| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэрдамбын Насанбуян |
| Хэргийн индекс | 174/2018/0208/э |
| Дугаар | 228 |
| Огноо | 2018-12-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Сугар |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 06 өдөр
Дугаар 228
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Насанбуян даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Бат-Эрдэнэ
Улсын яллагчаар хяналтын прокурор С.Сугар,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Эрдэнэбаатар,
Шүүгдэгч О.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Сугарын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж,хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн О.Гт холбогдох 1830003050204 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1982 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, боловсролгүй, малчин, ам бүл 3, эхнэр, хүүхдүүдийн хамт Баруун-Урт сумын 8 дугаар баг, “Т” гэх газар нутаглах улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, О.Г.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч О.Г нь 2018 оны 11 дүгээр сарын 18-ны орой Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар багийн нутаг “Т” гэх газар иргэн Л.Вг зодож эрүүл мэндэд нь “баруун хөмсөгний дотор талд, баруун чамархайн урд хэсэгт язарсан шарх, духны гол, зүүн хэсэг, хамрын баруун хэсэгт, баруун нүдний баруун доод хэсэгт, эрүү, баруун тохойд зулгаралт, 2 нүдний эргэн тойронд цус хуралт, нүүрэнд нэлэнхүйдээ зөөлөн эдийн няцрал гэмтэл” хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч О.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Гэрээ буулгахаа явж байгаад Л.Втай хөдөө тараад архи уусан. Тэгээд гэрээ барьчхаад буцааж буулгаж өгөх гээд явж байтал Т руу явъя гэсэн. Тэнд очоод дахиад архи уусан. Тэгээд Л.Вг хүргэж өгнө, өгөхгүй гээд маргалдсан. Энэ хэрэг миний буруугаас болж гарсан. Би Л.Вд эмчилгээний зардал гэж 300.000 төгрөг өгсөн ...гэв.
-Яллагдагч О.Гийн: Би Түвшинширээ сумын О гэдэг хүний адууг хариулдаг юм. 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Түвшинширээ суманд байх гэрээ буулгаж аймгаас хойш 55 км-т байрлах “Х” гэх газарт танил Бын хамт явж буусан. Өдөр 15 цагийн орчимд явахдаа Тт байдаг Л.В гэдэг айлынхаар орж түүнийг гэр бариулахаар гуйж цуг явсан. Би тухайн үед Бтай цуг явж байсан. Тэгээд манай нутаглах газар дээр очиж нэг шил архи Л.В бид хоёр хувааж уугаад гэрээ барьсан. Дараа нь Бат-Өлзий гэдэг айлруу явж хашаа авах гэтэл Бат-Өлзий байхгүй болохоор нь Л.Вг гэр рүү нь хүргэж өгөхөөр явж гэрийнх нь ойролцоо очтол Л.В буухгүй, Т явна гээд байхаар нь тэндээсээ уурхайруу явж дэлгүүрээс “ерөөл” нэртэй 0,75 граммын архи авч дэлгүүрийн гадаа Л.В бид хоёр тэр архиныхаа талыг нь уусан. Тухайн үед цаг 20-21 цагийн орчим болж байсан байх. Бид хоёртой хамт явж байсан Б ах огт архи уугаагүй. Архи ууж байтал Л.В “ би одоо явъя, намайг хүргээд өг “ гэхээр нь би “ хүргэж өгөхгүй, гадаа тас харанхуй байна, шөнө төөрчихвөл яах юм “ гэсэн. Үүнээс болж бид хоёр хоорондоо маргалдаж юм. Гэтэл Л.В нь газраас чулуу авч миний зүүн чихрүү цохихоор нь би барьж аваад тонгорч унагаад бид хоёр салсан. Гэтэл Л.В “ та хоёр яв зайл “ гээд байхаар нь би Б ах бид хоёр Түвшинширээ сумруу явсан. Харин Л.В дэлгүүрийн гадаа ганцаараа үлдсэн. Би Л.Вг цохиж зодоогүй. Зууралдаж байгаад тонгорч газар унагасан юм. Би Л.Вгийн хохирлын мөнгө гэж 300.000 төгрөг бэлэн өгсөн. Одоо Л.В нь надаас ямар нэгэн зүйл нэхэмжлэхгүй гэсэн тул миний хэргийг түргэн шуурхай шийдвэрлэж өгнө үү... гэх мэдүүлэг /хх-21-22/
- Хохирогч Л.В: Би 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 16 цагийн орчим адуундаа явж байгаад замдаа Гтай тааралдсан. Тухайн үед Г нь миний танихгүй ахтай Пронтер маркийн тээврийн хэрэгсэлтэй тааралдсан. Г нь Х гэдэг газар гэр барихаар явж чи туслаад өг гэж надаас гуйсан. Тэгээд би мотоцикльтойгоо гэррүүгээ явж, Г нь миний араас ирж би мотоциклио гэрийнхээ гадаа үлдээгээд Гийн машинтай цуг явсан. Тэгээд гэр барих газар нь очоод гэрийг нь барьж байх хоорондоо талын хар гэдэг хятад архи задлаж тэрнээс нь би 3 хундага уусан. Гэрээ 17 цаг 30 минутын орчим барьж дуусгаад машиндаа суутал Б гэдэг газар руу явж айлаас хашаа авна гэхээр нь би “ явган явъя, манай гэрт хүн ирж байгаа” гэтэл “ ойрхон юм чинь яваад ирье “ гэхээр нь би цуг явсан. Тэгээд Б гэх газарт очтол айл нь хүнгүй гээд хашаагаа авч чадаагүй намайг буулгаж өгөхөөр манай гэррүү явж байтал манай гэрийг олохгүй “Т”-т очоод дэлгүүрээс Г нь нэг шил архи авсан. Би тэр архинаас нь уугаагүй. Тэр архийг Г хамт явж байсан ахтайгаа хамт уусан. Би Гийг намайг гэррүү хүргээд өг гэтэл намайг эндээсээ явган гүйгээд яв гэснээс болж бид хоёр хоорондоо маргалдаж муудаж хоорондоо зодолдож байтал хамт явж байсан танихгүй ах намайг болиулах гээд таттал Г нь намайг тонгорч унагаад чулуугаар миний духруу цохиж гэмтэл учруулсан. Тэгээд Г нь хамт явж байсан ахтайгаа хамт машинтайгаа яваад өгсөн. Мөн Гтай зууралдаж байгаад дэлгүүрийн үүдэнд байсан хуучин машины чиргүүл мөргөж толгой хагарсан. О.Г нь миний эмчилгээний зардал мөнгө гэж 300.000 төгрөг өгсөн. Одоо миний хувьд ямар нэгэн гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-03-04/,
- Гэрч Ш.Бын: 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр О нь намайг О.Гтай цуг машинтай яваад аймгаас хойш байдаг Т гэдэг газраас зүүн тийш байдаг газарт гэр буулгаад өг гэхээр нь би зөвшөөрсөн. 11 дүгээр сарын 18-ны өглөө 09 цагийн орчим Түвшинширээ сумаас гарч өдөр 14 цагийн орчим Т гэх газарт байдаг нэг айлд очиж танихгүй залууг гуйж гэр бариулах гэж авч явсан. Уг айл дээр очоод нэг шил архины талыг нь Г, тэр танихгүй хоёр залуу хувааж уусан. Дараа нь гэр барих газар дээр очоод үлдэгдэл архиа гэр барьж байх зуураа хувааж уусан. Мөн дараа нь машинд байсан нэг шил архийг тэр хоёр хувааж ууцгаасан. Би тэр хоёрын архинаас нь уугаагүй. Орой 17 цагийн орчим нар шингэж байхад гэр барьж дуусаад айл руу явж хашаа авахаар явтал тэр айлын гэрт нь хүн байгаагүй. Тэгээд Л.В гэх танихгүй залуугийн гэрийнх нь хажуугаар гартал Л.В “ гэртээ буухгүй, цаашаа Т орно “гээд бид хоёртой хамт явсан. Талбулгийн уурхай дээр 20 цагийн орчим очиж дэлгүүр орж “Соёрхол” нэртэй 0.75 граммын архи авч дэлгүүрийн гадаа тэр хоёр хувааж уугаад талыг нь үлдээсэн. Авсан архиа хувааж ууж байгаад Г, Л.В хоёр нь хоорондоо маргалдаж муудаж байтал Л.В гэх залуу нь О.Гийг гараараа цохиод авсан. Үүнээс болж тэр хоёр зууралдаж муудалцсан. Тухайн үед би голоор нь орж салгасан. Тэгээд тэр хоёр хамт дэлгүүр ороод буцаж гарч ирэхдээ хоорондоо зууралдаад гарч ирээд газар ойчоод салахгүй байхаар нь би голоор нь орж тэр хоёрыг салгаж О.Гийг авч явсан. Л.В гэх залуу тэндээ үлдсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 07/
- Сүхбаатар аймаг дахь Шүүх шинжилгээний албаны шинжээч эмчийн 2018 оны 11 сарын 21-ний өдрийн 607 дугаартай дүгнэлтэнд: 1.Л.Вгийн биед баруун хөмсөгний дотор талд, баруун чамархайн урд хэсэгт язарсан шарх, духны гол, зүүн хэсэг, хамрын баруун хэсэгт баруун нүдний баруун доод хэсэгт, эрүү, баруун тохойд зулгаралт, 2 нүдний эргэн тойронд цус хуралт, нүүрэнд нэлэхүйдээ зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.Уг гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна.4.Цаашид эрүүл мэнд, энгийн хөдөлмөрт тогтмол нөлөөлөхгүй...” гэжээ /хх-ийн 9,
- Яаралтай тусламжийн хуудас 2018.11.19 /хх-ийн 10/
- Сүхбаатар аймаг дахь Шүүх шинжилгээний албаны шинжээч эмчийн 2018 оны 11 сарын 22-ны өдрийн 611 дугаартай дүгнэлтэнд: 1.О.Гийн биед зүүн хацар, дээд уруулын дээд хэсэг, зүн чихний омогт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Уг гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 4.Цаашид эрүүл мэнд, энгийн хөдөлмөрт тогтмол нөлөөлөхгүй...” гэжээ /хх-ийн 12/
- Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын 5 дугаар багийн Засаг даргын 2018.11.22-ны өдрийн 412 дугаартай тодорхойлолт /хх-ийн 23/,
- Шүүгдэгч О.Гийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 24/
- О.Гийн Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 26/,
- Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ 2018.11.21 /хх-ийн 27-28/
- Хохирогч Л.Вд хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх боломжийг тайлбарласан тэмдэглэл /хх-ийн 29/
- Яллагдагч О.Гт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх боломжийг тайлбарласан тэмдэглэл /хх-ийн 30/
- Эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх Прокурорын санал № 113 / хх-ийн 34 / зэрэг баримтууд болно.
Шүүгдэгч О.Г нь 2018 оны 11 дүгээр сарын 18-ны орой 20.00 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар багийн нутаг “Т” гэх газарт иргэн Л.Вг зодож эрүүл мэндэд нь “ баруун хөмсөгний дотор талд, баруун чамархайн урд хэсэгт язарсан шарх, духны гол, зүүн хэсэг, хамрын баруун хэсэгт, баруун нүдний баруун доод хэсэгт, эрүү, баруун тохойд зулгаралт, 2 нүдний эргэн тойронд цус хуралт, нүүрэнд нэлэнхүйдээ зөөлөн эдийн няцрал гэмтэл ” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь О.Гийн хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, хохирогч Л.В, гэрч Ш.Б нарын мэдүүлгүүд, Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 607 дугаартай дүгнэлт, Яаралтай тусламжийн хуудас 2018.11.19 зэрэг хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна.
Тухайн хэрэг үйлдэгдсэн байдлыг тодруулбал, шүүгдэгч О.Г, хохирогч Л.В нар хамт архи ууж согтуурсан үедээ “Л.Вг гэрт нь хүргэнэ, хүргэхгүй “ гэх асуудлаас, үл ялих зүйлээр шалтаглан хоорондоо маргалдан, зодолдох явцад О.Г, хохирогч Л.Вг тонгорч унаган биед гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдох ба шүүгдэгч нь гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлджээ. Тэрээр бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсээр атлаа үл ялих зүйлээр бусадтай маргаан үүсгэн улмаар хохирогчийг тонгорч унаган зодож эрүүл мэндэд нь зориуд хохирол учруулжээ.
Шүүгдэгч О.Гийн дээрх үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг агуулах бөгөөд прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.
О.Г нь гэмт хэргийн улмаас хохирогч Л.Вд учирсан эдийн хохирол буюу эмчилгээний зардалд 300.000 төгрөгийг нөхөн төлсөн, хохирогч хохирол, хор уршигтай холбоотойгоор нэхэмжлэл гаргаагүй, шүүгдэгчтэй эвлэрсэн гэдгээ хэрэгт мэдүүлжээ
Шүүгдэгч О.Гийн гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Прокуророос холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтайгаар шүүхэд ирүүлсэн бөгөөд шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хуульд заасан нөхцөл, журам хангагдсан гэж үзлээ.
Дээрх хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгч О.Гийн үйлдсэн хэрэг нотлох баримтаар нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, бусдад учруулсан эдийн хохирлыг нөхөн төлж, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гарган, хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, хохирогч Л.В гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй талаараа хэрэгт мэдүүлсэн, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг прокурорт гаргасан зэргийг харгалзан прокурорын гаргасан саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэлээ.
О.Г нь эрхэлсэн ажилгүй буюу түүний хөрөнгө, цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулах торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзнэ.
Шүүгдэгч О.Г энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, түүнд шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 8 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч О.Гийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Гийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан ялтан О.Гт оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг нэг сард 100.000 төгрөгөөр тооцож 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Шүүхийн шатанд ялтан О.Гт таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан О.Г дээрх торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6. Ялтан О.Г энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэрээр гэмт хэргийн улмаас хохирогч Л.Вгийн эмчилгээний зардалд 300.000 төгрөг нөхөн төлсөн, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НАСАНБУЯН