| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэчимэг Энэбиш |
| Хэргийн индекс | 181/2022/00538/И |
| Дугаар | 210/МА2023/00609 |
| Огноо | 2023-03-22 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 03 сарын 22 өдөр
Дугаар 210/МА2023/00609
2023 03 22 210/МА2023/00609
Т.Д гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч М.Баясгалан, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 181/ШШ2023/00218 дугаар шийдвэртэй,
Т.Д гийн нэхэмжлэлтэй, Б.М д холбогдох
Хүчин төгөлдөр бус хэлцлийн дагуу шилжүүлсэн “ б” ХХК дахь 49 хувийн 49,000 ширхэг хувьцааг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х, түүний өмгөөлөгч С.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Т.Д нь ээж Ц.Т рын хамт даатгалын үйл ажиллагаа эрхлэх " б" ХХК-ийг 1994 онд үүсгэн байгуулж, компанийн дүрмээр Т.Д компанийн 50 хувийг, ээж Ц.Т р 50 хувийг тус тус эзэмшиж байсан. 2003 оны 08 сарын 27-ны өдөр миний эцэг М.Т в өвчний улмаас нас барсан ба миний хувьд сэтгэл санааны болон бие махбодын хүнд нөхцөл байдалд орсон. Энэ үйл явдлын дараа буюу 2003 оны 08 сарын 28-ны өдөр өөрийн эзэмшлийн 49 хувийг ах Б.М д шилжүүлэх баримт бичгүүдэд гарын үсэг зурсан.
Тодруулбал тухайн өдрүүдэд “ б” ХХК нь Монгол Улсын Төрийн өмчийн хорооноос зарласан “*” ХК-ийн төрийн эзэмшлийн хувьцааг уралдаант шалгаруулалтын аргаар хувьчлах ажиллагаанд оролцох зорилгоор гадаад, дотоодын хөрөнгө оруулагчидтай ажил хэргийн хурал, уулзалтуудыг хийж байсан чухал цаг үе юм. Иймд би компанийн үйл ажиллагаа, менежментийг удирдах боломжгүй болсны улмаас Б.М д өөрийн 49 хувийг түр хугацаагаар шилжүүлсэн ба улмаар Б.М гэх нэр компанийн гэрээ, дүрэмд анх орсон учиртай. Дээрх үйл явдлын дараа хувьцааг буцаан шилжүүлэх асуудлаар би болон ээж Ц.Т р нар Б.М д хандах гэсэн боловч хэн алинд нь гэр бүлийн зовлонт үйл явдлууд тохиосоор байсан тул хүлээцтэй байж компанийн хувьцааг буцаан шилжүүлэх байх гэж итгэсээр өдийг хүрлээ.
Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.4, 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр “ б” ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн 2003 оны 08 сарын 28-ны өдрийн 02 дугаар гэрээгээр шилжүүлсэн “ б” ХХК дахь 49 хувийн 49,000 ширхэг хувьцааг Б.М гөөс Т.Д д буцаан гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга: 2003 оноос би эрчим хүч, эдийн засгийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх компаниа байгуулж, одоог хүртэл үйл ажиллагаа явуулж байна. Т.Д гийн ээж Ц.Т р нь намайг ийм шалтгаанаар мэдэхийн хувьд санал тавьсан бөгөөд Т.Д биш Ц.Т р нь компанийн асуудлаар шийдвэр гаргадаг, удирдан чиглүүлдэг байсан. Би “ б” ХХК-ийн бизнесийн үйл ажиллагаанд зөвлөмж, дэмжлэг үзүүлж, 2004 онд “ б” ХХК-д гадаадын нэр хүнд бүхий хөрөнгө оруулагч болох Олон улсын даатгалын компани оруулах, зуучлах ажлыг амжилттай хариуцаж, М (Omni Whittington) компанийг “ б” ХХК-д хөрөнгө оруулалт хийх санал тавьж, улмаар тэд хөрөнгө оруулалт хийсэн.
