| Шүүх | Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Зундуйн Энхтуяа |
| Хэргийн индекс | 114/2016/0102/З |
| Дугаар | 11 |
| Огноо | 2017-02-09 |
| Маргааны төрөл | Газар, |
Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 02 сарын 09 өдөр
Дугаар 11
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 114/2016/0102/З
Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Энхтуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэгийг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч “Мөнх зол улам дэлгэр” ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдох
Нэхэмжлэлийн “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/441 дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” захирамжийн “Мөнх зол улам дэлгэр” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Номин-Эрдэнэ,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Чулуунцэцэг, Д.Элдэвсайхан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Мөнх зол урам дэлгэр” ХХК-ний захирал Э:Мөнх-Оргил шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ:- Дархан-Уул аймгийн Засаг дарга А.Энхболдын 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн А/237 дугаар захирамжаар “Мөнх зол улам дэлгэр” ХХК-д аймгийн Халамжийн хэлтсийн урд 260 м.кв газрыг авто засвар үйлчилгээ эрхлэх зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн. Үүний дагуу би тусгай зөвшөөрөлтэй компаниар 2.500.000 төгрөг төлж зураг төсөл хийлгэж, тухайн газрын хашаанд 13 сая төгрөгийг одоогийн байдлаар зарцуулсан байна. Гэтэл 2016 оны орон нутгийн сонгуулиар Засаг дарга солигдож С.Насанбат аймгийн Засаг дарга болсныхоо дараа 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/441 дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай захирамж гаргасан ба тус захирамжийн хавсралтад “Мөнх зол улам дэлгэр” ХХК-ний нэр бичигдсэн байна. Аймгийн Засаг дарга С.Насанбат нь өмнөх Засаг даргынхаа захирамжийг дур зоргоороо аашлан хууль бусаар үндэслэлгүй хүчингүй болгож, Үндсэн хууль, Газрын тухай хууль болон Захиргааны ерөнхий хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхолыг ноцтой зөрчиж байна.Аймгийн Засаг даргын газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгохдоо ямар үндэслэлээр хүчингүй болгож байгаа нь тодорхойгүй. Мөн ажлын хэсгийн дүгнэлтээс ч манай компанитай холбоотой асуудалд ямар зөрчил гарсан тухай тодорхой дурьдаагүй.Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 32 тоот иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор баталсан ба төлөвлөгөөнд тусгагдсан газарт газар эзэмших эрх олгож эзэмшүүлсэн, газар нь бусад эзэмшигчийн газартай давхцаагүй байдаг. Тус компани нь газрын хувийн хэргийн үнэ, гэрчилгээний үнийг төлсөн, газар дээрээ авто засварын үйлчилгээний зориулалтаар зургаа хийлгэсэн боловч газар эзэмших эрх хүчингүй болсноор зургийн ажил дуусаагүй, хашаа, гэрэлтүүлэг хийлгэхээр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж 8760000 төгрөгийг шилжүүлсэн байна.
Мөн Засаг дарга шийдвэр гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан шийдвэр хуульд үндэслэгдсэн байх, 4.2.3-д заасан шийдвэр нь ил тод, нээлттэй байх, 4.2.5-д заасан шийдвэр үндэслэл бүхий байх, 4.2.6-д заасан шийдвэр гаргахаас өмнө эрх зөрчигдөх этгээдэд урьдчилан мэдэгдэх гэсэн тусгай зарчмуудыг зөрчсөн.Тодруулбал захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах үйл ажиллагаандаа оролцогчийн эрхийг зөрчсөн, Захиргааны ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасан захиргааны акт гаргахдаа хуулийн 13 дугаар зүйлийн 13.1,14 дүгээр зүйлийн 14.1, 15 дугаар зүйлийн 15.1-д заасан оролцогчийн эрхийг зөрчсөн байнаа. Мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар эрх ашиг нь хөндөгдөж байгаа этгээдийг сонсгох, нотлох баримт гаргаж өгөх, тайлбар гаргах эрхийг олгоогүй, хуулийн 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагаа явуулаагүй зэрэг хуульд заасан журмыг хэрэгжүүлээгүй байна. Мөн хуулийн 15 дугаар зүйлд оролцогчийн эрхийг заасан байгаа. Энэ эрхүүдийг ямар ч байдлаар эрхээ эдлэх боломжоор хангаагүй. Захирамж гаргахдаа 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдөр ажлын хэсэг томилох тухай захирамж гарч уг захирамжийн дагуу газар дээр болон газар эзэмших эрхийн гэрчилгээтэй холбогдуулаад шалгалт хийж захиргааны шийдвэр гаргах ажиллагаа эхэлсэн. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3, 24.4-т тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно гэж заасан. Оролцуулаагүйгээс энэ оролцогч нь өөрийн эрх ашгийг хамгаалах талаар ямар нэгэн байр сууриа илэрхийлээгүй түүнтэй холбогдуулаад нотлох баримтыг гаргаж өгөх эрхийг хангаагүй. Иймээс нотлох баримт цуглуулах тухай 25 дугаар зүйлийн 25.1-д заасан сонсох, тайлбар гаргуулах, 25.1.2-т заасан эрх ноцтой зөрчигдсөн. Мөн хуулийн 26 дугаар зүйлд заасан захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын тулд хууль эрх ашиг нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдолгүй нөхцөл байдлын талаар тайлбар санал гаргах боломж олгоогүй гэж сонсох ажиллагааг Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-д заасан мэдэгдлийг шууд хүргүүлэх үүргээ биелүүлээгүй учраас сонсох ажиллагаа огт явагдаагүй. Мөн хуулийн 27.2, 27.3 27.5, 27.6-д зааснаар үйл ажиллагааг баримтжуулаагүй. Хэрвээ сонсох ажиллагаа хийгээгүй тохиолдолд хийхгүй байх боломжийг заасан байгаа. 28.2-т зааснаар сонсох үйл ажиллагаа хийгээгүй гэдгээ захиргааны байгууллага нотлох үүрэгтэй. Энэ талаар ямар нэгэн нотлох баримтыг харицагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар гаргаж ирүүлээгүй байгаа гэдгийг шүүх анхаарч үзнэ үү. Сонсох ажиллагаа хийгээгүй оролцуулаагүйгээс болоод оролцогч баримт бичигтэй танилцах үүрэгтэй 32 дугаар зүйлд заасан эрх ноцтой зөрчигдсөн гэж үзэж шүүх нэхэмжлэлийн шаардлагагыг хангаж, Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/441 дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай захирамжийн “Мөнх зол улам дэлгэр” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргаас шүүхэд ирүүлсэн болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Чулуунцэцэг, Д.Элдэвсайхан нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:- “Мөнх зол улам дэлгэрэх” ХХК нь хууль бусаар газар эзэмшсэн нь Нэгдүгээрт: Энэ компани газар эзэмших хүсэлтээ ирүүлэхдээ Газрын харилцаа геодиз зураг зүйн газрын даргын 2008 оны 83 дугаар тушаалаар батлагдсан газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журмын дагуу хүсэлтээ ирүүлээгүй. Энэ журмаар иргэн аж ахуй нэгж хүсэлтээ ирүүлээд тэр хүсэлтийнх нь дагуу Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын мэргэжилтэн өргөдлийнх нь дагуу суурин судалгаа, хээрийн судалгаа хийгээд энэ хүний газрыг олгох эрхтэй аймгийн Засаг дарга ч байдаг юм уу, сумын Засаг дарга ч байдаг юм уу төсөл өргөн барьж газрын асуудал шийдэгдэх ёстой байсан. Газар эзэмшүүлсэн захирамж нь 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр гарсан. Хүсэлтээ ирүүлэхдээ 07 дугаар сарын 07-нд буюу захирамж гарсны дараа манайд өргөдлөө ирүүлсэн.
Хоёрдугаарт: Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т заасан заалтыг хангасан гэж үзэж байгаа боловч тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө иргэдийн Хурлын 32 дугаар тогтоолд 260 м.кв газрыг иргэн аж ахуй нэгжид 5 дугаар баг дээр байршил нь энэ гэсэн тодорхой нэгж талбарт тусгаагүй учраас газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд туссан тусаагүй нь тодорхой бус юм. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т хэрвээ газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд туссан бол дуудлага худалдаа төсөл сонгон шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ гэсний дагуу явуулах ёстой. “Мөнх зол улам дэлгэрэх” ХХК шууд захирамж нь гараад газар эзэмшүүлсэн. Дуудлага худалдааг ямар үед зохион байгуулдаг гэхээр үйлдвэр үйлчилгээний зориулалтаар явуулдаг. Төсөл сонгон шалгаруулалтаар явуулах газрыг тодорхой заасан байдаг. “Мөнх зол улам дэлгэрэх” ХХК авто засвар авто үйлчилгээний зориулалттай газар эзэмшиж байгаа учраас дуудлага худалдаагаар эзэмших ёстой байсан. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2-т Төвийн инженерийн шугам сүлжээний газарт аймгийн Засаг дарга газар олгохоор бол сумын сумын Засаг даргын саналыг авдаг. Энэ процесс хийгдээгүй сумын Засаг даргын саналыг аваагүй шууд эзэмшүүлсэн. Аймгийн Засаг даргын А/327 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг Газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт 2015 оны 08 дугаар сараас хойш өмнөх Засаг даргын газар олгосон шийдвэрүүдийг хуульд нийцсэн эсэх талаар хяналт шалгалт явуулсан. Энэ дүгнэлтээр Газрын тухай хууль болон бусад хууль тогтоомжийг зөрчиж газар эзэмшсэн иргэн аж ахуй нэгжийг тодорхойлж гаргаж ирсэн. Энэ судалгаанд “Мөнх зол улам дэлгэрэх” ХХК орж байгаа. Ажлын хэсгийн дүгнэлтийг аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар оруулаад газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ хүчингүй болгох хурлын тэмдэглэл байгаа. Үүний дагуу газар эзэмших гэрээ гэрчилгээ хууль бусаар эзэмшсэн иргэн аж ахуй нэгжүүдийн газрыг хүчингүй болгосон байгаа. Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлд заасны дагуу захиргааны актыг 20 буюу түүнээс дээш байгаа тохиолдолд мэдээллийн хэрэгслээр мэдээллэнэ гэсний дагуу 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Хууль зүйн хэлтсийн дарга Л.Алтанчимэг, 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр аймгийн Засаг дарга С.Насанбат, 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын дарга, мэргэжилтэнгүүд, 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын газрын удирдлага хэлтсийн дарга нар 4 удаа хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлсэн. Үүний дагуу телевизерээр давталт маш их явагдсан. 10 удаа явагдсан. 10 удаа мэдээллийн хэрэгсэл, манай цахим хуудсаар, мэдээллийн самбар дээр нээлттэйгээр нийтэд хүртээсэн. Нэхэмжлэгч талаас гэрээ гэрчилгээ авсан гэж ярьж байна. 5 дугаар багийг би өөрөө хариуцдаг. “Мөнх зол улам дэлгэрэх” ХХК хувьд сонсгох арга хэмжээ аваагүй гэж байна. Газрын тухай хуульд газар эзэмшүүлэх захирамж гарсан этгээд 90 хоногийн дотор байгаль орчны үнэлгээ хийлгээд Газрын харилцаа барилга хот байгуулалтын газартай гэрээ хийдэг. “Мөнх зол улам дэлгэрэх” ХХК гэрээ хийхээр удаа дараа маш олон удаа ирж байсан. Тэр болгонд нь би Газрын тухай хууль зөрчөөд дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтгүйгээр газар эзэмших шийдвэр гарсан байна, тийм учраас таньтай гэрээ хийх боломжгүй гэж өөрт нь удаа дараа хэлж байсан. Зөндөө над руу утсаар ярьж байсан. Тухайн үед Газрын дарга байсан Сүхбаатар дээр дагуулж ороод би хууль бус шийдвэрийг дэмжихгүй гэрээ хийх боломжгүй гэж хэлж байсан. Одоо хүртэл энэ компани гэрээ гэрчилгээ аваагүй байгаа. Гэрээ гэрчилгээ хийх хугацаа нь хүртэл дууссан. Гэрээ хийх боломжгүйг хангалттай мэдэгдсэн. Хавтас хэрэгт өргөдөл нь байгаа өргөдөл дээр нь тодорхой бичсэн байгаа. “Мөнх зол улам дэлгэрэх” ХХК гэрээ гэрчилгээ хийгээгүй учраас нэгж талбарийн хувийн хэрэг үүсээгүй. Бичиг хэрэг дээр хүсэлт нь ирсэн. Хүсэлтийнх нь доот талд гэрээ хийх боломжгүй удаа дараа мэдэгдсэн гэж гарын үсгээ зураад захиралд нь үзүүлээд нарийн бичигт өгсөн байгаа. “Мөнх зол улам дэлгэрэх” ХХК надад мэдэгдээгүй, би сонсоогүй гэсэн шалтаг шалтгаан байхгүй. Газар эзэмших эрхийн гэрчилгээгүй хүн бусад байгууллагатай ажил гүйцэтгэх гэрээ хийгдэх боломжгүй. Энэ гэрээ яаж хийгдсэнийг сайн мэдэхгүй байна. Захиргааны ерөнхий хуулийн дагуу оролцогчийн эрхийг зөрчиж мэдэгдээгүй гэсэн дээр өргөдлийнх нь дагуу өөрт нь мэдэгдээд энэ бол хууль бус шийдвэр хүчингүй болно гэдгийг өөрт нь маш сайн хэлсэн гэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл дээр байгаа зураг төсөл болон хашаажуулах ажилд 13 сая төгрөг зарцуулсан гэж байна. Газрын гэрчилгээ олгогдоогүй байгаа. Газрын гэрчилгээ олгосоны дараа заавал зураг төслөө Газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас архитектур төлөвлөлтийн даалгавар авч, техникийн бичиг баримт авах ёстой. Тэрнийхээ дагуу зураг төсөл зохиолгодог. Тэрнээс биш газар дээрээ дураараа ямар нэгэн барилга барих боломжгүй. Энэ маань барилгын зураг төсөл зөвшилцөх, батлах журамд заагдсан байдаг. Хашаа барьсан гэж тэмдэглэгдсэн байсан. Барилгын ажил эхлэх зөвшөөрлийг Газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас авсны дараагаар хашаа барих эрх зүйн үндэслэл бүрддэг, зөвшөөрөл авч байж эхлүүлэх ёстой. “Мөнх зол улам дэлгэрэх” ХХК хашааг хийж гүйцэтгэсэн гэжээ. Хашаа хийгдсэн ч гэсэн тухайн газар дээрээ угсралтын ажил хийх боломжгүй байсан. Байршлын зураг дээр зөвшөөрөгдсөн гэсэн хэсэг дээр Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ зөвшөөрөөгүй байгаа. Яагаад гэвэл тухайн байршил дээр Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээний харъяалалтай хэрэглэгчийн кабель шугам дайрсан байгаа. Тийм учраас Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ маань өөрсдийн кабель шугамтай хэсэг дээр газар эзэмших олгох зөвшөөрлийг өгөөгүй байна.
Манайхаас ирүүлсэн тайлбар дээр нэмэхэд мэргэжилтэнгүүдийн зүгээс Засаг даргын шийдвэрээс хууль бус газар олголтууд маш их хийгдэж байгаатай холбоотой өөрийнхөө дээд албан тушаалтанд өргөдөл гаргаж байсан. Дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтгүйгээр газар олголт хийгдэж байгаа үүн дээр гэрээ гэрчилгээ хийх боломжгүй Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1-д “харьяа дээд шатны албан тушаалтаны хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлнэ” гэсэн хуулийн дагуу “Мөнх зол улам дэлгэрэх” ХХК-ийн хууль бус үйл ажиллагаатай үл эвлэрээд гэрээ гэрчилгээг хийгээгүй. 5 дугаар баг дээр байгаа 260 метр квадрат газрыг “Мөнх зол улам дэлгэрэх” ХХК-ийн газар шүү гэдгийг нотлох, батлагаатай гэрээ гэрчилгээ одоог хүртэл үүсээгүй. Дээрх зөрчил дутагдал гарсан тул Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29.3-т “Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл сум, дүүргийн Засаг даргын захирамжийг аймаг, нийслэлийн Засаг дарга, аймаг, нийслэлийн Засаг даргын захирамжийг Ерөнхий сайд тус тус өөрчлөх буюу хүчингүй болгоно”, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-т “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэсэн хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд Дархан Уул аймгийн Засаг даргын 2016.07.05-ны өдрийн А/237 дугаар захирамжаар “Мөнх зол улам дэлгэр” ХХК-д газар олгосон гэрчилгээг хүчингүй болгосон аймгийн Засаг даргын 2016 оны А/441 дүгээр захирамж нь хууль зүйн үндэслэлтэй тул хэвээр үлдээж “Мөнх зол улам дэлгэр” ХХК-ийн нэхэмжлэлийг хүчингүй болгож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтуудыг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгож шийдвэрлэлээ. Үүнд:
1.Нэхэмжлэлийн “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/441 дүгээр “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” захирамжийн “Мөнх зол улам дэлгэр” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлагын тухайд:
Хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг дарга 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/441 дүгээр захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 43.2, 43.7, 47 дугаар зүйлийн 47.3-д заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч “Мөнх зол улам дэлгэр” ХХК-д аймгийн Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн А/237 дугаар захирамжаар Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар баг, аймгийн Халамжийн хэлтсийн урд байрлалд 260 м.кв газрыг авто засварын зориулалтаар олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Номин-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан тусгай зарчим болон хуулийн 13,15, 26,27, 32 дугаар зүйлд заасан оролцогчийн эрхийг зөрчсөн” гэх тайлбарын тухайд:
