Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 1182

 

МАГАДЛАЛ

 

2016 оны 06 дугаар сарын 17                      Дугаар 1182                                   Улаанбаатар хот

 

ХХ-ын нэхэмжлэлтэй

Иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Ш.Оюунханд, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 102/ШШ2016/03101 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч ХХ-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч ХХХ-д холбогдох,

 

Тус төвийн захирлын 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Б/111, 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Б/115 тоот тушаалуудыг хүчингүй болгох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

Шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х,

Нарийн бичгийн дарга Ө.Маралмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Би 2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа мэдээллийн үндэсний төвийн ажиллах хүчний шилжих хөдөлгөөний газрын Бүгд Найрамдах Солонгос улс дахь Нэг цэгийн үйлчилгээний төвийн Мэдээлэл, судалгааны асуудал хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байгаад ар гэрийн гачигдлаар Монгол Улсад 2015 оны 10 дугаар сард ирээд буцах гэж байхад 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр надад мэдэгдэлгүй, надтай зөвшилцөлгүйгээр Хяналт шинжилгээ, үнэлгээний газарт Хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтнээр шилжүүлэн томилсон байсныг мэдээд 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Хөдөлмөрийн яам болон ХХХ-д гомдол гаргасан. Хөдөлмөрийн яамны зүгээс “дотооддоо шийдвэрлэх боломжтой түр хүлээж бай” гэж хариу өгч байсан ба олон удаа яаманд очиж уулзаж байсан боловч энэ асуудлыг шийдвэрлээгүй байхад 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа мэдээллийн үндэсний төвийн даргын Б/115 тоот тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцлаж, ажлаас халсан байсан.

Энэ байдлыг мэдээд өөрийн биеэр очиж 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр тушаалаа авсан. Энэ асуудлаар дахин 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Хөдөлмөрийн яамны сайд болон Хөдөлмөрийн эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн үндэсний төвийн дарга нарт гомдол гаргасан боловч Хөдөлмөрийн яамнаас “хариу хүлээж бай, албан бичгээр хариу өгнө” гэсэн боловч өгөөгүй. Харин Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн үндэсний төвийн зүгээс 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 1/97 тоот албан бичигт “ноцтой зөрчил гаргасны улмаас халсан болно” гэж хариуг ирүүлсэн. Би төрийн дээд шатны байгууллагад хандсан боловч асуудал шийдвэрлэгдээгүй, ажлаас үндэслэлгүй дур мэдэн шилжүүлсэн болон халсан тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул шүүхэд хандаж байна. Иймд Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ судалгаа, мэдээллийн үндэсний төвийн захиралын 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Б/111, 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Б/115 тоот тушаалыг тус тус хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ, нэхэмжлэгчийн өмгөөлөгч ХХХХХ нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Энэ хүнийг ажил мэргэжил, ур чадварт тэнцэхгүй үндэслэлээр ажлаас халж байгаа тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийг тайлбарласан Улсын Дээд шүүхийн тайлбарт заасанчлан тусгай комисс буюу аттестатчлалын комисс гаргаж энэ хүн үнэхээр ажил мэргэжилдээ тэнцэхгүй болохыг тогтоосон дүгнэлт гаргах ёстой. Гэтэл ийм дүгнэлт гэж гараагүй. Хариуцагчийн төлөөлөгч удирдах ажилтнуудын шийдвэрээр шийдсэн гэж байна. Тэр хурлын тэмдэглэл дээр Х гэж даргын хэлсэн үг л байдаг. Тэр нь “ХХХХХ нь Солонгос улсад ажиллах ажилд тэнцэхгүй байна” гэсэн байдаг. Энэ хүнийг мэргэжлийн ур чадварт тэнцэхгүй болохыг тогтоох эрх бүхий албан тушаалтан нь Х дарга биш. ХХХХХыг өөр ажилд шилжүүлэн томилох шийдвэр 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдөр шийдвэрлэгдсэн байдаг. Гэтэл 7 хоногийн дараа 2015 оны 10 дугаар сарын 30-нд тушаал нь гарсан байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 31, 32, 33 дугаар зүйлд ажилтанг шилжүүлэн томилох тухай зохицуулсан ч энэ үндэслэлийн аль, аль нэхэмжлэгчид байхгүй. Иймд нэхэмжлэгчийн хөдөлмөрийн нөхцлийг дордуулсан гэж үзэж байна. Шилжүүлэн томилсон ажил дээр хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 24.3-т зааснаар ажилтнаас ажил, үүргээ гүйцэтгэхийг шаардаж болохгүй. Хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй атлаа хөдөлмөрийн гэрээг цуцалж, дуусгавар болгох заалтыг үндэслэн ажил тасалсан үндэслэлээр ажлаас халсан нь үндэслэлгүй.

2015 оны 8 дугаар сард ХХХХХт мэдэгдэл өгсөн байдаг, мөн “2015 оны 9 дүгээр сарын 24-нд сахилгын арга хэмжээ авагдсан шүү” гэсэн байдаг. Гэтэл үүнийг Х өөрөө мэдээгүй байдаг юм. Тодорхой хэмжээгээр ажлын байрны дарамт байсан, ямар нэг аргаар ажлаас халах гэсэн зорилго харагдаж байдаг. Нийгмийн даатгалын дэвтэр дээр нь Монгол улс дахь цалингийн хэмжээгээр бичилт хийдэг учраас энэ дэвтрийг үндэслэж цалингийн дунджийг тодорхойлохгүй юм байна.

Цалинг БНСУ дахь цалин болох 3.0 сая төгрөгөөс тооцох үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ судалгаа, мэдээллийн үндэсний төвийн захирлын 2015 оны 10 дугаар сарын 30-ны ндрийн Б/111, 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Б/115 тоот тушаалыг хучингүй болгуулж, БНСУ дахь Нэг цэгийн үйлчилгээний төвийн мэдээлэл, судалгааны асуудал хариуцсан мэргэжилтнээр ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин 16.070.524 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагчид даалгаж өгнө үү...” гэв.  

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Тус төвийн ажилтан ХХХХХ нь ар гэрийн гачигдлаар 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 7 хоногийн чөлөөтэй байсан боловч хугацаандаа ажилдаа очоогүй тухай төвийн даргын зүгээс мэдэгдэж байсан. ХЭҮСМҮТ-ийн удирдах ажилтнуудын 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн хурлаар БНСУ дахь нэг цэгийн үйлчилгээний төвд мэдээлэл сурталчилгааны асуудал хариуцсан мэргэжилтэн ХХХХХ нь Солонгос хэлний мэдлэггүй байгаа нь тухайн ажлыг хийж гүйцэтгэхэд хангалтгүй тул байгууллага дотроо шилжүүлэн ажиллуулах зайлшгүй шаардлагатай байгаа талаар хэлэлцэн дүгнэлт гаргасан байна. Энэ талаарх албан бичиг хэрэгт авагдсан.

2015 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн үндэсний төвийн захирал ХХХХХХ мэргэжилтэн ХХХХХтай уулзан байгууллага дотроо шилжүүлэн ажиллуулах тухай харилцан тохиролцсон. Үүний дагуу байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 4.10-д заасныг үндэслэн ХЭҮСМҮТ-ийн захирлын 2015 оны 10 дугаар сарын З0-ны өдрийн Б/111 тоот тушаалаар БНСҮ дахь нэг цэгийн үйлчилгээний төвийн мэргэжилтэн ХХХХХыг Хяналтын шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газарт мэргэжилтнээр шилжүүлэн ажиллуулахаар шийдвэрлэсэн. ХХХХХ нэхэмжлэлдээ “шилжүүлэн томилсныг надад мэдэгдээгүй” гэж байгаа нь үндэслэлгүй бөгөөд хяналт, шинжилгээ үнэлгээ хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан. Гэтэл мэргэжилтэн ХХХХХ нь 2015 оны 11 дүгээ сарын 04-ний өдрөөс эхлэн хүндэтгэн үзэх шалтгаангүй 5 хоног ажил тасласан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, Хөдөлмөрийн дотоод журмын 4.17.6-д заасан ноцтой зөрчил гаргасан тул төвийн захирлын 2015 оны 11 дүгээр сарын 11-ний Б/115 тоот тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан болно.

Энэ тухай иргэн ХХХХХт удаа дараа албан бичгээр мэдэгдэж байсан. Иймд мэргэжилтэн ХХХХХ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн үндэсний төвийн “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 4.17.6-д заасан ноцтой зөрчил гаргасан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.

