| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаагийн Тунгалагсайхан |
| Хэргийн индекс | 128/2018/0651/З |
| Дугаар | 221/МА2019/0114 |
| Огноо | 2019-02-27 |
| Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 02 сарын 27 өдөр
Дугаар 221/МА2019/0114
| 2019 оны 02 сарын 27 өдөр | Дугаар221/МА2019/0114 | Улаанбаатар хот |
“М” ХХК-ийн
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Адилмаа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, өмгөөлөгч О.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 128/ШШ2019/0014 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Аын гаргасан давж заалдах гомдлоор, “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 128/ШШ2019/0014 дүгээр шийдвэрээр: “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1, 33 дугаар зүйлийн 1, Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.2, 22.2.1, 22.3, 22.4, 22.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “М” ХХК-ийн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн А/113 дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А давж заалдах гомдолдоо: “...Бид нэхэмжлэлийн шаардлагаа Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн А/113 тоот тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах гэж тодорхойлж, уг тушаал нь хууль зөрчсөн тул манай компанийн газар ашиглах эрхийг зөрчсөн гэж үндэслэлээ тайлбарласан бөгөөд харин анх газар олгохдоо захиргааны эрх бүхий байгууллага газар олгосон нь хууль зөрчсөн эсэх талаар хэргийн оролцогчид маргаагүй.
Гэтэл анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй.” гэж заасныг зөрчсөн. Энэ нь манай гаргасан нэхэмжлэл болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ирүүлсэн хариу тайлбар, шүүх хуралдааны тэмдэглэлээр нотлогдоно.
Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны А/113 дугаар тушаалын үндэслэл нь анх газар олгохдоо хууль зөрчсөн тул зөвтгөж гаргасан талаар үндэслэлдээ заагаагүй байдаг бөгөөд зөвхөн хууль зөрчиж үйл ажиллагаа явуулсан талаар дурдсан байдаг. Гэтэл манай компани маргаан бүхий тушаалын үндэслэлд заасан байгаль орчинд сөрөг нөлөөтэй ямар нэг үйл ажиллагаа явуулаагүй.
Тодруулбал, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан “тухайн тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын горимыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн” гэх үндэслэлээр газар ашиглах эрхийг дуусгавар болгосон. Харин захиргааны байгууллагаас газар ашиглах эрхийг энэхүү үндэслэлээр дуусгавар болгохдоо ямар байдлаар хэрхэн яаж удаа дараа буюу ноцтой зөрчил гаргасан галаар нэг ч шалгаж тогтоогоогүй байдаг. Энэ нь захиргааны байгууллага шийдвэр гаргахдаа бодит нөхцөл байдлыг урьдчилан тогтоосон байх шаардлагыг хангаагүйг харуулж байна.
Мөн шүүхээс ‘Байгаль-Төгөл’ төсөл хэрэгжүүлэх нь хуулиар хориглосон хязгаарлалтын бүсэд барилга барих нь тогтоогдож байна гэж дүгнэсэн. Бид газар ашиглах тусгай зөвшөөрлийг анх авахдаа газар ашиглах зөвшөөрөл олгох эрх бүхий захиргааны байгууллагад уг төслийг хянуулж “болно" гэж үзсэн тул бидэнд газар ашиглах эрхийг 2015 оны 05 дугаар сарын 29-ны өдөр анх олгосон.
Гэтэл 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдөр батлан гаргасан “Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх” журмыг зөрчсөн гэж нэхэмжлэгчийн буруутгаж байгаа нь үндэслэлгүй юм. Бид гараагүй журмыг гарна гэж урьдчилан тааж төсөл боловсруулах боломжгүй. Харин сүүлд гарсан журамд тохируулан төслийг өөрчлөх боломжтой.
Анхан шатны шүүх маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлийг хянахдаа маргаж буй гол үндэслэл буюу энэхүү асуудлыг нарийвчлан зохицуулсан Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 болон манай гаргасан нэхэмжлэлийн үндэслэлийн талаар /хориглосон үйл ажиллагаа явуулаагүй, зөрчил гаргасан гэдэг нь тогтоогдоогүй/ шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт тайлбарлаагүй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянахад шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангах үндэслэл тогтоогдохгүй байна.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн А/113 дугаар тушаалаар ”М” ХХК-д 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Хан-Уул дүүргийн нутагт орших “Зүүн богины ам” нэртэй газарт аялал жуулчлалын зориулалтаар ашиглуулахаар олгосон 0.28 га газрын ашиглах эрхийг дуусгавар болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар гаргасан “М” ХХК-ийн нэхэмжлэлийг анхан шатны шүүх бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
Тодруулбал, нэхэмжлэгч “М” ХХК-д олгосон газар нь Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т заасан усны сан бүхий эргээс 50 метрээс доошгүй зайд тогтоох онцгой хамгаалалтын бүс, 22.3-д заасан 100 метрээс доошгүй зайд тогтоох эрүүл ахуйн бүс, 200 метрээс доошгүй зайд тогтоох энгийн хамгаалалтын бүсэд тус тус байрласан бөгөөд уг газар нь улсын тусгай хамгаалалтай газар нутагт багтсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогджээ.
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7-д “... түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглаж” болохоор, 12 дугаар зүйлийн 5-д “энэ хуулийн 11 дүгээр зүйлийн 7-д зааснаас өөр барилга байгууламж барих” 1-д “газар хагалах, ухах, тэсэлгээ хийх, ашигт малтмал хайх, олборлох, элс, хайрга чулуу авах, мод, зэгс, шагшуурга бэлтгэх, хязгаарлалтын бүсээс бусад газарт зам тавих зэргээр байгалийн төлөв байдлыг өөрчлөх”-ийг, Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2.1-д “онцгой хамгаалалтын бүсэд барилга, байгууламж барих, газар хагалах, ...-ыг” тус тус хориглосон байна.
Ийнхүү хуулийн дээрх зохиуцуулалтуудаас үзэхэд нэхэмжлэгч компанийн “Байгаль-Төгөл” жуулчны бааз байгуулах төсөл хэрэгжүүлэх хүрээнд “...4х4 хэмжээтэй байшин, гал тогооны байр, агуулах, нийтийн ариун цэврийн газар, авто машины граж, зогсоол, манаачийн байр, спорт тоглоомын талбай” зэрэг барилга, байгууламж барихаар төлөвлөсөн газар нь барилга, байгууламж барихыг хориглосон газарт хамаарч байгаа нь түүний газар ашиглах эрхийг дуусгавар болгох үндэслэл болсон байна. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “нэхэмжлэгч компанид 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдөр газар ашиглах эрх олгогдсоны дараа буюу 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдөр батлагдсан “Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам”-ыг зөрчсөн гэж нэхэмжлэгчийг буруутгаж байгаа нь үндэслэлгүй, бид гараагүй журмыг гарна гэж урьдчилан тааж төсөл боловсруулах боломжгүй” гэх гомдол үндэслэлгүй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар 106.3.1-д зааснаар маргаан бүхий захиргааны акт хууль бус байх, түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх урьдчилсан нөхцлүүд зэрэг хангагдсан тохиолдолд шүүх уг захиргааны актыг хүчингүй болгохоор заасан.
Энэ тохиолдолд дээр дурдсанчлан маргаан бүхий газрыг нэхэмжлэгчид аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрх олгосон шийдвэр нь хууль тогтоомжийг зөрчсөн болох нь нэгэнт тогтоогдсон, маргаан бүхий актаар Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 2-т заасны дагуу “усны нөөцийг бохирдож хомсдохоос хамгаалах, байгалийн төлөв байдал алдагдуулах, дархан цаазат газрын нийтлэг дэглэм, горим зөрчигдсөн” гэх үндэслэлүүдээр “М” ХХК-ийн газар ашиглах эрхийг дуусгавар болгосон захиргааны байгууллагын шийдвэр зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, үндэслэл бүхий байх тул түүнийг хууль бус гэж үзэж хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.
Анхан шатны шүүх энэ талаар нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд, маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасантай нийцсэн байх тул “шүүх хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн” гэх гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Нөгөөтэйгүүр нэхэмжлэгчид үргэлжлүүлэн газар ашиглуулах нь байгаль орчинд сөрөг нөлөөтэй буюу дээр дурдсан Усны тухай хууль, Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хууль болон холбогдох журмын зохицуулалтуудтай нийцэхгүй бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “захиргааны байгууллагаас өмнө нь гаргасан хууль бус шийдвэрээ зөвтгөсөн” гэх тайлбарыг үгүйсгэх боломжгүй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 128/ШШ2019/0014 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А-н гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН