Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 2019/ШЦТ/03

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баттулга даргалж,

нарийн бичгийн дарга Х.Г,

улсын яллагч Э.Н,

шүүгдэгч Ц.Г, түүний өмгөөлөгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Ц-ийн Г-т холбогдох эрүүгийн 1817000980095 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгч Монгол улсын иргэн, Б овогт Ц-ийн Г /РД:ЗЮ83110210/ Улаанбаатар хотод 1983 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн, 35 настай, эрэгтэй, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, Баянхошууны 5-1 тоотод оршин суух бүртгэлтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, бүрэн бус дунд боловсролтой, замчин мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг,

урьд 2006 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Говьсүмбэр аймаг дахь Сум дундын шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 4 сар баривчлах ялаар, 2006 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Говьсүмбэр аймаг дахь Сум дундын шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил хорих ялаар, 2009 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Говьсүмбэр аймаг дахь Сум дундын шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил хорих ялаар, 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.1, 60 дугаар зүйлийн 60.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 1жил 4 сар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэн тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзах ялаар тус тус шийтгүүлсэн гэх,

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр:

 

Шүүгдэгч Ц.Г нь 2018 оны 04 дүгээр сарын 10-ны орой 21 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, Баянхошууны 2-217 тоотод оршин суух А.Ц-ийн гэрт нэвтэрч хонины мах 20 кг, Samsung s2 маркийн гар утас зэргийг хулгайлж 170 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

НЭГ. Шүүгдэгч Ц.Г нь 2018 оны 04 дүгээр сарын 10-ны орой 21 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, Баянхошууны 2-217 тоотод оршин суух А.Ц-ийн гэрт нэвтэрч хонины мах, Самсунг S2 маркийн гар утсыг тус тус хулгайлж 170 000 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:

 

1.1. Шүүгдэгч Ц.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын явцад мэдүүлгээ үнэн зөв өгсөн учраас нэмж ярих зүйл байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Ийм гэмт хэрэг хийсэндээ гэмшиж байна, хохирлоо төлж барагдуулсан. Би олон удаа хорих ял шийтгэгдэж байсан ч гарч ирээд эхнэр хүүхэд аваад, амьдрал зохиосон. Хэрвээ хорих ялаар шийтгэгдэх юм бол үр хүүхдүүдэд минь хэцүү байна л гэж бодож байна. Хорихоос өөр ял шийтгэл өгөөч ээ л гэж хэлмээр байна гэв.

 

1.2. Хохирогч А.Ц мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “Би 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өглөө 08 цагийн үед ажилдаа яваад орой 00 цагийн үед гэртээ ирэхэд манай гэрийн хаалга онгорхой байсан. Манай хөлдөөгчинд байсан хонины мах байхгүй байхаар нь гэрээ нягтлан хартал манай гэрийн мөлхөө тавилганы тагийг бүгдийг онгойлгож орхисон байсан. Тавилган дээр уутанд байсан Самсунг S-2 маркийн гар утас алга болсон байсан. Мөн гурилын модны уутыг аваад явсан байсан. Би охиноо гэртээ ирэх байх гэж бодоод хаалга түгждэг рүчикээ үүдний амбаарын авдран дээр орхисон байсан. Алдагдсан хонины мах нь 3 гуя, 2 хаа нийт 5 хөл мах байсан. Гар утсаа 50 000 төгрөг, хонины махаа 1кг-г нь 6 000 төгрөгөөр үнэлээд 120 000 төгрөг, нийт хохирол 170 000 төгрөг болж байна” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 26-33 хуудас/

 

1.3. Иргэний нэхэмжлэгч Х.Б мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “2018 оны 04 дүгээр сарын 11-ний өглөө би өөрийн гар утасны “Нокио Чойр” дэлгүүрийг нээгээд байж байтал зүс таних Г гэх залуу архи уусан бололтой үнэртүүлсэн орж ирээд дэлгэц нь хагарсан хар өнгийн Самсунг S-2 маркийн гар утсыг сэлбэгэнд авах уу гэж гаргаж ирсэн. Би 4 000 төгрөгөөр худалдаж авсан. Тухайн гар утас нь ногоон өнгийн батрейтэй байсан ба би хулгайн гар утас гэж мэдээгүй. Сүүлд нь цагдаагийн Т ирээд хулгайд алдсан гар утас байна гээд надаас хураан авч явсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 34-36 хуудас/

 

1.4. Гэрч Б.И мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “Намайг 2018 оны 04 дүгээр сарын 10-ны орой гэртээ байхад 22-23 цагийн үед Г архи уусан согтуу ганцаараа орж ирсэн. Г өөрөө 0,75 литрийн Соёрхол архи барьчихсан байсан. Надтай архи хувааж ууя гэхээр нь би хойд хашааны Ч гэх айл руу Г-ыг дагуулан орсон. Тэгээд Г, Ч бид гурав Г-ын авч ирсэн архийг хувааж уусан. Архи ууж байхдаа Г айлаас мах, гар утас авсан, махыг нь комиссын дэлгүүр ажиллуулдаг Б гэж хүнд зарсан гэсэн. Харин дэлгэц нь хагархай хар өнгийн утсыг маргааш сэлбэгийн дэлгүүрт өгнө гэж ярьж байсан. Би тэр архиа уугаад гэр лүүгээ орж унтсан. Г Ч-ийн гэрт нь хоносон. Дараа нь Г-тай уулзахад дэлгэц нь хагархай хар өнгийн гар утсыг Нокио Чойр дэлгүүрт сэлбэгэнд өгсөн талаараа хэлж байсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 49-50 хуудас/

 

1.5. Гэрч Ө.Б мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “2018 оны 4 дүгээр сард Г гэх залуу даавуун уутанд ойролцоогоор 4-5 ширхэг бага малын хаа, гуя хийчихсэн надад мах авах уу хот явах гэсэн чинь зардлын мөнгө байдаггүй гэсэн. Би уг махыг нийтэд нь 30 000 билүү 40 000 төгрөгөөр худалдаж авсан гэж санаж байна. Тэр залуу махаа гурилын уут гэмээр даавуун уутанд хийж авч ирсэн. Би махыг жинлэж үзээгүй болохоор хэдэн клограмм байсныг нь мэдэхгүй байна. Би худалдаж авахдаа хулгайн мах гэж мэдээгүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 54-55 хуудас/

 

1.6. Гэрч Б.М мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “2018 оны 04 дүгээр сард Говьсүмбэр аймгийн төвд хонины мах 6 500 төгрөг, ямааны мах 5 500 төгрөгөөр тус тус зарагдаж байсан. Хонины гуя, хаа том жижгээс хамаараад янз бүр килограмм байдаг бөгөөд багадаа л нэг хаа, гуя тус бүрдээ ойролцоогоор 4 кг орчим татдаг” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 56-57 хуудас/

 

1.7. Шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 14-ны өдрийн 3383 дугаар дүгнэлтэд: Шинжилгээнд ирүүлсэн 1 ширхэг гарын мөр шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн 1 ширхэг гарын мөр гарын хээний нэгдсэн санд MN00085732 дугаараар бүртгэгдсэн Ц-ийн Г-ын зүүн гарын долоовор хуруугаар үүсгэгдсэн. /овог, нэр солигдсон байж болно/

Дүгнэлт гаргасан: Ахлах шинжээч, цагдаагийн ахмад Э.С гэжээ. /х.х-ийн 63-66 хуудас/

 

1.8. Хэргийн газрын  үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /х.х-ийн 12-16 хуудас/

 

1.9. Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /х.х-ийн 17-21 хуудас/

 

1.10. Мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /х.х-ийн 23-25 хуудас/

 

1.11. Үнэ тогтоох комиссын эд зүйлийн үнэлгээг тогтоосон дүгнэлт /х.х-ийн 59 хуудас/ зэрэг болно.

 

Иймд шүүгдэгч Ц.Г-ыг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Прокурорын яллах дүгнэлтэнд шүүгдэгч Ц.Г-ын үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлийг зөв зүйлчлэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

Шүүгдэгч Ц.Г нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний өмгөөлөгч Б.Батчимэг нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл дээр ямар нэгэн маргаангүй гэснийг тус тус дурдлаа.

 

ХОЁР: Шүүгдэгч Ц.Г-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг үнэлэв. Үүнд:

 

2.1. Хохирогч А.Ц мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “Миний гар утсыг Нокиа Чойр дэлгүүрт 4 000 төгрөгөөр сэлбэгэнд өгсөн байсныг цагдаа хураан авч надад хүлээлгэн өгсөн. Ганбаяр нь 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр уулзаад миний хохирол болох 120 000 төгрөгийг бэлнээр өгсөн. Надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 32-33 хуудас/

 

2.2. Иргэний нэхэмжлэгч Х.Б мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “Г гэх хүний эхнэр нь Б гэж хүүхэн ирээд миний хохиролд 4 000 төгрөгийг бэлнээр өгөөд явсан. Надад одоо Г-аас нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 35-36 хуудас/

 

2.3. Гэрч Х.Б мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “Би Г-тай 2012 онд Дорноговь аймгийн Замын-Үүд суманд танилцсан. Тэрнээс хойш гэр бүлийн харилцаанд орж 2013 оноос хойш одоог хүртэл хамт амьдарч байна. Би 2 хүүхэдтэй, Г-тай суугаад 1 хүүхэд төрүүлсэн. Г бид хоёр гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй. Г-ын хувьд их төлөв, дуу цөөтэй, хайр халамж сайтай, манай хоёр том хүүхдийг хүний хүүхэд гэлтгүй их анхаарал халамж тавина. Манай хоёр хүүхэд ч гэсэн Г-т их сайн байдаг. Урд нь бол архи уудаг байсан бөгөөд сүүлийн үед архи огт уугаагүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 46-48 хуудас/

 

2.4. Гэрч Б.И мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “Г миний мэдэхийн гайгүй залуу, төмөр замд ажилладаг байсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 49-50 хуудас/

 

2.5. Хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /х.х-ийн 22 хуудас/

 

2.6. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбарууд /х.х-ийн 78-96 хуудас/ зэрэг болно.

 

Шүүгдэгч Ц.Г-ын бусдад учруулсан хохирлыг төлсөнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдлаа.

 

Улсын яллагчаас эрүүгийн хариуцлага хүлээлгэх саналдаа шүүгдэгч Ц.Г-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэх санал гаргасан.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх саналдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.5 дахь хэсгүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал Ц.Г-ын хувьд тогтоогдсон гэж үзэж байна. Иймд түүний анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөрөө төлж барагдуулсан, хохирлын хэмжээ, нийгмийн аюулын хэр хэмжээ бага зэргийг тус тус харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар хорих ялыг хөнгөрүүлэх хүсэлт гаргасныг шүүх хүлээн авах шаардлагагүй гэж үзлээ.

Учир нь: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...хувийн байдлыг харгалзан” үзэхээр зааснаар ба шүүгдэгч Ц.Г нь 2006-2016 оны хооронд бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдэж 4 удаа ял шийтгүүлж байсан болно.  

Харин шүүгдэгч Ц.Г-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Ц.Г нь цагдан хоригдоогүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдлаа.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Ц-ийн Г –ыг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.Г-ыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Ц.Г-т оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Шүүгдэгч Ц.Г нь цагдан хоригдоогүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Г-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.БАТТУЛГА