ХХХХХ нь ажлаас халагдсан тушаалаа 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр авсан бөгөөд шүүхэд 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдөр гомдол гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т зааснаар шүүхэд гомдол гаргах хугацаа хэтэрсэн байна гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ХХ-ын Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн үндэсний төвийн захирлын 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Б/111, 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Б/115 тоот тушаалуудыг хүчингүй болгох, тус төвийн Ажиллах хүчний шилжих хөдөлгөөний газрын БНСУ дахь Нэг цагийн үйлчилгээний төвийн мэдээлэл, судалгааны асуудал хариуцсан мэргэжилтнээр эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 16.070.524 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлөхийг даалгах тухай ХХХ-д холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ давж заалдах журмаар гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 129.3 дахь хэсэгт заасны дагуу хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн тохиолдолд шүүх уг хугацааг сэргээн тогтоож, хэргийг хянан шийдвэрлэхээр зохицуулсан бөгөөд анхан шатны шүүхээс шийдвэр гаргахдаа нэхэмжлэгчийг хөөн хэлэлцэх хугацааг сэргээж, шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн гэж үзэж байна.

ХХХХХ нь Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний төвийн хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын мэргэжилтнээр шилжүүлэн ажиллуулах тухай тус төвийн даргын 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Б/111 тоот тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлээр дээд шатны байгууллага болох Хөдөлмөрийн яаманд гомдлоо гаргасан бөгөөд Хөдөлмөрийн яамнаас 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр тус төвийн дарга ХХХХХХт хандаж “гаргасан шийдвэрийнхээ хууль эрх зүйн үндэслэлийн зүйл заалтыг эргэж харна уу” гэсэн хариуг хүргүүлсэн.

Хариугаа хүлээж байтал 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр ажлаас халсан байдаг. Яамнаас “шүүхийн бус журмаар урьдчилан шийдвэрлэгдэх боломжтой, эргэж харна уу” гэж хариу өгсөөр байтал ажлаас халсан нь үндэслэлгүй тул дахин 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр ахин харьяа яам болох Хөдөлмөрийн яаманд хандсан хариуг нь 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хариуг авснаар шүүхэд хандсан болно. Эдгээр бүх үйлдэл нь Төрийн дээд байгууллага жирийн нэг ажилтны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг хаасан үйлдэл болсоор байтал шүүх нэхэмжлэгчийн эрх ашгийг ноцтой зөрчигдөөд байгаа үйл байдлыг дүгнэсэнгүй. Үндэсний төвийн дарга ХХХХХХ нь дээрх тоотын дагуу гаргасан тушаалаа хянахын оронд дахин ажлаас чөлөөлсөн тушаал гаргаж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг хуульд нийцүүлэн үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч ХХХХХ нь хариуцагч ХХХ-д холбогдуулан тус төвийн захирлын 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Б/111, 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Б/115 тоот тушаалуудыг хүчингүй болгох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгахаар нэхэмжилснийг хариуцагч зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл хариуцагч байгууллагын захирлын 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Б/111 тоот тушаалаар нэхэмжлэгч ХХХХХыг мөн өдрөөс Хяналт, шинжилгээ, үнэлгээний газарт хяналт, шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтнээр шилжүүлэн томилж, 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Б/115 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, Хөдөлмөрийн гэрээний 4.2,5.3, хөдөлмөрийн дотоод журмын 4.17.6, 8.2.4 дэх заалтыг үндэслэн хөдөлмөрийн гэрээг цуцалсан байна.

Нэхэмжлэгч ХХХХХ нь өөр ажилд шилжүүлэн томилснийг зөвшөөрөхгүй гэх гомдлоо 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн үндэсний төвийн захирал ХХХХХХ, Хөдөлмөрийн сайд ХХХХХХ нарт, ажлаас халагдсан тухай тушаалыг 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, дээрх тушаалуудыг хүчингүй болгох болон нэхэмжлэлд дурдсан шаардлагыг гаргаж 2016 оны 2 дугаар сарын 04-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан үйл баримт тогтоогдсон.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт “Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана” гэж заасан ба хуульд заасан энэ хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй, нэхэмжлэгч нь хугацааг сэргээлгэх хүсэлт гаргаагүй байна.

Шүүх нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт, зохигчдын тайлбарыг хуульд нийцүүлэн дүгнэж, маргааныг шийдвэрлэхэд хамаарах хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй.

Иймд нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдоогүй тул шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 102/ШШ2015/03101 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахад төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурьдсугай.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Ц.ИЧИНХОРЛОО

 

                          ШҮҮГЧИД                                                         Ш.ОЮУНХАНД

 

                                                                         М.НАРАНЦЭЦЭГ