Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 93

 

     Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Нарантуяа даргалж, Нарийн бичгийн дарга Б.Ариунбаяр Улсын яллагч Н.Бадам Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Даваахүү Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын прокурорын газрын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ахсум овогт *******т холбогдох эрүүгийн 1833001130082 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан шийдвэрлэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 0000 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Сэлэнгэ аймгийн Хушаат сумд төрсөн, эрэгтэй, 00 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Сайхан сум, 2 дугаар баг, Овоотын задгайд оршин суух хаягтай, урьд Сэлэнгэ аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 2007 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 90 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн /2002 оны/ 98 дугаар зүйлийн 98.1-т зааснаар 01 жил хорих ялыг 01 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Ахсум овогт ******* РД/МС-/. Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч ******* нь 2018 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 10 дугаар сарын 28-нд шилжих шөнө 00 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2 дугаар баг Овоотын задгай гэх газарт иргэн *******н Мицубиши Л-200 зкагварын тээврийн хэрэгслийн салхины шилийг хагалж 570.000 төгрөгийн, иргэн П.Энхбаярын Портер загварын 00-00 СЭҮ тээврийн хэрэгсэлд 110.000 төгрөгийн нийт 680.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтээс/

ТОДОРХОЙДОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* нь гэм буруугай хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо төлж барагдуулан хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн болно. Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талын хүсэлтээр 1833001130082 дугаартай эрүүгийн хэргээс Улсын яллагчийн хүсэлтээр: 1.Сэлэнгэ аймгийн Сайхан сумын үнэлгээний комиссын 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 29 дугаартай акт /хх-ийн 21/, 2.Машины хагарсан цонхыг гэрэл зургаар бэхжүүлсэн баримт/хх-ийн 23-24/, 3.Иргэний нэхэмжлэгч П.Энхбаярын тээврийн хэрэгслийн салхины шилийг хагалсан хохирлыг тогтоосон 28 дугаартай үнэлгээний комиссын акт/хх-ийн 29/, 4.Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл/хх-ийн 10-12/, 5.Хохирогч *******н мэдүүлэг/хх-ийн 34-36/, 6.Гэрч Ц.Наранцэцэгийн мэдүүлэг /хх-ийн 42/ 7.Иргэний нэхэмжлэгч Д.Энхбаярын мэдүүлэг/хх-ийн 40-41/, 8.Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 60 см урттай тахир төмөр зэргийг шинжлэн судлуулав. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр: 1.Хохирогч *******н мэдүүлэг/хх-ийн 34-36/, 2.Хохирогч *******н цагдаагийн хэлтэст гаргасан хүсэлт/хх-ийн 37/, 3. *******н мөрдөн байцаалтад гэрчээр өгсөн мэдүүлэг/хх-ийн 43/, 4.Иргэний нэхэмжлэгч П.Энхбаярын цагдаагийн хэлтэст гаргасан тодорхойлолт/хх-ийн 50/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь уг хэрэгт хамааралтай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж хэрэгт авагдсан ач холбогдол бүхий нотлох баримтууд тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно. Гэм буруугийн талаар: Шүүгдэгч ******* нь архи ууж согтуурсан үедээ хохирогч *******н Мицубиши Л-200 маркийн машины урд талын шил, урд талын хаалганы шил, хойд талын хаалганы шилийг тус тус хагалж 570.000 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч П.Энхбаярын портер маркийн машины урд шилийг хагалж 110.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь: Шүүхийн хэлэлцүүлэгт: Шүүгдэгч *******ын өгсөн “Би 2018 оны 10 дугаар сарын 31-ний шөнийн 00 цагийн үед хүний машины цонхыг хагалсан. Хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлсөн байгаа. Би тухайн үед согтуу байсан. Ганцаараа адуундаа явахдаа нэг шил архи уусан. Гадаа хүйтэн байсан. Мотоциклны бензин дууссан учир дулаацах гэж архи уусан. Тухайн үед миний мотоциклны бензин дууссан. Тэгээд би хашааны буланд сууж байсан П.Энхбаяр ирсэн. Бид хоёр хоорондоо зодолсон юм шиг байсан. Нэг мэдэхэд П.Энхбаяр намайг цохиж байсан. Миний толгой руу цохисон. Би унасан. Намайг босож иртэл П.Энхбаяр машинаа асаагаад явж байсан. Хохирогч Р.Цэрэнбямба гэдэг хүний машины хохиролд би өөрийнхөө эзэмшлийн үхрийг өгсөн. Иргэний нэхэмжлэгч П.Энхбаяр намайг цохиж хөнгөн гэмтэл учруулсан. Бид хоёр хоорондоо тохиролцсон. Би Р.Цэрэнбямбатай хохирлыг барагдуулах талаар утсаар ярьж байсан. П.Энхбаяр бид хоёр байнгын харилцаа холбоотой байгаа. Харилцаа сайн байгаа. Хохиролд өгсөн мөнгийг өөртөө зарцуулсан бол хэрэгтэй байх байсан. Би буруу зүйл хийсэн. Би гэм буруугаа ойлгож, гэмшиж байна. Дахиж архи уухгүй“ гэх мэдүүлэг, Мөрдөн байцаалтад: Хохирогч *******н өгсөн “...71-42 УБХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм. Гэрчилгээ нь миний нэр дээр байгаа. Миний машины урд салхины шил, зүүн талын урд болон хойд хаалганы шил хагарч ямарч ашиглах боломжгүй болсон байсан. Манай дүүгийн хажуугийн айлын Хатанбаатар гэх залуу хагалсан юм. Би орой амарч байсан чинь гэрийн гадаа төмөр нүдээд байгаа юм шиг чимээ гараад байсан тэгэхээр нь би гараад очсон чинь Хатанбаатар гэх залуу нилээн согтуу машины хажууд зогсож байсан. Тэгэхлээр нь би яваад очсон чинь гартаа нилээн урт төмөр барьчихсан зогсож байсан тэр төмрөөрөө л машины шилийг хагалсан байх гэж бодож байна. Нилээн урт төмөр турба байсан ямар ч байсан гартаа бариад алхахад нь газар чирэгдээд байсан тэгээд хашаанаас гаргаж байхад хашаа руу цохиод байсан тэгэхээр нь би чи болиоч хүмүүс амарч байна ш дээ гэж хэлж байсан. Би машиныхаа шилийг бүрэн гүйцэт янзалчихсан байгаа тэгээд Хатанбаатар гэх залуу хохирлоо бүрэн барагдуулаад надад нэг үхэр өгсөн юм. Одоо надад нэхэмлээд байх зүйл алга ямар нэгэн хохирол санал байхгүй...“ гэх мэдүүлэг /хх35-36/, Иргэний нэхэмжлэгч П.Энхбаярын өгсөн “...30-41 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг би 6 жилийн өмнө Улаанбаатар хотоос худалдан авч байсан юм. Миний нэр дээр байдаг харин гэрчилгээгээ солиулж аваагүй болохоор хуучин эзнийх нь нэр дээр байгаа. Миний 30-41 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн урд шил хагарсан байгаа өөр ямар нэгэн учирсан эвдрэл байхгүй. Би яг хэзээ гэдгийг нь бол мэдэхгүй байна. Ямар ч байсан манай Улаанбаатар хотоос ирсэн ах Цэрэнбямба хэлэхдээ эхнэр бид хоёрыг байхгүй байх хойгуур хэлж эхнэрийг маань доромжилсон юм. Тэгээд тэрнээс болоод барьцалдаж аваад би гараараа заамдаад тулчихсан чинь Хатанбаатарын гар нь хүрэхгүй болохоор ууж байсан архиныхаа шилээр цохих гэхээр нь би шилийг нь булааж аваад хол шидчихээд болиулах гэж нилээн ноцолдсон юм. Тэгээд бүр болохгүй намайг цохих гээд байхаар нь би гараараа нүүр орчимд нь 2 удаа л цохиод өөрөөсөө холдуулчих гээд цааш нь түлхчихсэн чинь уначихсан юм тэгэхдээ л нүүр нь халцарчихсан юм шиг байна лээ. Бүр салахгүй байхаар нь машинтайгаа зугтааж хэсэг өөр газар байж байгаад буцаж гэртээ ирсэн юм. Тэгсэн Хатанбаатар гэрийнхээ хашаанд орилоод л байсан юм. Тэрнээс өөр маргалдсан зүйл бол байхгүй би бодохдоо маргалдсан уурандаа л манай хашаа руу ороод машины цонхыг хагалсан байх гэж бодож байгаа. Би машиныхаа цонхыг нэхэмжилж байна. Өөр нэхэмжлээд байх зүйл байхгүй...“ гэх мэдүүлэг /хх-40-41/, Гэрч Ц.Наранцэцэгийн өгсөн “...2018 оны 10 дугаар сарын 28-ны орой 00 цаг өнгөрч байхад манай гэрийн хашаан дотор хүн орж ирээд машины гүзүүг төмөрөөр түг түг гээд цохиод байгаа юм шиг чимээ гарахаар нь би нөхөр Р.Цэрэнбямбааг сэрээгээд миний нөхөр Р.Цэрэнбямба гэрээсээ гараад 5 минут орчим болоод буцаж орж ирээд нэг согтуу хүн байна Энхээг асуугаад явж байна. Би гаргаад явуулчихлаа гэж хэлээд орж ирээд унтчихсан. Өглөө нь машинаа харсан чинь манай Л-200 маркийн машин, Энхээгийн цэнхэр өнгийн портер машины цонхны шилнүүдийг хагалчихсан байсан...“ гэх мэдүүлэг/хх-42/, Гэрч У.Мөнгөнхолбоогийн өгсөн “...2018 оны 10 дугаар сарын 28-ны өглөө 7 цагийн орчим босоод гэрээсээ гараад харсан чинь манай портерын моторыг янзалж өгөхөр ирсэн хамаатны ах Жөмбөөгийн бикап машины зүүн талын урд болон хойд хаалганы шил бас урд талын салхины шил нь хагарсан байсан. Тэгээд өөрийнхөө портер машин дээр яваад очсон чинь бас урд талын салхины шилийг нь хагалчихсан байсан. Тэгсэн чинь Жөмбөө ах хэлэхдээ өнгөрсөн шөнө буюу 2018 оны 10 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө хашаанд нэг согтуу орж ирээд орилоод байсан. Тэгээд машин цохиод байгаа юм шиг чимээ гараад байхаар нь би босч гэрээс гараад тэр залууг хашаанаас гаргаж явуулсан шөнө байсан болохоор машины цонх хагалчихсан гэдгийг нь мэдсэнгүй гэж хэлж байсан. Тэгсэн тэр согтуу залуу нь манай баруун талын хашаанд амьдардаг Хатнаа гэдэг залуу байсан... “ гэх мэдүүлэг/хх-44-45/ болон Хохирогч *******н эзэмшлийн Мицубиши Л-200 маркийн машинд учирсан хохирлыг 570.000 төгрөгөөр тогтоосон Сэлэнгэ аймгийн Сайхан сумын үнэлгээний комиссийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 29 тоот акт/хх- 21/, Хохирогч Р.