Ингэснээр “ б” ХХК нь Монгол Улсад олон улсын нэр хүнд бүхий мэргэжлийн хөрөнгө оруулагчтай анхны даатгалын компани болж, европын даатгалын зах зээлийн шилдэг туршлага, олон улсын ноу хауг Монгол Улсын даатгалын зах зээлд оруулж ирэхэд чухал алхам болсон. Тухайн үед “ б” ХХК нь засаглал сайнгүй, гадны нэр хүнд бүхий компани хөрөнгө оруулах сонирхол татахуйц байгаагүй бөгөөд би хичээл зүтгэл гарган ажилласны үр дүнд хөрөнгө оруулалт авч чадсан. Цаашлаад би хувьцаа эзэмшигчийн хувиар ажиллаж, компанид зөвлөгөө, туслалцааг үзүүлсээр ирсэн учир Т.Д , Ц.Т р нар хүлээн зөвшөөрч өдийг хүртэл маргаан үүсгэж байгаагүй.
“ б” ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн гэрээ, компанийн өөрчлөлт орсон дүрэм болон компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 02 тоот тэмдэглэлээр Т.Д хувьцааг 2003 оны 08 сарын 18-ны өдөр надад шилжүүлсэн бөгөөд тус баримт бичигт Б.М д “эргэлт буцалтгүй компанийн хувьцааг шилжүүлэв” гэж дурдсан байгаа. Хожим Т.Д , түүний ээж Ц.Т р нар нь “ б” ХК-ийн хувьцаагаа бусдад худалдаж компаниас гарсан. Нэхэмжлэгч нар 20 гаруй жилийн дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй ба Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа дууссан. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 56.1.1, 56.1.4-д зааснаар 2003.08.18-ны өдрийн №02 тоот Протокол, “ б” ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн 02 дугаар гэрээг хүчин төгөлдөр бус гэх үндэслэлгүй тул нэхэмжлэгч Т.Д гийн хариуцагч Б.М д холбогдуулан гаргасан хүчин төгөлдөр бус хэлцлээр шилжүүлсэн “ б” ХХК дахь 49 хувийн 49,000 ширхэг хувьцааг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар Т.Д гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 402,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүх нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй. Нэхэмжлэгч Т.Д , хувьцаа эзэмшигч Ц.Т р нар нь дээрх баримт бичгүүдэд 2003 оны 08 сарын 28-ны өдөр гарын үсэг зурсныг гэрч Ц.Т рын “Гэрээ шилжүүлэх болсон нөхцөл нь 2003 оны 08 сарын 27-ны өдрийн өглөө тендерийн гишүүдтэй сууж байгаад Антони Хоброу манайд хөрөнгө оруулалт хийгээд зөвшөөрч эмоцитой сууж байтал нөхөр нас барсан. Маргааш нь би Б.М д Т.Д д байгаа хувьцааг шилжүүлнэ. Цаашдаа компанийг чи аваад яв. Энэ ажил явдлыг дуусгаад Антони Хоброуг явахаас өмнө бүртгэл хийгээд дараа нь тодорхой ярья гэж хэлсэн. Б.М 2003 оны 08 сарын 28-ны өдөр над дээр ирж гарын үсэг зуруулсан” гэх мэдүүлгээр бодит байдлыг тодорхой, үнэн зөв мэдүүлсэн. Гэтэл шүүх гэрчийн мэдүүлгийг үнэлээгүй, бодит байдлыг буруугаар дүгнэсэн.
Нэхэмжлэгчийн зүгээс шүүх хуралдаанд " “ б” ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн 2003 оны 08 сарын 18-ны өдрийн 02 дугаар гэрээ"-г гэрчилсэн нотариатчийн тэмдэглэлийг Архивын ерөнхий газраас гаргуулах хүсэлт гаргасныг шүүх хангаагүй. Тус баримтыг гаргуулснаар “ б” ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн 2003 оны 08 сарын 18-ны өдрийн 02 дугаар гэрээг хүчин төгөлдөр эсэхийг, мөн гэрээ нь 2023 оны 08 сарын 18-ны өдөр бус 28-ны өдөр хийгдсэн болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлох зорилготой байсан.
