Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2023/00476

 

 

 

 

 

 

 

 

     2023         03         06                                         210/МА2023/00476

 

 

 

М.Нхын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Э.Золзаяа, шүүгч Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн183/ШШ2022/03261 дугаар шийдвэртэй,

М.Нхын нэхэмжлэлтэй,

Д.Эад холбогдох,

Автомашины үнэ 161,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Нх, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Шолпан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: М.Нх би 2020 оны 8 дугаар сард нөхөр Д.Эсөөс гэрлэлтээ цуцлуулж шүүхээр шийдвэрлүүлсэн. Тухайн хэрэгт миний бие Австрали улсаас худалдан авсан Лексус Ар Икс 450 Эйч /Lexus RX450h/, Лексус Ай Эс 300 Эйч /Lexus IS300h/, Тоёота Клүгэр /Toyota Kluger/ маркийн автомашинуудыг гэр бүлийн дундын хөрөнгөд тооцуулж ногдох хэсгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан боловч шүүхээс тус автомашинууд нь Д.Эын өмчлөлд байгаа үндэслэлээр гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгө гэж үзэхгүй, үндсэн болон сөрөг нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэхгүй гэж хэрэгсэхгүй болгосон.

Миний бие уг 3 автомашинуудыг Австрали улсад байхдаа 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр дуудлага худалдаагаар худалдан авсан. Гэтэл Д.Эс нь төрсөн ах Д.Этай үгсэн хуйвалдаж намайг эмнэлэгт хэвтэж байх хугацаанд Д.Эс нь “С ХХК-руу захидал бичиж, автомашинуудыг Д хүлээн авахыг мэдэгдэн улмаар Д.Э гаалийн байгууллагаас автомашинуудыг хүлээн авч бусдад худалдсан байсан.

Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-аас Тоёота Клүгэр /Toyota Kluger/ маркийн автомашиныг 62,500,000 төгрөгөөр, Лексус Ар Икс 450 Эйч /Lexus RX450h/, маркийн автомашиныг 52,500,000 төгрөгөөр, Лексус Ай Эс 300 Эйч /Lexus IS300h/ маркийн автомашиныг 46,000,000 төгрөгөөр үнэлсэн. Иймд дээрх автомашинуудын үнэ 161,000,000 төгрөгөөс хариуцагчийн төлсөн тээвэрлэлтийн зардлыг хасч тооцон 133,247,042 төгрөгийг Даас гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч шүүхэд тайлбар ирүүлээгүй, анхан шатны шүүх хуралдаанд оролцоогүй байна.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д зааснаар нэхэмжлэгч М.Нхын хариуцагч Д.Эаас автомашины үнэ 133,247,042 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 973,485 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрөн гомдол гаргаж байна.

1. Хэрэгт нотлох баримтаар авагдсан давж заалдах шатны шүүхийн 2020 оны 893 тоот магадлал, Улсын дээд шүүхийн 2020 оны 822 тоот тогтоолыг үндэслээд анхан шатны шүүх нэгэнт тогтоосон үйл баримтыг дахин нотлохгүй гэсэн агуулгаар шийдвэр гаргасанГэтэл уг шийдвэр, магадлал, тогтоолоор М.Нх, Д.Эс нарын гэрлэлт цуцлуулах иргэний хэргийг шийдвэрлэсэн ба дээрх 3 автомашины өмчлөл, эзэмшилтэй холбоотой үйл баримтыг тогтоогоогүй, шийдвэрлээгүй юм. Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэснээр шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй.

2. Маргаан бүхий 3 автомашиныг Д.Эс, М.Нх нарын гэр бүлийн гишүүдийн дундын хөрөнгө биш болохыг шүүхээр тогтоосон. Д.Эсийн “ах Д.Эын мөнгөөр уг 3 автомашиныг худалдаж авсан” гэж тайлбарласан нь миний үнийг төлж худалдан авсан автомашины мөнгийг Д.Эаас шаардаж, нэхэмжлэл гаргах эрхийг хязгаарлахгүй.

3. М.Нх, “Х” ХХК-ийн данснаас “С” ХХК-д автомашинуудын үнийг шилжүүлж анх худалдан авсан баримтад анхан шатны шүүх үнэлэлт дүгнэлт хийгээгүй, зөвхөн “тээвэрлэлтийн зардал, гаалийн татвар, засвар үйлчилгээнд Д.Э нийт 67,794,378 төгрөг төлсөн нь хариуцагчийн дансны хуулгаар нотлогдсон” гэж дүгнэж нэхэмжлэлийг хангахгүй бөгөөд шүүхийн энэ дүгнэлт нь Д.Эын 3 автомашиныг гаалиас авсан 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс бусдад худалдах хүртэлх хугацааны дансны гүйлгээ, лавлагаагаар үгүйсгэгдэж байна.

4. Хариуцагчаас шүүхэд гаргаж өгсөн 42,430,000 төгрөгийн баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй байхад шүүх уг баримтуудыг буруу үнэлсэн. Мөн Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.5, Нэмэгдсэн өртөгийн алба татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.14-т заасныг зөрчиж шийдвэр гаргасан. 

5. М.Нх Австрали улсад цахим дуудлага худалдаанд оролцож автомашины үнийг хэн анх төлсөн нь хэрэгт авагдсан, тухайн хөрөнгө нь гэр бүлийн дундын хөрөнгө бус, мөн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл биш, гэр бүлийн эрх зүйн маргаанд хамтатган шийдвэрлэх боломжгүй зэрэг нөхцөл байдалд шүүх дүгнэлт хийлгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж хариуцагчийн шүүхэд гаргасан нотлох баримтын шаардлага хангаагүй баримтыг үнэлсэн.

6. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн “бүхий автомашиныг худалдахын тулд засвар үйлчилгээ, сэлбэг хэрэгсэлд 42,430,000 төгрөг гаргасан” гэх тайлбарыг хүлээн зөвшөөрөхгүй. Энэ талаарх баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй, бодит байдалтай нийцээгүй учир нэхэмжлэгчийн зүгээс шинжээч томилуулж “яг хэдэн төгрөгийн засвар үйлчилгээ хийх шаардлагатайг тогтоолгох” хүсэлт гаргасан ч шүүх хүсэлтийг хангаагүй. Мөн шүүхэд гэрчээр Д.Эсийг оролцуулах хүсэлт гаргасан ба анхан шатны шүүх хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн ч өөрийн гаргасан захирамжийн биелэлтээ хангалгүйгээр хэт нэг талыг баримталж шийдвэр гаргасан нь хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн тайлбарын агуулга: Давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй. Д.Эс, М.Нх нар гэр бүл байх үед буюу 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Д.Э 40,000,000 төгрөгийг тэдэнд зээлдүүлсэн ба уг мөнгөнд тооцон М.Нх, Д.Эс нар нь Австрали улсаас автомашин захиалж өгөхөөр болсон. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх М.Нх, Д.Эс нарын гэрлэлт цуцлуулах маргааныг хянан шийдвэрлэхэд талууд уг автомашины талаар мэтгэлцсэн. Д.Эс, М.Нх нар Д.Эаас зээлсэн 40,000,000 төгрөгөөс 22,000,000 төгрөгийг Х ХХК-аар дамжуулан шилжүүлж 3 автомашиныг захиалж өгсөн. Энэ талаар ямар харилцаа үүссэнийг шүүх тодорхойлоогүй. Д.Э нь тухайн автомашины гааль, санхүүгийн бүх төлбөрийг төлж, автомашины эвдрэл гэмтлийн засварт 40 гаруй сая төгрөг төлж янзалсан. Автомашиныг заавал үнэлүүлэх шаардлагагүй. Гэрч асуулгах хүсэлтийг хариуцагч талаас гаргасан боловч тухайн үед Д.Эс нь хөдөө явсан учир хүсэлтээс татгалзсан.

2. Нэхэмжлэгч талаас өмгөөлөгч авах хүсэлт гаргаж шүүх хуралдааныг хойшлуулсан нь процессын алдаа гараагүй. М.Нх, Д.Эс нарын гэрлэлтийг цуцлах маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаанд ороцсон гэрчүүд тус тусдаа өөр өөр мэдүүлэг өгдөг. Тухайлбал, мөнгө зээлсэн н.Отгонбаяр “Би Д.Эс, М.Нх хоёрт зээлийн өглөг, авлага байхгүй” гэж мэдүүлсэн. М.Нх 3 автомашиныг ямар байдлаар худалдаж авсан нь хэргийн баримтаар нотлогдоогүй. Талуудын дундын данснаас 22,000,000 төгрөг гаргаж, тухайн мөнгөөр 3 автомашиныг М.Нх захиалж авсан талаар талууд маргадаггүй. Өмнө нь анхан шатны шүүх үйл баримтыг тогтоосон учраас анхан шатны шүүх дахин тогтоох шаардлагагүй гэж дүгнэсэн. Иймд гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч М.Нх нь хариуцагч Д.Эад холбогдуулан Лексус Ар Икс 450 Эйч /Lexus RX450h/, Лексус Ай Эс 300 Эйч /Lexus IS300h/, Тоёота Клүгэр /Toyota Kluger/ маркийн автомашинуудыг нэхэмжлэгчийн зөвшөөрөлгүйгээр бусдад шилжүүлсэн үндэслэлээр 161,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг 133,247,042 төгрөг болгон багасгасан, хариуцагч шүүхэд тайлбар гаргаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй байна.

 

3. Нэхэмжлэгч М.Нх маргаж буй автомашинуудыг “Смарт Импект” ХХК-аар дамжуулан Австрали улсаас дуудлага худалдаанаас 22,457,600 төгрөгөөр худалдан авсан үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ. /1хх 26-35, 60-61, 143-147/

Тухайн автомашинуудыг хариуцагч Д.Э хүлээн авч, тээвэрлэлтийн хөлс, гаалийн бүрдүүлэлт, онцгой албан татвар, засварын зардалд 42,430,000 төгрөг зарцуулсныг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 588 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 893 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 822 дугаар тогтоолоор тогтоосон байна. /1хх 6-25/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй юм. 

 

4. Хариуцагч Д.Э автомашинуудын татвар, засварын зардлыг төлсөн нь түүний автомашинуудыг дангаар өмчлөх эрхийг нотлохгүй. Иймд нэхэмжлэгч М.Нх нь Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт зааснаар 3 автомашиныг худалдан авч үнийг төлснөөр, хариуцагч Д.Э нь мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт зааснаар автомашинд засвар хийж засан сайжруулснаар тэд мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.1 дэх  зааснаар дээрх 3 автомашины дундаа хэсгээр өмчлөгчид болжээ.

 

5. Гэтэл анхан шатны шүүх “автомашинуудын үнийг нэхэмжлэгч төлсөн хэдий ч хариуцагч автомашинуудын татвар, засварын болон бусад зардлыг төлсөн нь хариуцагчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх үндэслэл тогтоогдоогүй” гэж буруу дүгнэж,  нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь алдаатай болсон байх ба уг алдааг залруулах боломжтой гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

 

 6. Хариуцагч нь  Лексус Ай Эс 300 Эйч /Lexus IS300h/ маркийн автомашиныг 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 21,800,000 төгрөгөөр, Тоёота Клүгэр /Toyota Kluger/ маркийн автомашиныг 2018 оны 12 дугаар сарын 14-ны өдөр 38,000,000 төгрөгөөр худалдан борлуулсан, мөн Лексус Ар Икс 450 Эйч /Lexus RX450h/ маркийн автомашиныг “ЖДМБ” ХХК-ийн өмчлөлд шилжүүлжээ. /1хх 109, 214, 219/

6.1. Нэхэмжлэгч М.Нх нэхэмжлэлээ нотлох үүргийн хүрээнд автомашинуудын зах зээлийн үнийг тогтоосон баримтыг шүүхэд гаргасан. “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн 2019 оны 05 дугаар сарын 19-ны өдрийн 217 тоот үнэлгээний тайлангаар Тоёота Клүгэр /Toyota Kluger/ маркийн автомашиныг 62,500,000 төгрөгөөр, Лексус Ар Икс 450 Эйч /Lexus RX450h/, маркийн автомашиныг 52,500,000 төгрөгөөр, Лексус Ай Эс 300 Эйч /Lexus IS300h/ маркийн автомашиныг 46,000,000 төгрөгөөр буюу автомашинуудын нийт үнэлгээг 161,000,000 төгрөг гэж тогтоожээ.

6.2. Иймд хариуцагч нь Лексус Ай Эс 300 Эйч /Lexus IS300h/, Тоёота Клүгэр /Toyota Kluger/ маркийн 2 автомашиныг 59,800,000 төгрөгөөр худалдсан тул эдгээр автомашиныг энэ үнээр, харин Лексус Ар Икс 450 Эйч /Lexus RX450h/ маркийн автомашиныг худалдсан үнэ тодорхойгүй тул “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн тодорхойлсон 52,500,000 төгрөгийн үнээр тус тус тооцоход автомашинуудын үнийг 112,300,000 төгрөг гэж тогтоох нь зүйтэй байна. /1хх 109, 219, 135/

 

7. Зохигчид автомашинуудын үнэ, бусдад шилжүүлэх эсэх талаар харилцан тохиролцсон нь тогтоогдоогүй учир Иргэний хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д  заасан эд хөрөнгийн засан сайжруулалтад гаалийн болон онцгой албан татвар, тээвэрлэлтийн хөлс орж тооцогдохгүй тул дээрх 3 автомашины үнэ 112,300,000 төгрөгөөс хариуцагчаас  гаалийн болон онцгой албан татвар, тээвэрлэлтийн хөлсөнд төлсөн 27,753,266 төгрөгийг хасахад талуудын өмчлөх эд хөрөнгийн бодит үнэ 84,546,734 төгрөг байна.

 

 8. Нэхэмжлэгч М.Нх, хариуцагч Д.Э нар нь дундаа хэсгээр өмчлөх эд хөрөнгийн хувь хэмжээг тохиролцоогүй тул  Иргэний хуулийн 487 дугаар зүйлийн 487.1 дэх хэсэгт “Дундаа хэсгээр өмчлөгчид харилцан өөрөөр тохиролцоогүй бол өмчлөгч бүр тэнцүү хэмжээгээр өмчлөх эрхтэй бөгөөд өөрт оногдох хэсэгт ногдох үр шимийг өмчлөх эрхтэй” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь уг автомашинуудын 50 хувийг  шаардах эрхтэй гэж үзнэ.

Иймд Иргэний хуулийн 487 дугаар зүйлийн 487.1 дэх хэсэгт зааснаар автомашинуудын үнийн тал хувь буюу 42,273,367 /84,546,734 төгрөг*50 хувь/ төгрөгийг хариуцагч Д.Эаас гаргуулан нэхэмжлэгч М.Нхад олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс үлдэх 90,973,675 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

 

9. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 183/ШШ2022/03261 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг “Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, 487 дугаар зүйлийн 487.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Эаас 42,273,367 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Нхад олгож, нэхэмжлэлээс үлдэх 90,973,675 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

2 дахь заалтын “56 дугаар зүйлийн 56.1” гэснийг “56 дугаар зүйлийн 56.2” гэж, “үлдээсүгэй” гэснийг “үлдээж, хариуцагч Д.Эаас улсын тэмдэгтийн хураамжид 369,317 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М.Нхад олгосугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 824,125 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Т.БАДРАХ

 

                                             ШҮҮГЧИД                                 Э.ЗОЛЗАЯА

 

                                                                                                 Э.ЭНЭБИШ