Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 2019/ШЦТ/04

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,

нарийн бичгийн дарга Г.Энхжаргал,

улсын яллагч Э.Нэргүй,

шүүгдэгч Д.Т нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Б овогт Д-н Т-д холбогдох эрүүгийн 1817002400112 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1993 оны 09 дүгээр сарын 19-нд Дундговь аймгийн Гурвансайхан суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, боловсролгүй, малчин мэргэжилтэй, ам бүл 6, ээж, дүү нарын хамт Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум,... дугаар баг, Б тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Сум дундын 6 дугаар шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 10 дугаартай шийтгэх тогтоолоор /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг /2002 оны/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан гэх Б овогт Д-н Т-л /РД: ЗГ

 

Холбогдсон хэргийн талаар:

/яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Яллагдагч Д.Т нь согтуугаар 2018 оны 11 дүгээр сарын 22-ны шөнө 01 цаг 30 минутын орчим Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт иргэн Д.З-той маргалдан түүний зүүн гуян тус газар хутгалж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

НЭГ. Шүүгдэгч Д.Т нь согтуугаар 2018 оны 11 дүгээр сарын 22-ны шөнө 01 цаг 30 минутын орчим Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт хохирогч Д.З-той маргалдаж, улмаар түүний зүүн гуян тус газар хутгалж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

1.1. Шүүгдэгч Д.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв гэв.

 

1.2. Шүүгдэгч Д.Т мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ:

2018 оны 11 дүгээр сарын 22-ны шөнө Д.З гэх залуугийн зүүн гуян тус газар нь хутгалсан асуудлаар цагдаагийн байгууллагад шалгагдаж байна. 2018 оны 11 дүгээр сарын 21-нээс 11 дүгээр сарын 22-нд шилжих шөнө Б гэх айлд архи ууж байгаад дахиад архи авахаар А ахын хамт төмөр замын вокзал орсон боловч архи олдоогүй. Тэгээд буцаад явж байтал төмөр замын хүнсний дэлгүүрийн урд талын засмал замаар хоёр, хоёроороо цувраад 4 залуу ирж байсан. А ах бид хоёр засмал замын хажууд зогсож байхад эхний залуу хажуугаар өнгөрөөд явсан. Дараагийн хоёр залуу зөрж өнгөрөхөд А ах муу гөлөгнүүд гэж хэлсэн. Тэгтэл одоо энэ З гэх залуу ирээд та нар хаанахынх юм бэ гэсэн. А ах бид хоёр Чойрынх гэж хэлсэн. Тэгсэн З чиний барилддаг чинь хамаагүй шүү, зодолддог барилддаг хоёр ондоо шүү гээд А ахтай заамдалцсан. Би тэр хоёрыг салгах гээд наанаас явж байтал З-той хамт явсан улаан малгайтай өндөр залуу /Б/ араас ирээд намайг хувцаснаас татаад газар унагаасан. Мөн өөрөө миний дээрээс хамт унасан. А ах ирээд намайг салгаж авсан. Би түрүүнд байсан өдөр мал хийхэд ашиглаж байсан бор шар иштэй хутга гаргаж ирээд та нарын ирснийг чинь хутгална шүү гэж хэлсэн. Тэгтэл цаанаас хэдэн хүн гүйгээд ирсэн. Тэгээд А ах бид хоёрыг зодох гээд байсан. А ах улаан малгайтай залуутай духаа нийлүүлчихээд муудалцаад зогсоод байсан. Би наанаас нь яваад очсон чинь араас З бариад авсан. Би зугтаах гэсэн намайг тавихгүй татаад унагасан. Би эргэж хараад З-той зууралдсан. Тухайн үед миний гарт хутга байсан. Тэнд байсан хүмүүсийн нэг нь машин гэхээр нь би З салаад нэг Приүс-20 маркийн машин ирэхээр нь суух гэсэн танихгүй хүн байхаар нь зугтаасан. Тухайн үед З намайг хутгалчихлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би хойд зүг рүү төмөр замын байрууд дундуур зугтаасан. А ах чи яагаад хүн хутгалж байгаа юм бэ гэсэн. Би хутгалаагүй гэж хэлсэн. Тэгээд хутгаа төмөр талхан цехийн засмал замын урд талд байдаг блокон хашаатай байшингийн блокон хашаа, байр хоёрын завсар хийчихээд Батнямын гэрт очоод унтсан. Б-д байсан хүмүүст юм хэлээгүй. Тэгээд байж байтал 03 цагийн үед А ах цагдаагаас дуудаад байна гэж хэлсэн. Тэгээд цагдаагийн хүмүүстэй уулзаад эрүүлжүүлэх байранд намайг оруулсан... гэх мэдүүлэг /хх-ийн 43-44 дүгээр хуудас/

