Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Тунгалагсайхан |
Хэргийн индекс | 128/2018/0870/З |
Дугаар | 221/МА2019/0110 |
Огноо | 2019-02-26 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 02 сарын 26 өдөр
Дугаар 221/МА2019/0110
2019 оны 02 сарын 26 өдөр | Дугаар221/МА2019/0110 | Улаанбаатар хот |
А.Т-н нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Г.Билгүүн, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э, өмгөөлөгч Л.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2019/0009 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М-н гаргасан давж заалдах гомдлоор, А.Т-н нэхэмжлэлтэй, Үндэсний аудитын газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2019/0009 дүгээр шийдвэрээр: “Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7, Төсвийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3, 6 дугаар зүйлийн 6.4.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч А.Т-н нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Үндэсний аудитын газрын 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 1/24 дүгээр актын А.Т-д холбогдох хэсгийг хүчингүй болгож” шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “...1. Үндэсний аудитын газарт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э нь 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр "Сургалтын төрийн санд 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн тогтоосон актыг хэсэгчлэн хүчингүй болгуулах тухай” өргөдөл гаргасан байдаг.
Тус өргөдлийн хавсралтаар ирүүлсэн итгэмжлэл нь Захиргааны ерөнхий хуулийн 17 дугаар зүйлийн 17.21-т заасан шаардлагыг хангаагүй, өөрөөр хэлбэл бичгээр олгосон итгэмжлэл нь Монгол Улсын Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2-т заасан шаардлагыг хангасан байхыг хуулиар шаардсан байна.
Мөн өргөдлийн хавсралтаар ирүүлсэн итгэмжлэл нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.1, 64.2.3, 64.2.42-т тус тус заасан шаардлагыг хангаагүй байсан. Мөн зүйлийн 64.3-т “Энэ хуулийн 64.2-т заасан шаардлагыг хангаагүй итгэмжлэл хүчин төгөлдөр бус байна" гэж хуульд зохицуулсан байсан тул Үндэсний аудитын газраас нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Эгээс 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр ирүүлсэн өргөдөлд хариу өгөөгүй болно.
Учир нь Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т “Өргөдөл, гомдлыг иргэд бичгээр ...гаргасан бол ...төлөөлөх эрхээ нотлох баримт бичгийг хавсаргана” гэж заасан шаардлагыг хангаагүй байсан болно.
Гэтэл Шүүх Үндэсний аудитын газраас Боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын яамны Боловсролын зээлийн санд 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 01/1382 тоотоор хүргүүлсэн албан бичгийг Захиргааны ерөнхий хуульд заасан хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан гэж дүгнэсэн нь шүүх өөрөө Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.2-т заасны дагуу нотлох баримтыг буруу үнэлсэн, эсхүл хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх нөхцөл байдал үүссэн болно.
Дээрх нөхцөл байдлаас харахад нэхэмжлэгч нь хуульд заасан шаардлагыг хангаагүй итгэмжлэл үйлдсэн нь нэхэмжлэгч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасан хугацаанд гомдол гаргах эрхээ алдсан гэж үзэж байна.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч захиргааны шүүхэд 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэл гаргасан байдаг. Тус нэхэмжлэлийг 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 4788 дугаарт захирамжаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй гэж дүгнэсэн. Энэхүү захирамжтай нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч танилцаж 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр тус шүүхэд тайлбар хүргүүлсэн ба шүүхээс тайлбарыг үндэслэн захиргааны хэрэг үүсгэсэн байдаг.
Гэтэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-т “Шүүгч ...нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангаж ирүүлсэн өдрөөс хойш долоо хоногийн дотор хэрэг үүсгэх тухай захирамж гаргана” гэж зохицуулсан байтал шүүгчийн захирамжтай танилцаж хүргүүлсэн тайлбарыг үндэслэн хэрэг үүсгэсэн нь өөрөө хуулийн шаардлагад үл нийцсэн үйл ажиллагаа явуулсан гэж үзэж байна.
Шүүхээс нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй гэж дүгнэсэн нэхэмжлэлийн шаардлагад хариуцагч талаас 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр тайлбар хүргүүлсэн.
Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-т заасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хуульд заасан эрхээ эдлээгүй, нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангасан нэхэмжлэлийн шаардлагыг гардаж аваагүй бүрдүүлбэр хангасан нэхэмжлэлийн шаардлагад хариу тайлбар гаргаагүй гэж үзэж байна.
3. Үндэсний аудитын газар нь Төрийн аудитын тухай хуульд зааснаар Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооноос баталсан төлөвлөгөө болон Монгол Улсын Ерөнхий аудиторын баталсан сэдвийн хүрээнд улс, орон нутгийн төсвийн орлого, зарлагын гүйцэтгэл, төсвийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит, тэдгээрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд, төсвөөс санхүүгийн дэмжлэг авсан төсөл, хөтөлбөрийн санхүүгийн тайлан, үйл ажиллагааны гүйцэтгэлд аудит хийж, дүгнэлт, зөвлөмж гаргадаг.
Үүнийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2019/0009 дугаартай шийдвэрт “Үндэсний аудитын газар нь хуульд заасан журмын дагуу Сургалтын зээлийн сантай холбоотой асуудлаар шийдвэр гаргах эрх нь нээлттэй” гэж зөв дүгнэсэн атлаа "Сургалтын төрийн сангаас 2014-2015 оны хичээлийн жилээс хойших хугацаанд бакалаврын 14 суралцагчид сургалтын төлбөр дээр амжиргааны зардал болон бусад зардлын нийт 283.1 мянган ам.долларыг илүү олгосныг Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 1.-т “төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах”, “Журам чиглэл шинэчлэн батлах тухай” Засгийн газрын 2014 оны 71 дүгээр тогтоолын 2.1-т “Сургалтын зээл нь сургалтын төлбөр байна гэж заасныг тус тус зөрчсөн” гэж дүгнэснийг үгүйсгэсэн шийдвэр гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хүулийн 121 дүгээр 121.2-т заасны дагуу нотлох баримтыг буруу үнэлсэн гэж үзэх үндэслэл болж байна.
Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянахад шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх үндэслэл тогтоогдохгүй байна.
Нэхэмжлэгч А.Т-с Үндэсний Аудитын газарт холбогдуулан “Үндэсний аудитын газрын шинжээч Б.А, Г.Б нарын 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 1/24 дүгээр актын А.Т-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч уг шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдлын үндэслэлээ “нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн, хариуцагч нь нэхэмжлэгчийн бүрдүүлбэр хангасан нэхэмжлэлийн шаардлагад хариу тайлбар гаргах хуульд заасан эрхээ эдлээгүй, шүүх нотлох баримтыг буруу үнэлж шийдвэр гаргасан” гэж тайлбарлан маргажээ.
Давж заалдах шатны шүүх дараах үндэслэлүүдээр давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
1. Нэхэмжлэгч А.Т-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э Захиргааны ерөнхий хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 /...иргэн, хуулийн этгээдээс түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хууль болон зорилгодоо нийцэж байгаа эсэх талаар хянуулахаар гомдол гаргах/-д зааснаар 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр маргаан бүхий актын А.Т-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий гомдлыг Үндэсний аудитын газарт гаргажээ.
Захиргааны байгууллага уг гомдолд хавсаргаж ирүүлсэн А.Т-с Ж.Э-д олгосон итгэмжлэлийг үндэслэж, Үндэсний аудитын газрын 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 01/1382 дугаар албан бичгээр “А.Т-н сургалтын төлбөр дээр илүү олгосон амьжиргааны зардлыг хасах боломжгүй” гэх хариуг Ж.Э-д өгч, гомдлыг хянан шийдвэрлэсэн байна.
Хэрэв захиргааны байгууллага дээр дурдсан итгэмжлэл нь хүчин төгөлдөр бус гэж үзсэн бол Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 2-т “...гомдол нь энэ хуулийн 10 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй” тохиолдолд гомдлыг хянан үзэхгүйгээр буцаахаар зохицуулсны дагуу гомдлыг Ж.Э-д буцаан хүргүүлж, итгэмжлэлийг хуульд заасан шаардлага хангуулах боломж олгох байжээ. Захиргааны байгууллага ийнхүү хуульд заасан журмыг биелүүлэлгүй, гомдлыг хянан шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийг буруутгах үндэслэл болох учиргүй.
Иймд Ж.Э гомдлын хариуг 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр гардан авч, 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр захиргааны шүүхэд нэхэмжлэл нь гаргасан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 /...захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараахь тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана/, 14.1.1 /дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн бол/-д заасантай нийцсэн, шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2-т ”Хариуцагч ...нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөх эсэх талаар бичгээр хариу тайлбар гаргах бөгөөд тайлбартаа үндэслэлийг зааж, нотлох баримтаа хамтад нь гаргаж ирүүлнэ” гэж заажээ.
Шүүх нэхэмжлэгч А.Т-с Үндэсний аудитын газрын шинжээч Б.Ариунжаргал, Г.Батсүх нарт холбогдуулан гаргасан “...Сургалтын төрийн санд 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн тогтоосон актыг хэсэгчлэн хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлээр 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр захиргааны хэрэг үүсгэсэн, улмаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч уг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн үндэслэлээ хариу тайлбартаа зааж 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн нь хуулийн дээрх зохицуулалттай нийцсэн байна.
Энэ тохиолдолд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.1 /нэхэмжлэлд гарын үсэг зурах, хариу тайлбар гаргах/-д заасан төлөөлөгчийн бүрэн эрхээ хэрэгжүүлсэн байх бөгөөд шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
3. Засгийн газрын 2013 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 71 дүгээр тогтоолоор Засгийн газрын 2013 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 271 дүгээр тогтоолоор батлагдсан “Дэлхийн шилдэг их дээд сургуульд оюутан суралцуулах журам”-ын 2.3 дахь хэсгийг “Сургалтын зээл нь сургалтын төлбөр байна.” гэж өөрчилж, 2.6 дахь хэсгийн “..., амьжиргааны зардлыг суралцагчийн дансанд тус тус” гэснийг хасч, сургалтын амьжиргааны зардал нь сургалтын зээлд багтахгүй болсон байна.
Уг тогтоолыг 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөж эхлэхээс өмнө Сургалтын төрийн сангаас нэхэмжлэгч А.Т-тэй 2014 оны 06 дугар сарын 16-ны өдөр байгуулсан “Дэлхийн шилдэг их сургуулийн бакалаврын хөтөлбөрт суралцах оюутанд зээл олгох, эргэн төлүүлэх гэрээ”-ний дагуу 2014-2015 оны хичээлийн жилийн сургалтын төлбөр болон амьжиргааны зардал 54,366 ам.долларыг 2014 оны 07 дугаар сарын 08-ны өдөр шилжүүлсэн нь тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Засгийн газрын тогтоол болон холбогдох хуулийн заалтыг зөрчөөгүй, мөн маргаан бүхий актаар 2014-2015 онд А.Т-д илүү олгосон гэх амьжиргааны зардал 13,994.0 ам.долларыг 2016 оны сургалтын төлбөрөөс суутгаж, төсөвт төвлөрүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль бус бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн талаар анхан шатны шүүх шаардлагатай нотлох баримтуудыг бүрэн цуглуулж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж хэргийг шийдвэрлэсэн байна.
Нөгөөтэйгүүр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа шүүх аль нотлох баримтыг, хэрхэн буруу үнэлсэн талаар үндэслэл бүхий тайлбар гаргаагүй тул “шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн” гэх гомдлыг хангах боломжгүй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2019/0009 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М-н гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН