Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Эрдэнэчимэг Энэбиш |
Хэргийн индекс | 183/2022/02843/И |
Дугаар | 210/МА2023/00552 |
Огноо | 2023-03-15 |
Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 03 сарын 15 өдөр
Дугаар 210/МА2023/00552
2023 03 15 210/МА2023/00552
“И” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Г.Даваадорж, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 183/ШШ2022/02731 дугаар шийдвэртэй, “И” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Э” ХХК-д холбогдох Түрээсийн гэрээний үүрэгт 24,680,250 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: “И” ХХК нь “Э” ХХК-тай 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр барилгын туслах материал түрээслэх гэрээ байгуулсан. Гэрээний дагуу “Э” ХХК нь хэв хашмал, дотор болон гадна булан 330 ширхэгийг 92 хоног, хэв хашмал, дотор болон гадна булан 74 ширхэгийг тус тус 613 хоног түрээслэн авсан. Паннерийн 80 ширхэг эвдрэл гэмтлийн үнэ 1,317,000 төгрөг, акталсан 74 ширхэг материалын үнэ 3,478,000 төгрөг, нийт 23,725,500 төгрөгийг түрээсийн төлбөрт төлөхөөр болсон. Үүнээс 7,272,000 төгрөг төлж 16,456,500 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Гэрээний 7.2-т зааснаар алданги тооцвол 8,226,750 төгрөгийг “Э” ХХК нь төлөх үүрэгтэй байна. 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хэв хашмал, дотор болон гадна булан зэрэг материалуудаа буцааж өгсөн бөгөөд үлдэгдэл түрээсийн төлбөр 24,680,250 төгрөгийг одоо болтол төлөөгүй. Иймд барилгын туслах материал түрээслэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 16,453,500 төгрөг, алданги 8,226,750 төгрөг нийт 24,680,250 төгрөгийг хариуцагч “Э” ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Манай компани “И” ХХК-тай 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн барилгын туслах материал түрээслүүлэх гэрээгээр 1 сарын хугацаатай 404 ширхэг хэв хашмал түрээслэн авч ашигласан нь үнэн бөгөөд 330 ширхэг хэв хашмалыг буцаан хүлээлгэж өгсөн. Дутаасан 74 ширхэг хэв хашмалыг гэрээний хавсралт 1-т зааснаар 1 ширхэг хэв хашмалыг 47,000 төгрөгөөр тооцон 3,478,000 төгрөг болох ба уг төлбөрийг хүлээн зөвшөөрч байгаа. Мөн 404 ширхэг хэв хашмалын 1 сарын төлбөр 3,030,000 төгрөг ба 3 сарын ашигласан түрээсийн төлбөрт 9,090,000 төгрөг төлөхөөс 7,272,000 төгрөгийг төлсөн гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч “Э” ХХК-аас 4,795,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “И” ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 19,885,250 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 281,352 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Э” ХХК-аас 91,670 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “И” ХХК-д олгож шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: “И” ХХК нь “Э” ХХК-тай 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр барилгын туслах материал түрээслэх гэрээ байгуулсан. Гэрээний дагуу “Э” ХХК нь хэв хашмал, дотор болон гадна булан 330 ширхэгийг 92 хоног, хэв хашмал, дотор болон гадна булан 74 ширхэгийг 913 хоног түрээслэн авч, паннер эвдрэл гэмтэл 80 ширхэг материал 1,317,000 төгрөг, акталсан бараа материал 74 ширхэг материал 3,478,000 төгрөг болж, нийт 23,725,000 төгрөгийг түрээсийн төлбөрт төлөхөөр болсон. Үүнээс 7,272,000 төлөлт хийж, 16,456,500 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Гэрээний 7.2-т зааснаар 589 хоногийн хугацаа хэтэрсний алдангид 8,226,750 төгрөгийг нэмж нийт 24,680,250 төгрөг нэхэмжилсэн. Анхан шатны шүүх нэгэнт талууд хүсэл зоригоо бүрэн бодитой илэрхийлж байгуулсан, хүчин төгөлдөр гэрээ, түүний заалтыг үгүйсгэн, алданги шаардах эрхгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Анзын гэрээг бичгээр байгуулах шаардлагыг хангасан, хариуцагч гэрээний алданги тохиролцсон заалт дээр гэрээ байгуулах үед болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед маргаагүй. Түүнчлэн түрээсийн гэрээний хугацаа болон төлсөн төлбөрт маргаагүй. Нөгөөтэйгүүр, алдангийг тооцохдоо гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс буюу 16,456,500 төгрөгийн үнийн дүнгээс бодсон ч алдангийн хэмжээ гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувьд хүрч, 8,228,250 төгрөг буюу хариуцагчийн эрх зүйн байдал дордох байсан. Хариуцагчийн нэхэмжлэгчид урьдчилан төлсөн 7,272,000 төгрөг нь хэв хашмал, дотор болон гадна булан 330 ширхэгийг 92 хоног түрээсэлсэн түрээсийн төлбөр юм. Түүнчлэн хариуцагч гэрээний 7.3, 7.4-т зааснаар эвдэрсэн бараа материалын төлбөрийг төлөх үүрэгтэй ба нэгэнт гэрээний зүйл хариуцагчийн эзэмшил, ашиглалтад байсан учир тэр хугацаагаар түрээсийн төлбөр төлөх үүрэгтэй. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагаас хангаагүй орхисон 19,885,250 төгрөгт холбогдох хэсгийг хангаж өгнө үү гэжээ.
