Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 90

 

 

Сэлэнгэ аймгийн Сайхан  сум дахь Сум дундын шүүхийн  эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Нарантуяа даргалж,

Нарийн бичгийн дарга                                  Б.Ариунбаяр

Улсын яллагч                                                Н.Бадам

Хохирогч                                                        *******

Шүүгдэгч                                                        ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын прокурорын газрын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 23.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овогт *******ад холбогдох эрүүгийн 1833000760066 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянан шийдвэрлэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 0000 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 24 настай, дээд боловсролтой, Олон улсын эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхийн хамт Сэлэнгэ аймгийн Сайхан сум, 21 дүгээр байрны 32 тоотод оршин суух хаягтай, Боржигин овогт ******* РД/УХ-/.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2018 оны 08 дугаар сарын 13-ны шөнө 03 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 1 дүгээр багийн нутагт байрлах 20 дугаар байрны урд тус сумын цагдаагийн хэлтсийн жижүүрийн офицер, цагдаагийн ахмад *******ын албан үүргээ биелүүлж тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцсэн, улмаар биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын  яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талын хүсэлтээр 1833000760066 дугаартай эрүүгийн хэргээс

 

Улсын яллагчийн хүсэлтээр:

1.Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 857 дугаартай шинжээчийн дүгнэлт/хх-ийн 22/,

2.Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Цагдаагийн Хэлтсийн 2018 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн жижүүрий бүрэлдэхүүн, эргүүл харуул томилолын баримт/хх-ийн 32/,

3.Гэрч Ц.Сод-Эрдэнийн мэдүүлэг/хх-ийн 34-35/,

4.Гэрч Б.Ган-Оргилийн мэдүүлэг/хх-ийн 39/,

5.Гэрч Х.Мөнх-Очирын мэдүүлэг /хх-ийн 49/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шүүгдэгч болон хохирогчийн зүгээс нотлох баримт шинжлэн судлуулах хүсэлт гаргаагүй болно.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь уг хэрэгт хамааралтай ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч ******* нь 2018 оны 08 дугаар сарын 13-ны шөнө 03 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 1 дүгээр багийн нутагт байрлах 20 дугаар байрны урд тус сумын цагдаагийн хэлтсийн жижүүрийн офицер, цагдаагийн ахмад *******ыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцэж, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн  болох нь:

Шүүхий хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч *******ын өгсөн “...2018 оны 08 дугаар сарын 13-ны шөнө би цагдаагийн албан  хаагчийн тавьсан шаардлагыг эсэргүүцсэн. Улмаар биед нь халдсан хэрэг үйлдсэн. ...Тухайн үед би согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Тэгээд өөрийн ухаангүй байсан. ...Тухайн үед Х.Мөнх-Очир, Б.Ган-Оргил, З.Ерөөлт, Т.Баярмөнх нар байсан. Надтай нийлээд 5-н /тав/ хүн байсан. Тухайн үед хамт байсан хүмүүс намайг цагдаагийн албан хаагчийг цохисон талаар хэлсэн. Харсан хүмүүс байсан.  Эхлээд З.Ерөөлт, Х.Мөнх-Очир, бид гурав байсан.  Хуучин шатсан орос дэлгүүрийн грашийн үүдэнд сууж байгаад архи уусан. Анх З.Ерөөлт, Х.Мөнх-Очир хоёрын нэг нь архи авчирсан байх.  З.Ерөөлт, Х.Мөнх-Очир бид гурав эхлээд 0,75 граммын 1 /нэг/ шил архи уусан. Архийг дуустал уусан. Тэгээд цаашаа юу болсон талаар санахгүй байгаа. Т.Баянмөнх, Б.Ган-Оргил нартай 20 дугаар байрны урд таарсан.  Цагдаагийн албан хаагчийг цохисон гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Хийсэн үйлдэлдээ маш их харамсаж байна.  Хохирогчийн шанаа хэсэгт цохисон.  Хохирогчтой  сүүлд нэг уулзсан. Хохирогч хохирол төлбөр гэж нэхэмжлээгүй. Би өөрийн зүгээс хохирогчоос уучлалт гуйсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би хийсэн хэрэгтэй гэмшиж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Намайг шүүхээс харгалзан үзнэ үү. Прокурорын өгч байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,

 

Хохирогч *******ын өгсөн “2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр би цагдаагийн хэлтсийн жижүүрийн офицериор томилгоотой байсан. Тэр өдөр, шөнийн 03 цаг өнгөрч байх үед дуудлага ирсэн. Эрүүлжүүлэх саатуулах байрны эмч дэслэгч Ц.Сод-Эрдэнэ байсан. Тухайн үед манай цагдаагийн албан хаагчид “Бумба”-ны баярын хамгаалалтад явсан байсан. Би дэслэгч Ц.Сод-Эрдэнийг дуудсан. Бид хоёр хамт дуудлагаар явсан. Дуудлагаар очиход З.Ерөөлт гэдэг залууг Т.Баярмөнх  ухаан алдуулаад дээрээс нь зодож байсан. Би “Чи болиоч гэж хэлсэн чинь май муу пизда минь лалрын цагдаа нар” гээд үгийн зөрүүгүй шууд хэл амаар доромжилж эхэлсэн. Ц.Сод-Эрдэнэ бид хоёр нөгөөдөхийг нь цаашаа  машин руу авч орох гэсэн чинь ар талаас нь Б.Ган-Оргил гэдэг залуу татаж аваад болиулсан. Би “Чи яагаад байгаа юм бэ бид нар ажлаа  хийж байна” гэж хэлтэл наадах чинь манай дүү байгаа юм гэж хэлснээ Т.Баярмөнхийг 2-3 удаа цохиж унагаасан. Тэгтэл Т.Баярмөнх буцаж Б.Ган-Оргил руу дайрсан. Тэгэхээр нь Т.Баярмөнхийг салгасан. Тэгтэл Т.Баярмөнх “Та нар муу пизда нар, цагдаатай нийлж намайг зодож байна уу” гэж хэлснээ цаашаа явчихсан. Т.Баярмөнх цаашаа явчихсан учир би “Наадахаа явуулчих эхлээд хоёулаа энэ хүмүүсийг авч явъя” гэж хэлсэн. Тэгээд нөгөө хүмүүсийг та нар юу ч байсан цагдаагийн хэлтэс рүү очиж учраа олох хэрэгтэй байна гэж хэлсэн. Тухайн үед бас нэг эмэгтэй хамт байсан. Тэр нь *******ын эхнэр байсан. Тэгээд машинд суучих гэж хэлтэл Б.Ган-Оргил, Х.Мөнх-Очир, ******* нар нь баян айлын ТҮЦ-тэй хүүхдэд хууль үйлчилдэггүй юм байна. Энэ муу цагдаа нарыг шаачихъя” гэж хэлснээ хувцсаа тайлаад Б.Ган-Оргил, Х.Мөнх-Очир хоёр шууд дайрсан. Хоёулаа эхлээд над руу дайрсан. Тэгтэл Ц.Сод-Эрдэнэ, Б.Ган-Оргилыг өөр рүүгээ татаж авсан. Ц.Сод-Эрдэнийг, Б.Ган-Оргил хоёр цохисон. Х.Мөнх-Очир намайг нэг бол мөргөчих гээд нэг бол цохичих гээд байсан. Би урдаас нь гарыг нь хаасан. Тэгтэл удаа ч үгүй Т.Баярмөнх аавтайгаа 3-4 хүнтэй хамт булан тойроод ороод ирсэн. Т.Баярмөнхийн аав /Л.Түвдэндорж/ яахаараа миний хүүхдийг зоддог юм. Муу цагдаа нарыг шууд шаа, алаач гэж хэлснээ, орилоод ороод ирсэн. Тэгээд би Түвдэнгийн /Л.Түвдэндорж/ урдаас очсон. Түвдэн /Л.Түвдэндорж/ намайг нэг цохисон. Тэгэхээр нь би Түвдэнг /Л.Түвдэндорж/ барьж байгаад “Би чиний хүүхдийг яагаачгүй шүү” хүн амьтан зодож янз бүр болж байхад нь болиулсан шүү” гэж хэлээд цааш эргэж хараад явж байтал хажуу талаас ******* орж ирээд шууд цохисон. Яагаад намайг цохисныг би ойлгоогүй. Уг нь *******  тухайн үед зодоонд оролцоод байгаагүй. Би ч гэсэн шаардлага тавьсан зүйл байхгүй. Шүүгдэгч *******ын хувьд цагдаагийн албан хаагчийн тавьсан шаардлагыг эсэргүүцсэн гэж үзэхгүй байна. Харин намайг цохисонд нь би гомдолтой байна. *******ыг би хүмүүсээс асууж, тодруулж үзсэн. Ер нь бол ******* хүнтэй сайхан харьцдаг. Сайн залуу гэж сонссон. Өнөөдөр ийм алдаа гаргаж, энд сууж байгаа явдалд харамсаж байна. Миний зүгээс *******ыг давхар зүйл ангиар хариуцлага тооцуулахыг хүсэхгүй байна. Надад гомдол санал байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй. Өөр нэмж хэлэх зүйл байхгүй. Намайг цохисон зүйл ангиар хуулийн хариуцлага хүлээлгэхийг хүсэж байна. Дахиж ийм алдаа битгий гаргаарай гэж цагдаагийн албан  хаагчийн зүгээс хэлмээр байна. Шүүгдэгч миний зүүн талын шанаа  руу цохисон. Зүүн талын шанаа хэсэг хавдаж хөхөрсөн. Миний зүүн нүд хэсэгт цус хурсан. Завжны дотор тал том язарсан. Одоо эдгэж байгаа. Гомдол санал байхгүй. Над дээр буруугаа хүлээгээд ирсэн. Гэхдээ таны бие яаж байна гэж асуугаагүй. Миний буруу уучлаарай ахаа сайн дүү чинь байна аа гэж л хэлсэн. Шүүгдэгчид одоо гомдол санал байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй. Үүнээс хойш өөрийн гэм бурууг ухамсарлаж ойлгохыг хүсэж байна.”  гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад:

