Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2023/00553

 

 

 

“М” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Г.Даваадорж, шүүгч Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

           

* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 182/ШШ2023/00144 дугаар шийдвэртэй,

“М” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

“М” ХХК болон итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд А.Лхагвыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Төгсбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хүсэлт гаргагчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: М ХХК ньМ ХХК-тай зар сурталчилгааны гэрээг 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаагаар байгуулж, гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж хугацааг нэг жилээр сунгасан. Талууд 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр тооцоо нийлж зар сурталчилгааны төлбөрт 26,455,000 төгрөгийн үлдэгдэлтэйг тогтоосон.

М ХХК нь 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 1/126 тоот албан бичгээр төлбөрийг шаардсан бөгөөд хариуцагч 6,000,000 төгрөгийг төлж үлдэх 15,455,000 төгрөгийг төлөөгүй. “М ХХК-д холбогдуулан Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хариуцагчийн хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Энэ хугацаанд М ХХК-ийн захирал А.Лтай холбогдоход удахгүй төлнө гэж хойшлуулсаар одоо утсаа авахаа больсон тул хариуцагч М ХХК болон гүйцэтгэх захирал А.Л нарыг эрэн сурвалжлах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

 

2. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох “М” ХХК /РД:5261201/, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд А.Лаг тус тус эрэн сурвалжлахыг хүссэн “М” ХХК-ийн хүсэлт /нэхэмжлэл/-ийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

3. Хүсэлт гаргагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: “М” ХХК нь 2018 онд “М” ХХК-тай байгуулсан зар сурталчилгааны гэрээний төлбөр 15,455,000 төгрөг гаргуулахаар Баянгол дүүргийн Иргэний харгийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан ба хариуцагчийн хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон тул “М” ХХК-ийг эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэл гаргасан. Хурал зарлагдсан өдөр шүүх дээр очиход шүүгчийн туслах нь “нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэх хүсэлт өгчих, хуралдаа ороод хэрэггүй, шийдвэр нь гарахаар хэлнэ” гэсэн ба дараа нь шүүхээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тухай дуулгасан. Үндэслэл нь нэхэмжлэлдээ “М” ХХК-ийн * дүүрэг дэх хаягийг бичсэн байна, энэ хаягаар нэхэмжлэл гаргасан эсэх нь тодорхойгүй байна гэсэн. Тэр хаягийг цагдаагийн байгууллага шалгахад ашиглаж болох юм гэж мэдээллийн чанартай тусгасан байсныг шүүх буруугаар ойлгосон байсан. Хэрэв хаяг нь тодорхой байсан бол бид эрэн сурвалжлах нэхэмжлэл гаргаж цаг алдахгүй. Иймд албан ёсоор хариуцагчийн оршин суугаа газрыг тогтоолгох зайлшгүй шаардлагатай байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчилж, хариуцагчийг эрэн сурвалжлуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийн хүрээнд хэргийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

 

2. “М” ХХК нь “М” ХХК, тус компанийг итгэмжлэлгүй төлөөлөх эрхтэй А.Л нарыг эрэн сурвалжлуулах хүсэлтийг 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр шүүхэд гаргасныг анхан шатны шүүх хүлээн авч 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэжээ.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцох зохих этгээд гэж тодорхойлсон, шүүхийн журмаар эрэн сурвалжлуулахыг хүсч буй этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлсон, түүний оршин суугаа газрыг өөрөө олж тогтоох боломжгүй тухай тайлбар, боломжтой бол баримтаа шүүхэд гаргасан байх шаардлагатай.

Хүсэлт гаргагч “М” ХХК нь “М” ХХК болон тус компанийн гүйцэтгэх удирдлага гэх А.Лыг эрэн сурвалжлуулахаар шүүхэд гаргасан хүсэлтдээ, “М” ХХК-тай байгуулсан гэрээний үүргийг шаардахтай холбоотойгоор түүний оршин байгаа газрыг олж тогтоолгохоор эрэн сурвалжуулах хүсэлт гаргасан тухай тайлбарлажээ. Гэвч “М" ХХК-тай байгуулсан гэх гэрээ, төлбөрийн баримт, бусад шаардлагатай баримтыг шүүхэд гаргаж, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болохыг нотлоогүй байна.

Хэрэгт Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 587 дугаар захирамж нотлох баримтаар авагдсан боловч “М” ХХК, тус компанийг итгэмжлэлгүй төлөөлөх эрх бүхий этгээд гэх А.Л нар нь хүсэлт гаргагчийн нэхэмжлэлд дурдагдсан 15,455,000 төгрөгийг хариуцвал зохих буюу иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэх үндэслэлийг тодорхойлохгүй.

Мөн “М” ХХК-ийн гүйцэтгэх удирдлага гэх А.Лын оршин суух хаяг тодорхойгүй гэж үзэх баримт хэрэгт авагдаагүй байна.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 134 дүгээр зүйлд зааснаар онцгой ажиллагааны журмаар хэргийг хянан шийдвэрлэхэд талуудын зарчим үйлчлэхгүй тул шүүх хүсэлт гаргагчаас хүсэлтийн үндэслэлийг нь тодруулах болон хэрэгт ач холбогдол бүхий үйл явдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлт, өөрийн санаачилгаар бүрдүүлэх эрхтэй.

 

 Шүүх дээрх байдлыг тодруулаагүй, нотлох баримт бүрдүүлэх ажиллагааг явуулаагүй нь буруу болжээ.

 

5. Иймд хүсэлт гаргагч “М” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлийг тодруулах шаардлагатай, уг алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсэгт заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. * дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 182/ШШ2023/00144 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

      2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Д.ЗОЛЗАЯА

 

                                               ШҮҮГЧИД                          Г.ДАВААДОРЖ

 

                                                                                          Э.ЭНЭБИШ