Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 91

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн  шүүгч Г.Сарантуяа даргалж,

     нарийн бичгийн дарга С.Цэнд-Аюуш,

     улсын яллагч Н.Бадам,

     шүүгдэгчийн өмгөөлөгч П.Буманзаяа,

     шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Боржигон овогт *******ид  холбогдох 1833001010076 тоот эрүүгийн хэргийг 2018 оны 11-р сарын 28-ний өдөр хүлээн авч  шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 0000 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Говь-Алтай аймгийн Дарви суманд төрсөн, эрэгтэй, 44 настай, бүрэн бус дунд боловсролтой, замчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Шар-Ус 1 дүгээр баг Рашаант тосгон Хонхор хороололын 02-13 тоотод оршин суудаг, 2000 оны 05 дугаар сарын 29 ны өдөр Сэлэнгэ аймгийн Сум дундын шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.2 дахь хэсэгт зааснаар 06 сар баривчлах ял шийтгүүлж 2000 оны 11 дүгээр сарын 02 ны өдөр хугацаа дуусч суллагдсан гэх  Боржигон овгийн *******, /РД:ТГ-/

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч  ******* нь 2018 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Шар-ус 1 дүгээр багийн нутагт Рашаант тосгоны Хонхор хороолол 02-13 тоотод иргэн *******ий цээжинд хутгалж биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. / Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/                                                                                                

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч  ******* нь 2018 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Шар-ус 1 дүгээр багийн нутагт Рашаант тосгоны Хонхор хороолол 02-13 тоотод иргэн *******ий цээжинд хутгалсан үйл баримт нь

 1. Хохирогч *******ийн

2018 оны 09 дүгээр сарын 22-ны өглөө 10-11 цагийн орчим төмөр замын дэлгүүрээс 2 ширхэг 0,75 граммын Хараа архи, нэг Боргио пиво авчихаад багын найз Цэрэндаш руу утсаар залгаж хаана байна гэсэн чинь гэртээ байна. Хүрээд  ир гэхээр нь Цэрэндашынх руу яваад очсон чинь ганцаараа байшингийнхаа цоожийг янзалж дуусгачихаад байшингынх нь баруун талын тулээн дээр авсан архиа задлаад ууж сууж байгаад би тасарчихсан байсан. Нэг мэдсэн чинь би гэртээ дээгүүрээ нүцгэн орон дээрээ хэвтэж байсан. Тэгээд ч удаагүй эхнэр хаалга түжигнүүлэх чимээгээр нь би сэрээд сэрүүн хэвтэж байсан чинь эхнэр орж ирээд “хүүе чи наад цээж гэдсээр чинь юун цус нөж болчихсон юм” гэхээр нь бие рүүгээ харсан чинь цус гоожоод хатчихсан байсан. Тэгээд сайн хартал цээжний зүүн талд 2-3 см нарийхан зураасан шарх байх шиг байхаар нь тоогоогүй орхисон. Нэг их өвдөхгүй байхаар нь зүгээр гэж хэлээд эхнэрээрээ цэвэрлүүлээд унтаад өгсөн гэсэн  мэдүүлэг /хх-ийн 16-18-р хуудас/

 2. Гэрч Н.Мөнх-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:

2018 оны 09 дүгээр сарын 23-ны өглөө эрт өвсөнд явчихаад 15 цагийн үед гэртээ орж ирсэн чинь манай хадам ээж Сүхбаатар “Цэрэндаш 2 цамц авчирлаа” гэхээр нь харсан чинь Бат-Эрдэнийн хоёр хөх цамц нь цусны толбо болчихсон дотор нимгэн хар хөх цамц нь зүрхэн талдаа зүсэгдсэн байхаар нь гайхаад Цэрэндашийнх руу яваад очсон чинь гэр нь хүнгүй байсан. Тэгэхээр нь гэрийнх нь хашаанд ямар нэг юм байна уу гээд шалгасан чинь байшингийн баруун талд хураалттай шопол моднуудын завсар Бат-Эрдэнийн өмсөж явсан цагаан подволк, шаргал өнгийн малгай байхаар нь олж аваад харсан чинь цусны толбо болчихсон, зүрхэн талдаа зүсэгдчихсэн байхаар бүгдийг нь уутанд хийгээд эмч Алгаа дээр очоод их хэмжээний цус алдсан байх шиг байна. Зүгээр байгаа гэсэн чинь наадах чинь зүгээр биш шүү Бат-Эрдэнийг олж ир гэсэн мэдүүлэг /хх-ийн 4-5-р хуудас/

3. Гэрч Л.Сүхбаатарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:

...Би 2018 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хүргэн Бат-Эрдэнийн хашаанд зэрлэг зулгааж байсан чинь Цэрэндаш гэрлүү нь ороод гарах шиг болохоор нь Бат-Эрдэнийх рүү орсон чинь том өрөөнийх нь ханан пийшингийн хажууд хар хөх цамц, бас нэг цамц оруулаад газар тавиад гарсан байсан. Тухайн үед хар хөх цамц нь юу ч мэдэгдээгүй, нөгөө цамц нь нэлэнхүйдээ цустай байсан. Тэгээд охин Мөнх-Эрдэнийг ирэхээр нь харуулсан чинь тэр 2 цамцыг аваад гараад явсан гэсэн  мэдүүлэг /хх-ийн 6-7-р хуудас/

4. Гэрч Ж.Чойхүүгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:

... Мөнх-Эрдэнэ гэрээсээ ирэхдээ хөх тортой хувцас барьчихсан” эгчээ энийг хар даа, ийм болчихсон байна” гэж хэлээд пудволк, цамц гаргаж ирээд үзүүлсэн. Тухайн үед цагаан өнгийн 2 пудволк, хар хөх цамцнуудыг гаргаж ирээд харуулахад нэлэнхүйдээ цус болчихсон байсан. Миний харснаар хар хөх цамцных нь энгэр дээр нэг цоорхой байсан. Xарин цагаан пудволкнууд нь битүү цус болчихсон дэлгээд үзүүлэх гэхээр нь хурдан үзүүлэхгүй бол болохгүй шүү их цус алдсан байна явж үзүүл гэсэн чинь за гээд гараад явсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 10-р хуудас/

5.Шүүгдэгч  *******ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

..2018 оны 09 сарын 22-ны өдөр хашаандаа мод хагалаад сууж байтал Бат-Эрдэнэ над руу утасдаад гэртээ байна уу гэхээр нь байна гэхэд одоо очлоо гээд ирэхдээ хоёр шил архи авчирсан. Бид хоёр тэр архиа уугаад хүүхэд байх үедээ сагс воллейбол тоглож байснаа ярилцаж манай анги хождог байсан гэх зүйлүүдээ ярьж маргалдсан. Тэгээд бид хоёр маргалдахаа болиод нөгөө архиа уугаад байж байгаад дахиж маргалдаад би зузаан ремен зүсэх гээд хутга бэлдээд тавьсан байснаараа цээжин тус газар нь хатгасан. Би өөрөө тэрийгээ санахгүй байгаа. Хоёулханаа байсан болохоор би л хутгалсан байх. Хохирол төлбөрт 1.100.000 төгрөг өгсөн гэсэн  мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

Иргэн *******ийн биед учирсан хөнгөн гэмтэл нь шүүгдэгч *******ийн хохирогчийн цээжинд хутгалсан үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой болох нь  

Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 1010 дугаартай

....*******ийн биед цээжний хэсгийн хатгагдсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул хөнгөн зэрэгт хамаарна гэсэн  дүгнэлтээр тогтоогдсон байна. /хх-ийн 13-р хуудас/

Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, эрх чөлөөнд гэм буруугийн шууд санаатай үйлдлээр халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл юм.

Прокуророос шүүгдэгч *******ийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэн хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн нь хуулийн шаардлагад нийцсэн байна.

Иймд шүүхээс шүүгдэгч *******ийг бусдын биед хөнгөн хохирол  учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч ******* нь хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч  байгаа болно.

Хохирогч гэмт хэргийн улмаас учирсан хохирлын 93150 төгрөгийн нотлох баримт бүрдүүлж, 1.100.000 төгрөгийн нэхэмжлэл гаргажээ. /х.х-ийн 19-рт/

Шүүгдэгч  гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 1.100.000  төгрөг төлсөн нь Хаан банкны орлогын мэдүүлэг, хохирогч *******ийн “*******э би Цэрэндаш гэдэг хүнд цохиулсан нь үнэн. Хохирлоо бүрэн барагдуулсан тул гомдол санал байхгүй гэсэн мэдүүлэг” зэрэг нотлох баримтаар тогтоогдож байгаа тул хохирол нөхөн төлсөн гэж үзсэн болно./х.х-ийн 34-35-рт/

Эрүүгийн хариуцлагын талаар :

*******  хүний биед хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай тул Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Прокурор шүүгдэгч *******ид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаархи саналыг шүүгдэгчид танилцуулж, гарын үсэг зуруулсан нь  хуульд нийцэж байна.

Иймд прокурорын саналыг харгалзан шүүгдэгч *******ид Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар  500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэлээ.

Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар *******ийн цалин хөлсгүй байдал, орлого олох боломжийг харгалзан торгуулийн 500.000 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 06 сарын дотор хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоосон болно.  

*******ид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдснийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзсэн ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч ******* 2000 оны 05 дугаар сарын 29-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сум дундын шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.2 дахь хэсэгт зааснаар 06 сарын хугацаагаар баривчлах ял шийтгүүлж 2000 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хугацаа дуусч суллагдсан ба ялгүй болсон байна.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 17.6см ажлын хэсэгтэй хар бор өнгийн иштэй 31см урттай хутгыг устгаж, шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Хохирогч шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргаагүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.

 Шүүгдэгч өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцох хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх шүүгдэгчийг өөрөө өөрийгөө өмгөөлөх эрхийг хангасан болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн  5, 7, 8, 9, 36.2 дугаар зүйлийн 4,  36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Боржигон овогт *******ийг хүний биед хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 / таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт  зааснаар *******  торгуулийн 500.000 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш  06 сарын дотор хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн  5 дахь хэсэгт  зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлэхгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг *******ид  мэдэгдсүгэй.

5.Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй,бусдад төлөх төлбөргүй,  битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шүүгдэгч ******* хохирогч *******эд 1.100.000 төгрөг төлсөн болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 17.6см ажлын хэсэгтэй хар бор өнгийн иштэй 31см урттай хутгыг устгасугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт  зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийг бичгээр үйлдэж, улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нарт гардуулсугай.

 11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч  тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч шүүхийн шийлвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэрүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Г.САРАНТУЯА