| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэрдамбын Насанбуян |
| Хэргийн индекс | 174/2018/0202/э |
| Дугаар | 219 |
| Огноо | 2018-11-22 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Хосбаяр |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 11 сарын 22 өдөр
Дугаар 219
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Насанбуян даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Ариунжаргал,
Улсын яллагчаар хяналтын прокурор Э.Хосбаяр,
Шүүгдэгч Ц.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Хосбаярын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ц.Од холбогдох 1830003040218 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн 1966 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн, 52 настай, эрэгтэй, суурь боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны ...тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Баянзүрх дүүргийн шүүхийн 2002 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 65 дугаартай таслан шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 39 дүгээр зүйлийг журамлан, мөн хуулийн 261 дүгээр зүйлийн 1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч 80.000 төгрөгөөр торгох ялаар, Баянзүрх дүүргийн шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 492 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.1 дэх хэсэгт зааснаар 3 сар баривчлах ял, мөн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулсныг Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг журамлан хөнгөн ялыг хүндэд нь багтааж биечлэн эдлэх нийт ялыг 1 жилийн хугацаагаар тогтоож, уг ялыг тэнсэж мөн хугацаагаар хянан харгалзсан, Ц.О.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч Ц.О нь 2018 оны 09 дүгээр сарын 30-ны шөнө 23 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр баг, ... тоотод иргэн Д.Сыг зодож эрүүл мэндэд нь”хоёр нүдний дээд зовхи, салстын болон зүүн талын шанаа эрүү, баруун хөлийн гуяны гадна 1/3 хэсэг, зүүн хөлний гуяны доод 1/3 хэсэг зүүн хөлийн шилбэний гадна доод 1/3 хэсгийн зөөлөн эдийн цус хуралт, доод уруулын хэсгийн язарсан шарх, доод эрүүний үүдэн 2 шүдний сулрал” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч Ц.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би Улаанбаатар хотод амьдардаг. Сүхбаатар аймагт ирээд удаагүй байсан. Би хадам ээжийндээ хэвтэж байхад С согтуу орж ирээд ээжид агсам согтуу тавиад байхаар нь гадаа авч гарахад цамцаар миний хоолойг боогоод тавихгүй байхаар нь би Сыг хоёр цохисон. Сыг архи уучихсан байхаар нь эхнэр нь оруулахгүй болохоор манай хадам ээжид “Охин чинь гэртээ оруулахгүй байна” гээд агсам тавиад, аягатай цайгаа шидээд байсан. Тэгээд би хөгшин хүн дээрэлхлээ гээд гэрээс авч гарсан. Би Сыг шанаа руу нь 2 удаа цохисон. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хэрэг болсны маргааш нь Стай уулзахад гомдолгүй, эмчилгээний зардал нэхэмжлэхгүй гэж хэлсэн... гэв.
-Яллагдагч Ц.Оын: Сонгож байгаа ялыг ойлголоо. Би хүлээн зөвшөөрч байна. Би 2018 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 11 цагийн орчим Улаанбаатар хотоос Баруун-Урт суманд ирсэн. Би аймагт ирэхээрээ хадам ээж болох Жгийн гэрт нь очиж хонодог юм. Тэгээд орой 19 цагийн орчим ээжийн гэрт очоод амарч байтал гаднаас манай баз болох Д.С согтуу орж ирээд “танай охин чинь гэр рүү оруулахгүй байна” гэж хадам ээж рүү чичилж агсан согтуу тавиад байхаар нь би дагуулаад аваад гартал миний хоолойг өмсөж байсан ноосон цамцаар боогоод байхаар нь боолтноосоо гарах гээд Д.Сын нүүр рүү нь хоёр удаа цохисон. Тэгээд бид дахиж зууралдаагүй хоёр тийш болсон. Би Д.Сын нүүрэнд учирсан гэмтлүүдийг хүлээн зөвшөөрч байна. Д.С нь надаас ямар нэгэн зүйл нэхэмжлээгүй. Бид хоёр хоорондоо эвлэрсэн. Хохирогч одоо надад гомдолгүй гэсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 21-22/
- Хохирогч Д.Сын: Би 2018 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 15-16 цагийн хооронд зүс таних Х гэдэг залуутай Баруун-Урт сумын Автовогзал дээр тааралдаж тэндээсээ манай гэр рүү буюу ... тоотод байх манай гэрийн гадаа машин дотор 0.33 литрийн архи хувааж уусан. Тэрний өмнө нь мөн 1 шил архи Хтэй хувааж уусан байсан юм. Тэгээд орой 17-18 цагийн үед хадам ээжийнхээ гэр рүү орсон. Түүнээс хойш юу болсон талаараа би сайн санахгүй байгаа. Орой 20 цагийн үед хадам ээжийнхээ гэрийн гадаа хэвтэж байсан. Тэгээд бостол миний зүүн хөлийн гутал байхгүй байсан. Тухайн үед ээжийнхээс И гарч ирээд миний гутлыг өгсөн. Тэгээд би өөрийнхөө машиныг бариад явахдаа хашаандаа байсан элентра маркийн машины ард талын гуперийг мөргөж, хашаанаас гарахдаа хаалганы нимгэн төмрийг шүргэж гараад тэндээс хүргэн Бын гэр рүү очиж цусаа цэвэрлэсэн. Хоёр нүдэнд цус хуралт, доод эрүүний 2 шүд хөдөлсөн. Мөн хоёр хөлөнд хөхөрч няцарсан байсан. Намайг хадам ээж болох Жгийн гэрт агсан согтуу тавьсан гэж О нь намайг зодсон юм шиг байгаа юм. Би ээж Жд агсан согтуу тавьсан талаараа санахгүй байна. Би Ц.Од зодуулсан болон зодсон талаараа огт санахгүй байгаа. Би урьд өмнө нь хадам ээж болох Жд агсан согтуу тавьж байсан удаа байхгүй. Ц.Оыг архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан эсэх талаар мэдэхгүй байна. Одоо миний зүгээс гаргах санал хүсэлт болон нэхэмжлэх зүйл байхгүй тул хэргийг хурдан шийдвэрлэж өгнө үү...гэх мэдүүлэг /хх-ийн 04-05 /,
- Гэрч Э.Еын: 2018 оны 09 дүгээр сарын 30-ны орой ажлаасаа 18 цагийн орчим бууж гэртээ ирсэн. Тухайн үед манай хүргэн Ц.О нь Улаанбаатар хотоос ирсэн гээд манайд байсан. Гэтэл Д.С нь согтуу орж ирээд манай эмээ рүү салаавч өгөөд Ц.О ахтай маргалдаж муудаад байсан. Тэгж байгаад Ц.О ах нь Д.Сыг аваад гарсан. Гадаа гараад юу болсон талаар би мэдэхгүй. Удалгүй буцаад хоёулаа цуг орж ирсэн. Тухайн үед Д.Сын хамарнаас нь цус гарсан байдалтай орж ирсэн. Харин Ц.О ахыг Д.С нь цамцаар нь боосон гэж байсан. Ц.Оын хаана ямар гэмтэл учирсан байсан талаар би хараагүй. Харин маргааш өглөө нь Ц.О ах Д.Стай зодолдож байгаад хүзүүгээ урсан гэж байсан. Д.С нь гаднаас согтуу орж ирээд манай эмээ рүү салаавч өгч өгч, цайг нь асгасан юм. Үүнээс болж Ц.О ах уурлаж Д.С ахтай маргалдаж муудсан. Ц.О ах нь архи уугаагүй эрүүл байсан. Харин Д.С гаднаас орж ирэхдээ нэлээн согтуу байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 8/
- Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 531 дугаартай: Д.Сын биед хоёр нүдний дээд зовхи, салстын болон зүүн талын шанаа эрүү, баруун хөлийн гуяны гадна 1/3 хэсэг, зүүн хөлийн гуяны доод 1/3 хэсэг, зүүн хөлийн шилбэний гадна доод 1/3 хэсгийн зөөлөн эдийн цус хуралт, доод уруулын хэсгийн язарсан шарх, доод эрүүний үүдэн 2 шүдний сулрал бүхий гэмтэл учирчээ. Учирсан гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Учирсан гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй ...гэх дүгнэлт /хх-ийн 10-11/,
- Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 535 дугаартай: Ц.Оын биед хүзүүний ар хэсгийн зөөлөн эдийн зулгаралт бүхий гэмтэл учирчээ. Учирсан гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Учирсан гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй ...гэх дүгнэлт /хх-ийн 12/,
- Ц.Оын Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 23/,
- Баянзүрх дүүргийн шүүхийн 2002 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 65 дугаартай Таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хх-ийн 26/,
-Баянзүрх дүүргийн шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 492 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 27-29/
-Шүүгдэгч Ц.Оын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-31/
- Хохирогч Т.Тт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх боломжийг тайлбарласан тэмдэглэл /хх- 33-34/
- Ц.Оын Сүхбаатар аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт/хх- 38/
-Сүхбаатар аймгийн Прокурорын газрын 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 5/51 дугаартай Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай Прокурорын тогтоол /хх-ийн 39/
- Эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх Прокурорын санал 2018.11.19 № 109 / хх-ийн 40 / зэрэг баримтууд болно.
Шүүгдэгч Ц.О нь 2018 оны 09 дүгээр сарын 30-ны шөнө 23 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр баг ... тоотод иргэн Д.Сыг зодож эрүүл мэндэд нь” хоёр нүдний дээд зовхи, салстын болон зүүн талын шанаа эрүү, баруун хөлийн гуяны гадна 1/3 хэсэг, зүүн хөлний гуяны доод 1/3 хэсэг зүүн хөлийн шилбэний гадна доод 1/3 хэсгийн зөөлөн эдийн цус хуралт, доод уруулын хэсгийн язарсан шарх, доод эрүүний үүдэн 2 шүдний сулрал ” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь Ц.Оын хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, хохирогч Д.С, гэрч Э.Е нарын мэдүүлгүүд, Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 531, 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 535 дугаартай дүгнэлтүүд зэрэг хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Хэргийн үйл баримтыг нотолж буй дээрх нотлох баримтууд хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоосон гэж шүүх үзлээ.
Тухайн хэрэг үйлдэгдсэн шалтгаан, нөхцөлийг тодруулбал, шүүгдэгч Ц.О нь хохирогч Д.Сын хадам ээждээ салаавч өгөх, цайг нь асган согтуурч агсам тавьсан, улмаар түүнтэй маргалдан салаавч өгөх, хоолойг нь ноосон цамцаар боосон зэрэг үйлдлийн улмаас Д.Сын нүүрэнд цохиж зодсон нөхцөл байдал тогтоогдох ба энэ нь гэрч Э.Еын “ Д.С нь согтуу орж ирээд манай эмээ рүү салаавч өгөөд, цайг нь асган, Ц.О ахтай маргалдаж муудаад байсан. Ц.О ах нь Д.Сыг аваад гарсан. Удалгүй буцаад хоёулаа цуг орж ирсэн. Тухайн үед Д.Сын хамарнаас нь цус гарсан байдалтай орж ирсэн. Харин Ц.О ахыг Д.С нь цамцаар нь боосон гэж байсан. Үүнээс болж Ц.О ах уурлаж Д.С ахтай маргалдаж муудсан” гэх мэдүүлгээр нотлогдоно.
Ц.О нь гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдээ.Тэрээр бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсэн боловч хохирогчийн хууль бус үйлдлээс шалтгаалан Д.Сыг зодож эрүүл мэндэд нь хохирол учруулжээ.
Тодруулбал, энэ хэрэг гарахад хохирогч Д.Сын согтуурч, настай хүнд агсам тавьсан, шүүгдэгчийн хоолойг цамцаар нь боосон зэрэг зүй бус, буруутай үйлдэл нөлөөлсөн байгааг дурдъя.
Шүүгдэгч Ц.Оын дээрх үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг агуулах бөгөөд прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.
Хохирогч Д.С хохиролтой холбоотойгоор нэхэмжлэл, гомдол гаргаагүй байна.
Шүүгдэгч Ц.Од эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.
Прокуророос холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтайгаар шүүхэд ирүүлсэн бөгөөд шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хуульд заасан нөхцөл, журам хангагдсан гэж үзлээ.
Энэ хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгч Ц.Оын үйлдсэн хэрэг нотлох баримтаар нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гарган, хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, хохирогч Д.С гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй талаараа хэрэгт мэдүүлсэн зэргийг харгалзан прокурорын гаргасан саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэлээ.
Ц.Оын хөрөнгө, цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулах торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ц.О энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 8 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц.Оыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Оыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан ялтан Ц.Од оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг нэг сард 100.000 төгрөгөөр тооцож 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Шүүхийн шатанд ялтан Ц.Од таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Ц.О дээрх торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6. Ялтан Ц.О энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэрээр гэмт хэргийн улмаас хохирогч Д.С гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НАСАНБУЯН