Цэрэнбямбад учруулсан хохиролд мухар бор хамартай хүрэн үнээ хүлээлгэн өгч байгаа зураг /хх-38/, хохирогч *******н хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгөхийг хүссэн хүсэлт /хх-37/, Иргэний нэхэмжлэгч П.Энхбаярын эзэмшлийн портер маркийн машинд учирсан хохирлыг 110.000 төгрөгөөр тогтоосон Сэлэнгэ аймгийн Сайхан сумын үнэлгээний комиссийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 28 дугаартай акт/хх-29/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын прокурорын газрын прокуророос шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-д заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн” гэж зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэлтэй шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар маргаагүй хүлээн зөвшөөрч байна. Иймд шүүгдэгч *******ыг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэлээ. Иргэний нэхэмжлэлийн талаар: Шүүгдэгч ******* нь хохирогч Р.Цэрэнбямбад учруулсан хохиролдоо хүрэн зүсмийн үнээ өгч хохирлыг барагдуулсан болох хохирогч *******н Цагдаагийн хэлтэст гаргасан “...Тус сумын иргэн Хатанбаатар хагалсан хохирлыг бүрэн төлж дуусгасан болно. Одоо надад хохирол санал хүсэлт байхгүй...” гэх хүсэлт-/хх-37/-ээр, Иргэний нэхэмжлэгч П.Энхбаярын машины салхины шилийг сольж хохиролгүй болгосон болох нь иргэний нэхэмжлэгчийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Цагдаагийн хэлтэст гаргасан“...Бид учир зүйгээ олж хоорондоо эвлэрсэн тул хэн алиндаа гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болно. ...Автомашины салхины шилийг сольж гомдол саналгүй болсон...”гэх хүсэлт /хх-50/-ээр тус тус тогтоогдож байна. Иймд шүүгдэгч нь хохирогч Р.Цэрэнбямба, иргэний нэхэмжлэгч П.Энхбаяр нарт төлөх төлбөргүй байна гэж үзлээ. Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч ******* нь Сэлэнгэ аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2007 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 90 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн /2002 оны/ 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ялыг 01 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан /хх54-57/ байна. Энэ хугацаа 2008 оны 08 дугаар сарын 15-ны өдөр дуусаж Эрүүгийн хуулийн /2002 оны/ 78 дугаар зүйлийн 78.2.1-д зааснаар ялгүй болсон байх тул шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзлээ. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг, 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар хохирогч, иргэний нэхэмжлэгчид учруулсан хохирлыг төлж барагдуулсан байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч прокурортой оногдуулах ялын талаар тохирсон болох нь хавтаст хэргийн 72 дугаар хуудаст авагдсан Эрүүгийн хариуцлагын талаарх ялын саналд шүүгдэгч ******* нь прокурорын санал болгосон 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгох ялыг хүлээн зөвшөөрсөн байна. Иймд шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна. Шүүгдэгч ******* нь тодорхой ажил, хөдөлмөр эрхэлдэггүй одоогоор ажилгүй амины хэдэн малаа маллаж амьдардаг байдлыг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулах үүрэг оногдуулж өгнө үү гэсэн өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авч хангасан болно. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******т мэдэгдэх нь зүйтэй байна. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 60 см урттай тахир төмөрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна. Шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Ахсум овогт ******* РД/МС-/-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-д заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч *******ыг 450.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 03 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******т мэдэгдсүгэй.

5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 60 см урт тахир төмөрийг устгасугай.

6.Шүүгдэгч нь хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт төлөх төлбөргүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд үүнээс хойш 15 хоногийн дотор бичгээр үйлдэж прокурор, шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт гардуулсугай.

8.Шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч өмгөөлөгч нар, шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт иргэний нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаагаар шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ А.НАРАНТУЯА