 

1.3. Хохирогч Д.З мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Сет бааранд Э, Ж, Б бид нар сууж байгаад 2018 оны 11 дүгээр сарын 22-ны 01 цаг өнгөрч байхад Сет баар хаалаа гээд гарсан. Тэгээд амрах байр орж хоол иднэ гээд алхаж байтал төмөр замын Ганзам дэлгүүрийн урд талаар төмөр замын вокзал чиглэн явдаг зам дээр хоёр залуу зогсож байсан. Эхлээд Э, Ж нар түрүүлээд явж байсан. Араас нь Б бид хоёр явж байсан. Нэг нь хөдөөний бололтой дээлтэй залуу байсан. Тэр хоёр залуутай Б бид хоёр маргалдсан. Одоо санаж байгаагаар тэр хоёр залуу Б бид хоёрыг хажуугаар нь өнгөрч байхад гөлөг гэх зэргээр хараасан. Үүнээс болоод Б бид хоёр тэр хоёр залуутай маргалдсан. Нэг нь барилддаг бололтой залуу байсан. Б бид хоёр лүү аархсан, дээрэлхсэн байдалтай хандаад байхаар нь би өөдөөс нь барилдах зодолдох хоёр ондоо шүү гэж хэлсэн. Тэгээд маргалдаж эхэлсэн. Тэгсэн тэр барилддаг бололтой залуу утсаар цагдаа руу яриад байгаа бололтой байсан. Бид хоёр явах гэсэн байж бай та хоёр гээд явуулахгүй байсан. Тэгсэн хөдөөний дээлтэй залуу та нарыг хутгална шүү гээд хутга гартаа барьсан байсан. Барилддаг бололтой залуу нь Б-тай толгойгоороо тулаад зогссон. Нөгөө дээлтэй залуу ард талд та нарыг хутгална шүү гээд зогсоод байсан. Тэгсэн цаанаас Э, Ж нар буцаад ирсэн. Би хөдөөний залууд хандаад чи хутгаа боль гэж хэлээд наанаас нь очоод араас татсан чинь тэр залуу надтай зууралдсан. Одоо энэ Т гэх залуу нь хөдөөний залуу юм байна лээ. Т надтай зууралдаж байгаад салаад зугтаасан. Тухайн үед Э-н эхнэр машинтайгаа ирж байсан. Тэгтэл Т нь Э-н эхнэрийн машинд ороод суусан. Э-н эхнэр машинаасаа гараад ирсэн чинь Т машинаас буугаад хойд зүг рүү зугтаасан. Миний зүүн гуя орчимд халуу оргиод байхаар нь харсан чинь гуянаас цус гарч байсан. Өмд нил цус болсон байсан. Т надтай зууралдаж байхдаа намайг хутгалсан байна лээ. Хутгалж байгаа нь мэдэгдээгүй, гэнэт халуун оргиод явчихаар нь харсан чинь зүүн хөлний гуянаас цус нилээн гарсан байсан. Тухайн асуудал хурдан хугацаанд болсон. Тэгээд намайг хутгалсан байна гэж мэдсэн. Тэгээд шууд эмнэлэг явсан. Тэр хөдөөний залууг хутгаа саарал давхарын хажуу тал руу шидсэн гэж харсан. Тэр хавиар цагдаагийн хүмүүстэй хайгаад хутгыг нь олоогүй. Би эмнэлэг дээр ирээд хутгалуулсан шархандаа хоёр оёдол тавиулсан... гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр хуудас/

 

1.4. Гэрч Д.Ж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр найз нар болох Э, Б, З нарын хамт СЕТ бааранд орсон. Тэгээд 2018 оны 11 дүгээр сарын 22-ны 01 цаг өнгөрөөгөөд 02 цаг дөхөж байхад баар хаалаа гэхээр нь гараад төмөр замын амрах байр орж хоол идэхээр бид 4 хамт явцгаасан. Төмөр замын галт тэрэгний буудал явдаг замаар замын хажуугаар төмөр замын вокзал орохоор явцгаасан. Э бид хоёр арай түрүүлээд Б, З нар араас явж байсан. Төмөр замын дэлгүүрийн хажуугаар өнгөрөөд явж байхад засмал замын хажууд 2 намхан биетэй, нэг нь хөдөөний бололтой хоёр залуу зогсож байгаа харагдсан. Энхмөнх бид хоёр хажуугаар нь гараад явсан. Тэр хоёр залуугийн нэг нь нэг зүйл хэлсэн. Э очих гэхээр нь би яах гээд байгаа юм бэ гээд татаж аваад цаашаа явсан. Тэгээд вокзал дээр очоод эргээд харсан чинь хүмүүс хоорондоо муудалцаад байгаа чимээ гарахаар нь Б, З нарыг хоорондоо муудаж байна гэж бодоод Э бид хоёр буцаад яваад очсон чинь нөгөө хоёр намхан залуутай Б, З нар муудалцсан байж байсан. З бүдүүн барилддаг бололтой залуутай /А/ заамдалцсан. Б хөдөөний залуутай мөн заамдалцсан зогсож байсан. Тэгээд Э бид хоёр очоод тэр хэдийг салгасан. Б нөгөө хөдөөний залуутай /Т/ зууралдаж байгаад газар хамт унаад босоод ирсэн. А наанаас нь очоод тэр хоёрыг босгосон. Тэгсэн Т хутга гаргаад ирсэн гартаа барьчихаад энэ юу гээд байсан. Манай хэдийн нэг нь хутга байна гэж хэлсэн. Т үхэх нь хүрээд ир гээд байсан. А нь Б луу дайраад байсан. Б А нар бие биеийнхээ толгойг тулаад зогсоод байсан. Тэгсэн Т та нарыг хутгална шүү гээд араас очсон. З Т-н араас татаад боль наад хутгаа гэсэн. Т эргэж хараад З чамайг хутгална шүү гээд дайрсан. Тухайн үед Э-н эхнэр машинтайгаа ирсэн. Т З-с холдоод Э-н эхнэрийн машинд суух гээд хаалгыг нь татсан. Тэгсэн З намайг хутгалсан байна гэж хэлсэн. Т шууд зугтаагаад явсан. Мөн А зугтаагаад явсан. З-н зүүн гуянаас цус гараад тогтохгүй байхаар эмнэлэгт аваачиж үзүүлээд 2 оёдол тавиулсан. Эмнэлгээс цагдаад мэдэгдсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр хуудас/

 

1.5. Гэрч Б.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

2018 оны 11 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө найз нар болох Э, З, Ж нарын хамт Сет бааранд сууж байгаад 01 цаг өнгөрөөгөөд 02 цаг дөхөж байхад баар хаалаа гэхээр нь гараад төмөр замын амрах байр орж хоол идэхээр бид 4 хамт явцгаасан. Төмөр замын дэлгүүрийн хажуугаар өнгөрдөг засмал зам явж байсан. Золбоо бие засах гээд зогсохоор нь би хүлээгээд зогсож байсан. Ж, Э нар түрүүлээд вокзал руу явсан. Тухайн үед засмал замын хажууд 2 залуу зогсож байсан. Золбоо явж байгаад тэр хоёр залуутай юу яриад байгаа юм бэ та хоёр хаанахынх юм бэ гээд маргалдахаар нь явъя гэсэн чинь нөгөө хоёр залуу явуулахгүй, цагдаа дуудна гээд байсан. Барилддаг бололтой одоо энэ А гэх залуу нь утсаараа цагдаа дуудаад байгаа бололтой байсан. Би З явъя гэсэн чинь нөгөө хоёр залуу цагдаа дуудсан байгаа гээд явуулахгүй байсан. Тухайн үед архи уусан болохоор зарим зүйлийг санахгүй байна. Би А гэх залуутай толгой толгойгоороо тулаад зогсож байсан. Одоо энэ Т гэх залуу гартаа нэг юм барьсан А бид хоёрын дундуур орсон. Т юу барьсан талаар нь сайн хараагүй. Юм болоод дууссаны дараа хутга байсан гэдгийг мэдсэн. Т-н араас З татаад авсан. Тэгтэл А, Т нар зугтаасан. Би эргээд хартал Э-н эхнэр машинтайгаа ирээд зогссон байсан. З-н баруун билүү, зүүн хөлний гуянаас цус гарч байсан. Намайг хутгалчихлаа гэж байсан. Би зарим зүйлийг сайн санахгүй байна. Би өөрийнхөө санаж байгаагаа хэлж байна. З хутгалуулсан гэж хэлснээс хойш сэхээ орсон. Тэгээд З аваад шууд эмнэлэг орсон. Эмнэлгээс цагдаа руу хандсан... гэх мэдүүлэг /хх-ийн 22 дугаар хуудас/

