Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 88

 

        Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан даргалж, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Цэнд-Аюуш Улсын яллагч Н.Бадам, Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1833000910068 тоот хэргийг 2018 оны 11 дүгээр саррын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 0000 оны 08 дугаар сарын 30-ний өдөр Сэлэнгэ аймгийн Орхон суманд төрсөн, 00 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Орхон сумын 2 дугаар баг Бэлэндалай гэх газарт оршин суудаг, 2010 оны 04 дүгээр сарын 29- ны өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 22 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.5, 181.3-т зааснаар 3 жил 5 сарын хорих ялаар шийтгүүлж байсан, Бүргэд овгийн *******, РД МЙ -. Үйлдсэн хэргийн талаар: Шүүгдэгч ******* нь 2018 оны 08 дугаар сарын 29-ны өдөр Сэлэнгэ аймгийн Орхон сумын нутаг дэвсгэр Бэлэндалай гэх газарт иргэн Г.Төмөрбаатарыг зодож биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1. Хохирогч Г.Төмөрбаатарын мэдүүлэг /хх-ийн 13-14 хуудас/ 2. Гэрч Л.Шаравдоржийн мэдүүлэг /хх-ийн 7-8 хуудас/, 3. Гэрч Д.Тунгалагын мэдүүлэг /хх-ийн 10 хуудас/, 4. Дархан-Уул аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 916 тоот шинжээчийн дүгнэлт зэргийг уншиж сонсгон шинжлэн хэлэлцүүлэв. Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нотлогдож буй байдал болон гэм буруугийн талаар: Шүүгдэгч ******* нь 2018 оны 08 дугаар сарын 29-ны өдөр Сэлэнгэ аймгийн Орхон сумын нутаг дэвсгэр Бэлэндалай гэх газарт иргэн Г.Төмөрбаатартай “архи уу, уухгүй” гэх шалтгаанаас болж маргалдаж хүзүүг нь доош нь даран мушгиж Г.Төмөрбаатарын биед хүзүү хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсгэж, хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: 1. Хохирогч Г.Төмөрбаатарын мөрдөн байцаалтанд өгсөн: ...2018 оны 08 дугаар сарын 29-ны өдөр би өөрийн компаний байр болох Сэлэнгэ аймгийн Орхон сумын Мангирт гэх газарт байж байхдаа 1 шил архи ганцаараа уучихаад байж байтал манайд ажилладаг Болдоогийн дүү болох Батболдоо нь Болдоог асууж орж ирэхээр нь би “ах чинь байхгүй байна дүү” гэж хэлээд ууж байсан архинаасаа хундаглаад хийж өгсөн чинь амсаад өгөхөөр нь голоод байгаа юм уу гэж хэлсэн чинь “юу яриад байгаа юм бэ ажилтай явж байна” гэж хэлэхэд ямар том болчихсон муу бацаан бэ гээд бариад авахаар нь би хөгшин өвгөн минь зүгээр байгаарай гэж хэлээд хүзүүнээс гараараа хүзүүдэж авч байгаад доош дээш нь хэд хэдэн удаа мушгиад байсан. Тэгэхээр нь Дархан-Уул аймагруу айгаад зугтаасан юм... гэх мэдүүлэг /хх-13-14 хуудас/ 2. Гэрч Л.Шаравдоржын мөрдөн байцаалтад өгсөн: ...Болд болон манай захирал Төмөрбаатар нар архи хувааж ууж байсан. Тэгэхээр нь захирал Төмөрбаатарт хандаж одоо архи уухаа боль, ажлаа бод гэж хэлсэн. Тэгсэн Болдоо гараад орж ирээд маргалдаж байгаад Төмөрбаатарын толгойг барьж аваад хүзүүг нь мушгиж сэгсэрсэн юм. Тэгээд Төмөрбаатар зугтаад яваад өгсөн юм... гэх мэдүүлэг /хх-ийн 7-8 хуудас/, 3. Гэрч Д.Тунгалагын мөрдөн байцаалтад өгсөн: ...Манай захирал *******Д.Болд нар архи ууж байсан. Тэгээд Д.Болд талбайруугаа гараад явсан. Тэгсэн араас нь Д.Болдоогийн дүү гээд бас Болдоо гэж дууддаг залуу орж байгаа харагдсан. Тэгээд би худагаа цоожилчихоод гэрлүүгээ орж явахад хашаан дотор хоорондоо маргалдаад чи би дээ тулсан байдалтай байж байгаад Д.Болдоогийн дүү гэх залуу нь хүзүүнээс нь доош нь дарж аваад байх шиг л харагдсан. Өөр зүйл хараагүй... гэх мэдүүлэг /хх-ийн 10 хуудас/, 4. Дархан-Уул аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 916 тоот шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: -Г.Төмөрбаатарын биед хүзүү хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо, -Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр буюу хүчтэй мушгих, дарах, гөших зэргээс тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой, -Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, -Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй... гэх дүгнэлт /хх-ийн 4 хуудас/, 5. Шүүгдэгч *******гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ...2018 оны 08 дугаар сарын 29-ны өдөр Төмөраатар дээр ахыгаа асуухаар очиход согтуу байж байсан. Асуухад мэдэхгүй гээд надад архи хийж өгсөн. Тэгэхээр нь би уухгүй гэсэн чинь чи нэг татчих л даа. Эдийг нь голоод байгаа юм уу? эзнийг нь голоод байгаа юм уу? гэсэн. Тэгээд жаахан үг сөрсөн. Тэгэхээр нь би яасан хөгширч чаддаггүй юм бэ гээд хүзүүнээс нь тэвэрч аваад дараад унагаасан. Өөр цохисон асуудал байхгүй. Тэгээд би гараад яваад өгсөн... гэх мэдүүлэг зэргээр үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдож байна. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судласан хэрэгт цугларсан нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтууд байх тул хэрэгт хамааралтай ач холбогдолтой гэж шүүх үнэлж дүгнэв. Шүүгдэгч *******д холбогдуулан Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн нь тохирсон ба шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд хэргээ хялбаршуулан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасаныг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5-д зааснаар хэргийг шийдвэрлэлээ. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцээд үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч *******г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна. Иймд шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр /500.000 төгрөг/ торгох ялаар шийтгэх нь үндэслэлтэй гэж үзлээ. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаа буюу 3 сарын хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч *******д мэдэгдэх нь зүйтэй байна. Хохирогч *******шүүх хуралдаанд оролцоогүй боловч шүүхэд ирүүлсэн “Сэлэнгэ аймгийн Орхон сумын 2 дугаар баг Бэлэндалай хаягт үр тариалагч Гомбо Төмөрбаатар ТА:60021719 би Орхон сумын 2 дугаар багийн малчин ******* МЙ87083036-той хувийн таарамжгүй харьцааны улмаас муудалцан зодолдсоны улмаас биедээ хөнгөн зэргийн гэмтэл авсан. Бид учир зүйгээ олж, хоорондоо эвлэрсэн тул *******д гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болно. Биеийн эрүүл мэнд хэвийн болсон. Иймд *******г эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү” гэх хүсэлтийг ирүүлсэн тул шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна. Энэ хэргийн улмаас шүүгдэгч *******гийн 1 тооны 8 настай саарал зүсмийн адууг битүүмжилсэн прокурорын 2018 оны 10 дугаар сарын 31-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгож адууг *******д буцаан олгож шийдвэрлэх нь зүйтэй байна. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 7, 8, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Бүргэд овгийн *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1- д зааснаар 500 нэгжтэй /таван зуу/ тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаа буюу 3 сарын /гурав/ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч *******д мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч *******гийн 1 тооны 8 настай саарал зүсмийн адууг битүүмжилсэн прокурорын 2018 оны 10 дугаар сарын 31-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгож адууг *******д буцаан олгосугай.

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДЭЛГЭРСАЙХАН