Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 222

 

 Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Х.Санжидмаа даргалж,
 Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Бат-Эрдэнэ,                                                                                                                       
 Улсын яллагч хяналтын прокурор Э.Хосбаяр,
 Шүүгдэгч Ж.Пийн өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг,
 Шүүгдэгч Ж.П нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Хосбаярын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Пид холбогдох эрүүгийн 1830002990219 дугаартай  хэргийг  2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар.

 Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн сумын харъяат, 1994 оны 05 дугаар сарын 05-ны өдөр төрсөн, 24 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Ж.П.

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/

  Шүүгдэгч Ж.П нь 2018 оны 09 дүгээр сарын 28-ны орой Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын төв 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт “С” гэх газраас Л.Чын 3 үхрийг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 1 850 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
    
  Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүгдэгч Ж.П шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 4 дүгээр сараас О гэж хүний малыг хөлсөөр маллаж байсан. Тэгээд 7, 8 дугаар сарын цалингаа аваагүй. Маллаж байх хугацаандаа 2018 оны 08 дугаар сарын 05-нд 10 хоног Дорнод аймаг руу өдрийн 40.000 төгрөгөөр мал туусан. Ажиллаж байсан хөлсөө авах гэхэд өгөхгүй, утсаар нь ярихаар утсаа авахгүй байсан. Тэгээд ажлынхаа хөлсний оронд үхрийг нь авсан чинь өөр айлын үхрийг андуурч авсан байсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.
    
  Эрүүгийн 1830002990219 дугаартай хэргээс:  

  - Хохирогч Л.Чын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 6 дугаар багийн нутаг “Ө” гэх газарт мал маллан амьдардаг юм. 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр  тоолж үзэхэд 95 үхэр бүгд бүрэн байсан.  Маргааш нь буюу 2018 оны 09 дүгээр сарын 29-ний өглөө үхрээ бүртгэж үзэхэд 4 үхэр алга болсон байсан. Зүсэлбэл цагаан эрээн нүүртэй улаан үнээ хоёр чих араасаа догол имтэй, улаан үнээ хоёр чих араасаа догол имтэй, мухар хар бяруу хоёр чих араасаа хоёр чих нь догол имтэй, улаан бяруу эр буруу талын чих араасаа ухам имтэй үхэрнүүд алга болсон байсан. 2018 оны 09 дүгээр сарын 28-ны шөнө манай үхрийг Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр “Ө” гэх газрын хойд хэсэг газар Портер бонго маркийн машин дээр ачсан юм шиг мөрүүд байсан. Би үхрээ хайгаад машины мөрийг дагаад Сүхбаатар аймгийн төв рүү ороход манай алга болсон үхрийн 3 үхэр нь “Б” цехийн бойн дээр амьд байж байсан учир би 3 үхрээ аваад явсан. Харин хоёр чих араасаа догол имтэй хар зүстэй бяруу нь 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн өглөө үхэртээ хүрээд ирсэн байсан. Би хулгайд алдсан 3 үхрээ бүрэн бүтэн олж авсан болохоор одоо надад гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй юм” гэх мэдүүлэг /хх-ийн 07/,

 - Гэрч Б.Лын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын уугуул иргэн юм.Пээ гэх залуутай одоогоос 10 гаруй хоногийн өмнө Ө бид хоёр танилцсан. Пээ гэх залуу хэд хоногийн өмнө 3 үхэр аймаг аваачиж борлуулна гээд ярьж байсан. Ө, Пээ, бид гурав 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 12 цагийн орчим гараад орой 16 цагийн орчим 93-85 СҮА улсын дугаартай Портер маркийн машинтай миний супер вэни мотоциклийг ачаад Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумаас 60 гаруй км газарт очсон. Өын мотоциклийг буулгаад надтай цуг сундлаад үхрээ харж “манай үхэр энд байна” гээд буцаж явж  Өыг авсан. Бид гурвыг очиход 20 орчим үхэр байсан. Тэндээс Пээ гурван үхэр заагаад би мотоциклоор нь хураагаад Пээ бугуйлдаад барьж авсан. Улаан зүстэй үнээ, цагаан эрээн нүүртэй үнээ, улаан зүстэй эр бяруу байсан. Тэр гурван үхрийг ачаад Сүхбаатар сумаар дайраад миний хээр зүстэй давхар саран тамгатай морийг нэмж ачаад аймгийн төв рүү явж байхад хөдөө машин эвдэрсэн. Хөлсөнд явдаг машин дуудаад аймгийн төв рүү 3 үхэр, 1 адууг ачиж очоод “Б” цех нэртэй бойнд авчирч өгсөн. Пээ аймгийн төвд үлдээд би Өтай цуг машинаа авч ирсэн юм. Аймгийн төвд ирээд “У” нэртэй буудалд хоносон. Пээ надад хэлэхдээ “намайг очоод имийг нь хэлээд зарчих, би очвол миний нэг таньдаг ах байна” гэж хэлсэн. 2018 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр “Б” нэртэй бой руу очоод би бойны хүнд манай найзын үхэр гэж хэлсэн. Ө бид хоёрыг очиход нэг ах миний үхэр байна  гэсэн. Би Пээ рүү залгаад “чиний үхэр гээд байсан үхэр чинь биш байна, хүний үхэр байна, эзнийг нь дагуулаад явж байна” гэхэд “М” клонк дээр гараад ирээ гэсэн. “М” колонк дээр ирэхэд Пээ гараад зугтаасан байсан. Би хулгайн үхэр гэдгийг мэдээгүй. Пээ гэх залуу О гэх хүнээс ажлын хөлс авах ёстой тэрнийхээ оронд авч байгаа гэж ярьсан. Ө бид хоёрт хэлэхдээ “иймээ тиймээ асуудал болвол би өөрөө хариуцна, та хоёр ямар ч хамаа байхгүй. Та хоёр яваад өгчих” гэсэн. О үхрээ нэхвэл би даана. Ө та хоёр надад яваад өгчих гэж гуйгаад байсан. Пээ гэх залуу бид хоёр ерөнхийдөө “О гэх хүнээс авах ёстой мөнгөнийхөө оронд хэлэлгүй нууцаар авч байгаа, та хоёрт хамаагүй үхрээ борлуулаад мөнгө өгнө” гэж хэлж байсан юм. Хэд гэдгийг нь сайн мэдэхгүй. Би Пээ гэх залууг сайн танихгүй. Өын гэрт нь хонож өнжөөд байж байхад Пээ яваад өгчих гэж гуйсан юм. Өөрийгөө Пээ гэж байсан Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын хүн юм шиг байна лээ” гэх мэдүүлэг /хх-ийн 12/,
 