 

1.6. Гэрч Б.Э мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр найз нар болох Ж, Б, З нарын хамт Сет бааранд орсон. Тэгээд 2018 оны 11 дүгээр сарын 22-ны 01 цаг нилээн өнгөрч байхад баар хаалаа гэхээр нь гараад төмөр замын амрах байр орж хоол идэхээр бид 4 хамт явган явцгаасан. Төмөр замын галт тэрэгний буудал явдаг замын хажуугаар төмөр замын вокзал орохоор явцгаасан. Ж бид хоёр арай түрүүлээд Б, З нар араас явж байсан. Төмөр замын дэлгүүрийн хажуугаар өнгөрөөд явж байхад засмал замын хажууд 2 залуу зогсож байсан. Нэг хөдөөний бололтой 2 залуу зогсож байгаа харагдсан. Ж бид хоёр хажуугаар гараад явсан. Тэр хоёр залуугийн нэг нь гөлөг гэж хэлсэн. Би очих гэсэн Ж яах юм бэ гэхээр нь цаашаагаа явсан. Тэгээд вокзал дээр очоод байж байтал муудалцаад байгаа чимээ гарахаар нь буцаад яваад очсон чинь нөгөө хоёр намхан залуутай Б, З нар муудалцаад байж байсан. З бүдүүн барилддаг бололтой залуутай /А/ заамдалцсан. Б нөгөө хөдөөний залуутай /Т/ зууралдаж байгаад газар хамт унаад босоод ирсэн. Хамт явсан А наанаас очоод тэр хоёрыг босгосон. Тэгсэн Т хутга гаргаад ирсэн гартаа барьчихад ойртсоныг чинь ална шүү гээд байсан. Б, А нар бие биеийнхээ толгойг тулаад зогсоод байсан. Тэгсэн Т та нарыг хутгална шүү гээд Б, А нар луу очсон. З Т-н араас татаад боль гэсэн. Т эргэж хараад З чамайг хутгална шүү гээд З-той зууралдсан. Т З-той ноцолдож байгаад холдсон. Тухайн үед манай эхнэр машинтайгаа намайг авахаар ирсэн. Би эхнэрээ вокзал дээр байхдаа дуудсан байсан юм. Тэгсэн З намайг хутгалсан гэж хэлсэн. Т манай машин луу суух гэж байснаа шууд зугтаагаад явсан. А мөн хамт зугтаасан. З-н зүүн гуянаас цус гараад байсан. Эмнэлэгт аваачиж үзүүлээд 2 оёдол тавиулсан. Эмнэлгээс цагдаад мэдэгдсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 23 дугаар хуудас/

 

1.7. Гэрч Л.А мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Би 2018 оны 11 дүгээр сарын 21-ний орой Б-н гэрт очсон. Намайг очиход Б, эхнэр хүүхдүүдийнхээ хамт байсан. Мөн Э байсан. Удаагүй гаднаас Т орж ирсэн. Тэр хэд 0.75 литрийн Ерөөл нэртэй архи авсан байсан. Тэр архинаас хувааж уугаад дуусгасан. Т бид хоёр дахиад архи авахаар гарсан. Тухайн үед дэлгүүрүүд хаасан байсан болохоор төмөр замын вокзал орохоор явсан. Тухайн үед 00 цаг нилээн өнгөрсөн байсан байх, цагийг нь бол нарийн сайн мэдэхгүй байна. Тэгээд төмөр замын дэлгүүрийн хажууд явж байтал зүүн талаас засмал зам дагаад 4 залуу цувраад ирж байсан. Эхний 2 залуу зөрөөд яваад өгсөн. Сүүлийн 2 залуу болох хар куртектэй өндөр залуу, улаан малгайтай залуучууд бид хоёрыг дуудсан. Тэгээд намайг чи хаанахынх юм бэ гээд байсан. Би Чойрынх гэж хэлсэн. Тэгтэл бөх зодоон хоёр ондоо шүү гээд над руу дайраад байсан. Нэг харсан нөгөө улаан малгайтай залуу нь Т-г газар унагаасан байсан. Тэгэхээр нь би очоод салгасан. Тэгсэн цаанаас нилээн хэдэн залуу хүрээд ирсэн. Нэг өндөр залуу ирээд намайг баруун талын шанаа руу нэг удаа цохисон. Би газар унасан. Т ирж салгасан. Т хутга гаргаад ирсэн. Би Т-д болио хутга гаргаж болохгүй шүү гэж хэлсэн. Тэгсэн приүс машинтай эмэгтэй хүн ирсэн. Тэр эмэгтэй хүнийг харчихаад энэ залуучууд онгироод Т бид хоёр луу дайраад газар унагаад өшигчөөд байсан. Хэн хаанаас өшиглөж байгааг хараагүй. Нүүрээ хамгаалаад байсан. Тэгээд арай гэж салаад босоод ирсэн чинь нэг залуугийнх нь гуяны хэсэгт өмд нь цус болсон байсан. Аль талын гуя гэдгийг нь санахгүй байна. Тэгээд Түвшинжаргал бид хоёр цаашаа зугтаасан. Зугтаагаад явж байхад Т гартаа хутга барьсан явж байхаар чи хутгалсан юм уу, яаж байгаа юм бэ гэсэн чинь үгүй гэсэн. Би Т-д чи согтуу байж хутга барьж болохгүй наад хутгаа хая гэсэн. Т блокон хашаатай байшингийн завсар хутгаа хийсэн. Тэгээд Б-н гэрт очсон. Тэнд унтаж байтал 04 цагийн үед цагдаагаас залгаад Т-г асуусан. Тэгээд цагдаатай уулзсан. Т-г эрүүлжүүлсэн... /хх-ийн 25 дугаар хуудас/

 

1.8. Шүүгдэгч Д.Тн согтолтын зэрэг тогтоосон тухай тэмдэглэл /хх-ийн 10 дугаар хуудас/

 

1.9. Хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-15 дугаар хуудас/

 

1.10. Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 45 дугаар хуудас/

 

1.11. Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 321 дугаартай дүгнэлтэд:

- Д.Т-н биед хүзүүнд зулгаралт гэмтэл учирчээ.

- Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

- Уг гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно.

- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй болно.

Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч, ахмад Л.Ж гэжээ. /хх-ийн 29 дүгээр хуудас/

 

1.12. Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 320 дугаартай дүгнэлтэд:

- Д.З-н биед зүүн гуяны дотор хэсэгт хутгалагдсан шарх гэмтэл учирчээ.

- Уг гэмтэл нь иртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

- Уг гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй болно.

Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч, ахмад Л.Ж гэжээ. /хх-ийн 33 дугаар хуудас/ зэрэг болно.

 

Прокурорын яллах дүгнэлтэнд шүүгдэгч Д.Т-н үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлийг зөв зүйлчлэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Шүүгдэгч Д.Т нь гэмт хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Иймд шүүгдэгч Д.Т-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

ХОЁР. Шүүгдэгч Д.Т-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

2.1. Хохирогч Д.З мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

...Говьсүмбэр аймгийн эмнэлэгт хутгалуулсан шөнөдөө оёдол тавиулсан. Тэгээд гэрээр эм тариа авч хэрэглэсэн. Эмчилгээнд гарсан зардлын баримт байхгүй. Т надад эмчилгээний зардалд 300 000 төгрөг өгсөн. Одоо надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Т-тай сайн дураараа эвлэрсэн. Хохирлын тал дээр маргаангүй болсон... гэх мэдүүлэг /хх-ийн 20 дугаар хуудас/

 

2.2. Хохирогч Д.Золбоогийн мөрдөн байцаалтын шатанд гаргасан хүсэлт /хх-ийн 38 дугаар хуудас/

 

2.3. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 57 дугаар хуудас/

 

2.4. Сум дундын 6 дугаар шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 10 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 59-63 дугаар хуудас/

 

Шүүгдэгч Д.Т нь урьд Сум дундын 6 дугаар шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 10 дугаартай шийтгэх тогтоолоор /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг /2002 оны/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан боловч прокуророос шүүгдэгч Д.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжээр торгох ял оногдуулах саналыг шүүхэд гаргасныг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Т-д оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг түүний цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

Шүүгдэгч Д.Т нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

          Шүүгдэгч Д.Т нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно.

         

          Харин хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шаргал өнгийн хуванцар иштэй нийт 21.3 см урттай хутгыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар устгуулахаар Говьсүмбэр аймгийн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасаныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Д-н Т-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

 2. Шүүгдэгч Д.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Т-лд оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Шүүгдэгч Д.Т нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Д.Т нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шаргал өнгийн хуванцар иштэй нийт 21.3 см урттай хутгыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар устгуулахаар Говьсүмбэр аймгийн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлсүгэй.

 

7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Т-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Т.ЭНХМАНДАХ