Мөн гэрч Д.Сумьяа “Намайг 2022 оны 09, 10 сарын үед Б.М ах өрөөндөө дуудаад “Ц.Т р эгч хувьцааны талаар маргаж байгаа юм. Чи уулзаад миний саналыг хэлнэ үү. Хамаатнууд шүүхээр явмааргүй байна. Хэрэв зөвшилцөнө гэвэл хувьцааны 50 хувийг шилжүүлж өгөхөд бэлэн байна. Үгүй гэвэл шүүхийн журмаар явна гээд Ц.Т р гуайд дамжуулаад өгнө үү гэсэн" гэж мэдүүлдэг. Энэ нь хариуцагч нь өөрийн ёс суртахуунгүй үйлдлээ зөвшөөрч байгаа, буруу зүйл хийснээ илэрхийлээд байгаа нь тодорхой бөгөөд шүүх энэхүү гэрчийн мэдүүлэгт мөн адил ямар ч дүгнэлт хийгээгүй.
Шүүх нэхэмжлэгч Т.Д гийн субъектив хүсэл зоригийг орхигдуулан, түүний ээж Ц.Т р, ах Б.М нарын хүсэл зоригийн илэрхийлэлтэй холин, нэг мэт ойлгож нэхэмжлэгчийн ашиг сонирхлыг огт анхаараагүй. Шүүх нотлох баримтыг бүрдүүлээгүй, бүрдүүлэх тухай нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаагүй атлаа "нэхэмжлэгчийн тайлбар хэрэгт авагдсан баримтаар нотлогдоогүй", "хүсэл зоригийн шинжид хамааралгүй" гэж хэргийн үйл баримтын талаар баримтгүй, үндэслэлгүй дүгнэлт хийсэн нь учир дутагдалтай.
Хувьцаа шилжүүлэгч, хүлээн авагч талуудын хүсэл зоригоо илэрхийлж, нэгэн зэрэг гарын үсэг зурсан нэг ч баримтгүй бөгөөд энэ талаар хариуцагч маргадаггүй. Гэтэл анхан шатны шүүх “ б” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 02 тоот протоколоор Т.Д гийн хүсэлтийг үндэслэн түүний эзэмшлийн 50 хувийн хувьцааны 49 хувийг ах Б.М д эргэлт буцалтгүй шилжүүлж, Ц.Т р. Т.Д нар гарын үсэг зурсан, " б" ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн гэрээнд хувь нийлүүлэгч Ц.Т р, Б.М гэж тодорхойлж... Ц.Т р Б.М нар гарын үсэг зурсан байна" гэж дүгнээд Иргэний хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн.
Түүнчлэн Т.Д гийн хувьцаа шилжүүлэх агуулга бүхий, гарын үсэг зурагдсан “ б” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2003 оны 08 сарын 18-ны өдрийн 02 тоот протоколд хувь шилжүүлэн авагч Б.М гарын үсэг зураагүйгээс гадна нотариатаар гэрчлэгдээгүй, хуулийн энэ шаардлагыг хангаагүй байна. Уг хувьцаа эзэмшигчдийн хурлын 02 тоот протокол нь Компанийн тухай /1999 оны/ хуулийн 63 дугаар зүйлд заасан “Хувь нийлүүлэгчдийн хурлын бүрэн эрх”-д хамаарахгүй буюу хуулиар эрх олгоогүй асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн. Иймээс "2003 оны 08 сарын 18-ны өдрийн №02 тоот “ б” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын протокол" нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасан хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл юм.
Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж нэхэмжлэгчийн зүгээс шүүх хуралдааны явцад шүүгчийг татгалзан гаргах хүсэлтийг хүлээн авахаас үндэслэлгүйгээр татгалзаж, хүсэлтийг хүлээн авах эсэхийг Ерөнхий шүүгч шийдвэрлэхээр заасныг ноцтой зөрчиж, шүүхийн өмнө эрх тэгш байх зарчмыг алдагдуулан нэхэмжлэгчийг илт ялгаварлан, хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой.
Түүнчлэн 2023 оны 01 сарын 17-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Билгүүн оролцоогүй, харин итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Билгүүн оролцсон байхад шийдвэрийн удиртгал хэсэгт нэхэмжлэгчийг өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд оролцсон мэтээр тусгаж, шийдвэрийн агуулгад нэрлэн заасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 116 дугаар зүйлийн 116.2, 118 дугаар зүйлийн 118.2 дахь хэсэгт заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг илт зөрчиж байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, гомдлыг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.
5. Хариуцагчийн давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга: Нэхэмжлэгч Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.4-т заасан үнэн санаанаасаа бус, дүр үзүүлсэн шинжтэй хэлцэл гэж маргаснаа нотлох үүрэгтэй ба 2003 оны 08 сарын 18-ны өдөр үйлдсэн хувьцаа шилжүүлсэн хэлцэл нь хууль бус гэдгийг нэхэмжлэгч нотолсон нь тогтоогдоогүй. Гэрч Ц.Т рын мэдүүлгээр Б.М гийн туршлага, мэргэжил, ур чадварт үндэслэн “ б” ХХК-ийн хувьцааг шилжүүлж өгсөн гэж нэхэмжлэгч тал өөрийн хүсэл зоригоо тодорхой илэрхийлж, “ б” ХХК-ийн хувьцааг шилжүүлж өгсөн гэдэг нь харагдана. “ б” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Т раас 2003 оны 08 сарын 29-ний өдөр улсын бүртгэлд хандаж Б.М г хувьцаа эзэмшигчээр бүртгүүлэх тухай бичиг нь уг хэлцлийн үндсэнд эрх зүйн дагавар үүсэхийг талууд мэдэж байсныг гэрчилнэ.
20 жилийн хугацаанд Т.Д шүүхэд аливаа байдлаар нэхэмжлэл гаргаж байгаагүй. Т.Д гийн ээж Ц.Т р нь 2003-2018 оны хугацаанд “ б” ХХК-ийн хувьцаа эзэмшигч байсан. Хэрэв үнэн санаанаасаа бус байсан бол Б.М нь хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцон, ажиллаж, ногдол ашиг авч байсныг нэхэмжлэгч тал мэдэж байсан, зохих шаардлагаа тавих хангалттай хугацаа өнгөрсөн. Хувьцааг шилжүүлэх гэрээг нотариатаар гэрчлүүлэхийг шаардсан хуулийг зөрчсөн гэх нь үндэслэлгүй, Т.Д нь Б.М д “ б” ХХК-ийн 49 хувийн хувьцааг эргэлт буцалтгүй шилжүүлсэн тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн хэлцэл тогтоогдохгүй байна.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг шүүх хангаагүй нь шүүх хуралдааны хэлэлцүүлэг эхэлсний дараа нэхэмжлэгч шүүгчээс татгалзсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84, 91 дүгээр зүйлд заасан татгалзан гарах үндэслэлийг зааж өгсөн. Шүүгчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан буюу хүсэлтийг шийдвэрлэсэнтэй холбоотойгоор татгалзан гаргах үндэслэлгүй. Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргасан нөхцөл байдал үүсээгүй. Мөн 2003 оны 08 сарын 18-ны өдөр үйлдэгдсэн хувьцаа эзэмшигчдийн гэрээ гэх баримтыг гэрчилсэн нотариатын тэмдэглэлийг архиваас гаргуулна гэх хүсэлт нь нэхэмжлэгчийн ямар үндэслэлийг нотолж байгааг нэхэмжлэгч тайлбарлаагүй тул шүүх хүлээн аваагүй.
Одоогийн байдлаар “ б” ХХК байхгүй. Мөн Б.М хувь хүнээр “ б” ХХК-ийн хувьцааг эзэмшдэггүй болох нь Санхүүгийн зохицуулах хорооноос ирүүлсэн лавлагаанаас харагдана. Байхгүй хувьцааг Б.М гөөс шаардсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэв.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч Т.Д нь хариуцагч Б.М д холбогдуулан “ б” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2003 оны 08 сарын 18-ны өдрийн 02 тоот протоколоор тус компанийн 49 хувийн 49,000 ширхэг энгийн хувьцааг шилжүүлснийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Т.Д нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “2003 оны 08 сарын 27-ны өдөр миний аав М.Т в нас барсан ба миний хувьд сэтгэл санаа, бие махбодын хүнд нөхцөл байдалд орсны маргааш буюу 2003 оны 08 сарын 28-ны өдөр өөрийн эзэмшлийн 49 хувийг Б.М д шилжүүлэх баримт бичгүүдэд гарын үсэг зурсан ... Б.М д 49 хувийг түр хугацаагаар шилжүүлсэн” гэх агуулгаар тодорхойлсон. Тус хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.4-т зааснаар хүчин төгөлдөр бус тул хариуцагч Б.М д шилжүүлсэн хувьцаагаа буцаан гаргуулна гэж тайлбарлаж, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг шаарджээ.