 

Гэрч  Ц.Сод-Эрдэнийн өгсөн “2018 оны 08 дугаар сарын  13-ны шөнө 03 цагийн орчимд байсан тухайн өдөр цагдаагийн хэлтсийн саатуулах байранд үүрэг гүйцэтгэж байсан юм. Тэгсэн цагдаагийн хэлтсийн ерөнхий жижүүр ахмад ******* дуудлага ирсэн тул хамт дуудлаганд  явахаар болсон. Тэгээд Сэлэнгэ  аймгийн Сайхан сумын 2 дугаар багийн нутаг 20, 21, 22, 23 дугаар байрны голын саравчны тэнд хэдэн залуу хоорондоо маргалдаад байж байсан ба явж очиход нэг залуу нь газар хэвтчихсэн байсан. Тэгээд ******* за юу болсон бэ гээд асуусан чинь энэ хүнийг Баярмөнх цохисон гэсэн. Тэгэхээр нь Баярмөнх хаана байна яагаад цохисон гэтэл цаанаас Баярмөнх хүрээд ирсэн. ...Тэгээд тэнд байсан залуучуудыг машинд суу гэсэн чинь гэнэт Баярмөнхийг авч явж чадахгүй байж биднийг авч явах гэлээ гээд цагдаа нарыг алъя гээд хувцсаа тайлж шийдээд Мөнхбат ахмад бид хоёр луу цохих гээд бүгдээрээ дайрсан. Харин бид хоёр ухраад байсан чинь Цэрэннадмид гэдэг залуу нь цаагуураа тойрч гүйж ирээд яг миний нүдэн дээр Мөнхбат ахмадын шанаа хэсэг рүү цохиод авчихсан... ”гэх мэдүүлэг/хх-ийн 34-35/,

Гэрч Б.Ган-Эрдэнийн өгсөн“...Тэгсэнээ бид нарыг авч явна гэхээр нь би маргааш ажилтай та нар шууд аваачаад эрүүлжүүлэхэд хийчихнэ ш дээ явахгүй гээд байж байсан тэгсэн Цэрэннадмид хажуунаас Мөнхбат ахмадтай юм ярьж байснаа гэнэт шанаадад авчихсан юм. Тэрнээс өөр цагдаагийн алба хаагчийн биед халдсан хүн бол байхгүй. Би сайн анзаараагүй гэнэт л шанаадад авах шиг болсон тэгсэн цагдаа нь ч гэсэн намайг шанаадчихлаа гэж байсан. Би наана нь Сод-Эрдэнэ гэдэг цагдаатай юм ярьж байсан юм. Гартаа ямар нэгэн юм бариагүй байсан болохоор гараараа л цохисон байх...” гэх мэдүүлэг/хх-ийн 40-41/,

