Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 218

 

    Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Санжидмаа даргалж,
    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Бат-Эрдэнэ,
    Улсын яллагч хяналтын прокурор Ц.Роза,
    Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Амарсайхан,
    Шүүгдэгч Г.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Розагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Год холбогдох эрүүгийн 1830002560193 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар.

Монгол Улсын иргэн, 1978 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын харьяат, 40 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, ам бүл 5, жолооч мэргэжилтэй, тус аймгийн Шт жолооч ажилтай, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар баг ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Г.Г.

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/
    
           Шүүгдэгч Г.Г нь Сүхбаатар аймгийн Дарьганга сумын төв 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт Аны зүүн талын зам дээр 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдөр УАЗ 220692 маркийн 59-69 СҮЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа замын дагуу ухсан нүх рүү орж зам тээврийн осол гаргасны улмаас тухайн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Ч.Бы биед бэлхүүсний 1 дүгээр нугаламын их биеийн бяцарсан хугарал бүхий хүндэвтэр гэмтэл, М.Мы биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

    Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

    - Шүүгдэгч Г.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2018 оны 08 дугаар сарын 30-ны өглөө Сүхбаатар аймгийн Дарьганга сум руу шууданд явсан фургон замдаа эвдэрсэн учраас би аймгийн төвөөс 14 цагт араас нь гарсан. Намайг очиход жолооч нь байхгүй, 3 хүн байхаар нь тэр 3 хүнийг аваад Дарьганга сум руу явсан. Аны зүүн талын хаалганаас урагшаа буусан шороон замаар яасан сайхан замтай болж байгаа юм бэ гээд яриад явж байтал замыг хөндлөн 4-5 метр хэртэй тасалж ухсан нүх таарсан. Энэ зам дээр ямар нэгэн анхааруулах болон хориглосон замын тэмдэг байгаагүй. Би тээврийн хэрэгслийн тормосыг гишгэж хөдөлгөөний хурдыг удаашруулж, нүх рүү орсон. Энэ үед хохирогч Б урд талын салхины шил мөргөсөн. Хэрвээ тээврийн хэрэгслийн тормосыг шууд гишгээд нүх рүү орсон бол тээврийн хэрэгсэл хамраараа орж өөр эрсдэлүүд гарах байсан гэв.

    Эрүүгийн 1830002560193 дугаартай хэргээс:  

    - Хохирогч Ч.Бы мөрдөн байцаалтад өгсөн: “... Би Сүхбаатар аймгийн Дарьганга суманд оршин суудаг юм. 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар аймгийн төвөөс эхнэр Мы хамт Дарьганга сум руу шуудангийн фургонтой 08 цагийн үед гарч яваад аймгаас урагш 100 километрт  овооны дэргэд машин нь эвдэрсэн юм. Тэгээд аймгаас машин дуудаад орой 17 цагийн үед өөр шуудангийн фургон ирээд О, манай эхнэр М бид гурвыг авч яваад орой 20 цагийн үед сум руу орсон. Би машины урд талд жолоочийн хажуу талд сууж явсан бөгөөд манай сумын хойд талд байдаг хаалга өнгөрөөд зассан шороон зам ямар нэгэн хаалтгүй байхаар нь жолооч Г бид 2 ямар сайхан замтай болж байгаа юм бэ гээд яриад явж байтал жолооч Г нүх байна гэх шиг болсон. Тэгтэл би урагшаа мөргөөд машин ч нүх рүү хамраараа орсон. Арын суудалд манай эхнэр М, О нар явж байсан. Тэгээд машинаас гарах гэсэн чинь миний талын хаалга нээгдэхгүй байсан болохоор арын цонхоор сугадаж буулгаад би босож чадахгүй нуруу болохгүй өнхөрөөд байсан. Тэр үед замын ажил хийж байсан дарга гэх залуу намайг эмнэлэг рүү хүргэж өгсөн. Сумынхаа эмнэлэгт хоноод маргааш нь аймгийн эмнэлэгт ирж 7-8 хоног хэвтээд Улаанбаатар хот руу гэмтлийн эмнэлэг рүү явж 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр хагалгаанд ороход миний нуруу бяцарч, хугарсан байна гэж байсан. Одоо биеийн байдал эмчилгээ хийлгээд байгаа болохоор анх босож чадахгүйгээ бодоход дээрдээд байна. Жолооч Г.Г нь нүх хараад тормос гишгэх шиг болсон. Гэхдээ тормос нь барьсан үгүйг мэдэхгүй байна. Жолоочийг хэдэн км/цагийн хурдтай явж байсан талаар мэдэхгүй байна. Тухайн үед нүх байсан үгүй хараагүй учир нь би нас дээр гарсан болохоор хараа муу юм. Би нүх рүү орох үед шил мөргөсөн. Машинтай нүх рүү орохоос өмнө мөргөсөн зүйл байхгүй. Жолооч ямар нэгэн архи согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Тэмдэг, тэмдэглэгээ байгаагүй. Ядаж сум заасан тэмдэг ч байгаагүй. Би бодохдоо нээчихсэн зам байна гэж бодсон. Би Улаанбаатар хот руу эмчилгээнд явах гэж эхнэр Маар 3.000.000 төгрөгний тэтгэврийн зээл авахуулсан. Тэр мөнгөө буруутай этгээдээс нэхэмжилж байна. Уг хохирлыг минь барагдуулчихвал гомдол, санал байхгүй байна. Мөн эргээд 10 сарын дундуур ирж үзүүл гэсэн тэр бүхэнд зарцуулах мөнгөгүй л болчихоод байна. Миний хувьд шуудангийн жолооч болон замын компани хоёулаа л буруутай гэж үзэж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17/,
    
- Хохирогч Ч.Б Цагдаагийн газарт гаргасан хохирол төлсөн тухай хүсэлтдээ: “Сүхбаатар аймгийн Дарьганга сумын 1 дүгээр багийн иргэн Ч.Б би Н.Баас 1.060.000 төгрөг эмчилгээний зардалд авсан. Бид эвлэрсэн тул цаашид гомдолгүй нь үнэн” гэжээ /хх-ийн 88 /,

- Иргэний нэхэмжлэгч М.Мы мөрдөн байцаалтад өгсөн: “... 2018 оны 08 дугаар сарын 30-ны өглөө Сүхбаатар аймгийн төвөөс Дарьганга сум руу 08 цагийн үед шуудангийн фургонтой явж байгаад 100-гийн овооны тэнд эвдрээд аймаг руу шуудангийн унаа захисан. Тэгээд үдийн хойно 17 цагийн үед аймгаас 59-69 СҮЭ улсын дугаартай бор ногоон өнгийн фургон ирээд манай нөхөр Б  урд суугаад би сумынхаа О гэх эмэгтэйтэй ард суугаад явсан. Орой 20 цагийн үед сумын төвийн хойноос орж ирээд хаалганаас урагш тавьсан шороон замаар явж байтал гэнэт машин урагшаа тонгойгоод юм мөргөсөн. О бид 2 гараад нөхөр Быг гаргах гэсэн боловч хаалга нь нээгдэхгүй байсан бөгөөд арын цонхоор гаргаж ирсэн. Тэр үед манай нөхөр хөдөлж чадахгүй байсан болохоор тэнд замын ажил хийж байсан дарга гэх залуу Б бид хоёрыг аваад сумын эмнэлэг рүү явсан. Эмнэлэгт очоод нэг хоноод аймаг руу ирээд 7-8 хоноод нурууны бэртэлтэй гэж Улаанбаатар хот руу гэмтлийн эмнэлэг рүү явж 09 дүгээр сарын 11-ний өдөр хагалгаанд ороход манай нөхрийн нуруу нь хугарч бяцарсан байна гэсэн. Миний хувьд зам тээврийн осолд ороод баруун хөлийн өвдөг болон баруун шуу зулгарч халцарсан байсан. Нөхөр Бы эмчилгээнд зарцуулах гэж тэтгэврийн зээл 3.000.000 төгрөг авсан. Түүнээс гадна би 1.000.000 төгрөг зарцуулаад байна. Манай нөхөр 3.000.000 төгрөгөө нэхэмжилсэн байгаа. Миний хувьд 1.000.000 төгрөгөө нэхэмжилнэ. Сумын хойноос орж ирээд зассан шороон замаар явж байхад замын ямар нэгэн тэмдэг тэмдэглэгээ байгаагүй, осол болсоны дараа жолооч замын ажил хийж байгаа дарга гэх хүнтэй замын тэмдэг тавихгүй яасан юм бэ гээд маргалдаад байсан ” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24/,

- Иргэний нэхэмжлэгч Д.Эын мөрдөн байцаалтад өгсөн: “... 2018 оны 08 дугаар сарын 30-ны өглөө Сүхбаатар аймгийн Дарьганга сум руу явсан шуудан эвдрээд түүний оронд Г.Г ахыг 59-69 СҮЭ улсын дугаартай фургон машинтай явуулаад сэлбэгийг нь хүргэж өгөөд цаашаа Дарьганга сум руу явуулсан. Тэгтэл тэр орой замын далангийн ажил хийж байгаа ухсан нүх рүү унаж автомашины урд хэсэг эвдэрч, шил хагарсан байсан. Үүнээс болж 395.000 төгрөгний засварын ажил хийхээр болсон. Уг мөнгийг Г.Г ах өөрөө гаргаад засвар үйлчилгээг хийлгэсэн тул манай газраас гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй ” гэх мэдүүлэг /хх-ийн 28/,

- Иргэний нэхэмжлэгч В.Оийн мөрдөн байцаалтад өгсөн: “... Би өглөө аймгийн төвөөс сум руу шуудангаар гарч 20 цагийн үед “Аны “ зүүн хаалгаар сумын төв орж ирэх үед шинээр тавьж байгаа замын нүх рүү машин орсон. Тэр нүх нь замыг хөндлөн ухсан ус зайлуулах хоолойны нүх байсан юм билээ, ямар ч хориглосон тэмдэг, заалт, хаасан зүйл байхгүй байсан. Би машины ард талын зааланд сууж явж байсан. Миний баруун гар бугуй хэсгээрээ тулж хавдсан. Өөр миний биед ил харагдах гэмтэл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 12/,

- Гэрч Н.Бын мөрдөн байцаалтад өгсөн: “... 2018 оны 08 дугаар сарын 30-ны орой манай компаний барьж байгаа замын үерийн хоолой тавих хэсэгт ковш, автогридир ажиллаж байсан. Тухайн үед хаалт тэмдэгийн хэсгийг аваад шороо түрэх ажил явагдаж байхад Баруун-Уртаас Дарьганга сум руу шуудан үйлчилгээнд явж байсан 59-69 СҮЭ дугаартай фургон машин хойд хаалганы голоор хурдтай орж ирээд хоолой байрлах хэсгийн суваг руу орж, урд хэсгээрээ шороо мөргөж зогссон. Тухайн үед ажлын талбай дээр би өөрөө ажиллаж байсан. Тэгээд намайг уг газарт очоод жолоочтой уулзахад миний машин тормосгүй байсан болохоор зогсож чадсангүй гэж байсан. Манай компани замын заах тэмдэг тавиад сумын төвийн үдэлт, угталтын хаалганы орох гарах хэсэгт шороогоор зам хаасан байсан. Тухайн өдөр замыг түр онгойлгож замын ажил гүйцэтгэж байсан ” гэх мэдүүлэг /хх-ийн 11/

    - Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 485 дугаартай дүгнэлтэнд: 1.Ч.Бы биед бүсэлхийн 1 дүгээр нугаламын их биеийн бяцарсан хугарал бүхий гэмтэл учирчээ. 2.Учирсан гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 3.Учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулсан хүндэвтэр зэргийн гэмтэлд хамаарна. 4.Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна” гэжээ /хх-ийн 38-39/,

    -Сүхбаатар аймгийн Замын цагдаагийн тасгийн 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн дүгнэлтээр: 1. УАЗ 220692 маркийн 59-69 СҮЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан жолооч Г.Г нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг сонгож явна” гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. 2.”Б” ХХК нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар хавсралтын 5-д “Зам дээр засварын ажил үйлчилгээ эрхэлж буй аж ахуй нэгж, байгууллагын албан тушаалтан, иргэд дараахь үүргийг хүлээнэ. А-д Засварын ажил үйлчилгээ хийж байгаа үедээ хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, 1.20 тэмдэг тавьж анхааруулах, замын тухайн хэсгийг хашиж тусгаарлах, түүнийг тойрч гарах чиг заасан тэмдэг тавьж байрлуулаагүйн улмаас зам тээврийн осол гарах шалтгаан болсон байна гэж үзлээ ” гэжээ /хх-ийн 34/,

    -Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 04/,

    -Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 05-08/,

    -“А” ХХК-ний автомашин техникийн үнэлгээний 331 дугаартай тайлан /хх-ийн 63/,

    -Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 7/630 дугаар тодорхойлолт /хх-ийн 74/,  
 
    -Г.Гын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 76/ зэрэг баримтууд болно.

    Шүүгдэгч Г.Г нь Сүхбаатар аймгийн Дарьганга сумын төв 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт Аны зүүн талын зам дээр 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдөр УАЗ 220692 маркийн 59-69 СҮЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа зам дагуу ухсан нүх рүү орж зам тээврийн осол гаргасны улмаас тухайн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Ч.Бы биед бэлхүүсний 1 дүгээр нугалмын их биеийн бяцрал хугарал бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Г.Гын мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, хохирогч Ч.Б, гэрч Н.Б, иргэний нэхэмжлэгч В.О, Д.Э, М.М нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 485 дугаартай дүгнэлт, техникийн шинжээчийн дүгнэлт хавтаст хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Г.Год холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Г.Гын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учруулсан гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Г.Г нь автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
    
Прокуророос Г.Год Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон байх тул шүүгдэгч Г.Гыг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Г.Гын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

    Шүүгдэгч Г.Год ял шийтгэл оногдуулахад тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

     Шүүгдэгч Г.Г нь цагдан хоригдоогүй, хэрэгт бичиг баримт, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч Ч.Бы эрүүл мэндэд учирсан хохиролд 1.060.000 төгрөгийг Зам засварын ажил гүйцэтгэсэн “Би  Би сервис” ХХК-ний захирал Н.Б төлсөн, хохирогч Ц.Б, иргэний нэхэмжлэгч В.О, Д.Э, М.М нар гомдолгүй нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэв.

    Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

    1.Шүүгдэгч Г.Гыг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

    2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Гыг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

    3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан ялтан Г.Год оногдуулсан торгох ялыг 4 сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

    4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Г.Год мэдэгдсүгэй.

    5.Ялтан Г.Г нь цагдан хоригдоогүй, хэрэгт бичиг баримт, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч Ч.Бы эрүүл мэндэд учирсан хохиролд 1.060.000 төгрөгийг “Б” ХХК-ний захирал Н.Б төлсөн, хохирогч Ч.Б, иргэний нэхэмжлэгч Д.Э, В.О, М.М нар гомдолгүй нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

    6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан Г.Год авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

    7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

    8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.


                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Х.САНЖИДМАА