Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 1184

 

МАГАДЛАЛ

 

2016 оны 06 дугаар сарын 17                      Дугаар 1184                                   Улаанбаатар хот

 

ХХ-ийн нэхэмжлэлтэй

Иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Ш.Оюунханд, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 102/ШШ2016/02647 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч ХХ-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “ХХХ” ХХК-д холбогдох,

Зээлийн гэрээ хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай,

Зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 5 117 434 төгрөг гаргуулах тухай “ХХХ” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

Шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: 2014 оны 02 дугаар сарын 12-ны өдөр “ХХХ” ХХК-иас цалингийн нөхцөлөөр 2500000 төгрөгийг сарын 3,1 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай авсан юм. Энэхүү цалин барьцаалсан зээлийн гэрээг би гэрээ байгуулах үедээ сарын 3,1 хувийн хүүтэй гэж бодож ойлгоод хийсэн. 2014 оны 7 сараас сарын хүү нь өсч 4,1 хувь болсон мөн сүүлийн саруудад бүр 8,5 хувийн сарын хүүтэй байна. Би зээлийн гэрээний үүргээ хугацаанд нь төлж байсан ба нийт 973700 төгрөг төлсөн. 8 сарын дараа үлдэгдэл нь 3990413 төгрөг болсон байна. Энэ мэтээр ХХХ нь мөнгө хүүлж, намайг хохироосон зээлийн гэрээ байгуулсан байгааг би мөнгөө бэлнээр төлөх явцдаа мэдлээ. ХХХ-д гэрээ цуцлая гэж хандсан боловч огт хүлээж авахгүй байна. Би энэхүү цалин барьцаалсан зээлийн гэрээг хийхдээ тэдний маркетингийн менежер Х-ийн үгэнд итгэж төөрөгдсөн байна. Мөн энэхүү цалингийн зээл нь Монгол улсын банкны баталсан журам, дүрэмд байдаг юм байна. Би хүүг 3,1 хувь байна гэж бодож жил хоног сар явах тусам ихэснэ гэдгийг ойлгоогүй эндүүрч гэрээ хийж цалингаа барьцаалж зээл авсан байна. Иймд ХХХ-тай байгуулсан 2014 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн цалин барьцаалсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: ХХ нь 2014 оны 02 дугаар сарын 12-ны өдөр ХХХ-иас 2500000 төгрөгийг зээлж авсан. Ингэхдээ ХХ нь ямар хэлцэл хийх гэж байгаагаа мэдэж байсан бөгөөд зээлийн гэрээний эхний хуудсанд зээлийн эргэн төлөлтийн графикийг хүснэгтээр харуулсан байсан. Зээлийн гэрээг ХХд танилцуулсан бөгөөд  ХХ нь эрх зүйн бүрэн чадамжтай иргэн тул өөрөө танилцаад гарын үсгээ зурсан. Иймд гэрээ хийхдээ ноцтой төөрөгдөн гэрээ хийсэн гэж үзэх үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Хариуцагч ХХХ ХХК нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Зээлийн гэрээний хавсралтад заасан үндсэн зээл, хүүгээ хугацаанд нь төлөхгүй манай байгууллагаас гэрээнд заасан нөхцлийн дагуу удаа дараа шаардлага тавихад үл биелүүлж одоог хүртэлх хугацаанд өр төлбөрөө барагдуулахгүй байгаа тул гэрээг цуцалж, өөрт учирсан хохирлоо шүүхээр шийдүүлж, барагдуулах хүсэлтэй байна. Хариуцагчийн төлөгдөөгүй мөнгөн дүнд үндсэн зээлийн үлдэгдэлд 2046153 төгрөг, үндсэн хүүний үлдэгдэлд 2643431 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэлд 427850 төгрөг, нийт нэхэмжилж байгаа мөнгөн дүн 5117434 төгрөг байна. Нэхэмжилсэн мөнгөн дүнг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж, хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбарт: Гэрээ хүчин төгөлдөр бус гэж үзэж байгаа тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар "ХХХ" ХХК-тай 2014 оны 02 дугаар сарын             12-ны өдөр байгуулсан цалин барьцаалсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэгч ХХ-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч ХХгаас 5117434 төгрөг гаргуулж хариуцагч ХХХ ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 55000 төгрөгөөс 54950 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 96830 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, улсын төсвөөс /Баянгол дүүргийн татварын хэлтсээс 2602002965 тоот данс/ 50 төгрөг буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс 96830 төгрөг гаргуулж хариуцагчид олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ давж заалдах журмаар гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: ХХХ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцлийг зээлдэгч ХХтай 2014 оны 02 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан байхад анхан шатны шүүх энэ байдлыг анхааран үзэхгүйгээр хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хангасанд гомдолтой. Тухайлбал, цалин барьцаалсан зээлийн гэрээний 2.1.3 дахь заалт нь зээлийн хүүг шаталсан нөхцөлтэйгөөр зээл төлж дуусах сүүлийн сар, зээлийн гэрээний хугацаа хожимдуулсан саруудад сар бүр 8,5 хувийн хүүтэйгээр гэрээ байгуулсан нь хууль зөрчсөн байна. Иймд үндсэн хүүнд 364 607 төгрөг нэмэгдүүлсэн хүүнд 72 921 төгрөг нийт үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүнд 437 528 төгрөг төлхөөр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж үндсэн хүүгийн дүнгээс 2 278 824 төгрөг нэмэгдүүлсэн хүүгийн дүнгээс   354 929 төгрөг нийт 2 633 753 төгрөгийг хасаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч ХХ нь хариуцагч “ХХХ” ХХК-д холбогдуулан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 5 117 434 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Зохигчдын хооронд 2014 оны 2 дугаар сарын 12-ны өдөр байгуулагдсан Цалин барьцаалсан зээлийн гэрээний хүүгийн талаарх тохиролцооны агуулгыг буруу ойлгон ноцтой төөрөгдсөн...” гэж тайлбарласан бол хариуцагч нь “...гэрээний агуулгын талаар төөрөгдсөн гэж үзэх боломжгүй, өөрөө танилцаад гарын үсэг зурсан...” гэж маргасан байна.

Хэргийн баримтаар нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл тогтоогдоогүй, энэ талаар шүүхээс хийсэн дүгнэлт хуульд нийцсэн гэж үзнэ.

Учир нь гэрээнд заасан хүүгийн хэмжээний талаар нэхэмжлэгч нь гэрээнд гарын үсэг зурах үедээ танилцаж мэдэх, гэрээний нөгөө талаас лавлаж тодруулах боломжтой бөгөөд ийнхүү тодруулаагүй, зээлд төлөх хүүгийн хэмжээг өөрөө тооцоолоогүй нь хэлцлийг хүчин төгөлдөр буст тооцох хуульд заасан үндэслэлд хамаарахгүй юм.

Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон, сөрөг нэхэмжлэлийг хангасан нь зөв байна.

Харин шүүх нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ холбогдох хуулийн зохицуулалтыг буруу хэрэглэсэн байх тул шийдвэрийн тогтоох хэсэгт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 102/ШШ2016/02647 дугаар шийдвэрийн  тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар” гэснийг “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 58.2.2-т заасан үндэслэлгүй тул...” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамж 57 100 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            Ц.ИЧИНХОРЛОО

               ШҮҮГЧИД                                            Ш.ОЮУНХАНД

                                                                                М.НАРАНЦЭЦЭГ