Гэрч Х.Мөнх-Очирын өгсөн “...Ямар ч байсан цагдаа нар ирсэн юм тэгээд Баярмөнхтэй хэрэлдээд зогсож байсан чинь Цэрэннадмид гэнэт цагдаагийн хажуунаас шанаан тус газар нь цохиод авчихсан юм. Намайг харж байхад гараараа нэг удаа л цохиод авах шиг болсон...” гэх мэдүүлэг/хх-ийн 49/,

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 857 дугаартай шинжээчийн дүгнэлтийн “*******ын биед тархи доргилт, доод эрүүний зүүн тал, баруун чамархайн хуйхан дах зөөлөн эдийн няцрал тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Уг гэмтэл нь ГЗТЖ-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. 4.*******ын биед учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.“ гэх хэсэг /хх-22/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Цагдаагийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн  4.1-д” Цагдаагийн алба нь гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргийг хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлэх төрийн тусгай алба мөн” гэж заасан байна. Хохирогч ******* нь Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Цагдаагийн хэлтэст цагдаагийн албаны чиг үүргийг хэрэгжүүлж ажилладаг төрийн тусгай албан хаагч бөгөөд Сайхан сумын цагдаагийн хэлтсийн  хошууч М.Гантөмөрийн баталсан 2018 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн жижүүрийн бүрэлдэхүүнд, эргүүл харуулын томилолтын хуваарийн/хх-32/ дагуу  албан үүргээ гүйцэтгэж байсан байна.

Хохирогч ******* нь 2018 оны 08 дугаар сарын 13-ны шөнийн 03 цагийн үед 21-р дүгээр байрны гадаа хүмүүс зодолдоод байна гэх дуудлагын дагуу /хх-10/ очиж цагдаагийн ажилтны хуулиар олгосон албан үүргээ гүйцэтгэж байхад нь шүүгдэгч ******* хүч хэрэглэн эсэргүүцэж  шанаан тус газар цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан байна. Иймд Прокуророос шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-т заасан “Хууль сахиулагчийн албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн, энэ хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн гэм буруутай гэж яллаж байгаа нь хууль зүйн үндэслэлтэй байна үзлээ.

Иргэний нэхэмжлэлийн талаар:

 

Хохирогч ******* шүүх хуралдаанд өгсөн “Шүүгдэгчид одоо гомдол санал байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлгийг дүгнээд шүүгдэгч нь хохирогчид төлөх хохирол төлбөргүй байна гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч ******* нь “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах”, “Хууль сахиулагчийн албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн” гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай 23.1 дүгээр зүйлийн 1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргүүдийн ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага түүнд хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 63/-р тогтоогдож байна.

 

Шүүгдэгч *******ад эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэргүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1-д зааснаар хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хэрэг бөгөөд эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт нь 1 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэх, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт нь 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх  саналыг шүүгдэгч ******* нь хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд прокурортой тохиролцон гарын үсэг зурсан болох нь /хх-ийн 75/-д авагдсан баримтаар тогтоогдож байна.  

 

Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд багтах бөгөөд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөргүй гэж байгаа тул Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар прокуророос сонгож байгаа Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар  оногдуулсан 1 жил 06 сарын хорих ялыг хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгож шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2-т “Хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол дор дурдсанаар хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж заасны дагуу шүүгдэгч *******ад оногдуулсан хөнгөн ял болох торгох ялыг  хүнд ял болох хорих ялд нэгтгэлгүй тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэсэн  болно.

 

Шүүгдэгч *******ын ажил хөдөлмөр эрхэлдэггүй тогтмол орлогогүй байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 03/гурван сар/-н хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоолоо.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5-д зааснаар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус шүүгдэгч *******ад мэдэгдэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдвал зохино.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Боржигин овогт ******* РД/УХ-/-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн  23.1 дүгээр зүйлийн 1-т заасан “Хууль сахиулагчийн албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тус тус тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар 1 жил /нэг жил/, 06/зургаан/ сарын хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн  1-т зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000/таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар тус тус  шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч *******ад шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 03/гурван сар/-н  хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг, Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 5-д зааснаар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг тус тус  шүүгдэгч *******ад мэдэгдсүгэй.

5.Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч *******ад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд үүнээс хойш 15 хоногийн дотор бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нарт тус гардуулсугай.

7.Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.  

8.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаагаар  хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

              ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                            А.НАРАНТУЯА