5. Хариуцагч тал давж заалдах гомдолд тайлбар гаргаагүй.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасан үндэслэл илэрсэн тул шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч “И” ХХК нь хариуцагч “Э” ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 16,453,500 төгрөг, алданги 8,226,750 төгрөг нийт 24,680,250 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаснаас хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрч үлдэх хэсэгт маргажээ.
3. “И” ХХК нь “Э” ХХК-тай 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр ТГ2004271 тоот барилгын туслах материал түрээслэх гэрээ байгуулж, уг гэрээгээр түрээслүүлэгч нь 404 ширхэг хэв хашмалыг 1 сарын хугацаагаар түрээслэгчид түрээслүүлэх, түрээслэгч нь төлбөрийг 1 хоногийн 250 төгрөгөөр тооцон төлөх үүргийг харилцан хүлээжээ. Талууд гэрээг бичгээр байгуулсан болон гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн боловч талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн байхад мөн хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт заасан эд хөрөнгө хөлслөх гэрээний харилцаа үүссэн гэж буруу тодорхойлжээ. Тодруулбал, Иргэний хуулийн 287 дугаар зүйлд заасан эд хөрөнгө хөлслөх гэрээ гэдэг нь хөлслүүлэгч нь хөлслөгчийн эзэмшил, ашиглалтад тодорхой эд хөрөнгийг түр хугацаатайгаар шилжүүлэх, хөлслөгч нь хөрөнгө ашигласны хөлсийг төлөх үүргийг хүлээсэн гэрээ юм. Харин Иргэний хуулийн 318 дугаар зүйлд заасан түрээсийн гэрээ нь түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон ашиг, орлого олоход зориулж, тодорхой хөрөнгийг түр хугацаатайгаар шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг хүлээсэн байдаг. 3.1. Өөрөөр хэлбэл, түрээсийн болон эд хөрөнгө хөлслөх гэрээгээр бусдын эзэмшил, ашиглалтад эд хөрөнгө шилжүүлдэг адил шинж бий боловч түрээсийн гэрээгээр түрээслэгч гэрээний зүйлийг аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон ашиг олох зорилгоор ашигладаг бол эд хөрөнгө хөлслөх гэрээгээр хөлслөгч нь гэрээний зүйлийг ахуйн зориулалтаар эзэмшиж, ашигладаг нь энэ хоёр гэрээний ялгагдах онцлог юм.
4. Зохигч хэн аль нь түрээсийн зүйлийг харилцан хүлээлгэн өгсөн хугацаа, хариуцагч 404 ширхэг хэв хашмал, дотор болон гадна буланг 92 хоног ашигласан болон 74 ширхэгийг үрэгдүүлсэн, 80 ширхэгийг гэмтээсэн болон хариуцагч гэрээний үүрэгт 7,272,000 төгрөгийг нэхэмжлэгчид урьдчилан төлсөн үйл баримтын талаар маргаагүй байна.
5. Хариуцагч “Э” ХХК 404 ширхэг түрээсийн зүйлийг хүлээн авч гэрээний хугацаа дуусахад буцаан өгөх үедээ 74 ширхэгийг үрэгдүүлсэн, 80 ширхэгийг гэмтээсэн байсан нь талуудын хооронд байгуулсан гэрээний 1.1, 2.11-д зааснаар түрээсийн зүйлийг ашигласан хугацааны төлбөрөөс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй. Гэрээний 7.3, 7.4-т заасны дагуу түрээсийн зүйлийг буцаан өгөх үедээ үрэгдүүлсэн, дахин ашиглах боломжгүйгээр гэмтээсэн бол тухайн үрэгдүүлсэн түрээсийн зүйлийн тоо, хэмжээгээр үнийг бүрэн төлөх, харин гэмтээсэн зүйлийн хувьд засварлахад зориулж үнийн дүнгийн 50 хувиар бодож төлбөр төлөх үүргийг хүлээжээ. 5.1. Хариуцагч нь үрэгдүүлсэн болон гэмтээсэн гэх (74+80) нийт 154 ширхэг түрээсийн зүйлийг 92 хоног ашигласан хугацааны төлбөрийг нэхэмжлэгчид төлөх төлөх үүрэгтэй байна. Гэрээгээр шилжүүлсэн түрээсийн зүйл үрэгдүүлсэн, гэмтээсэн бол хариуцагч үнийг төлөх үүрэг хүлээсэн нь түрээсийн төлбөр тооцох үндэслэлгүй гэх анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцэхгүй тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй. 5.2. Иймд хариуцагч “Э” ХХК нь нийт 404 ширхэг хэв хашмал, гадна болон буланг (404х250=101,000) 92 хоногийн хугацаанд түрээслэн үйл ажиллагаа явуулсны төлбөрт (101,000х92=9,292,000) 9,292,000 төгрөгийг нэхэмжлэгч “И” ХХК-д төлөх үүрэгтэй байна. Хариуцагч нь 404 ширхэг хэв хашмалын 3 сарын түрээс 9,090,000 төгрөг болсон, үүнээс 7,272,000 төгрөг төлснөө хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргасанд анхан шатны шүүх дүгнэлт өгөөгүй байна.
6. Зохигчид түрээсийн гэрээ байгуулах үед хариуцагч 7,272,000 төгрөгийг нэхэмжлэгчид урьдчилан төлснийг түрээсийн төлбөрөөс хасаж тооцоход (9,292,000-7,272,000=2,020,000) 2,020,000 төгрөгийн түрээсийн төлбөрийг хариуцагч гэрээнд заасан хугацаанд төлөөгүй байна. Талууд гэрээний 7.2-т заасны дагуу түрээслэгч нь түрээсийн төлбөрийн хугацааг хэтрүүлбэл алданги тооцохоор тохиролцжээ. 6.1. Анхан шатны шүүх алдангийг “үндсэн түрээсийн үнийн дүнгээс тооцохоор тохиролцсон нь хуульд нийцэхгүй” гэж дүгнэн нэхэмжлэгчийн алданги гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ. Гэрээний талууд алданги тооцохоор тохиролцож, алдангийн хэмжээгээ гэрээнд тодорхой заасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцэх бөгөөд шүүх алдангийг хуульд нийцүүлэн шийдвэрлэх учиртай. 6.2. Иймд хариуцагч “Э” ХХК-ийн гэрээний хугацаанд биелүүлээгүй мөнгөн төлбөрийн үүрэгт Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт зааснаар (2,020,000х50%=1,010,000) 1,010,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “И” ХХК-д олох үндэслэлтэй байна.
7. Хариуцагч “Э” ХХК нь 404 ширхэг хэв хашмал гадна болон дотор булангаас 74 ширхэгийг үрэгдүүлсэн үндэслэлээр гэрээний 7.3, 7.4-т зааснаар түүний үнэ 3,478,000 төгрөг төлөхийг зөвшөөрсөн, мөн шүүх 80 ширхэг хэв хашмал гадна болон дотор буланг гэмтээсний төлбөрт 1,317,000 төгрөг, нийт 4,795,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн, хариуцагч үүнд гомдол гаргаагүй байна. 7.1. Иймд хариуцагчаас гэрээний үүрэгт нийт (2,020,000+1,010,000+4,795,000) 7,825,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 7.2. Мөн нэхэмжлэгч нь түрээсийн зүйлийг үрэгдүүлсэн, гэмтээсэнтэй холбоотой хохирол шаардсан байхад шүүхийн шийдвэрт Иргэний хуулийн 326 дугаар зүйлийн 326.2 дахь хэсгийг баримтлаагүй байгааг давж заалдах шатны шүүхээс залруулна.
8. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 183/ШШ2022/02731 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “287 дугаар зүйлийн 287.1” гэснийг “318 дугаар зүйлийн 318.1” гэж, “...4,795,000 төгрөг...” гэснийг “..7,825,000 төгрөг“ гэж, “...19,885,250 төгрөг...” гэснийг “16,855,250 төгрөг” гэж тус тус өөрчилж, “232.6” гэсний дараа “326 дугаар зүйлийн 326.2” гэж нэмж, тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...91,670 төгрөг” гэснийг “...140,150 төгрөг” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “И” ХХК-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 257,376 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ
Э.ЭНЭБИШ |