Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2023/00527

 

 

 

 

 

 

 

 

 

     2023         03         13                                         210/МА2023/00527

 

 

П.Дний нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Э.Золзаяа, шүүгч Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 183/ШШ2022/03280 дугаар шийдвэртэй,

Д.Дний нэхэмжлэлтэй, Ч.Нд холбогдох,

Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, газрын эзэмшигчээр тус тус тогтоож, уг үл хөдлөх эд хөрөнгүүдийг нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлэхийг, үл хөдлөх эд хөрөнгийн цэвэр, бохирын шугамыг төвийн шугам сүлжээнд холбох ажлыг өөрийн зардлаар хариуцан хийж гүйцэтгэхийг хариуцагчид даалгах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Бишрэлт нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: П.Дн нь Ч.Нтэй 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Өө дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс, 28/4 тоотод байх, 675 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө, тус үл хөдлөх эд хөрөнгийн доорх 945 м.кв талбайтай эзэмшлийн газрыг 1,000,000,000 төгрөгөөр худалдан авахаар, худалдагч Ч.Н нь гэрээний 3.4-т зааснаар үл хөдлөх эд хөрөнгүүдийг нэхэмжлэгчийн нэр дээр 2021 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн дотор шилжүүлэх үүргийг харилцан хүлээсэн. Нэхэмжлэгч гэрээний 2.3-т зааснаар төлбөрийн хуваарийн дагуу 1,000,005,000 төгрөг төлж гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн.

Худалдагч гэрээний 3.4-т “гэрээний зүйлийг 2021 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн дотор худалдан авагчийн нэр дээр шилжүүлэх”, 3.7-д “Үл хөдлөх хөрөнгийн цэвэр бохирын шугамыг төвийн шугам сүлжээнд холбох ажлыг худалдагч тал өөрийн зардлаар хариуцан 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдөр гэхэд хийж гүйцэтгэж дуусгах” үүргээ өнөөг хүртэл биелүүлээгүй. Анх гэрээ байгуулах өдөр гэрээний зүйлийг худалдагч Ч.Н нь “Т ХХК-ийн барьцаанд “Х” ХХК-д барьцаалсныг мэдсэн, тухайн үед хариуцагч гэрээ байгуулснаас хойш 2021 оны 6 сарын 01-ний өдөр гэхэд гэрээний зүйлийг барьцаанаас чөлөөлөн миний нэр дээр шилжүүлэх амалж, гэрээгаар баталгаажуулсан.

Гэтэл хариуцагч нь үүргээ биелүүлэлгүй удсаар 2022 онд эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлсөн ч зохих татварыг танайх төл гэх зэргээр шалтаг хэлж эсхүл гэрээгээ цуцалъя гэх тайлбар тавьж нэхэмжлэгчийн эрх ашгийг хохироож байна. Иймд шүүхэд гаргасан нэхэмжлэлэ дэмжиж байна гэжээ.

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга: Гэрээнд зааснаар үл хөдлөх хөрөнгө худалдан авагч нь тухайн хөрөнгийн үнийг 100 хувь бүрэн төлсний дараа өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулан авахаар тохиролцсон. Гэтэл өнөөдрийг хүртэлх хугацаанд гэрээнд заасан хөрөнгийн үнийг бүрэн төлж барагдуулаагүй, 200,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй.

Худалдах, худалдан авах гэрээнд зааснаар болон гэрээний хавсралт төлбөр тооцоо хүлээлцсэн актад гэрээний төлбөрийг 2021 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн дотор дуусгахаар гарын үсэг зурсан. Ийнхүү дуусгасан тохиолдолд хариуцагч үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг нэхэмжлэгчид шилжүүлэх үүрэг үүснэ. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс үзэхэд гэрээний төлбөрийг 100 хувь төлсөн гэж ойлгогдохоор эсхүл үлдэгдэл төлбөрийг гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар үлдээж байгаа эсэх нь ойлгомжгүй, нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байна.

