| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хөхөөгийн Санжидмаа |
| Хэргийн индекс | 174/2018/0206/э |
| Дугаар | 224 |
| Огноо | 2018-11-30 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Эрдэмбилэг |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 11 сарын 30 өдөр
Дугаар 224
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Санжидмаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Бат-Эрдэнэ,
Улсын яллагч хяналтын прокурор Э.Хосбаяр,
Шүүгдэгч Т.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар тус аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч прокурор Н.Эрдэмбилэгийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлэх саналтай ирүүлсэн Т.Бд холбогдох эрүүгийн 1830003300234 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар.
Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын харъяат, 1975 оны 12 дугаар сарын 24-ний өдөр төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 3 дугаар баг ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Т.Б.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/
Шүүгдэгч М.Б нь 2018 оны 10 дугаар сарын 19-ний шөнө Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар баг ...тоотод эхнэр Б.Нг зодож эрүүл мэндэд нь “ баруун хөмсөгний гадна хэсэгт, зүүн нүдний эргэн тойронд, баруун бугалганы гадна дунд хэсэгт, баруун гарын алганы ар хэсэгт цус хуралт, зүүн нүдний алиманд цусан хураа, зүүн нүдний эргэн тойронд зөөлөн эдийн няцрал ” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Т.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2018 оны 11 дүгээр сарын 19-ний орой найзтайгаа том ковш янзалж байтал 20 цаг өнгөрөөгөөд нууцалсан дугаараас танай эхнэр чинь гэр бүл үймүүлээд байна гэж эмэгтэй хүн над руу залгасан. Өмнө нь тэр хүнээс над руу 9 дүгээр сард 2 удаа залгаж байсан. Дуу хоолой нь мөн байсан. Үүнээс болж хардаж эхнэрээ зодсон гэв.
Эрүүгийн 1830003300234 дугаартай хэргээс:
- Хохирогч Б.Нгийн мөрдөн байцаалтад өгсөн: Хохирогч Б.Нгийн “...Би 2018 оны 10 дугаар сарын 19-ний орой ажил дээрээ гараатай байсан юм. Орой ажил дээрээ 18 цагийн орчим байж байтал манай нөхөр халамцуухан манай ажил дээр ирээд намайг хардаж сэрдэж байгаад миний толгой, духны хэсэгт гараараа 2 удаа цохисон юм. Тэгээд би Т.Бийг гэр рүүгээ хамт явъя гээд цуг явж байтал Бийн таньдаг хүн нь таараад надаас үлдсэн. Би араас ирэх байлгүй гэж бодоод шууд гэр рүүгээ явж гэртээ очиж амарсан. Тэгээд шөнө 00 цаг өнгөрөөгөөд согтуу орж ирээд “над руу нууцалсан дугаараас эмэгтэй хүн залгаж, чамайг хамт бүжиглэж унтаж хэвтсэн” гээд намайг хардаж сэрдэж толгой, гар, хөл, мөн үснээс зулгааж зодож цохисон. Манай том охин Б.А хориод дийлэхгүй байсан. Удалгүй гаднаас цагдаа орж ирсэн. Цагдаа орж ирэхдээ Т.Б сандал бариад намайг үсдчихсэн байсан. Тэр цагдаа мөн мэдэж байгаа. Миний баруун гарын алганы ар хэсэгт учирсан гэмтлийг манай ажил дээр байхдаа миний гар утсыг над руу шидэх үед миний баруун гарыг онож, үүнээс болж үүссэн гэмтэл юм. Харин бусад гэмтлүүдийг бүгдийг нь гараараа цохиж учруулсан. 2018 оны 04 дүгээр сарын 28-ны орчим нийтийн бүжгийн аймгийн аварга шалгаруулах тэмцээнд би Г гэдэг хүнтэй хамт портиниор болж орж түрүүлсэн юм. Гэтэл 2018 оны 10 дугаар сарын 10-ны орчим манай нөхөр рүү нууцалсан дугаараас эмэгтэй хүн залгаж танай эхнэр Гтэй хачин байгаа шүү эхнэрээ татаж аваач гэсэн юм байна лээ. Үүнээс болж намайг хардаж сэрдээд байгаа юм. Би Гийг сайн мэдэхгүй бүжгийн тэмцээнд хамт орсон юм” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11/,
- Гэрч Б.Аийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Тус өдөр манай ээж ажил дээрээ жижүүртэй хонож байсан юм. Тухайн үед манай аав Т.Б нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Аав ээжийг хардаж ээжийн ажил руу нь машинаа бариад орой 21 цагийн орчим яваад ойролцоогоор 1 цагийн дараа гэртээ ганцаараа орж ирээд машинаа тавьчихаад удаагүй буцаад гараад явчихсан. Харин манай ээж Б.Н нь аавыг гарч явсанаас хойш удалгүй гэр рүүгээ ороод ирсэн. Тухайн үед манай ээжийн баруун гарын сарвууны ар хэсэгт хавдчихсан байсан. Тэгээд манай ээж би дүүтэйгээ унтаж байтал шөнө 00 цагаас 01 цагийн хооронд халамцуухан гэртээ орж ирээд “над руу нууцалсан дугаараас эмэгтэй хүн ярьж танай эхнэр чинь өөр хүнтэй явдаг” гэж хэлсэн гээд ээжтэй маргалдаж байгаад ээжийн толгойтой үснээс нь зулгааж, нүүр рүү нь гараараа цохиод байхаар нь болиулах гэтэл надад дийлдэхгүй байхаар нь би гарч цагдаа дуудсан. Ээжийн баруун гарын сарвууны ар хэсэгт хавдсан, зүүн талын нүд нь хөхөрсөн, баруун талынх нь бугалга, зүүн талын хөлийн гуяны гадна талд нь хөхөрсөн байсан. Зодсон шалтгаан нь гэвэл хардалтаас болж зодсон. Манай аав руу нууцалсан дугаараас эмэгтэй хүн залгаж манай ээжийг өөр эрэгтэй хүнтэй явалддаг гэж хэлсэн юм шиг байгаа юм. Үүнээс болж маргаан болсон. Аав гэрээс гарахдаа согтуу байсан. Харин шөнө ирэхдээ архи нь гайгүй болсон байсан. 2018 оны 10 дугаар сарын 10-ны орчим нууцалсан дугаараас эмэгтэй хүн залгаснаас болж маргаантай байгаа. Өмнө нь манай аав ээжийг зодож цохиж байсан удаа байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 12/,
- Гэрч Б.Ггийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2018 оны 10 дугаар сарын 19-ний орой эргүүлийн ахлах, цагдаагийн ахлах ахлагч Б.Бын хамт хөдөлгөөнт эрүүлийн үүрэг гүйцэтгэж ажилласан юм. Гэтэл ...тоотод согтуу хүн гэртээ агсан согтуу тавиад байна гэх дуудлагаар яваад очтол жирэмсэн эмэгтэй хүн их айчихсан хурдлаарай гээд гэрийнхээ гадаа бид нарыг хүлээж байсан. Тэгээд дотогш ороход Б гэх согтуу эрэгтэй хүн эхнэр Нгийн үснээс зулгаагаад орон дээр сууж байсан. Тэгээд ахлагч Б.Б бид хоёр болиулж Бийг эрүүлжүүлэх байранд хүргэж өгсөн. Ямар ч байсан зүүн нүд нь хөхөрсөн байсан. Эхнэрээ хүнтэй явалддаг гичий, янхан гэх мэтээр доромжлоод байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 13/,
- Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 568 дугаар дүгнэлтэд: “1. Б.Нгийн биед баруун хөмсөгний гадна хэсэгт, зүүн нүдний эргэн тойронд, баруун бугалганы гадна дунд хэсэгт, баруун гарын алганы ар хэсэгт цус хуралт, зүүн нүдний алиманд цусан хуруу, зүүн нүдний эргэн тойронд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Уг гэмтлүүд нь мохоо зүйлээр үүсгэгдэх боломжтой. 3. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. 4. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтмол нөлөөлөхгүй” гэжээ /хх-ийн 15/,
- Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 3 дугаар багийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 3/555 дугаартай тодорхойлолт /хх-ийн 28/,
- Хохирогч Б.Нгийн хохирол, гомдолгүй тул хэргийг түргэн шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 32/,
- Шүүгдэгч Т.Бийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 26/зэрэг баримтууд болно.
Шүүгдэгч Т.Б нь 2018 оны 10 дугаар сарын 19-ний шөнө Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар баг ...тоотод эхнэр Б.Нг зодож эрүүл мэндэд “ баруун хөмсөгний гадна хэсэгт, зүүн нүдний эргэн тойронд, баруун бугалганы гадна дунд хэсэгт, баруун гарын алганы ар хэсэгт цус хуралт, зүүн нүдний алиманд цусан хураа, зүүн нүдний эргэн тойронд зөөлөн эдийн няцрал ” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Т.Бийн мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хохирогч М.Н, гэрч Б.А, Б.Г нарын мөрдөн байцаалтанд гаргасан мэдүүлэг, шинжээчийн 534 дугаартай дүгнэлт зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Т.Бд холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн биед гэмтэл учирсан үр дагавар шууд шалтгаант холбоотой болох нь нотлогдсон байна.
Шүүгдэгч Т.Бийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд хөнгөн хохирол буй гэмт үйлдэл болох юм.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Т.Б нь хохирогч М.Нг цохиж эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл бүхий хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Шүүгдэгч Т.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Прокуророос Т.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон байх тул шүүгдэгч Т.Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүгдэгч Т.Бд ял шийтгэл оногдуулахад анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгчийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2-т зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтах бөгөөд шүүгдэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогч М.Н гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байдал болон мөн улсын яллагчийн торгох ялын саналыг харгалзан Т.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар тогтов.
Шүүгдэгч Т.Б нь цагдан хоригдоогүй, хэрэгт бичиг баримт, ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч М.Н гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т.Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Бийг 500 /таван зуун / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан ялтан Т.Бд оногдуулсан торгох ялыг 4 /дөрвөн/ сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Т.Б торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Ялтан Т.Б нь цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт болон бичиг баримт ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Б.Н гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан Т.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.САНЖИДМАА