3.1. “ б” ХХК нь 100,000 ширхэг энгийн хувьцаатай, компанийн нийт гаргасан энгийн хувьцааны 50 хувь буюу 50,000 ширхэгийг Ц.Т р, мөн 50 хувь буюу 50,000 ширхэгийг Т.Д нар эзэмшиж байсан нь тус компанийн хувь нийлүүлэгчдийн хурлын 1997 оны 03 сарын 01-ны өдрийн хурлаар баталсан дүрэмд тусгагджээ.
3.2. Хувьцаа эзэмшигч Т.Д нь 2003 оны 08 сарын 18-ны өдрийн 02 тоот протоколоор “ б” ХХК дахь өөрийн эзэмшлийн энгийн хувьцааны 50 хувь буюу 50,000 ширхэг хувьцааны 49 хувийг Б.М д, 1 хувийг Ц.Т рт тус тус эргэлт буцалтгүй шилжүүлж, хувьцаа эзэмшигч Ц.Т р, Т.Д нар гарын үсэг зуржээ. /1хх20/
Дээрх протокол нь Компанийн тухай хуулийн /1999 оны/ 63 дугаар зүйлд зааснаар гаргасан шийдвэр бус мөн хуулийн 5 дугаар зүйлд зааснаар хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хувьцааг гуравдагч этгээдэд шилжүүлэх асуудлыг хувьцаа эзэмшигчид хэлэлцэн шийдвэрлэсэн байна.
3.3. Тус шийдвэрийг үндэслэн Ц.Т р, Б.М нар 2003 оны 08 сарын 18-ны өдөр 02 тоот “ б” ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн гэрээ байгуулж, уг гэрээгээр “ б” ХХК дахь Ц.Т рын эзэмшлийн хувьцаа 51 хувь буюу 51,000 ширхэг, Б.М гийн эзэмшлийн хувьцаа 49 хувь буюу 49,000 ширхэг болсныг баталж, компанийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулсан нь Компанийн тухай хуулийн /1999 оны/ 16 дугаар зүйлийн 16.2.3, 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт нийцсэн байна. /1хх 11-12/
4. Нэхэмжлэгч Т.Д гийн төрсөн эцэг М.Т в 2003 оны 08 сарын 27-ны өдөр нас барсан нь нэхэмжлэгчийн хувьд сэтгэл санаа нь хямарсан, тогтворгүй байсан байх хэдий ч тэрээр хэлцэл хийх үедээ үйлдлийнхээ үр дагаврыг бүрэн ухамсарлаагүй, асуудалд хөнгөмсгөөр хандсан гэх байдал баримтаар нотлогдоогүй. Мөн нэхэмжлэгч нь тухайн цаг хугацаанд иргэний эрх зүйн чадамжаа түр хугацаанд алдаж эрүүл мэндийн байдал нь доройтсон гэх баримтыг шүүхэд гаргаагүй байна.
4.1. Т.Д гаас “ б” ХХК дахь өөрийн эзэмшлийн хувьцааг Б.М , Ц.Т р нарт шилжүүлэхээр хэлцэл хийсэн нь Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн ухамсарт үйлдлээр илэрч, хэлцлийнхээ үр дагаврыг тооцож хийсэн хүсэл зоригийн бодит илэрхийлэл байсан, хэлцлийн нөгөө тал болох Ц.Т р, хариуцагч Б.М нар хүсэл зоригийг хүлээн авсан нь зохигчдын тайлбар, хувь нийлүүлэгчдийн гэрээ, гэрч Ц.Т рын мэдүүлгээр тогтоогдож байна. /1хх 1-2, 30-33, 2хх 76-77/
Учир нь тухайн үед “ б” ХХК нь “*” ХХК-ийн хувьчлалд оролцох, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчидтай ажил хэргийн харилцаа тогтоох шаардлагатай байсны улмаас нэхэмжлэгч Т.Д нь гэрч Ц.Т рын хүсэлтээр өөрийн эзэмшлийн хувьцаа, компанийн удирдлагыг хариуцагч Б.М гийн туршлага, чадварт үндэслэн шилжүүлэх замаар компанийн үйл ажиллагааг тогтвортой явуулахыг хүссэнийг хариуцагч хүлээн авсан, компанийн үйл ажиллагаанд оролцож байсан нь мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэлцлийн хүчин төгөлдөр бус гэх үндэслэлийг үгүйсгэжээ.
4.2. Т.Д нь “ б” ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн хурлын протокол, хувь нийлүүлэгчдийн гэрээг М.Т выг нас барсны дараа буюу 2003 оны 08 сарын 28-ны өдөр хийгдсэн гэж тайлбарласан ба энэ нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байна.
Хувь нийлүүлэгчдийн гэрээг 2003 оны 08 сарын 29-ний өдөр нотариатчаар гэрчлүүлсэн нь хуульд заасан шаардлага биш боловч талууд гэрээг маргаангүй болгох зорилгоор гэрчлүүлсэн гэж үзнэ. Энэ нь дээр дурдсан протоколд 2003 оны 08 сарын 28-ны өдөр Т.Д гарын үсэг зурсныг нотлохгүй, ач холбогдолгүй учир энэ тухай нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй. Хувь нийлүүлэгчдийн гэрээг гэрчилсэн нотариатчийн бүртгэл нь протокол хэзээ хийгдсэн талаархи цаг хугацааг нотлохгүй учир нэхэмжлэгчийн нотлох баримт гаргуулах хүсэлтийг шүүх хангахаас татгалзсаныг буруутгахгүй ба гомдлыг хүлээн авахгүй.
5. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.4-т зааснаар хууль зөрчсөн, үнэн санаанаасаа бус, хөнгөмсгөөр хандаж, түүнийгээ илэрнэ гэж урдаас тооцож тодорхой хүсэл зориг илэрхийлэн хийсэн гэх үндэслэлээр 2003 оны 08 сарын 18-ны өдөр үйлдсэн 02 тоот “ б” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын протоколыг хүчин төгөлдөр бус гэж дүгнэх үндэслэл хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдоогүй, талуудын хүсэл зоригийг хүчин төгөлдөр гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй, энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй.
6. Гэрч Ц.Т р, Д.Снараас нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, өөрсдийн нь мэдэх зүйлийн талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт зааснаар шүүх мэдүүлэг авчээ.
6.1. Гэрч Ц.Т р “... гэрээ шилжүүлэх болсон нөхцөл нь 2003 оны 08 сарын 27-ны өдөр миний нөхөр нас барсан. Энэ өдөр ... манайд хөрөнгө оруулалт хийгээд би эмоцитой сууж байтал нөхөр нас барсан. Маргааш нь би М д “Д д байгаа хувьцааг шилжүүлнэ. Цаашдаа компанийг чи аваад яв гэж хэлсэн ... Б.М 2003 оны 08 сарын 28-ны өдөр над дээр ирж гарын үсэг зуруулсан ... 2018 оноос өмнө Б.М хувьцаагаа буцаагаад ав гэж байсан. 2018 оны хавар ... Б.М шүүхээр явахгүй, хувьцааг чинь буцааж өгөхгүй гэж хэлээд явсан” гэж,
Гэрч Д.Сумьяа “... Ц.Т р эгч хувьцааны талаар маргаж байгаа юм. Чи уулзаад миний тавьсан саналыг хэлнэ үү. Хамаатан садангууд шүүхээд явмааргүй байна. Хэрэв зөвшилцөнө гэвэл хувьцааны 50 хувийг шилжүүлж өгөхөд бэлэн байна. Үгүй гэвэл шүүхийн журмаар явна гээд намайг Ц.Т рт дамжуулаад өгнө үү гэсэн” гэж тус тус мэдүүлжээ.
