Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 216

 

        Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Насанбуян даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Ариунжаргал,                                                                                                                       
Улсын яллагчаар хяналтын прокурор С.Сугар,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг,
Шүүгдэгч Г.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Сугарын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Г.Хт холбогдох 1830001390192 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
                   
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1989 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, ам бүл 6, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар баг, ... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Г.Х.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

Шүүгдэгч Г.Х нь 2018 оны 05 дугаар сарын 03-ны 01 цагийн үед Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Эаас Б.Бын эзэмшлийн зөөврийн компьютерыг хулгайлж бусдад 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт  хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч Г.Х шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тухайн үед манай нэг найз Улаанбаатар хотоос ирээд бид хоёр бааранд архи уугаад би согтсон байсан. Би Эын байр руу орсноо санахгүй байна. Намайг эрүүлжүүлэх байранд байхад цагдаа надад камерын бичлэг үзүүлээд би юу болсныг мэдсэн. Би  хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахиад ийм хэрэг хийхгүй... гэв.

- Шүүгдэгч Г.Хийн мөрдөн байцаалтанд өгсөн: Би 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр манай найз Г.Э Улаанбаатар хотоос ирээд бид хоёр тэр өдрийнхөө орой Биллион бааранд нэг шил 0.75 литрийн Ерөөл архи хувааж уугаад мөн 4 шил 0.5 литрийн Боргио нэртэй пиво хувааж уусан. Тэндээс би яаж гарснаа санахгүй байгаа юм. Гэтэл нэг сэрэхэд Эын үүдний коридорт цагдаа нарт баригдчихсан зогсож байсан. Тэгээд би эрүүлжүүлэхэд хоносон. Маргааш нь цагдаа нараас сонсоход Б.Б гэдэг эмчийн нөүтбүүкийг хулгайлж авч байгаад хохирогч Б.Бд баригдсан гэдгийг сонссон. Тухайн үед би согтуу байсан болохоор юу болсон талаар санахгүй байгаа юм” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37/

- Хохирогч Б.Бын мөрдөн байцаалтад өгсөн: Би 2018 оны 05 дугаар сарын эхээр Сүхбаатар аймаг руу албан ажлаар явсан бөгөөд 2018 оны 05 дугаар сарын 03-ны 01 цагийн үед Эын байрнаас “Acer” брендийн нөүтбүүк хулгайд алдсан. Би тэр үед Эын 2 давхрын буудалд амарч байтал миний хувцас, эд зүйлээ тавьсан өрөөний хаалга дуугарахаар нь ороод хартал цэнэглээд орхисон миний нөүтбүүк алга байхаар нь доошоо буух гээд 2 давхрын шатан дээр очиход юүдэнтэй цамцтай хүн гараад зугатаахаар нь араас нь гүйж барьж авахад миний нөүтбүүкийг авсан байсан. Тэгээд цагдаа дуудсан. Би нөүтбүүкээ буцааж авсан. Одоо гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг /хх- 10-14/,

 - Гэрч М.Гийн мөрдөн байцаалтад өгсөн: Би Эрүүл мэндийн газарт жижүүр хийдэг юм. 2018 оны 05 дугаар сарын 02-03-ны хооронд ээлжийн жижүүртэй байсан. Шөнийн 01 цаг өнгөрч байхад саарал юүдэнтэй цамцтай залуу хаалга нүдэхээр нь яах гэж байгаа юм бэ гэхэд 2 давхарт хүмүүс дуудаад байна гэсэн. Тэгэхээр нь би хүмүүс дуудсан юм байх гэж бодоод оруулчихсан юм. Тэгээд дээшээ гараад 10 орчим минут болоод буцаж бууж ирээд нэг шил архи олоод ир гэж байна гэхээр нь гаргаад явуулсан. Улаанбаатар хотоос сургалтаар ирсэн эмч араас нь бууж ирээд гадаа гараад нөгөө залууг өшиглөж унагаагаад зодсон. Би салгах гэсэн чинь намайг хамт хулгай хийсэн  гээд байсан. Саарал хувцастай залуугийн энгэрээс зөөврийн компьютер гарч ирсэн. Би энэ залууг урьд нь харж байгаагүй, танихгүй...” гэх мэдүүлэг /хх-иин 15-16/,

- Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын Эд зүйлийн үнэлгээ. 2015.05.07. /хх- 29/

- Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар багийн Засаг даргын 2018.09.05-ны өдрийн 5/686 дугаартай тодорхойлолт /хх- 38 хуудас/                                                                                                                                                                                                                                                                    

- Г.Хийн Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх- 41 хуудас/

- Г.Хийн Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх- 39 хуудас/

- Сүхбаатар аймгийн Прокурорын газрын 2018 оны 11 сарын 16-ны өдрийн 108 дугаартай Эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх Прокурорын санал /хх-45/
- Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ.2018.11.19 зэрэг баримтууд болно.

Шүүгдэгч Г.Х нь 2018 оны 05 дугаар сарын 03-ны шөний 01 цагийн үед Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багт байрлах Эын байрнаас Б.Бын эзэмшлийн “Acer“ маркийн нөүтбүүкийг хулгайлж бусдад 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгч Г.Хийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хохирогч Б.Б, гэрч М.Г нарын мэдүүлгүүд, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын комиссын Эд зүйлийн үнэлгээ, зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна.

Хэргийн үйл баримтыг нотолж буй дээрх нотлох баримтууд хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоосон гэж шүүх үзлээ.

 Хэрэг гарсан шалтгаан нөхцөлийг тодруулбал, шүүгдэгч Г.Х нь хувийн хэрэгцээг хангах зорилгоор хохирогч Б.Бын өрөөнөөс түүний эзэмшлийн нөүтбүүкийг авч, гэмт хэргийг шунахайн сэдэлтээр, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлджээ.
Тэрээр бусдын эд хөрөнгийг хууль бусаар авч авч болохгүйг буюу өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсээр атлаа бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдын өмчлөх эрхэд зориуд хохирол учруулсан байна.

    Г.Хийн  дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр  зүйлийн 1 дэх  хэсэг/ Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах/ буюу хулгайлах гэмт хэргийн шинжийг агуулах бөгөөд прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.
    
Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Бд учирсан 1.500.000 төгрөгийн хохирол нөхөн төлөгдсөн буюу хохирогчид нөүтбүүк биетээр буцаан олгогдсон болох нь хохирогч Б.Бын “...миний хувцас, эд зүйлээ тавьсан өрөөний хаалга дуугарахаар нь ороод хартал цэнэглээд орхисон миний нөүтбүүк алга байхаар нь доошоо буух гээд 2 давхрын шатан дээр очиход юүдэнтэй цамцтай хүн гараад зугатаахаар нь араас нь гүйж барьж авахад миний нөүтбүүкийг авсан байсан. Би нөүтбүүкээ буцааж авсан. Одоо гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй ” гэх мэдүүлгээр нотлогдоно.
Б.Бын алдагдсан Acer маркийн нөүтбүүкийг Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын Эд зүйлийн үнэлгээний комиссоос 1.500.000 төгрөгөөр үнэлжээ.
                    
Шүүгдэгч Г.Хийн гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба харин мөн зүйлийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Прокуророос уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтайгаар шүүхэд ирүүлсэн ба хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хуульд заасан нөхцөл, журам хангагдсан гэж шүүх дүгнэв.
 Энэ хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгч Г.Хийн үйлдсэн хэрэг нотлох баримтаар нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гарган, хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, хохирогч Б.Б  гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй талаараа хэрэгт мэдүүлсэн зэргийг харгалзан прокурорын гаргасан саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэлээ.

Г.Х энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 36 дугаар зүйлийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Г.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг/ Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах/ буюу хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т заасныг журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Хийг хорих ял оногдуулахгүйгээр 8  /найм/ сарын хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дүгээр зүйлийн 2.5-д заасныг баримтлан шүүгдэгч Г.Хт шүүхээс тэнссэн 8 сарын хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4. Шүүгдэгч Г.Хт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр  үргэлжлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнсэх шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Г.Хт мэдэгдсүгэй.

6. Шүүгдэгч Г.Х энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Б.Бд  учирсан 1.500.000 төгрөгийн хохирол нөхөн төлөгдсөнийг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

                          

                                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               С.НАСАНБУЯН