Угтаал суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин, жолооч мэргэжилтэй, Өмнөговь аймгийн “Цагаан Хад” гэх газар нүүрс зөөж буулгадаг ажил эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, 11 дүгээр байрны 4 дүгээр орцны 52 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 2018/ШЦТ/12 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуу мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан гэх Б овогт Г-н М /РД: /

 

Монгол Улсын иргэн, 1977 оны 05 дугаар сарын 25-нд Дундговь аймгийн Дэрэн суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловср дүгээр баг,  тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй гэх Б овогт Д-н Г, /РД: /

 

Холбогдсон хэргийн талаар:

/яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Яллагдагч Г.М нь согтуурсан үедээ 2018 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 15 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1-р баг, Балдан засаг захын хажууд Д.Г-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүнийг газарт унагах, баруун хавирга руу нь өшиглөх зэргээр зодож хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

Яллагдагч Д.Г нь согтуурсан үедээ 2018 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 15 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1-р баг, Балдан засаг захын хажууд Г.М-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний толгойн тус газар гараараа цохиж зодон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

НЭГ. Шүүгдэгч Г.М нь согтуурсан үедээ 2018 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 15 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Балдан засаг захын хажууд хохирогч Д.Г-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүнийг газарт унаган баруун хавирга руу нь өшиглөх зэргээр зодож хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэм буруутай,

Шүүгдэгч Д.Г нь согтуурсан үедээ 2018 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 15 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Балдан засаг захын хажууд хохирогч Г.М-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний толгойн тус газар гараараа цохиж зодон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

1.1. Шүүгдэгч Г.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв гэв.

 

1.2. Шүүгдэгч Д.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв гэв.

 

 

1.3. Хохирогч Г.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

2018 оны 09 дүгээр сарын 29-ны өдөр Балдан засаг захын урд Д.Г гэдэг ахтай тамхинаас болж хоорондоо маргалдсан. Надад тархины доргилт, цус хуралттай хөнгөн гэмтэл учирсан. Тамхинаас болоод муудалцаад тэндээсээ явсан. Одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэв.

 

1.4. Хохирогч Д.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

2018 оны 09 дүгээр сарын 29-ны өдөр Балдан засаг захын урд энэ дүү Г.М-тэй тамхины асуудлаас болж муудалцаж, баруун хавиргандаа гэмтэл авсан. Дүүтэй тэгээд эвлэрсэн. Одоо гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэв.

 

1.5. Хохирогч Д.Г мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

Би 2018 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Б гэдэг эгчийн гэрийн тавилгыг дүү нь болох Б-н хамт зөөж өгсөн. Б эгч надад баярлалаа гээд 1 шил архи 0.5 литрийн Ерөөл архи авч өгсөн. Тэр архийг дүү Б-тай нь хувааж уусан. Б мөн 1 шил 0.5 литрийн Ерөөл нэртэй архи авч өгсөн. Тэр архийг мөн Б-тай хувааж уусан. Тэр архийг ууж байхад мөн нэг танихгүй залуу орж ирээд хуваалцаж уучихаад явсан. Тэгээд Б эгчийн гэрээс гараад Балдан засаг зах дээр очсон. Тухайн үед 15 цаг өнгөрч байсан байх, цагийг нарийн сайн мэдэхгүй байна. Тэгээд Балдан засаг захын урд талд сууж байтал 2 залуу ирсэн. Нэг залуу нь Балдан засаг зах руу ороод явсан. Одоо энэ М гээд байгаа залуу надаас тамхи байна уу гээд нэхэхээр нь би өөдөөс нь та нарын тамхийг би бэлдэх ёстой юм уу гэж хэлсэн. Тэгтэл М намайг түлхэж унагаад баруун талын хавирга руу нэг удаа хүчтэй өшиглөсөн. Нүүрээ хамгаалаад хэвтсэн. Нэг эмэгтэй хүн М-г надаас салгаж авсан. Би босож очоод М-г нэг удаа цохисон бил үү, түлхсэн бил үү сайн санахгүй байна. М хамт явсан залуутайгаа хамт таксинд суугаад явсан. Би Балдан засаг захын гадаа жоохон сууж байгаад гэртээ харьсан. Маргааш нь баруун талын хавиргаад хатгуулаад гэртээ хэвтээд өнжсөн. Тэгээд нөгөөдөр нь буюу 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр эмнэлэгт үзүүлээд рентген  зураг авахуулсан. Эмч үзээд баруун талын хоёр хавирга хугарсан байна гэж хэлсэн. Тэр эмч чи хүнд зодуулсан байна ш дээ гээд цагдаа дуудсан. Цагдаагаас хүн ирээд надаас байцаалт авсан. Тэгээд би гэртээ харьсан. 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр цагдаагаас дуудаад шинжээч эмчид үзүүлсэн. Шинжээч эмч намайг 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр үзсэн эмчээрээ картан дээрээ бичүүлээд ир гэсэн. Би картан дээрээ бичилт хийлгэчихээд хэд хоногийн дараа авчирч шүүх эмчид өгсөн. Тэгээд гэртээ байж байгаад ажил хийхээр Улаанбаатар хот руу явсан. Улаанбаатар хотод байж байтал манай ээжийн төрсөн ах нас барсан гэхээр нь би Дундговь аймаг руу явсан. Тэнд очоод буцах гэсэн зардлын мөнгө болон унаа олдохгүй байсаар байгаад өчигдөр хүнээс мөнгө зээлээд автобусаар ирсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 9-10 дугаар хуудас/