 - Гэрч Э.Өын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын уугуул иргэн юм. Би Пээ гэх залуу одоогоос 10 гаруй хоногийн өмнө манай найз Мтэй цуг манай руу ирээд цуг пиво уугаад танилцсан. Тэгээд яваад өгсөн. Хэд хоногийн дараа Пээ таараад “хөгшин нь энд хонох айл байхгүй хэцүү байна” гээд манайд хонох болсон. Пээ аймгаас урагшаа 80 км газар яваад өөрийнхөө 3 үхрийг ачих хэрэгтэй байна гэж надад хэлсэн. Л, Пээ, бид гурав 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 12 цагийн орчим гараад орой 17 цаг орчим 93-85 СҮА улсын дугаартай Портер маркийн машинтай миний Супер Вэни мотоциклийг ачаад Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумаас 70 орчим км газар очоод миний мотоциклийг Пээ, Л хоёр унаж яваад “манай үхэр энд байна” гээд буцаж ирээд намайг аваад явсан. Бид гурвыг очиход 20 орчим үхэр байсан. Тэндээс Пээ гурван үхэр заагаад Л, Пээ хоёр мотоциклиор эргүүлж байгаад бугуйл шидэж Пээ барьж авсан юм. Улаан үнээ, улаан бяруу, цагаан эрээн нүүртэй улаан үнээ байсан. Имийг нь сайн анзаарч хараагүй юм. Тухайн өдөр орой нэлээн харанхуй болсон байхад бид гурав гурван үхэр ачаад явж байхад аймгаас 10 орчим км зайтай газар машин эвдэрсэн учраас хөдөө машиндаа хоноод маргааш өглөө нь Л аймгийн төв рүү орж ирээд хөлсний портер машин олоод буцаж очиж гурван үхрээ ачиж ирээд “Б” цехийн бойн дээр буулгасан. Аймгийн төв рүү орж ирээд машиныхаа эвдэрсэн зүйлсийг хайж байгаад хуучин сэлбэг аваад машин руугаа очоод хөлсний портероор чирж асаалгаад аймгийн төвд авчирсан. Бид гурав “У” буудалд хоносон юм. 2018 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр бойны хүн залгаад “чи үхрийнхээ учрыг ол” гэхэд Пээ “Л та хоёр яваад ир” гэсэн. Л бид хоёрыг очиход нэг ах ирчихсэн “энэ миний үхэр байна” гэсэн. Тэгээд Ла Пээ рүү залгаад “чи одоо хулгайн үхэр ачуулсан юм уу, энэ асуудлаа өөрөө шийд, бид хоёрт ямар ч хамаагүй асуудал шүү дээ” гэсэн. Тэгээд “М” колонк дээр хүрээд ир гэхээр нь Л бид хоёр үхрийн эзэн гэх ахтай цуг ирэхэд Пээ ирээгүй. Утсаа хаагаад буцаасан юм. Би хулгайн үхэр гэдгийг мэдээгүй. Пээ хэлэхдээ өөрийнхөө үхрээс ачина, очоод чамд бензин тосны мөнгө 500.000 төгрөг өгнө өөрийнхөө машиныг аваад явчих гэхээр нь явсан юм. Л бас мэдээгүй гэж бодож байна” гэх мэдүүлэг /хх-ийн 13/,

 - Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн тодорхойлолт /хх-ийн 34/,
 - Сүхбаатар сумын Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 23, 24/,
 - Хохирогч Л.Чын хохирол төлөгдсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй тухай хүсэлт /хх-ийн 38/,
 - Шүүгдэгч Ж.П, түүний өмгөөлөгч Х.Эрдэнэбаатар нарын гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол төлөгдсөн, гомдол саналгүй гэсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 38/,
 - Сүхбаатар аймгийн Прокурорын газрын 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 110 дугаартай хэргийн зүйлчлэл, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын санал /хх-46/,
- Сүхбаатар аймгийн Прокурорын газрын 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 5/55 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай прокурорын тогтоол /хх-45/,
 - Шүүгдэгч Ж.Пийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 37/зэрэг баримтууд болно.

 Шүүгдэгч Ж.П нь 2018 оны 09 дүгээр сарын 28-ны орой Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “С” гэх газраас хохирогч Л.Чын 3 үхрийг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 1.850.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Ж.Пийн мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, хохирогч Л.Ч, гэрч Б.Ла, Э.Ө  нарын мэдүүлэг зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

  Шүүгдэгч Ж.Пид холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 “Хулгайлах” гэмт хэрэг нь Монгол улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан иргэний эд хөрөнгө эзэмших, өмчлөх эрх болон орон байрны халдашгүй дархан байх хүний баталгаатай эдлэх эрх, эрх чөлөөг зөрчсөн, шууд санаатай шунахай зорилгоор, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар өөрийн эзэмшил ашиглалтад шилжүүлэн авсан үйлдлээр үйлдэгддэг бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эд хөрөнгөнд хохирол учирсан үр дагавар шууд шалтгаант холбоотой болох нь нотлогдсон байна.
    
    Шүүгдэгч Ж.Пийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх чөлөө, өмчлөх эрхийн халдашгүй байдалд гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эд хөрөнгө эзэмших өмчлөх эрхэд хохирол учруулж буй гэмт үйлдэл болох юм.

    Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсаныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Ж.П  нь хохирогч Л.Чын эд хөрөнгө эзэмших, өмчлөх эрхэд хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “мал хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Шүүгдэгч Ж.П нь мал хулгайлсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
    
Прокуророос Ж.Пид  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон байх тул шүүгдэгч Ж.Пийг мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

  Шүүгдэгч Ж.Пид ял шийтгэл оногдуулахад гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо бүрэн төлсөн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба харин 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

      Шүүгдэгч Ж.Пийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2-д зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтах бөгөөд Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл хэсэг заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэжээ.     
      Иймд шүүгдэгчийн хувийн байдал, хохирогч Л.Ч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн зэргийг харгалзан прокурорын гаргасан саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж.Пид хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар тэнсэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар түүний гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл болох Э.Өын эзэмшлийн 93-85 СҮА улсын дугаартай цэнхэр өнгийн Портер маркийн тээврийн хэрэгслийн үнэ болох 1.500.000 төгрөг, Бүгд найрамдах Хятад ард улсад үйлдвэрлэсэн цагаан өнгийн улсын дугааргүй Супер Вэни маркийн мотоциклийн үнэ болох 300.000 төгрөгийг тус тус гаргуулж улсын орлогод оруулах албадлагын арга хэмжээ авч уг шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдтал Эд хөрөнгийг битүүмжилсэн 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 5/12 дугаартай прокурорын тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
    
   Шүүгдэгч Ж.П нь цагдан хоригдоогүй, хэрэгт бичиг баримт, эд мөрийн баримт ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Л.Ч 3 үхрээ буцаагаад авсан, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэв.
 
     Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

   1. Шүүгдэгч Ж.Пийг мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

   2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж.Пид хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар тэнссүгэй.

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Поос гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Э.Өын эзэмшлийн 93-85 СҮА улсын дугаартай цэнхэр өнгийн Портер маркийн тээврийн хэрэгслийн үнэ болох 1 500 000 төгрөг, Бүгд найрамдах Хятад ард улсад үйлдвэрлэсэн цагаан өнгийн улсын дугааргүй Супер Вэни маркийн мотоциклийн үнэ болох 300 000 төгрөгийг тус тус гаргуулж улсын орлогод оруулах албадлагын арга хэмжээ авч, уг шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдтал Эд хөрөнгийг битүүмжилсэн 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 5/12 дугаартай прокурорын тогтоолыг хэвээр үлдээсүгэй.  

      4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнсэх шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Ж.Пид мэдэгдсүгэй.  

   5. Шүүгдэгч Ж.П нь цагдан хоригдоогүй, хэрэгт бичиг баримт, эд мөрийн баримт ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Л.Ч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

   6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Пид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.    
    
   7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

   8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.





    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Х.САНЖИДМАА