| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэчимэг Энэбиш |
| Хэргийн индекс | 102/2022/01641/И |
| Дугаар | 210/МА2023/00603 |
| Огноо | 2023-03-22 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 03 сарын 22 өдөр
Дугаар 210/МА2023/00603
2023 03 22 210/МА2023/00603
Эгазрын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Э.Золзаяа, шүүгч Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
У дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 102/ШШ2022/04012 дугаар шийдвэртэй,
Эгазрын нэхэмжлэлтэй,
“Э” ХХК, Я.Б нарт холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 1,770,027,088 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга. “Э” ХХК нь Э үйлдвэрийг хөгжүүлэх сантай 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдөр зээл болон барьцааны гэрээ байгуулж, уг гэрээгээр 1,200,000,000 төгрөгийг 60 сарын хугацаатай, жилийн 3 хувийн хүүтэй, Эм, хүнсний нэмэлт бүтээгдэхүүний үйлдвэр төслийн зориулалтаар зээлсэн.
Зээлийн барьцаанд “Э” ХХК нь өөрийн өмчлөлийн, У дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс, Сонсголонгийн зам гудамж, ++тоотод байрлах Ү-*1 улсын бүртгэлийн дугаартай, 400 м.кв талбай бүхий, агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягийн ++ тоотод байх Ү-*0 улсын бүртгэлийн дугаартай, 600 м.кв талбай бүхий, аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн Я.Бгийн өмчлөлийн, ++ дүүргийн 4 дүгээр хороо, 17090 Нүхтийн зам гудамж 9/5-1 тоотод байрлах Ү-* улсын бүртгэлийн дугаартай, 279,4 м.кв талбайтай, үл хөдлөх эд хөрөнгө, “Э” ХХК-ийн эзэмшлийн, У дүүргийн 20 дугаар хороонд байрлах, нэгж талбарын дугаартай, гэрчилгээний дугаартай, үйлдвэрлэлийн зориулалттай газрыг тус тус барьцаалсан.
Зээлдэгч нь үндсэн зээлийн төлбөрт 3,774,459 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 69,141,309 төгрөг, нийт 72,915,768 төгрөг төлсөн. Гэрээний дагуу төлвөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүй, удаа дараа зөрчиж, зээлийн хугацаа 977 хоног хэтэрч, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн ба манай байгууллагын зүгээс зээлээ эргэн төлөхийг удаа дараа мэдэгдсэн боловч нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаанд зээлийн төлбөрийг төлөөгүй.
Иймд зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 1,196,225,540 төгрөг, зээлийн хүү 38,264,411 төгрөг, алданги 535,537,137 төгрөг, нийт 1,770,027,088 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч “Э” ХХК-ийн тайлбар, татгалзлын агуулга: Манай байгууллага нь Э үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдөр 1,200,000,000 төгрөгийн зээлийг Эм, хүнсний нэмэлт бүтээгдэхүүний үйлдвэр төслийн зорилгоор авсан.
Зээлийг 2018 оны 3 дугаар улиралд багтаан, барилга байгуулалт, тоног төхөөрөмжийн өргөтгөлд зориулан холбогдох газартай гэрээ хийж санхүүжилт хийсэн. Барилгын өргөтгөл баригдаж дуусах, мөн тоног төхөөрөмж БНХАУ-аас худалдаж авах үед буюу 2019-2020 онд Ковид-19 цар тахал гарч, давагдашгүй хүчин зүйл бий болсон. Манай байгууллага хүндэтгэн үзэх шалтгаанаа тухай бүрт нь танилцуулж байсан.
Талуудын хооронд байгуулагдсан гэрээний хавсралтад алданги төлөх тооцоо тусгагдаагүй тул манай байгууллага алданги төлөх үндэслэлгүй. Иймд хүндэтгэн үзэх нөхцөл байдал байсан тул уг байдлыг харгалзан үзэж алдангиас чөлөөлж өгнө үү гэжээ.
3. Хариуцагч Я.Бгийн тайлбар, татгалзлалын агуулга: Хариуцагчийн зүгээс зээлийн гэрээ байгуулагдсан, хүчин төгөлдөр эсэхэд маргаангүй. Харин тухайн зээлийн гэрээ нь тодорхой зорилготой, зориулалт бүхий зээл байсан ба “Э” ХХК зээлийг зориулалтын дагуу ашиглаж, хүндрэлтэй нөхцөл байдал бий болсон үед зээлдүүлэгчид мэдээлэх үүргээ тухай бүрт биелүүлж байсан. Зээлдэгч гэрээнд заасан хуваарийн дагуу буюу 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 34,717,806 төгрөг, 2019 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 38,197,963 төгрөгийг тус тус төлсөн ба үүнээс үндсэн зээлэнд 3,774,459 төгрөгийг, хүүд 69,141,309 төгрөгийг Э үйлдвэрийг хөгжүүлэх сан суутгаж авсан, энэ талаар талууд маргаагүй.
Гэрээний үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй явдал нь зээлдэгчийн гэм буруугаас болоогүй, зээлдэгчийн хүсэл зоригоос гадуур, урьдчилан хянах боломжгүй нөхцөл байдал, давагдашгүй хүчин зүйлсийн улмаас бий болсон. Зээлийн гэрээний хуваарьт төлөлтөд заагдсанаар 2022 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс хойш гэрээ дуусах 2023 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд төлвөл зохих 265,612,000 төгрөгийг урьдчилан шаардаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч Э ХХК, Я.Б нараас 1,284,279,173 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Эгазарт олгож, нэхэмжлэлээс 485,747,915 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
Хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар Э ХХК-ийн өмчлөлийн У дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс /16103/, Сонсголонгийн зам гудамж, ++тоот дахь 400 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-*1 дугаартай, агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Э ХХК-ийн өмчлөлийн У дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс /16103/, Сонсголонгийн зам гудамж, ++ тоот дахь 600 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-*0 дугаартай, үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн Я.Бгийн өмчлөлийн ++ дүүргийн 4 дүгээр хороо, 17090 Нүхтийн зам гудамж, тоот дахь 279,4 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-* дугаартай, аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаагаар худалдаж, зээлийн гэрээний үүргийг гүйцэтгүүлж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч нараас 6,579,345 төгрөг гаргуулан улсын төсөвт оруулж шийдвэрлэжээ.
5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Хариуцагчийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн нь үндсэн зээл 1,196,225,540 төгрөг, хүү 23,264,411 төгрөг, нийт 1,219,489,951 төгрөг байна. Алдангийн төлбөрт нэхэмжилсэн 535,537,137 төгрөг нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрээгүй. Анхан шатны шүүх Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас “Э” ХХК-д олгосон гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээг үндэслэн алдангийг шийдвэрлэсэн. Уг гэрчилгээнд 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл буюу 12 сар 1 хоногийн хугацаанд гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн нөхцөл байдал үүссэн гэж тусгасан. Иймд уг хугацааны алдангийг тооцоход 209,843,767 төгрөг байх байтал анхан шатны шүүх зөвхөн хариуцагчийн хүлээн зөвшөөрсөн алдангийн хэмжээгээр шийдвэр гаргасан нь үндэслэлгүй.
Түүнчлэн анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсгийн 5.2, тогтоох хэсгийн 2 дахь заалтад гэрчилгээний дугаартай, үйлдвэрлэлийн зориулалттай газрыг огт дурдаагүй орхигдуулсан нь нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үнэлж шийдвэр гаргаагүй гэж үзэхээр байна.
Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх хэсэгт "... Эгазарт олгож...." гэжээ. Э үйлдвэрийг хөгжүүлэх сан нь Тусгай сангийн тухай хуулиар зохицуулагддаг, эргүүлэн төлөх нөхцөлтэй Засгийн газрын бонд болон дотоод эх үүсвэрээс бүрдэж, дараа оны хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийг тухайн жилийн эргэн төлөлтөөс бүрдүүлэхээр төлөвлөж, улсын төсвөөс санхүүждэг Засгийн газрын тусгай “сан” юм.
Өөрөөр хэлбэл Э үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зөвхөн ажлын албыг Эгазарт шилжүүлснээс биш Э үйлдвэрийг хөгжүүлэх санд зээлийн эргэн төлөлт болон зээлийн эх үүсвэрүүд төвлөрдөг хэвээр байгаа. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Нэхэмжлэгч Эгазар хариуцагч “Э” ХХК, Я.Б нарт холбогдогдуудан зээлийн гэрээний үүрэгт 1,770,027,088 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэл гаргасныг У дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 102/ШШ2022/04012 дугаар шийдвэрээр “Э” ХХК, Я.Б нараас 1,284,279,173 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Эгазарт олгож, нэхэмжлэлээс 485,747,915 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ.
2. Нэхэмжлэгч Э үйлдвэрийг хөгжүүлэх газар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргасан ба 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 1/217 тоот “Хариуцагч “Э” ХХК болон Я.Б нар нь анхан шатны шүүхийн шийдвэрт дурдсан 1,284,279,173 төгрөгийн төлбөрийг бүрэн төлж барагдуулсан тул 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх албан бичгийг давж заалдах шатны шүүхэд Э үйлдвэрийг хөгжүүлэх газраас ирүүлжээ.
3. Дээрх хүсэлтийн агуулгаас үзвэл хариуцагч тал 1,284,279,173 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн, нэхэмжлэгч нь үлдэх 485,747,915 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагаасаа татгалзаж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар зохигч эвлэрэн хэлэлцсэн гэж дүгнэхээр байна.
4. Талууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд эвлэрэх эрхтэй. Иймд мөн хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар эвлэрэн хэлэлцсэн зохигчийн эвлэрэл нь нэхэмжлэгч, хариуцагч талын тайлбар, хүсэлт, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлах үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгч Эгазар болон хариуцагч “Э” ХХК, Я.Б нар харилцан эвлэрсэн гэж дүгнэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасны дагуу нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. У дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 102/ШШ2022/04012 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч “Э” ХХК, Я.Б нь 1,284,279,173 төгрөгийг нэхэмжлэгч Эгазарт төлж, нэхэмжлэгч нь 485,747,915 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж зохигч эвлэрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасны дагуу нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар зохигч магадлалыг хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ
ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА
Э.ЭНЭБИШ