 

1.6. Хохирогч Г.М мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

2018 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр найз Х-тэй хамт гэрт нь 2 шил Ерөөл нэртэй 0.5 литрийн архи уусан. Х Балдан засаг зах орж эхнэрээсээ тамхины мөнгө авна гээд бид хоёр гэрээс гараад Балдан засаг зах дээр очсон. Би тухайн үед архи уусан байсан. Хурцбилэг эхнэртэйгээ уулзахаар Балдан засаг зах руу орсон. Би захын урд хэсэгт гадаа зогсож байхад саарал өнгийн дээлтэй ах согтуу архи уусан байдалтай миний хажуу ойрхон зогсож байсан. Би тухайн үед утсаар яриад байж байтал тэр ах чи надаас тамхи нэхлээ гээд над руу дайраад тэр ах намайг гараараа зүүн талын чамархай орчимд нэг удаа цохисон. Би газар унаад босож ирээд тэр ахыг хөлөөрөө нэг тийрсэн. Тэр ах газар унаад өгсөн. Х-н эхнэр гарч ирээд бид хоёрыг салгасан. Х-н эхнэр Ш Х бид хоёрыг таксинд суулгаад явуулсан. Тэр ах тэндээ үлдсэн. Өөр асуудал болоогүй. 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр цагдаагаас дуудахаар нь ирж уулзсан чинь нөгөө саарал дээлтэй ах намайг цагдаад өгсөн байсан. Цагдаа дээр ирээд тэр ахын нэрийг Г гэдгийг мэдсэн. Тэр ахад цохиулсны улмаас миний толгой өвдөөд байсан. Унахдаа баруун өгзөг хэсгээрээ унасан юм шиг байна лээ, баруун өгзөг дээр хөхөрсөн байсан. Өөр гэмтэл байгаагүй. Би шүүх эмчид үзүүлэхэд тархи доргисон байна гэж байсан. Би баруун өгзөгнийхөө хөхөрсөн гэмтлийг шүүх эмчид үзүүлсэн. Урд миний биед ямар нэгэн гэмтэл байгаагүй, зүгээр байсан. Г-д цохиулсны улмаас миний биед дээрх гэмтлүүд учирсан... гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 дүгээр хуудас/

 

1.7. Гэрч У. мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Би Балдан засаг захын гадаа арьс шир авдаг юм. Би тухайн өдөр Балдан Засаг захын гадаа арьс шир аваад зогсож байсан. Миний санаж байгаагаар 16 цагийн үед байх. Г архи уусан байдалтай халамцуу яваад байсан. М, Х нар мөн архи уусан байдалтай зах дээр ирсэн байсан. Намайг нэг харахад М Г-г түлхээд газар унагаад нэг удаа өшиглөж байгаа харагдсан. Би хаашаа өшиглөсөн талаар мэдэхгүй байна. Мах зардаг Ш захаас гарч ирээд тэр хоёрыг салгасан. М, Х нар таксинд суугаад явсан. Г захын гадаа үлдсэн байж байгаад сүүлд яваад өгсөн байсан. Өөр асуудал болоогүй... гэх мэдүүлэг /хх-ийн 15 дугаар хуудас/

 

1.8. Гэрч А.Ш мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

2018 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 13-14 цагийн үед Балдан засаг захад махны лангуунд сууж байхад манай нөхөр Х, найз М-н хамт ирсэн. Тэр хоёр архи уучихсан байсан бөгөөд манай нөхөр намайг гараад ир гэж дуудаад тамхины мөнгө өгчих гэхээр нь би 10 000 төгрөг өгөөд буцаад орох гэтэл гадаа захын урд М нэг саарал дээлтэй согтуу хүнтэй муудаад бие биеээ заамдаад зогсож байсан. Тэгээд нэг эргээд харахад М-н тэр дээлтэй хүн хоёр газар уначихсан дээр доороо ороод маргалдаад байхаар нь би очоод М-г татаж босгосон. Тэгсэн тэр саарал дээлтэй хүн босож гүйж ирээд М-г цохиж аваад байсан. Би Х, М нарыг таксинд суулгаад явуулсан… гэх мэдүүлэг /хх-ийн 17 дугаар хуудас/

Захын зүүн урд хэсэгт нэг саарал дээлтэй хүнтэй ноцолдож байсан. М дээр нь гарсан. Нөгөө саарал дээлтэй хүн доор нь орсон байж байсан. Би наанаас очоод М-г салгаж аваад такси руу аваад явж байтал нөгөө саарал дээлтэй ах араас ирээд М-н захнаас татаад зүүн шанаа хавьд нэг удаа гараараа цохисон. М арагшаа газар бөгсөөрөө унасан. М босож ирээд тэр хүн рүү дайрах гэхээр нь болиулаад таксинд суулгаад явуулсан. Нөгөө саарал дээлтэй хүн Балдан засаг захын гадаа суугаад үлдсэн. Тэр саарал дээлтэй ах захын гадаа нилээн сууж байгаад явсан… гэх мэдүүлэг /хх-ийн 18 дугаар хуудас/

 

1.9. Гэрч Д.Х мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

2018 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр М бид хоёр манай гэрт 2 шил 0.5 литрийн Сархад, Ерөөл архи хувааж уусан. Манай эхнэр Ш Балдан засаг захад мах зардаг тул би эхнэрээсээ 10 000 төгрөг авсан. Тэгээд М бид хоёр захаас гараад саарал дээлтэй согтуу хүнтэй /Г/ таарсан. Тэгсэн М тэр дээлтэй хүнтэй муудаад байх шиг байсан. Балдан засаг захаас манай эхнэр Ш гарч ирээд М-г боль гээд байгаа бололтой байсан. Тэгээд М бид хоёр таксинд суугаад явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар хуудас/

 

1.10. Гэрч Ц.Н мөрдөн байцаалтын шатанд дахин мэдүүлэхдээ:

Манай хүү Г 2018 оны 09 дүгээр сарын сүүлээр хүнд зодуулсан юм байна лээ. Тухайн үед би Өмнөговь аймаг руу явсан байсан. Намайг ирэхэд Г баруун талын хоёр хавирга хугарсан гэж байсан. Би яасан талаар нь асуухад Балдан засаг захын гадаа саарал дээлээ өмссөн явж байхад хоёр залуу тамхи нэхээд байхгүй гэтэл дээлнээс нэг нь татаж унагаад баруун талын хавирга руу өшиглөсөн гэсэн. Тэгээд хоёр хавирга хугарсан гэж байсан. /баруун/ өөр зүйл яриагүй. Хавирга нь эвгүй байгаа бололтой лент наагаад яваад байсан. Тэр залуугаа цагдаад өгсөн гэж ярьж байсан. Тэгээд гэртээ хэд хоног хэвтэж байгаад Улаанбаатар хот руу ажил хийнэ гээд явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 дүгээр хуудас/

 

1.11. Гэрч Д.Г мөрдөн байцаалтын шатанд дахин мэдүүлэхдээ:

2018 оны 09 дүгээр сарын сүүлээр 10 дугаар сарын эхэн үе санагдаж байна. Өдрийг нь сайн санахгүй байна. Манай төрсөн ах Г над руу утсаар яриад ах нь эмнэлэг дээр байна, бие өвдөөд байна, ахыгаа ирээд аваач гэсэн. Намайг эмнэлэг дээр очиход Г ах хүнд зодуулсан гээд байж байсан. Эмнэлэгт үзүүлэхийнхээ өмнөх өдөр юм уу, тэрний өмнөх өдөр хүнд зодуулсан гэж хэлж байсан санагдаж байна. Г ахын баруун талын хавирга өвдөөд байна гэж байсан. Эмч нар хоёр хавирга хугарсан гэж байсан. Г ах өөрөө зодсон хүнээ танихгүй гэж байсан. Зах дээр арьс шир авдаг П /Э/ мэднэ, хүнийг нь харсан гэж байсан. Г ах баруун талын хавирга өвдөөд байна гэж байсан. Өөр гэмтэл гэх зүйл харагдаагүй... гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 дугаар хуудас/

 

1.12. Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 274 дугаартай дүгнэлтэд:

-Д.Г-н биед гэмтэл тогтоогдсонгүй.

 Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Б.С гэжээ. /хх-ийн 34 дүгээр хуудас/

 

1.13. Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 274 дугаартай дүгнэлтэд:

- Д.Г-н биед баруун 8-9-р хавирганы хугарал гэмтэл тогтоогдлоо.

- Дээрх гэмтэл мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

- Д.Г-н биед учирсан гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах /дөрвөн долоо хоногоос дээш/ тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

- Дээрх гэмтэл нь цаашдын ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй болно.

Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Б.С гэжээ. /хх-ийн 38 дугаар хуудас/

 

1.14. Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 276 дугаартай дүгнэлтэд:

- Г.М-н биед тархи доргилт, баруун өгзөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

- Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

- Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Б.С гэжээ. /хх-ийн 46 дугаар хуудас/

 

1.15. Шинжээч Б.С мөрдөн байцаалтын шатанд дахин мэдүүлэхдээ:

2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр үзлэг хийхэд Д.Г-н биед тэмтрэлтээр эгэмний дунд шугамаар 5-6-р хавирганы түвшинд эмзэглэл их байсан. Дотор зөрөөгүй хугарсан хавиргыг гадна үзлэг буюу гараар тэмтэрч үзэхэд мэдэгдэх шинж тэмдэг бага учир заавал рентген зурагт үндэслэж дүгнэлт гаргадаг. Хүний биеийн бүх хэсэгт тэнэгч мэдрэл байдаг учир яг хугарсан хавирганы түвшинд өвдөлт илрэхгүй байх боломжтой. Өвдөлт тархмал энд тэнд ч мэдрэгддэг болохоор эмзэглэж байгаа газрыг нь үзлэгтээ тусгасан юм. Д.Г нь 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр шинжээч эмчид үзүүлэхдээ 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр аймгийн нэгдсэн эмнэлэгт цээжний рентгенд харуулсан боловч эмнэлгийн бичиг баримтгүй байсан учраас үзлэгээр дүгнэлт гаргасан. Нэмэлт шинжилгээ хийлгэх тогтоолын дагуу үзлэг хийхэд 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр аймгийн нэгдсэн эмнэлгийн дүрс оношилгооны эмч 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр рентген зурагт харсан зүйлээ 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр картан дээр нь бичсэн байсан. Картанд бичигдсэн тухайн цаг үед тааруулан дүгнэлтэд тусгасан болно... гэх мэдүүлэг /хх-ийн 41-42 дугаар хуудас/

 

1.16. Хохирогч Д.Г-н өвчтөний картын хуулбар, /хх-ийн 103 дугаар хуудас/ зэрэг болно.

 

Прокурорын яллах дүгнэлтэнд шүүгдэгч Г.М, Д.Г нарын үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлийг зөв зүйлчлэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Шүүгдэгч Г.М, Д.Г нар нь гэмт хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Иймд шүүгдэгч Г.М-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

шүүгдэгч Д.Г-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

ХОЁР. Шүүгдэгч Г.М-, Д.Г- нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

2.1. Гэрч Д.Х мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

М-тэй найзалж нөхөрлөөд 10 орчим жил болж байна. Хүнд их тусархуу, нөхөрлөлдөө үнэнч тууштай байдаг. Найз нөхдийнхөө дунд элдэв янзын ааш зан гаргаж байгаагүй. Ажил хөдөлмөрт сайн махруу. Нэг эхэлсэн ажиллаа дуусгаж байж санаа нь амардаг... гэх мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр хуудас/

 

2.2. Гэрч Г.Н мөрдөн байцаалтын шатанд дахин мэдүүлэхдээ:

М-н хувьд архи уухаараа түргэн ууртай талдаа, хүнтэй хэр бараг муудаад байхгүй. Өөрийн хариуцсан ажил хөдөлмөрийг сайн хийдэг. Өмнөговь аймгийн Цагаан хад гэх газарт хувиараа жолооч хийж байгаа. Амралтаараа ирэх үедээ ийм асуудалд орсон байна. Өөр хэлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 22 дугаар хуудас/

 

2.3. Гэрч Ц.Н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Г зан байдлын хувьд гайгүй. Янз бүрийн ааш зан байхгүй. Хар бор ажилд сайн. Хааяа нэг архи дарс уучихдаг. Байнга бол архи дарс хэрэглээд байдаггүй. Эхнэр хүүхдээсээ салаад ирсэн юм шиг байна лээ. Манайд надтай хань болоод байж байдаг. Өөр хэлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 дүгээр хуудас/

 

2.4. Хохирогч Г.М-н мөрдөн байцаалтын шатанд гаргасан хүсэлт /хх-ийн 55 дугаар хуудас/

 

2.5. Хохирогч Д.Г-н мөрдөн байцаалтын шатанд гаргасан хүсэлт /хх-ийн 56 дугаар хуудас/

 

2.6. Шүүгдэгч Д.Г-н ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 78 дугаар хуудас/

 

2.7. Шүүгдэгч Г.М-н ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 79 дүгээр хуудас/

 

2.8. Говьсүмбэр аймгийн Прокурорын газрын 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 5/4 тоот яллагдагч Г.М-д холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоол /хх-ийн 81-82 дугаар хуудас/

 

2.9. Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 2018/ШЦТ/12 тоот шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 84-86 дугаар хуудас/

2.10. Говьсүмбэр аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар – 425 дугаар нээлттэй хорих ангийн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 01/1748 дугаартай албан бичиг /хх-ийн 88 дугаар хуудас/

 

2.11. Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоолын хуулбар /хх-ийн 89 дүгээр хуудас/ зэрэг болно.

 

Шүүгдэгч Г.М, Д.Г нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

 

          Иймд шүүгдэгч  Г.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар,

          шүүгдэгч Д.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М-д оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг, шүүгдэгч Д.Г-д оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг тэдний цалин хөлс, бусад орлого олох боломжийг нь харгалзан тус бүр 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тус тус тогтоов.

 

Шүүгдэгч Г.М, Д.Г нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

          Шүүгдэгч Г.М, Д.Г нар нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болно.

         

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасаныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт -н М-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Б овогт Д-н Г-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч Г.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар,  

шүүгдэгч Д.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М-д оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг, шүүгдэгч Д.Г-д оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг тус бүр 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тус тус тогтоосугай.

 

4. Шүүгдэгч Г.М, Д.Г нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Г.М, Д.Г нар нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.М, Д.Г нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Т.ЭНХМАНДАХ