6.2. Гэрчүүдийн мэдүүлэг нь 2003 онд болсон үйл явдлыг эргэлзээгүй нотолсон, бичмэл нотлох баримтыг үгүйсгэх нотолгооны ач холбогдолтой гэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлэх боломжгүй. Учир нь гэрчүүдийн мэдүүлэгт дурдсан үйл баримт хэргийн бусад нотлох баримтаар давхар нотлогдоогүй, бичмэл нотлох баримтаар үгүйсгэгдэж байгаа тохиолдолд гэрчийн мэдүүлгийг нотолгооны бусад хэрэгслээс илүүд авч үзэх үндэсгүй юм. Иймд нэхэмжлэл гэрчийн мэдүүлгээр нотлогдоно гэж дүгнэхэд учир дутагдалтай тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.
6.3. Гэрч Ц.Т р нь нэхэмжлэгчтэй ашиг сонирхол нэг этгээд байна. Түүнийг “ б” ХХК-ийн гүйцэтгэх удирдлагаар 2003 оны 08 сараас 2008 оны 04 сарын хугацаанд ажиллаж, 2018 он хүртэл хувьцаа эзэмшигч байх хугацаанд “ б” ХХК нь хаалттай захиалгын үндсэн дээр хувьцаа гаргаж, шинээр хувьцаа эзэмшигч нэмэгдэх, өөрийн хөрөнгийн хэмжээгээ нэмэгдүүлэх зэргээр компанийн хөрөнгө, засаглалын байдал сайжирч, үйл ажиллагаа нь тогтворжсон байна. Мөн хариуцагч Б.М нь Ц.Т рт “ б” ХХК дахь өөрийн эзэмшлийн 1.9 хувийн хувьцааг шилжүүлэх хэлцлийг 2009 онд хийж байжээ. /1хх 246/
Энэ хугацаанд буюу 2015 он хүртэл нэхэмжлэгч Т.Д “ б” ХХК-д ажиллаж байсан ч тэрээр хариуцагч Б.М д түр шилжүүлсэн гэх хувьцаагаа буцаан шилжүүлэхийг шаардсан болон хэлэлцэн тохиролцсон үйл баримт тогтоогдоогүй, түүний төрсөн эх Ц.Т р энэ талаар санаачилга гаргаагүй байна. Энэ нь 2003 оны 08 сарын 18-ны өдрийн 02 тоот протокол дахь “...нийт хувь хэмжээний 49 хувийг ах Б.М д эргэлт буцалтгүй шилжүүлэв” гэх үйл баримтыг Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар талуудын хүсэл зоригийн бодит илэрхийлэл гэж тооцох бөгөөд хариуцагч хувьцааг шилжүүлэн авснаар нэхэмжлэгч нь тухайн хувьцааг буцаан шаардах хууль зүйн боломжгүй болжээ. Иймд нэхэмжлэгчийн хувьцаагаа буцаан авах хүсэл зоригийг шүүх анхаараагүй гэх гомдол үндэслэлгүй бөгөөд анхан шатны шүүх талуудын хүсэл зоригийн илэрхийллийг хуульд нийцүүлэн зөв дүгнэжээ.
7. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэргийн үйл баримтыг бүрэн тогтоож, нэхэмжлэгчийн нэхэмжлэгчийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.
8. Анхан шатны шүүхийн 2023 оны 01 сарын 17-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлээс үзвэл нэхэмжлэгч тал нь шүүгчийг хүсэлт шийдвэрлэсэнтэй холбогдуулан татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2-т зааснаар шүүгчийг татгалзан гаргахыг хориглох, хуульд заагаагүй үндэслэлд хамаарч байна. Энэ үндэслэлээр шүүгч хүсэлтийн талаар тэмдэглэлд тусгаж шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулсныг хууль зөрчсөн гэж үзэхгүй, шүүх нэхэмжлэгчийн эрхийг хязгаарлаагүй байх тул энэ тухай нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй.
Мөн шүүх хуралдааны тэмдэглэлд “...нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Билгүүн” гэж, шүүхийн шийдвэрийн удиртгал хэсэгт “...нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Билгүүн, түүний өмгөөлөгч Э.Билгүүн...” гэж зөрүүтэй бичиж техникийн шинжтэй алдаа гаргасан нь шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэл болохгүй ба энэ талаар гаргасан гомдлыг хүлээж авах боломжгүй гэж дүгнэв.
9. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 181/ШШ2023/00218 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 402,950 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН
Э.ЭНЭБИШ