П.Дн нь гэрээний үүргээ биелүүлж төлбөрийг гэрээнд заасны дагуу бүрэн төлөхийг шаардаж төлсөн тохиолдолд бид дээрх хөрөнгийг банкны барьцаанаас чөлөөлөхийг удаа дараа сануулж байсан ч 2021 оны төгсөлд төлбөл зохих 400,000,000 төгрөгийн үлдэгдлээс 200,000,000 төгрөгийг төлсөн. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар Өө дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс /16100/, 28/4 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-** дугаартай, Үйлдвэрлэлийн зориулалттай, 675 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч, уг үл хөдлөх эд хөрөнгийн доорх 945 м.кв талбайтай газрын эзэмшигч нь П.Дн болохыг тогтоож, уг хөрөнгүүдийг нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлэхийг, гэрээний 3.7-д заасан “Үл хөдлөх хөрөнгийн цэвэр бохирын шугамыг төвийн шугам сүлжээнд холбох ажлыг худалдагч тал өөрийн зардлаар хариуцан 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдөр гэхэд хийж гүйцэтгэж дуусгах”-ыг хариуцагч Ч.Нд даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5,157,950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 5,157,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч П.Днд олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг анхан шатны шүүх шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан болон талуудын гаргасан тайлбар нотлох баримтуудын хүрээгээр хязгаарлагдан хэрэг маргааныг шийдвэрлэсэн нь учир дутагдалтай байна.

Учир нь нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргах үедээ төлбөр тооцоогоо бүрэн дуусгаагүй байсан бөгөөд шүүхийн явцад үлдэгдэл төлбөрөө төлсөн ба хариуцагчийн зүгээс төлбөр тооцооны үлдэгдлийн талаар хариу өгч байсан. Нэхэмжлэлд дурдсан 945 м.кв талбайтай газрын эзэмшигчээр тогтоолгох шаардлага нь хангагдсан тохиолдолд шүүхийн шийдвэр зайлшгүй биелэх боломжтой эсэх, талуудын мэтгэлцээн болон нэмэлтээр гаргаж өгсөн тайлбар нотлох баримтанд үндэслэн шийдвэр гаргах зайлшгүй шаардлагатай байсан гэж хариуцагч үзэж байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан шүүгчийн захирамж болон талуудын гаргаж байсан хүсэлтийн дагуу холбогдох зураг, баримтыг гаргаж байсан нь хэрэгт нотлох баримтаар авагдсан байхад тус материалд шүүх дүгнэлт хийгээгүй. Учир нь тус үл хөдлөх эд хөрөнгөд оногдох газар нь хөрөнгийн суурийн хэмжээгээр буюу 675 м.кв бүхий байна уу, тусдаа тус хөрөнгийн дагалдах 945 м.кв газар байна уу гэдэгт шүүх огт дүгнэлт хийгээгүй. Тус нэхэмжлэлд дурдсан үл хөдлөх хөрөнгө нь бүх талаараа барилга байгууламж болон нийтийн эзэмшлээр хүрээлэгдсэн объект болохыг харгалзан үзээгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан. Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа төлбөрөө бүрэн дуусгаагүй байсан гэж хариуцагч маргасан. Худалдах, худалдан авах гэрээний 2.4.2-т зааснаар үлдэгдэл 200,000,000 төгрөгийг нэхэмжлэгч 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлөх ёстой байсан. Гэрээний бусад үүрэгтэй холбоотой гарах зардлыг үлдэгдэл төлбөрөөс хасаж, эвлэрэх саналыг нэхэмжлэгч удаа дараа гаргаж байсан ч хариуцагчтай тохиролцоогүй учраас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үлдэгдэл төлбөрийг төлсөн.

Худалдагч нь үл хөдлөх хөрөнгийг 2021 оны 06 дугаар сарын 01-ний өдөр гэхэд барьцаанаас чөлөөлөөд танайд шилжүүлнэ” гэсний дагуу гэрээний 3.4-т тус заалтыг нэмж оруулсан. Тухайн үед техникийн алдаа гарч уг заалтыг хасаагүй байсан. Гэвч хариуцагч тухайн хугацаанд үл хөдлөх хөрөнгийг барьцаанаас чөлөөлөөгүй, бид төлөх 200,000,000 төгрөгийг Хас банкинд байршуулж барьцаа хөрөнгийг 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр барьцаанаас чөлөөлсөн ч хариуцагч үл хөдлөх эд хөрөнгийг бидний нэр дээр шилжүүлээгүй тул нэхэмжлэл гаргасан.

Нэхэмжлэгч нь газар 945 м.кв, байшин 675 м.кв-ын хамт худалдан авахаар тохирсон. Гэрээнд “худалдагч тал гэрээ хүчин төгөлдөр болсноос хойш худалдсан үл хөдлөх хөрөнгийн орох, гарах гарцыг чөлөөлж, 20-оос доошгүй автомашины зогсоолтой болгож өгнө” гэж заасан. Энэ нь тухайн объектын урд талын талбай буюу автомашины зогсоол, орох, гарах гарцыг хамт худалдаж байгаа гэдгийг нотолж байгаа. Гэрээний 6.5.1-т зааснаар газар эзэмшигч нь газраа хэсэгчлэн болон бүхэлд нь худалдах, бусдад ашиглуулах эрх нь нээлттэй олгогдсон. “Т” ХХК нь Ч.Нн нэр дээр байдаг бөгөөд би компанийн нэр дээр төлбөр төлж байсан. Иймд гомдлыг бүхэлд нь хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэл илэрсэн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

 

2. Нэхэмжлэгч Д.Дн, хариуцагч Ч.Нд холбогдуулан Өө дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс /16100/, 28/4 тоот хаягт орших 675 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч, мөн хаягт орших 945 м.кв талбай бүхий газрын эзэмшигчээр тус тус тогтоож, уг үл хөдлөх эд хөрөнгүүдийг нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлэхийг, үл хөдлөх эд хөрөнгийн цэвэр, бохир усны шугамыг төвийн шугам сүлжээнд холбох ажлыг өөрийн зардлаар хийж гүйцэтгэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэнийг зөв тогтоосон боловч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодруулаагүй, хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтоолгүй хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шаардлагад нийцээгүй байна.

 

4. Нэхэмжлэгч нь “945 м.кв газрын эзэмшигчээр тогтоож, үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлэхийг даалгах” шаардлагыг хариуцагчид холбогдуулан гаргахдаа эзэмшигчээр тогтоолгохыг хүссэн газар нь хариуцагчийн эзэмшлийн 7,152 м.кв газрын аль хэсэгт нь байдаг, тухайн газрын эргэлтийн цэг болон бусдын газартай давхцаагүй, орц, гарц нь чөлөөтэй эсэхийг тодорхойлсон баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн үндэслэл, үйл баримт тодорхойгүй байна.

4.1. Хариуцагч Ч.Нд түүний эзэмшиж буй 7,152 м.кв газар эзэмших эрхийг газар өмчлөгчийг төлөөлж Өө дүүргийн засаг дарга 2020 оны А/720 дугаартай захирамжаар эзэмшүүлсэн, тус газрын өмчлөгч нь Газрын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар төр байна. Төрийн өмчийн газрыг бусдад шилжүүлэхтэй холбоотой харилцаа нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж, барьцаалж болно” гэж заасны дагуу зохицуулагдсан учир зохигчдын хооронд 945 м.кв газрыг шилжүүлэхтэй холбоотой гэрээний үүргийн биелэлт нь өмчлөгчийн зөвшөөрлөөс шалтгаална.

4.2. Хариуцагч өөрийн эзэмшлийн 7,152 м.кв газраас 945 м.кв газрыг нэхэмжлэгчийн эзэмшилд хэсэгчлэн шилжүүлэхийг өмчлөгчид мэдэгдсэн болон зөвшөөрөл авсан, түүнчлэн шилжүүлэх газар нь бусдын эрхийг хөндөөгүй болохыг нотолсон баримтаа зохигч хэн аль нь шүүхэд гаргаагүй, анхан шатны шүүх энэ талаар талуудаас тодруулж, хэрэгт ач холбогдол бүхий үйл баримтыг бүрэн тогтоогоогүй байх тул давж заалдах шатны шүүх хэргийн үйл баримтыг нөхөн гүйцэтгэх замаар хэргийг шийдвэрлэх боломжгүй юм.

4.3. Иймд Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2, 38 дугаар зүйлийн 38.2, 38.3 дахь хэсэгт зааснаар газар өмчлөгч буюу өмчлөгчийг төлөөлөх эрх бүхий этгээдээс зохигчдын хоорондын газар эзэмших эрхийг шилжүүлэхтэй холбогдох маргааныг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой баримт, мэдээллийг шүүх тодруулах шаардлагатай. Тухайн газар нь бусдад шилжүүлэх боломжтой газарт хамаарах болон эрхийн гэрчилгээ нь хүчин төгөлдөр эсэх, тухайн газрын эзэмших эрхийг хуульд заасан журмын дагуу нэхэмжлэгч П.Дн, хариуцагч Ч.Н нар харилцан шилжүүлэхэд хуулиар хориглох үндэслэл байгаа болон нотлох баримт бүрдүүлэх бусад ажиллагааг анхан шатны шүүх эрх хэмжээний хүрээнд хэргийн оролцогч, бусад этгээдээс тодруулж, нотлох баримт бүрэн цугларсны эцэст хэргийг шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

5. Нэхэмжлэгч нь “хариуцагч үл хөдлөх эд хөрөнгийн цэвэр, бохир усны шугамыг төвийн шугам сүлжээнд холбох гэрээний үүргээ биелүүлээгүй” гэх агуулгаар “уг ажлыг хариуцагчаар гүйцэтгүүлэхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Гэтэл хэрэгт нотлох баримтаар авагдсан Ус сувгийн удирдах газрын 2022 оны 08 дугаар сарын 11-ны өдрийн 13/1888 тоот албан бичигт, зохигчдын маргаж байгаа барилгад техникийн нөхцөл олгож, гадна цэвэр (ф400мм), бохир (ф1200мм) усны шугамын ажлыг хийж гүйцэтгэсэн. Гүйцэтгэхдээ тус байгууллагын хяналтыг хийлгээгүй, хангагч байгууллагын зөвшөөрөлгүйгээр төвийн шугамд холбогдсон зөрчил илэрсэн учир усан хангамжийг зогсоосон талаар дурдаж, цаашид хэрэглэсэн усны төлбөрийг төлөх, гэрээ байгуулах шаардлагатайг дурджээ.

5.1. Дээрхээс үзвэл нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн талаар нэхэмжлэгчээс тодруулах, мэргэжлийн байгууллага болох Ус сувгийн удирдах газар, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.14-т заасан харьяалах хангагч байгууллагаас 675 м.кв барилга төвийн цэвэр, бохир усны гол шугамд холбогдсон эсэхийг тус тус тодруулж, ийнхүү тодруулснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон хариуцагчийн гэрээгээр хүлээсэн үүрэг биелэгдсэн эсэхийг тодорхойлох, эрх зүйн дүгнэлт өгөх боломжтой болох юм.

5.2. Нөгөөтэйгүүр маргаан бүхий 675 м.кв барилга нь төвийн цэвэр, бохир усны гол шугамд холбогдсон бол ердийн байдлаар ашиглах боломжгүй байгаа нь зохигчдоос эсхүл бусад этгээдийн үйл ажиллагаанаас шалтгаалсан эсэхийг тодруулах нь хэрэгт ач холбогдолтой байна. Учир Ус сувгийн удирдах газрын 13/1888 тоот албан бичигт “тухайн зөрчилд манай байгууллага усан хангамжийг зогсоон, гэрээний талаар зөвлөмж өгч, төлбөр төлүүлэхээр дуудсан боловч ирээгүй ... цаашид гэрээ хийх шаардлагатай” гэжээ.

Дээрх байдлыг тодруулснаар 675 м.кв барилгыг төвийн цэвэр, бохир усны шугам сүлжээнд холбогдсон ажлыг эрх бүхий этгээдийн хяналтад хүлээлцэж, зохих төлбөрийг төлөх, улмаар хангагч байгууллагатай гэрээ байгуулах үүргийг нэхэмжлэгч П.Дн, хариуцагч Ч.Н нарын хэн нь хариуцахыг тодорхойлж шийдвэрлэх нь зохигчийн шаардлага ба татгалзлаа нотлох үүрэгт хамаарна гэж үзэхээр байна.

5.3. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн хангаж шийдвэрлэхдээ, хариуцагчийн “...барилга нь гадна талаасаа цэвэр, бохир ус нь ирчихсэн байгаа...” гэх тайлбарыг үндэслэн хариуцагч гэрээний 3.7-д заасан үүргээ биелүүлээгүй, маргаагүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь хэргийн үйл баримтад үндэслэгдээгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй байна.

Мөн нэхэмжлэгчийн “үл хөдлөх эд хөрөнгийн цэвэр, бохирын шугамыг төвийн шугам сүлжээнд холбох ажлыг өөрийн зардлаар гүйцэтгэхийг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн талаар, хариуцагч гэрээний 3.7-д заасан үүргээ хэрхэн биелүүлсэн тухай татгалзлын талаар зохигчийг мэтгэлцүүлэх шаардлагатай байжээ.

 

6. Зохигч шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлаа өөрөө нотлох, шүүхэд гаргах үүрэгтэй боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцүүлэн хэргийн бодит байдлыг тогтоох, хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг бүрдүүлэх нь шүүхийн үүрэг юм.

 

7. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаасан тул “хариуцагч нь 945 м.кв газар шилжүүлэхээр тохиролцоогүй, 675 м.кв барилгын суурийн хэмжээгээр тохирсныг шүүх дүгнээгүй” гэх хариуцагчийн давж заалдах гомдолд дүгнэлт өгөөгүй болно.

 

8. Иймд нэхэмжлэгч П.Дний нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодруулах шаардлагатай, анхан шатны шүүх зохигчдыг мэтгэлцүүлж, хэргийн үйл баримтыг бүрэн тогтоох ажиллагааг хийгээгүй алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсэгт заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 183/ШШ2022/03280 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

 2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Д.НЯМБАЗАР

 

                                               ШҮҮГЧИД                          Э.ЗОЛЗАЯА

 

                                                                                          Э.ЭНЭБИШ