Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 617

 

Ц.С-, С.Б- нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, шүүгдэгч Ц.С-ийн өмгөөлөгч П.Одонтунгалаг, шүүгдэгч нарын өмгөөлөгч Н.Баттунсаг /цахимаар/, хохирогч Х.Н-, Н.Н- нарын өмгөөлөгч Л.Оюунсувд /цахимаар/, хохирогч Т.О-ийн өмгөөлөгч П.Батжаргал /цахимаар/, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 202 дугаар шийтгэх тогтоол, Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 67 дугаар магадлалтай, Ц.С-, С.Б- нарт холбогдох хэргийг шүүгдэгч Ц.С-ийн өмгөөлөгч П.Одонтунгалаг, шүүгдэгч нарын өмгөөлөгч Н.Баттунсаг нарын гаргасан гомдлуудыг үндэслэн 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн 1973 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, эмэгтэй, 47 настай, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, “Элит хөгжил” ХХК-нд мөнгө хураагч ажилтай, ***,

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 103А дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар 300,000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 10 жил 1 сар хорих ялаар,

Мөн шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 458 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгүүлсэн, Г овогт Ц-н С-,

2. Монгол Улсын иргэн, 1971 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, эмэгтэй, 49 настай, тусгай дунд боловсролтой, оёдлын технологич мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ***,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2009 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 245 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ял шийтгүүлж байсан, И М овогт С-н Б-.

Ц.С- нь хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж иргэн С.Б-аас 2019 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 1,000,000 төгрөгийг, 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Г.У-ээс 4,500,000 төгрөгийг, 2019 оны 06 дугаар сарын 15-ны өдөр С.Б-гээс 6,500,000 төгрөгийг шилжүүлэн авч нийт 12,000,000 төгрөгийг залилсан,

мөн Ц.С-, С.Б- нар нь бүлэглэн 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдөр иргэн Х.Н-гийн өмчлөлийн орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч 68,000,000 сая төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан, 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдөр дээрх орон сууцыг барьцаалж иргэн Т.О-ээс 35,000,000 төгрөгийг шилжүүлэн авч үлэмж хэмжээний хохирол учруулсан, 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр иргэн Н.Н-ыг хуурч 15,200,000 төгрөгийг шилжүүлэн авч үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Ц.С-, С.Б- нарыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар шүүгдэгч Ц.С-т 6 жил хорих ял, шүүгдэгч С.Б-д 5 жил 6 сар хорих ял тус тус шийтгэж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт прокурорын 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 03 дугаартай С.Б-гийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2003001495, Ү-2003016391 дугаартай, Дархан-Уул аймаг Дархан сумын Партизаны 9-р гудамжны 90А тоот, хувийн орон сууц, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг битүүмжлэх тухай тогтоолыг хэвээр үлдээж, хохирол, төлбөр барагдуулах зорилгоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлсүгэй., гэсэн заалт нэмж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж,

шүүгдэгч Ц.С-ийн өмгөөлөгч П.Одонтунгалаг, шүүгдэгч нарын өмгөөлөгч Н.Баттунсаг нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд Ц.С-ийн өмгөөлөгч П.Одонтунгалаг гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6-д зааснаар шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6 гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах, эсхүл хохирогчид хохирол, хор уршгийг нөхөн төлж барагдуулах талаарх шийтгэх тогтоолын хэсэг нь хуулийн шаардлага хангаагүй байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйл буюу бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэсэн зүйл заалтыг баримтлан Ц.С-ээс хохирогч Н.Н-т төлөх хохирлыг бүхэлд нь гаргуулан шийдэж, уг гэмт хэргийг хамтран үйлдэж Ц.С-ийг явуулан Н.Н-аас 15,200,000 төгрөг залилан авахуулж өөрийн машинаа барьцаалсан зээлийг төлсөн А.О-ийн үйлдлийг анхан болон давж заалдах шатны шүүх зээлж авсан тул Ц.С- А.О-ээс нэхэмжлэх эрхтэй гэсэн дүгнэлт хийж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Ц.С- Н.Н-ыг залилан мэхлэх гэмт хэргийг гардан гүйцэтгэсэн гэм буруутай боловч уг гэмт оргийг А.О-ийн хүсэлт зааварчилгаар хийж, Н.Н-аас залилсан 15,200,000 төгрөгөө А.О-т өгсөн гэмт хэргийн гүйцэтгэгч юм.

Харин уг гэмт хэргийг зохион байгуулж, хатгагч болох А.О-ийг энэ хэрэгт гэрчээр асууж мөнгө зээлсэн гэж үзэж А.О-ийн төлбөл зохих төлбөрийг Ц.С-ээс бүхэлд нь гаргуулахаар шийдвэрлэж, давж заалдах шатны шүүх магадлалдаа Ц.С-ийн Н.Н-т төлөх мөнгийг буюу анх Н.Н-аас Ц.С-ээр авахуулж өрөө дарахаар шилжүүлэн авсан мөнгөнөөс С.Б-гийн төлөөгүй байгаа 12,500,000 төгрөгийг Ц.С- нь А.О-ээс нэхэмжлэх эрхтэй гэж заасан нь А.О-ийг ял завшуулж, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчмыг зөрчснөөс гадна А.О-ийн гэм хорыг хариуцан арилгах үүргийг шийдвэрлээгүй нь хуульд үл нийцнэ гэж үзэж байна.

 Мөн хохирол хариуцан төлөх байдал нь шүүгдэгчийн эрх зүйн байдал, ял шийтгэл болон ял эдлэх явцад ялтныг хорих ялаас хугацааны өмнө суллах асуудлыг шийдвэрлэх нөхцөлд ч сөрөг үр дагавартай юм. Учир нь шийтгэх тогтоолоор 6 жилийн хорих ял эдлэх, 32,000,000 төгрөгийн хохирол төлөх Ц.С- хохирогч Н.Н-т 12,500,000 төгрөгийн хохирол богино хугацаанд төлөх боломжтой байна уу, эсхүл Ц.С-ээр гэмт хэрэг үйлдүүлж Н.Н-аас авахуулан, уг мөнгийг хүлээн авсан А.О- Н.Н-т хохирлыг хариуцан төлөх үү гэдэгт шүүх бодит дүгнэлт хийж, А.О-ийг гэмт хэргийн хамтран оролцогч биш гэж үзэж байгаа бол иргэний хариуцагчаар хэрэгт тогтоон хохирол, гэм хорыг хариуцан гаргуулах ёстой байсан.

6 жилийн хорих ял авсан Ц.С-ийг А.О-ээс нэхэмжлэх эрхтэй гэж шийдвэрлэхээс илүүтэйгээр уг гэмт хэргийн эд хөрөнгийг хариуцлагыг А.О-ээр хариуцуулсан бол шударга ёсны зарчимд нийцэх байсан.

Ц.С- гэмт хэрэг үйлдсэн, ял шийтгэл эдлэх нь зөв боловч, А.О- нь бусдын гэмт хэрэг үйлдэж олсон мөнгөөр өөрийн машиныг барьцаалж зээл авсан зээлээ төлж, машинаа чөлөөлж авсан А.О-ийн үйлдлийг зөвтгөх боломжгүй буюу залилах гэмт хэрэгт хамтран оролцоогүй гэж үзвэл мөнгө угаах буюу гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгийг эдийн засгийн эргэлтэнд оруулсан үйлдлийн шинжтэй. Мөн Н.Н-ын 12,500,000 төгрөгийг А.О- төлөх үүрэгтэй гэж үзэж байна

Иймд хэргийг бүхэлд нь хянан үзэж А.О-ийн үйлдэлд хууль зүйн дүгнэлт өгч хохирол төлүүлсэн байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байгаа тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгон А.О-ийн үйлдлийг шалгуулах эсхүл эрүүгийн хэрэгт хариуцагчаар татан хохирол төлбөр төлөх нөхцөлийг бүрдүүлэн шийдвэрлэж өгнө үү.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлууд, хохирлын шинж чанар, хэр хэмжээг бүрэн шалгаж тогтоогоогүй. Бусдад төлөх эд хөрөнгийн хохирлыг Ц.С- бус А.О- төлөх ёстой байсан ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлд зааснаар гэмт хэрэгт хатгагчаар оролцсон А.О-ийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн нь шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй, мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоох ажиллагаа юм.

Хэрэв хяналтын журмаар гаргасан гомдлыг хүлээн авах боломжгүй бол гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ болон шүүгдэгчийг нийгэмшэх боломжоор хангаж, энэрэнгүй ёсны зарчмыг баримтлан түүнд оногдуулсан ялыг багасгаж өгнө үү” гэжээ.

Мөн шүүхэд шүүгдэгч нарын өмгөөлөгч Н.Баттунсаг гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Хохирлын хэмжээг зөв тодорхойлоогүй. Хохирогч Х.Н-гийн орон сууцны үнийн дүнгээр 68,000,000 төгрөгөөр хохиролд тооцох нь үндэслэлгүй байна. Х.Н-гийн хөрөнгө яг одоо түүний эзэмшилд байгаа, харин өмчлөх эрхийн гэрчилгээг залилан авч захиран зарцуулах эрхэнд саад учруулсан байна.

Т.О-ээс бодитоор 28,500,000 төгрөг авсан байхад 35,000,000 төгрөг гэж үзсэнтэй санал нэгдэхгүй байна. Б-, С- нар бодитоор 28,500,000 төгрөг авсан атал бусад зардал, өөр хүнд өгсөн 5 сая төгрөгийг хүүгийн хамтаар 28,500,000 төгрөгийг авсан үйлдэлтэй хамтатган хохирлын дүнг 35 сая гэж тооцож байгаа нь үндэслэлгүй байгаа болно. Энд бодит хохирол гэмт хэргийн улмаас учирсан үр дагаврын тооцоо хоёрыг ялгаж үзэх нь зүйтэй гэж үзэж байна.

Н.Н-ыг залилах үйлдэлд А.О- хамтран оролцсон байхад түүнийг гэрчээр асуугаад өнгөрсөн нь шударга байх, хууль ёсны байх хуулийн зарчим алдагдсан байна. А.О- нь Н.Н-аас авсан 15,200,000 төгрөгөөс 12,500,000 төгрөгийг авсан байдаг. Энэ нөхцөл байдлыг зөв тогтоогоогүйгээс болж шүүхийн шийдвэр хууль ёсны, шударга байх зарчим алдагдсан байна.

Дээрх нөхцөл байдлууд нь гэмт хэргийн зүйлчлэл, ял шийтгэл оногдуулах, хохирол төлбөр барагдуулахад ач холбогдолтой гэж үзэж байгаа тул гомдол гаргаж байна. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү” гэв.

Хохирогч Т.О-ийн өмгөөлөгч П.Батжаргал хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Анхан шатны шүүх хохирлын хэмжээг зөв тогтоосон учир шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан. Учир нь 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дүгээр баг, 4 дүгээр хороолол, 3 дугаар байрны 175 тоот 4 өрөө байрыг шүүгдэгч С.Б- нь Т.О-тэй худалдах, худалдан авах гэрээ хийж 28,500,000 төгрөгийг шилжүүлж авсан бөгөөд тухайн байр нь С.Б-гийн өмчлөлийн бус Х.Н-гийн байр байсан.

Ц.С-ийн 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдөр н.Оюунчимэг гэх хүнээр дамжуулж Т.О-ээс 5,000,000 төгрөгийн зээл авсан үйлдэл нь иргэний эрх зүйн харилцаа бус залилан мэхлэх гэмт хэргийн арга нь юм. Учир нь өөрөө Т.О-тэй очиж уулздаггүй, хүнээр дамжуулж мөнгө авдаг. Мөн байрыг Т.О-ийн нэр дээр шилжүүлэхэд гарсан 750,000 төгрөгийн зардлыг хохирогч төлсөн. Тийм учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хэргийн бодит байдалд нийцэж үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна.

Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд хохирогч Х.Н-, Н.Н- нарын өмгөөлөгч Л.Оюунсувд хэлсэн саналдаа “Өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдол нь хууль зүйн үндэслэлгүй. Шүүгдэгч нар нь хохирогч Х.Н-гийн 68,000,000 төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг залилан авч бусдад шилжүүлсэн бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг үндэслэлтэй шийдвэрлэсэн. Хохирогч Н.Н- нь мөнгөө С.Б-, Ц.С-т нарт өгсөн бөгөөд цааш дамжуулж А.О-т өгсөн үйлдэл нь тэдний хоорондын асуудал юм. Иймд гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Прокурор А.Оюунгэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч Ц.С-, С.Б- нар нь бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн залилан мэхлэх гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай нотлогдон тогтоогдсон. А.О- гэмт хэрэгт хамтран оролцсон нөхцөл байдал мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдоогүй буюу тэрээр тухайн гэмт хэрэг үйлдэгдсэний дараа Н.Н-тай утсаар ярьсныг хамтран оролцсон гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй.

 Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол төлөгдөөгүй байдал, хувийн байдал зэрэгт үндэслэл бүхий дүгнэлт хийж тохирсон ял оногдуулсан байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Ц.С-ийн өмгөөлөгч П.Одонтунгалаг, шүүгдэгч нарын өмгөөлөгч Н.Баттунсаг нарын гаргасан гомдлуудыг үндэслэн Ц.С-, С.Б- нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч Ц.С- дангаар хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж нэр бүхий 3 хохирогчийн мөнгөн хөрөнгө, мөн шүүдэгч С.Б-тай бүлэглэн нэр бүхий 3 хохирогчийн мөнгөн хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг залилан мэхэлж авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэл бүхий болсон байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүх нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүх Ц.С-, С.Б- нарт холбогдох хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэн цэгнэж, харьцуулан шинжилж, гэрчийн мэдүүлэг, шүүгдэгч, хохирогч, шинжээчийн дүгнэлтийн үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үнэлж шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Ц.С-, С.Б- нарын гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн тэдний үйлдсэн хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг зөв тайлбарлан зүйлчилж, хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Мөн шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэн шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй болно.

Түүнчлэн өмгөөлөгч нар гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг зөвхөн шүүгдэгч Ц.С-ээс гаргуулах үндэслэлгүй, хэрэгт хамтран оролцсон этгээдийг шалгаж, тогтоогоогүй, А.О-ээс хохирлын зохих хэсгийг гаргуулах ёстой гэж гомдол гаргасан байх ба энэ талаар хоёр шатны шүүх удаа дараа хэлэлцэн үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.С-ийн өмгөөлөгч П.Одонтунгалагийн гаргасан “...хэргийн нотолбол зохих байдлыг тогтоогоогүй, үүнийг шалгаж тодруулах, ...оногдуулсан ялыг хөнгөрүүлэх”, шүүгдэгч нарын өмгөөлөгч Н.Баттунсагийн гаргасан “...хохирлын хэмжээг зөв тодорхойлоогүй, хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлаагүй, дүгнээгүй тул шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх” гэсэн агуулгатай гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 202 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 67 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.С-ийн өмгөөлөгч П.Одонтунгалаг, шүүгдэгч нарын өмгөөлөгч Н.Баттунсаг нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                                      ДАРГАЛАГЧ                                                   Б.ЦОГТ

                                      ШҮҮГЧ                                                          Б.АМАРБАЯСГАЛАН                          

                                                                                                            Б.БАТЦЭРЭН

                                                                                                            Ч.ХОСБАЯР

                                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН