Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 94

 

     Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Эрдэнэмөнх даргалж, Нарийн бичгийн дарга Б.Ариунбаяр, Улсын яллагч Т.Дэлгэрсайхан, Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн *******т холбогдох 1833001090080 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Сайхан суманд 0000 оны 12 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, 00 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, ам бүл-3 эхнэр хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 1 дүгээр баг, 3 дугаар байр, 3-31 тоотод оршин суух, Дархан-Сэлэнгэ Цахилгаан түгээх сүлжээ ХК-ний Хөтөл салбарт дуудлагын монтёр ажилтай, урьд өмнө ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, Луу овогт ******* /РД:ТГ-/ Холбогдсон хэргийн талаар Шүүгдэгч ******* нь 2018 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2 дугаар багийн нутаг, Дархан-Уул аймгаас Орхон аймгийн чиглэлийн хатуу хучилттай асфальтан замын 55-56 дугаар тэмдэгт бүхий газарт өөрийн эзэмшлийн 53-66 СЭА улсын дугаартай ниссан блюберд маркийн тээврийн хэрэгслийг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5, 2.7-а, 9.1 дэх заалтуудыг зөрчиж зам тээврийн осол гарсны улмаас иргэн *******ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай эсэх талаар: Шүүх Эрүүгийн хуульд заасан Хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дэх хэсэгт зааснаар шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч ******* нь 2018 оны 10 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө 00 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр буюу Дархан-Уул аймгаас Орхон аймгийн чиглэлийн хатуу хучилттай асфальтан төв замын 55-56 дахь тэмдэгт орчимд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн эзэмшлийн ниссан блюберд маркийн 53-66 СЭА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын /2004 оны/ Замын хөдөлгөөний дүрмийн 1.5 дах хэсэг, 2.7-а дах хэсэг, 9.1 дэх хэсэгт заасныг тус тус зөрчиж зам тээврийн осол гаргаж иргэн *******ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан нь үйл баримтаар тогтоогдсон, шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт холбогдсон хэргээ хүлээн мэдүүлсэн байх тул уг гэмт хэрэгт шүүгдэгч ******* гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ. Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар эрүүгийн 1833001090080 тоот хавтаст хэргээс шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорхи нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд: Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:....би шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг бүгд үнэн. Холбогдсон хэргээ хүлээн зөвшөөрч байна. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хуульд зааснаар ял шийтгүүлэхэд гомдол санал байхгүй. ... гэх мэдүүлэг, 1.Шүүгдэгч ******* хэрэг бүртгэх ажиллагааны явцад болон яллагдагчаар мэдүүлэхдээ:...Би 2018 оны 10 дугаар сарын 12-13-нд шилжих шөнө 00 цаг өнгөрч байхад Ниссан блюберд маркийн 53-66СЭА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутагт Дархан-Уул аймгаас Орхон аймгийн чиглэлийн төв асфальтан замын 55-56 дахь километрт явж байгаад замын хажуу тал руу онхолдож зам тээврийн осол гаргасан...Манай найз *******, Б.Батбилэг бид гурав Сайхан сумын Номгон 3 дугаар багийн төвд машин дотроо 0.75 литрийн *Хар Чингис* гэдэг архи хувааж уусан тэгээд би Ниссан блюберд маркийн 53-66 СЭА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон яваад Сайхан сумын 2 дугаар багийн нутагт зам тээврийн осол гаргасан. Миний жолоодож явсан ниссан блюберд маркийн 53-66 СЭА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд манай найз ******* арын суудал дээр Б.Батбилэг урд талын суудал дээр сууж явсан. Би зам тээврийн осол гаргах үед 100 орчим км/цагийн хурдтай явсан. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан цагдаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгах багажаар шалгахад 1.02 хувийн согтолттой гарсан...Б.Батбилэгийн биед гэмтэл учраагүй, харин *******ийн биед эрүү хугарсан, хоёр ширхэг шүд нь хугарсан гэмтэл гарсан гэсэн эмч анхны үзлэгээр тогтоосон. ...*******ид унаа зардал, эм тариа, хагалгааны мөнгө гээд нийт 500000 гаруй мянган төгрөг өгсөн. ... гэх мэдүүлэг/Ххийн 11-12, 44-45 дугаар хуудас/ 2.Хохирогч ******* хэрэг бүртгэх ажиллагааны явцад өгсөн гэрчийн мэдүүлэгтээ: ... Би Дархан-Сэлэнгийн Цахилгаан түгээх сүлжээний Хөтөл салбарт ажилладаг юм. 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Батбилэг гэдэг найзын төрсөн өдөр байсан учраас Эрдэнэбаяр, Батбилэг бид гурав орой жаахан юм ярьж сууя гэж ярьсан. Би орой 18 цагт ажлаа тараад гэр рүүгээ харьж хувцасаа солиод буцаж ажил дээр ирсэн. Батбилэг, Эрдэнэбаяр хоёрын ажил 21 цагт тарсан.Тэр хоёрын ажил тараад бид гурав уулзаад ганц юм уунгаа ажлын гадаа сууя гэж ярьсан. Ажлаас гараад Эрдэнэбаяр ахын машинд сууж ууя гээд би ард нь суугаад Эрдэнэбаяр жолооны хэсэг дээр, Батбилэг жолоочийн хажуугийн сандал дээр суусан. Машин дотор орж ирээд суухад Эрдэнэбаяр 0.5 лиртийн Чингис нэртэй архи гаргаж ирсэн ба Батбилэгийн төрсөн өдөр болж байгаатай холбогдуулан тухайн архийг бид гурав юм ярьж суунгаа хувааж ууж дуусгасан. Тухайн архийг ууж дуусгаад дахиж нэг юм олж ууя гээд бид гурав ярилцаж байгаад Номгон руу явсан. Номгон руу явахдаа сууж байсан байрлалаараа явсан ба Номгонд очоод 0.75 литрийн Чингис нэртэй архи дэлгүүрээс худалдаж аваад Сэлэнгэ кафе нэртэй газарт бид гурав хувааж уугаад сууж байтал Сэлэнгэ кафе хаалаа гээд жаахан архи үлдээгээд гарсан. 0.75 литрийн Чингис нэртэй архийг жаахан үлдээгээд Эрдэнэбаяр машинаа бариад Батбилэг хажууд нь суугаад би ард нь суугаад буцаад Хөтөл рүү явсан. Хөтөлд очоод жаахан үлдсэн архиа дуусгъя гээд Орхон сумын чиглэлд явж ууя жаахан зайдуу газар очиж ууя гэж ярьсан. Тэгээд машинтайгаа явж байтал гэнэт л машин онхолдох шиг болсон би тухайн үед ухаан алдаад хэсэг зуур ухаангүй байж байгаад сэрээд хартал машинаас гарчихсан замын хажууд шороон дээр хэвтэж байсан. Сууж явсан машинаа харахад онхолдсон байдалтай зогсож байсан. Тэгээд цагдаагийн байгууллагын алба хаагчид ирсэн. ... Эрдэнэбаярын эзэмшлийн блюберд маркийн тээврийн хэрэгсэлд сууж явсан ба улсын дугаар номерыг би сайн санахгүй байна. Эрдэнэбаяр жолоодоод Батбилэг хажуу талд нь би ард нь сууж явсан. 80-90км/цагийн хурдтай явж байсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. ... гэх мэдүүлэг./Хх-ийн 27-28, 37 дугаар хуудас/ 3.Гэрч Б.Батбилэг хэрэг бүртгэх ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: ... 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр би ажлаа тараад байж байтал манай ажлын найзууд болох Эрдэнэбаяр, Дагвадорж хоёр төрсөн өдөр чинь болох гэж байгаа юм байна жаахан суух уу гэхээр нь би тэгье гэж хэлээд Эрдэнэбаярын ниссан блюберд гэдэг машин дотор суугаад Эрдэнэбаяр жолооч хэсэг дээр би жолоочийн хажуугийн суудал дээр Дагвадорж хойно суугаад бид гурав 0.5 литрийн Чингис нэртэй архийг уусан. Уг архийг хувааж ууж дуусчаад Номгон орж Сэлэнгэ кафед сууя гээд яг сууж байсан байрлалаараа Эрдэнэбаяр өөрийн тээврийн хэрэгслийг жолоодоод явсан. Номгоны Сэлэнгэ гэх нэртэй кафе бид гурав нийлээд 0.75 литрийн Чингис нэртэй архийг худалдаж аваад кафе дотроо суусан. Уг архи дуусаагүй байхад Сэлэнгэ кафе хаалаа гээд бид гурав архиа аваад гараад ирсэн. Кафенаас гараад Хөтөл оръё гэж ярьсан ба би замдаа унтаад өгсөн байсан. Нэг сэрээд харсан чинь машин замын хажууд зогсож байсан юу болсон талаар асуусан чинь Эрдэнэбаяр машины гэрэл гялбаад замын хажуу тал руу орчихлоо гэж байсан. ...гэх мэдүүлэг /хх-н 29-30 дугаар хуудас/ 4.Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэн/Хх-ийн 4-9 дүгээр хуудас/ 5.Согтуурал хэмжсэн тодорхойлолт/Хх-ийн 14 дүгээр хуудас/ Дархан-Уул аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн №1122 дугаартай дүгнэлт Дүгнэлт хэсэгт: Б.Батбилэгийн биед гэмтэл тогтоогдсонгүй./Хх-ийн 16 дугаар хуудас/ 6.Монгол Улсын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн №12551 дугаартай “Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлт: Дүгнэлт хэсэгт: 1.*******ийн биед эрүү ясанд ясны хэлтэрхий үүсгэсэн сэтэрсэн хугарал, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, дух, хамрын нуруунд зулгаралт зөөлөн эдийн няцрал, зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, эрүүнд шарх, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, хэлэнд шарх, 4 шүдний булгарал, 2 шүдний эмтрэл бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. 3.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг 15 хувь алдагдуулна. 5.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна./Хх-ийн 20 дугаар хуудас/ 7.Шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн №31 дугаартай дүгнэлтийн Дүгнэлт хэсэгт: 1.Ниссан блюберд загварын 53-66СЭА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч ******* нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”. 2.7-д заасан “Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно. а/ согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”. 9.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлого байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзүүлэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүй сонгож явна”. гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргасан байх үндэслэлтэй байна. 2.Ослын шалтгаан нь: Ниссан блюберд загварын 53-66 СЭА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч ******* нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.5 “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”. 2.7-д заасан “Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно. а/ согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”. 9.1-д заасан “ Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзүүлэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүй сонгож явна”. гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан байх үндэслэлтэй байна. 3.Хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал илрээгүй болно./Хх-ийн 24 дүгээр хуудас/ 8.Хохирогч *******оос Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын прокурорын газарт гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх болох, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй тухай хүсэлт./хх-ийн 59 дүгээр хуудас/ 9.Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хөтөл 1 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт/Хх-ийн 50 дугаар хуудас/ 10.Шүүгдэгч *******ын иргэний үнэмлэхний лавлагаа/Хх-ийн 51 дүгээр хуудас/ 11.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас/Хх-ийн 52 дугаар хуудас/зэрэг болно. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байх тул дээрх нотлох баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох нь зүйтэй гэж дүгнэлээ. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаас нотлох чадвараа алдсан болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, шүүгдэгч ******* шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй, хохирогч, гэрч нараас хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгээр шүүгдэгчээс холбогдсон хэргээ үнэн зөв мэдүүлсэн болохыг давхар нотолсон ба шүүгдэгч холбогдсон хэргээ хүлээн мэдүүлсэн, хэргийн үйл баримт, зүйчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас болгоомжгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн, холбогдсон хэргээ хүлээн мэдүүлсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогч ******* нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна. Иймд шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, хуулийн зүйчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзэх үндэслэлтэй байна. Хоёр: Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар. Хавтаст хэрэгт хохирогч *******оос эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол, эмчилгээний зардалд нотлох баримт гаргаж нэхэмжлээгүй боловч шүүгдэгч *******аас эмчилгээний зардалд 500000 төгрөгийг төлсөн болохыг дурьдаад уг хохирлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар гэмт хэргийн хор уршигт тооцох нь зүйтэй байна. Гурав. Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч ******* нь автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж дүгнэлээ. Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг прокурорт гаргасан, мөн хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэн хэргийн зүйчлэл, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар танилцуулсныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.1-д заасны дагуу тээврийн хэрэгслийг 1/нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1/нэг/ жилийн хугацаагаар тэнсэх улсын яллагчийн саналыг харгалзан шүүгдэгч *******т оногдуулах эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, хэргийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь шүүгчийн дотоод итгэлээр дүгнэж, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн улсын яллагчийн саналын дагуу дээрх ял шийтгэлийг хүлээлгэх нь зүйтэй байна. Шүүгдэгч ******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, уг хэрэг эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдаад, шүүхэд шилжиж ирсэн шүүгдэгч *******ын эзэмшлийн 53-66 СЭА улсын дугаартай ниссан блюберд маркийн №01580293 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг шүүгдэгчид шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгож, шүүгдэгч *******ын №782101 дугаартай “В” ангиллын жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлэх нь зүйтэй байна.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4 дэх хэсэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 36.1 дүгээр зүйлийн 5.1, 5.2, 5.3, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Луу овогт *******ыг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01/нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 01/нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дүгээр зүйлийн 2 дэх хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч *******ыг тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 3 дах хэсгийн 3.3-д зааснаар согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох албадлагын арга хэмжээ авсугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүрэг, хязгаарлалтыг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах болохыг шүүгдэгч *******т мэдэгдсүгэй.

6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан *******т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хохирогч ******* нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг, шүүгдэгч ******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

8.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ гэмт хэргийн улмаас *******ын эзэмшлийн 53-66 СЭА улсын дугаартай ниссан блюберд маркийн тээврийн хэрэгслийн №01580293 дугаартай гэрчилгээг шүүгдэгчид буцаан олгохыг, шүүгдэгчийн №782101 дугаартай “B” ангиллын жолоочийн үнэмлэхийг гүйцэтгэх хуудасны хамт Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэхийг шүүгчийн туслах Б.Үржинхандад даалгасугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

10.Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЭРДЭНЭМӨНХ