| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэрдамбын Насанбуян |
| Хэргийн индекс | 174/2018/0195/э |
| Дугаар | 215 |
| Огноо | 2018-11-14 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | С.Сугар |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 11 сарын 14 өдөр
Дугаар 215
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Насанбуян даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Ариунжаргал,
Улсын яллагчаар хяналтын прокурор С.Сугар,
Шүүгдэгчийн өмгөөфлөгч Т.Хүдэр,
Шүүгдэгч Э.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Сугарын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Ат холбогдох 1830001400216 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн 1993 оны 10 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, 25 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 4, Сүхбаатар аймаг Асгат сумын 3 дугаар багийн нутаг Б гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Э.А
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/
Яллагдагч Э.А нь Сүхбаатар аймгийн Асгат сумын 3 дугаар багийн нутаг “Х” гэх газраас 2017 оны 11 дүгээр сард Д.Эын 2 тооны морийг хулгайлж 1.600.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон хөнгөрүүлэх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч Э.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөнгөний хэрэг гараад Э ахын 2 адууг хулгайлсан нь үнэн. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Э ахад 1.200.000 төгрөг төлсөн. Одоо үлдэгдэл 400.000 төгрөг төлөөгүй байгаа. Одоо мал махалж борлуулаад хохирлыг төлнө... гэв.
- Яллагдагч Э.Аын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: Манай гэр 2017 оны 11 дүгээр сард Сүхбаатар аймгийн Асгат сумын 1 дүгээр багийн нутаг Б гэх газар нутаглаж байсан юм. 2017 оны 11 дүгээр сард надад мөнгөний хэрэг гарсан, мөн Эын хүү Г нь 2017 оны зун адуу хулгайлсан гэж сэрдээд байсан бөгөөд нэгэнт худал үнэн сэрдүүлсэн юм чинь гээд Эын зээрд азаргатай адуунаас зуузай тамгатай хонгор зүстэй 2 тооны морийг бугуйлдаж бариад хөдөө эзэнгүй хашаанд нядалсан. Энэ үедээ аймгийн төв рүү махыг нь зөөх гэсэн боловч унаа олдохгүй болохоор нь танихгүй хүнийг машинтай нь хөлсөлж авч явсан юм. Тэр хүнд хулгайлж байгаагаа хэлээгүй, манай өөрийн адуу юм, санаа зовох зүйл байхгүй гэж хэлсэн. Хэн гэдэг хүн болохыг мэдэхгүй. Махыг нь Баруун-Урт суманд авчирч мах авч байсан ченжид зарсан. Нийтдээ 1,000,000 төгрөг болсон. Машин хөлсөлсөн зардалд өгөөд бусад мөнгийг нь үрээд дуусгасан. Э ахын адуу нь манай гэрээс зүүн хойд зүгт 20 гаран км-т Эын гэрээс баруун хойд зүгт 10 орчим км-т манай адуутай хамт бэлчээрлэж байсан юм ” гэх мэдүүлэг /хх-ийн 25/
- Хохирогч Д.Эын: Манайх Асгат сумын 3 дугаар багийн нутаг “М” гэх газар 2017 оны 11 дүгээр сарын эхээр өвөлжөөндөө байсан юм. Тэгсэн манай зуузай тамгатай зээрд азаргатай 27 тооны адуунаас хар голтой хонгор морь. цагаан хонгор зүсмийн хоёулаа адилхан зөв талынхаа гэр гуянд зуузай тамгатай морь хулгайд алдагдсан юм. Тэр үед манай төрсөн дүү Энын хүү Ан нь миний зээрд азаргатай адууг явган хөөж явсныг Б гэх манай нутгийн залуу харсан юм билээ. Б тухайн үед адууны эрэлд явж байгаад буцахдаа Хд байх Нын барилга дээр очиход Энын хүү Ан 2 залуугийн хамт миний 2 хонгор морийг янзалж байсан гэсэн. Тухайн үед Б хэний адууг янзалж байгаа юм гэж Анаас асуухад өөрийнхөө адууг янзалж байна гэж хэлсэн юм билээ. Миний цагаан морь нь 8 настай тарган, хар голтой хонгор морь нь 12 настай зөв талын хойд хөл нь бэлэвсэн цагаантай морь байсан юм. Би алдсан морио нэгийг нь 800.000 төгрөгөөр үнэлнэ. Нийлээд 1.600.000 мянган төгрөг болж байна, одоогийн байдлаар 800.000 төгрөг өгөөд байгаа, үлдэгдэл 800,000 төгрөгийг өгнө гэсэн учраас гомдол санал байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 9/
- Гэрч Д.Мын: 2017 оны 11 дүгээр сарын эхээр манай ихрийн өрөөсөн Энын том хүү Ан нь манай төрсөн ах Эын зуузай тамгатай хоёр хонгор зүсмийн адууг хулгайлж Асгат сумын Хут гэх газар байдаг Нын барилга дээр янзалсан гэж Э ах надад хэлж байсан. Тэгээд би Анын хулгай хийсэн талаар мэдсэн юм. Эн. Э бид 3 ах дүү хүмүүс болохоороо дээдсүүдээсээ дарж ирсэн зуузай тамгыг бүгд дарж хэрэглэдэг юм. Адууныхаа тамгыг зөв талын гэр гуянд нь дардаг юм... гэх мэдүүлэг /хх-ийн 12-13/
- Гэрч Д.Энын: Манай төрсөн ах Эын 2 тооны адууг Ан хулгайлсан гэж сонссон. Бид хоорондоо ах дүүс учир бидний адууны тамга бүгд зуузай тамгатай юм... гэх мэдүүлэг /хх-ийн 14-15/
- Гэрч Д.Цын: 2017 оны 11 дүгээр сарын эхээр Асгат сумын төвд гэртээ байхад Төмөрхуяг гэгч Асгат сумын “Х” гэх газар руу газарчлаад өг гэж гуйсан. Би машинтай нь Асгат сумаас баруун урд зүгт Нын хаваржаанд очиход цэнхэр өнгийн Портер машинтай 2 залуу, манай нутгийн Энын хүү Ан нар уг машинд адууны мөч, мөчөөр нь хуваасан мах зөөж байсан. Тэгээд 2 хонгор зүсмийн адууны шир, толгой зэргийг нь ачсан. Антай цуг явж байсан залуугаас юун адуу болохыг асуухад өглөө явган яваад хөөж ирсэн, өөрийнх нь адуу гэсэн гэж надад хэлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 16-17/
- Сүхбаатар аймгийн Асгат сумын үнэлгээний комиссын 2018 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 26/
- Э.Аын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 28/
- Э.Аын Урьд Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 29/ зэрэг баримтууд болно.
Шүүгдэгч Э.А нь 2017 оны 11 дүгээр сарын эхээр Сүхбаатар аймгийн Асгат сумын 3 дугаар багийн нутаг Ламын овоот гэх газраас хохирогч Д.Эын зөв талын гэр гуяндаа зуузай тамгатай бор хонгор зүсмийн 8 настай морь, хар голтой, зөв талын хойд хөл бэлэвсэн цагаантай, 12 настай цагаан хонгор морийг тус тус хулгайлж бусдад 1.600.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгч Э.Аын хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, хохирогч Д.Э, гэрч Д.Эн, Д.М, Д.Ц нарын мэдүүлгүүд, Сүхбаатар аймгийн Асгат сумын эд зүйлийн үнэлгээний комиссын 2018.09.18-ны өдрийн үнэлгээ зэрэг хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Хэргийн үйл баримтыг нотолж буй дээрх нотлох баримтууд хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоосон гэж шүүх үзлээ.
Хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөлийг тодруулбал, шүүгдэгч Э.А нь зарж борлуулан, ашиг олох зорилгоор бусдын бэлчээрт байсан адуунаас 2 адуу хулгайлан бусдад зарж борлуулан гэмт хэргийг шунахай сэдэлтээр, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлджээ.
Тэрээр бусдын эд хөрөнгийг хууль бусаар авч авч болохгүйг буюу өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсээр атлаа бусдын адууг бэлчээрээс нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, зарж борлуулан бусдын өмчлөх эрхэд зориуд хохирол учруулсан байна.
Шүүгдэгч Э.Аын бусдын 2 тооны адууг авсан дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу мал хулгайлах гэмт хэргийн шинжийг агуулах бөгөөд прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл үндэстэй байх тул түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас хохирогч Д.Эт учирсан 1.600.000 төгрөгийн хохирлоос Э.А 1.200.000 төгрөгийг төлсөн, 400.000 төгрөгийн хохирол төлөгдөөгүй байх тул түүнээс 400.000 төгрөг гаргуулан хохирогчид олгож гэм хорын хохирлыг барагдуулах нь зүйтэй байна.
Сүхбаатар аймгийн Асгат сумын үнэлгээний комиссоос хохирогч Д.Эын морь тус бүрийг 800.000 төгрөгөөр үнэлжээ.
Э.Ат эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Э.А нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм бурууугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын зарим хэсгийг нөхөн төлсөн, үлдэх хэсгийг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа зэрэг түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5- д заасан оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэлээ.
Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл хэсэг заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно ” гэж заасан зохицуулалтанд нийцнэ.
Шүүгдэгч Э.А энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, бичиг баримт ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Э.Аыг мал хулгайлах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Аыг хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар шүүгдэгч Э.Ат хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Шүүгдэгч Э.Ат шүүхийн шатанд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнсэх шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Э.Ат мэдэгдсүгэй.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ааас 400.000 төгрөг гаргуулан хохирогч Сүхбаатар аймгийн Асгат сумын 3 дугаар багийн иргэн Д.Эт олгосугай.
7. Шүүгдэгч Э.А энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, бичиг баримт ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Д.Э гомдолгүй гэснийг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НАСАНБУЯН