Захиргааны байгууллага нь Захиргааны ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасан “захиргааны акт” гаргах ажиллагаанд уг ажиллагааны улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн этгээд болон хөндөгдөж болзошгүй этгээдийг татан оролцуулах, захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд оролцогчийн эдлэх эрх, бодит нөхцөл байдлыг тогтоох ажиллагаанд оролцуулах, нөхцөл байдлын талаар тайлбар болон санал гаргах эрхийг хангах зорилгоор сонсох ажиллагааг явуулах, сонсох ажиллагаа явуулах мэдэгдлийг хүргүүлэх, оролцогч баримт бичигтэй танилцах эрхийг хангах журмыг хуулийн 13, 15, 24, 26, 27, 32 дугаар зүйлүүдэд заажээ. Хариуцагч хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, ...батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” , хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т “сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд ... хүргүүлнэ” гэж зааснаар захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд нэхэмжлэгчийн оролцох эрхийг хангаагүй, нэхэмжлэгчид нөхцөл байдлын талаар тайлбар болон санал гаргах боломж олгох сонсох ажиллагааг явуулаагүй, энэ тухай мэдэгдлийг хүргүүлээгүй болох нь нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нарын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх бөгөөд дээрх захиргааны үйл ажиллагаа нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д “хуульд үндэслэх”, 4.2.6-д “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог хангах” гэсэн тусгай зарчимтай нийцээгүй байх тул нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй гэж үзлээ.
Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 43.2, 43.7-д зааснаар мэдэгдэх ажиллагааг явуулсан гэж хариуцагч тайлбарлаж байгаа боловч энэ нь захиргааны байгууллагаас захиргааны акт гарсны дараа актыг мэдэгдэх, хүргүүлэх ажиллагаатай холбоотой байх бөгөөд энэ талаар талууд маргаагүй болно.
Хариуцагч маргаан бүхий захиргааны шийдвэртээ Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.3-д “Захиргааны актын аль нэг хэсэг илт хууль бус бөгөөд тэр нь тухайн захиргааны актыг гаргах гол үндэслэл болж байгаа бол захиргааны акт бүхэлдээ илт хууль бус байна” заасныг баримтлахдаа газар эзэмшүүлсэн захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1- 47.1.7-д заасан захиргааны акт илт хууль бус болох ямар шинжийг агуулж байгаа, ямар үндэслэлээр илт хууль бус гэж үзэж байгаагаа тодорхой дурьдаагүй, мөн хариуцагч Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно”
гэж зааснаар нэхэмжлэгчид газар эзэмшүүлсэн шийдвэр нь бусад газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хөндсөн талаар үйл баримт тогтоогдоогүй байхад дээрх хуулийн зүйл заалтыг баримталсан нь Засаг дарга бүрэн эрхээ буруу хэрэгжүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Учир нь Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэг нь газар эзэмшигч, ашиглагчийн газар эзэмших, ашиглах эрхийг хамгаалсан зүйлчлэл болохыг дурьдах нь зүйтэй .
Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг дарга нь Захиргааны ерөнхий хуульд заасан шийдвэр гаргах ажиллагаанд нэхэмжлэгчийн оролцох эрхийг хангаагүйгээс түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байх тул Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2-т “бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, эсхүл нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн” гэж зааснаар хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/441 дүгээр “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” захирамжийн нэхэмжлэгч “Мөнх зол улам дэлгэр” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.1,106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.6, 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.2
, 48 дугаар зүйлийн 48.2.2, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгийг тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “Мөнх зол улам дэлгэр” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/441 дүгээр “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” захирамжийн “Мөнх зол улам дэлгэр” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгч ”Мөнх зол урам” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ЭНХТУЯА